УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав Г.Миеэгомбо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ

Өнөө өглөө УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав, Монгол Улсын Ардын Багш Г.Миеэгомбо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Г.Миеэгомбо нь бүрэн дунд сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд очиж суралцан 1959 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ. “БНМАУ-ын ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн биш хүрээний роль” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалсан байна. 1981 онд профессор цол хүртжээ. 1959 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1960 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, проректор, ректор, 1991 оноос Төр, нийгэм судлалын академийн захирал, 1992 оноос Монгол-Японы “Говь” төслийн хэсгийн дарга, 1998-2001 онд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн захирал, 2001 оноос хойш тус сургуулийн эдийн засгийн сургуулийн зөвлөх багшаар ажиллаж иржээ. Их, дээд сургуулийн сургалтын агуулгыг боловсронгуй болгож, чанарыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний эдийн засагчдыг сургаж бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээний ажилд сургахад олон жилийн хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвараа зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


URL:

Сэтгэгдэл бичих