“Сүү” компанийн сүү аюул дагуулж байна

d31493f54546c1ad84e15f4438b823ad614b4297
“Сүү” хувьцаат компанийн үйлдвэрлэсэн сүүнээс нүүрстэй төстэй чулуулаг зүйл гарчээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэг буюу XIII хороололд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээс “Сүү” хэмээсэн бичигтэй тус компанийн сүүг худалдан авсан иргэн сүүг хүүхэддээ уулгатал дотроос нь жижигхэн чулуулаг зүйлүүд гарчээ. Мэдээлэл өгсөн иргэний тайлбарлаж байгаагаар бол нүүрстэй төстэй энэ чулуулаг зүйл нь хүүхдийн хоолойд орохоор аюултай зүйл хэмээсэн. Тиймээс тухайн иргэн “Сүү” хувьцаат компанийн удирдлагад хандсан байна. Харин тус компанийнхан “Манай ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс болжээ. Сүүний савны наалтыг буруу нааснаас үүдэн наадаг бодис нь ийнхүү чулуулаг зүйл болж хувирдаг” хэмээн тайлбарласан аж. Ер нь анхааруулж хэлэхэд тус компанийн энэ сүүнээс үе үе ийм чулуулаг бодис гардаг хэмээн иргэд ярьж байна. Уг нь тус сүүнд иргэд ам сайтай байдаг төдийгүй хамгийн цэвэр сүү хэмээн нярай хүүхдэд ч өгдөг.
Гэтэл наалтнаас үүдсэн гэх энэ чулуулаг бодис нь нярай хүүхдийн хоолойд шууд л орохоор аж. Хамгийн гол нь энэ нь ганц удаагийн тохиолдол биш гэдгийг ч мэдээлэл өгсөн иргэн ярьж байв. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын байгууллага энэ мэт үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагад шалгалт хийвэл яасан юм бэ. Монгол Улсын топ аж ахуйн нэгжийн жагсаалтад дээгүүр байр эзэлдэг үндэсний хэмээх тодотголтой “Сүү” компанид хэрэглэгчид ихээхэн найдлага тавьдаг ч ийнхүү гол нэрийн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд заналхийгээд зогсохгүй, амь насанд ч халтай болжээ.

Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих