С.Оюунгэрэл: ”Эрх чөлөө бол шувуу”
Уран бүтээлч С.Оюунгэрэл хүний эрхэмсэг оршихуй, сэтгэл татам шинжийг тусгасан үзэсгэлэнгээ “Blue moon” галерейн танхимд дэлгэжээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Түүний анхны үзэсгэлэнд саатсан үзэгчид төдийгүй мэргэжил нэгт нөхөд нь ам сайтай байв.
Уран бүтээлчийн дотоод ертөнцийн онцлог донж уяссан уйтгар гуниг, баяр баясгалан, гоо үзэсгэлэн, хайр энэрэл өөр нэг өнцөгт сүр хүч, эрх мэдэл, далд ертөнцийн нууц мэдрэмж, эр зориг мэдрэгдсэн 40 гаруй бүтээлийг тэрбээр дүрслэх урлаг шимтэн үздэг үзэгчдэд толилуулахаар бэлтгэжээ. Түүнтэй бүтээлийнх нь талаар хөөрөлдсөнөө хүргэе.
-Дүрслэх урлагийн “амтанд” хэдий үеэс орсон бэ?
-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн тайзны зураачийн ангийг 2007 онд төгссөн. Түүнээс хойш уран бүтээлээ хийгээд одоо л анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна. Үзэсгэлэнгээ “Диваажингийн гүүр” хэмээн нэрлэсэн нь учиртай. Хүн бүр диваажинг өөрөөр төсөөлдөг. Харин миний хувьд үзэсгэлэнгийн гол зураг болсон бүтээлийнхээ сэдвийг зүүдэндээ харсан юм. Тиймээс би үзэсгэлэнгээ “Диваажингийн гүүр” гэж нэрлэсэн.
-Хүмүүс заримдаа зүүдээ мартчихдаг шүү дээ?
-Тийм учраас би үүрээр босч “Диваажингийн гүүр”-ээ зурсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Амттайхан зүүд зүүдэлж байтал хүүхэд маань хөдлөөд намайг сэрээчихсэн. Гэхдээ би хүүхдэдээ баярладаг. Магадгүй сэрээгүй байсан бол зүүдээ мартчих байсан ч юм бил үү. Зүүдэнд минь нүд гялбам гэрэл дунд дээшээ өгссөн шат харагдсан. Би тэр зүүдийг хэзээ ч мартахгүй.
-Таны үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг харахад дийлэнхээс нь эмэгтэй хүний зөөлөн төрх мэдрэгдэх юм?
-Би зургуудаа холимог техник ашиглан бүтээсэн. Мөн шүршдэг будгаар зурснаараа онцлогтой болов уу. Ийм будгийг графиттичид ихэвчлэн хэрэглэдэг. Ер нь бүтээлдээ төмрийн шүршдэг будаг их ашигласан байгаа. Уран бүтээлээс минь миний нарийн чимхлүүр ажилд дуртай байдал харагдах байх.
Тэгээд бас хайр энэрлийг тусгахыг оролдсон нь мэдрэгдэх нь дамжиггүй. Эмэгтэй хүн хэдий гунигтай байсан ч түүнийгээ ил гаргаж чадахгүй дотроо хадгалаад л явдаг. Бачимдахаараа тэрийгээ гаргамаар ч юм шиг сэтгэгдэл төрдөг биз дээ. Тийм мэдрэмж миний зарим бүтээлээс мэдрэгдэх байх.
-Бүтээлүүдээс тань “Эрх чөлөө” нэртэй зураг их содон санагдлаа. Чухам яагаад эрх чөлөөг шувуутай зүйрлэсэн юм бэ?
-Эрх чөлөөг би шувуугаар төсөөлсөн юм. Заримдаа хүн хэтэрхий баригдмал ертөнцөд байгаа юм шиг, тэгээд хаашаа ч юм бэ явмаар юм шиг санагддаг. Бүр эрх чөлөөтэй хүссэн газар уруугаа нисмээр санагддаг шүү дээ.
Тэгээд ганцаараа байхаараа арай гайгүй тайвширдаг. Тэгээд л эрх чөлөөг илэрхийлж болох хамгийн тохиромжтой зүйл миний хувьд шувуу байсан. Шувуу хүссэн газар уруугаа дүүлэн нисч чаддаг. Тэр утгаараа хүнийг шувуугаар төсөөлж зурсан юм.
-Яагаад шүршдэг будаг сонгон зурдаг болсныг асуумаар санагдлаа?
-Шүршдэг будгаар зураг зурах нь надад их сонирхолтой санагддаг. Яг л хөгжим сонсч байгаа юм шиг. Энэ утгаараа тэрэндээ ч их дуртай л даа. Сургуульд байхдаа тосон, зотон будаг ашиглан бүтээл хийдэг байсан. Гэхдээ л шүршдэг будгаар зураг зурдаг мэдрэмжийг гүйцдэггүй юм. Энэ зөвхөн миний л хувьд шүү /инээв/.
-Шүршдэг будгаар өнгө гаргах амаргүй биз?
-Шүршдэг будгаар өнгө гаргахад амаргүй. Ерөнхийдөө тоотой хэд хэн өнгө байдаг. Гэхдээ л болох бүтэхээрээ шинэ зүйл гаргахыг хичээдэг. Тэгж л янз бүрийн уусгалтыг хийж өгдөг юм. Ингэж ажиллавал харахад өнгө үзэмжтэй харагддаг.
-Таны бүтээлийг ажиглахад товч, ээмэгний чимэглэлийг уран бүтээлч хүний сэтгэлгээгээр шинэ зүйл мэт болгон ашигласан байх юм. Энэ л жинхэнэ бүтээлч сэтгэлгээ байх даа?
-Би ямар ч зүйл хийсэн хаягдал хог бага гаргахыг хичээдэг. Энэ чанар маань уран бүтээлд тусч жижигхэн зүйл ашиглан бүтээлдээ өнгө нэмэхийг хичээдэг юм. Ер нь бага ч атугай эко орчныг бүрдүүлэхийг хичээдэг.
-Шүршдэг будаг ашигладаг юм чинь графиттийн урлагийг сонирхож байсан байх. Ер нь тэмцээнд оролцож байв уу?
-Оролцож байгаагүй. Дахин сурч, боловсролоо дээшлүүлснийхээ дараа л өөрийгөө сориод үзье гэж бодож байна. Ер нь цаг хугацаа бүхнийг харуулна даа.
-Анхдагч гэдэг утгаараа олон хүнээс урмын үг сонссон биз?
-Үзэсгэлэнгийн нээлт 25-нд болсон. Нээлтэд олон хүн ирж надад урам хайрласан. Хамгийн гол нь анхдагч гэдэг утгаараа миний зургийг их дэмжсэн. Шүршдэг будгаар зураг зурна гэдэг нь эмэгтэй хүний хувьд хүнд зүйл л дээ. Тэр утгаараа л намайг их дэмжсэн байх.
-Сая үзэсгэлэн үзэж байгаад хэрвээ таны холимог техник ашигласан бүтээл дунд графиттийн бүтээл байсан бол хүмүүс хэрхэн хүлээж авах байсан бол?
-Ёстой бодож үзээгүй юм байна. Гэхдээ дургүйцэхгүй байсан байх аа. Би энэ үзэсгэлэндээ долоон жилийн өмнөөс зурсан зургуудаа дэлгэсэн. Үзэсгэлэн гаргахдаа хоёр жилийн хугацаанд бэлтгэсэн.
Гэхдээ уран бүтээлч хүний хувьд хоёр жил гэдэг бага хугацаа юм байна. Хажуугаар нь уран бүтээлээ хийж байгаа тохиолдолд бүр амаргүй. Тиймээс дараа дараагийн бүтээлдээ цаг хугацааг илүү төлөвлөн ажиллах хэрэгтэйг ойлголоо.
-Өдийд дараагийн бүтээлийн сэдвээ бодчихсон байгаа гэж бодож байна?
-Цаашдаа эмэгтэй хүний хувьд хүндэд тооцогдох ажил хийж сурахаар төлөвлөөд байна. Гагнуур хийж сурах нь миний зорилго. Ер нь хүн хийж бүтээе гэсэн нөхцөлд ямар ч зүйлийг хийж чадна гэж боддог юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:
URL: