“Гэр бүлийн хөгжлийн бодлого, шинэчлэл” чуулганд дөрвөн гэр бүл оролцжээ

329b7007a16e95ebig

“Малын хариулга, маллагаа, өвс тэжээл, ноос үс, хороо хотны их ажил дунд аж төрдөг хөдөөгийн малчин би улсын хэмжээний том хурал зөвлөгөөн, чуулган уулзалтад бараг явж үзээгүй хүн. Харин саяхан Улаанбаатар хотод улсын хэмжээний үндэсний чуулганд оролцоод ирлээ. Тэгэхдээ бүр эхнэрийнхээ хамт явсан гээч. Ийм тохиолдол ч ховор байх шүү” хэмээн Баян-Агт сумын малчин Ш.Дамбийжанцан ярив.

“Гэр бүлийн хөгжлийн бодлого, шинэчлэл” чуулганд дөрвөн гэр бүл оролцжээ

Учрыг тодруулахаар аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Одончимэгтэй дараахь товч ярилцлага хийв,
-Энэ малчин ямар чуулганд оролцсон хэрэг вэ?
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Гэр бүлийн хөгжлийн бодлого, шинэчлэл” гэсэн үндэсний чуулганд малчин Ш.Дамбийжанцан гуайг эхнэртэй хамт нь шалгаруулан төлөөлөгчөөр оролцуулсан юм.
-Чуулганы төлөөлөгчдийг сонгоогүй, томилоогүй, шалгаруулсан байх нь ээ?
-Тийм ээ, салбарын сайдын тушаалаар баталсан удирдамж, чиглэл ирсэн. Түүнийг баримтлан аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээгээр ахлуулсан аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлага, нийгмийн хөгжил, хууль зүйн болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, зарим мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй баг хуралдаж шийдвэрлэсэн. Чуулганд салбаруудыг төлөөлсөн гэр бүлийн хосуудыг оролцуулах журамтай. Тэр дагуу төрийн захиргаа, хууль хяналт, нийгэм, бизнес, хөдөө аж ахуйн салбарын 14 хос гэр бүлийг оролцуулах санал ирүүлснээс дөрвөн гэр бүлийг шалгаруулсан юм.
-Ер нь манай аймгаас хэдэн хүн оролцоод ирэв?
-Дээр дурдсан дөрвөн гэр бүлийн найман хүнээс гадна манай хэлтсийн  мэргэжилтэн зэрэг зэрэг хүмүүс оролцлоо.
-Азтай байна шүү, гэр бүлээрээ тийм сайхан арга хэмжээнд оролцоно гэдэг. Ингэхэд хэн хэнийг шалгаруулсан бэ?
-Малчин гэр бүлийн төлөөллөөр Баян-Агт сумын улсын сайн малчин Ш.Дамбийжанцан эхнэр С.Сувдаатайгаа, тариаланч гэр бүлийн төлөөллөөр Орхон сумын  “Орхон мандал” компанийн менежер Д.Баяраа эхнэр Л.Нарантуяатайгаа, бизнес гэр бүлийн төлөөллөөр Булган сумын “Дэлгэрэх” нарийн боовны цехийн эзэн О.Цээрэгзэн эхнэр Б.Отгонжаргалтайгаа, бусад салбарын төлөөллөөр “Өнөр гүн” компаний захирал, “Амь нэгтэй нутгийхан” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батцогтоо эхнэр Н.Янжмаатайгаа шалгаран  нэгдсэн чуулган болон салбар хуралдаанд оролцлоо. Хангайн бүсийг төлөөлж манай аймгийн төлөөлөгч Б.Батцогоо үг хэлсэн. Мөн чуулганд оролцогчдоос төлөөлөл болгон таван гэр бүлийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо хийх үйлчилгээнд Баян-Агт сумын Ш.Дамбийжанцан, Сувдаа нар хамрагдлаа. Төвийн нарийн мэргэжлийн эмч нарт төдийлөн үзүүлж оношилгоо хийлгэж амждаггүй хөдөө нутгийн тэд нарыг энэ арга хэмжээнд оролцсонд манайхан баярласан, тэд өөрсдөө ч их олзуурхсан. Ер нь энэ чуулганд оролцогчид гэр бүлийн гэдгээрээ, мөн эхнэр нөхөр хоёул хамт оролцсоноороо онцлогтой, бас их дурсгалтай боллоо хэмээн сэтгэл дүүрэн ирцгээсэн. Хөндөн ярилцаж зөвлөлдөн хэлэлцсэн асуудал, хэрэгжүүлж шийдвэрлэхээр дэвшүүлсэн зорилт их бий. Одоо тэр бүхнийг үндэслэн орон нутагтаа “Гэр бүлийн хөгжлийн бодлого, шинэчлэл”-ийн арга хэмжээг зохион байгуулах болно.

Булган аймаг Ж.Мөнх-Очир


URL:

Сэтгэгдэл бичих