“Иргэдэд үйлчлэх төв”-д ирсэн саналуудыг цаг тухайд нь шийдэж байна
Дархан сумын ЗДТГ-ын дэргэдэх “Иргэдэд үйлчлэх төв”-өөс эрхлэн орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тус төвд иргэдээс ирүүлсэн санал, тэдгээрийг шийдвэрлэж байгаа байдлыг нийтэд танилцууллаа.
Нээгдсэн цагаасаа эхэлж байнгын ачаалалтай ажилладаг тус төвд иргэдээс “Тодорхой нэр хаяг бүхий хүмүүс гэрээр спирт найруулан зарж байна, гар дээрээс архи худалдаалагчид нэмэгдлээ, худалдаа үйлчилгээний зарим газрууд цаг хэтрүүлэн ажиллаж, архи согтууруулах ундаагаар үйлчилж байгааг холбогдох хууль хяналтын байгууллагынханд мэдэгдэж шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал хүсэлтийг тус төвд нэг биш удаа ирүүлжээ. Иргэдийн эдгээр санал хүсэлтийн мөрөөр аймгийн Цагдаагийн газраас эрхлэн “Илрүүлэлт”, “Хяналт “зэрэг нэгдсэн ажлыг үе шаттайгаар хийж ирсэн байна.
Шалгалтаар Дархан сумын 5,6,7 дугаар баг, нийтийн захууд, дөрөвдүгээр багийн 8,9,34 дүгээр байр, төмөр замын өртөөний орчим архи согтууруулах ундааг гар дээрээс зарж борлуулдаг 30 гаруй иргэнийг илрүүлэн 7-30 хоног баривчлан мөнгөн торгууль ноогдуулж захиргааны арга хэмжээ авчээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа зарж борлуулсан тус сумын 10 дугаар багт байрлах “Таны буудал” зочид буудал, 16 дугаар багийн “Аж Намнан-Уул” ХХК-ийн дэлгүүр, аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж 17-ны өдөр архи, согтууруулах ундаа зарж борлуулсан “Дархан” буудал, Өргөө багт байрлах “Од” дэлгүүр тус бүрийг холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн насанд хүрээгүй хүмүүст архи согтууруулах ундаа зарж борлуулсан “Дархан Орхон” ХХК-ны “Далай-Од”, “Улз баян Уул” ХХК-ийн дэлгүүр зэрэг зөрчил гаргасан 10 гаруй байгууллагыг иргэдийн мэдээллээр шалгаж тогтоон торгууль ноогдуулсан.
Мөн үеэр 22 хүнд хууль зүйн зөвлөгөө өгч 25 аж ахуй нэгж байгууллагад АСТТХ, ЗХТХ, Аймгийн Засаг даргын захирамжийг мөрдөж ажиллаж талаар албан мэдэгдлийг хүргүүлсэн зэрэг мэдээллийг сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр хийсэн мэдээлэлдээ дурдаад “Иргэдэд үйлчлэх төв”-д ирж байгаа саналууд нь аливаа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийг мөрдүүлэхэд ач тусаа өгч байна гэж онцлов.
Дархан-Уул аймаг Б.Норовсамбуу
URL: