Энхтайвны өргөн чөлөөнд 26 камер байрлуулжээ

Энхтайвны өргөн чөлөөнд 26 камер байрлуулжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор олон ажил хийсний нэг нь авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөн явдал юм.

Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөөнд Офицеруудын ордны урд замаас, Геологийн төв лаборатори хүртэлх нэг чиглэлдээ хоёр буюу гурван эгнээтэй авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус стандартын шаардлага хангасан такси, хүүхдийн болон ажилчдын автобус мөн тусгай дуут дохиогоор тоноглогдсон цагдаа, онцгой байдал, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинуудыг, явуулахаар болсон.

Эл журмыг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг Замын цагдаагийн алба хаагчид дангаараа гүйцэтгэж байсан бол энэ сарын 22-ийн өдрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран нийслэлийн иргэдийн хурлын тогтоолыг зөрчиж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцсон жолооч нарын зөрчлийг бууруулах зорилгоор, Энхтайвны өргөн чөлөөнд 26 камер шинээр байрлуулжээ.

Мөн зөрчлийг теле камераар бүртгэж гэрийн хаягаар торгуулийн хуудас илгээх ажил эхэлсэн байна. Аравдугаар сарын 22-ноос эхэлсэн уг ажлын хүрээнд 2555 зөрчилд, гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас илгээжээ. Иймд замын хөдөлгөөнд оролцогч нар цагдаа зохицуулагч байхгүй байсан ч дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцох шаардлагатай болсныг албаныхан онцолж байна.


URL:

Сэтгэгдэл бичих