Гүнтийн давааг модтой, бугатай нь хашсан чулуун хэрэм

10-29-3tТүрүүч нь аравдугаар сарын 28-нд

Өвөр Гүнтэд давсны үйлдвэр нэрээр аварга байгууламж босгож байгаа “Зууннайман суврага” компанийн талаар бид өмнөх дугаарууддаа цуврал сурвалжлагыг хүргэсэн билээ. Энэ удаад тус компанийн эзэмшилд байгаа газрын талаарх сурвалжлагыг бэлтгэлээ. Өвөр Гүнтэд уулын модыг тэр чигээр нь хашаалсан чулуун хэрэм бий. Байгалийн чулууг жижиглэн хооронд нь барьцалдуулж босгосон энэ хашаанд нэлээд хөрөнгө зарцуулсан нь илт. Хэр баргийн хүн дээгүүр нь өндийгөөд харчих боломжгүй өндөр чулуун хашааны одоогийн байгаа урт нь 1.4 км. Хуучин байсан төмөр хашаа нь түүнээс ч урт үргэлжилнэ. Хэр урт болохыг нь харах боломжгүй ч уулын модыг тэр чигээр нь хашчихсан байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Ерөөс энэхүү чулуун хэрэм нь нууцлаг байсаар хэдэн жилийг үджээ. Хэрэмний хаалга нь яг л дээр үеийн цайзыг санагдуулна. Уулан дээрээс харахад дотор нь ижил загвартай зуслангийн байшингууд, хүүхдийн тоглоомын талбай харагдана. Хашааны доод үзүүрт сүмийг санагдуулам чулуун байшин, мөн л чулуугаар өрж хийсэн өндөр яндан, хажууд нь малын саравч маягийн зүйл бий.

 

Энэ хашаанд хүн амьтан бараг ирдэггүй гэнэ. “Зууннайман суврага” компани 2002 онд энэхүү газартаа амралтын газар байгуулна хэмээн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн байдаг. Харин түүнээс хойш төмөр хашааг нь чулуугаар сольсноос өөрөөр дорвитой зүйл хийлгүй өдийг хүрчээ. Зуслангийн амуудыг энэ мэт томчууд бүхэлд нь эзэмшдэгийг тогтоож, ойн сан бүхий газарт хууль бусаар эзэмшсэн газрын эрхийг цуцалж, арга хэмжээ авна гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байсан нь саяхан. Тэдний тогтоосон газрууд дунд “Зууннайман суврага” компанийн энэхүү асар том чулуун хэрэм ч орж байгаа. Харин энэхүү мэдээлэл гарсны дараахан компанийнхан чулуун хашаагаа үргэлжлүүлэн барьж эхэлсэн юм. Хууль бус газраа улам баталгаажуулж авах гэсэн арга нь байх л даа. Тэд хашааныхаа чулууг Гүнтийн давааны цаахна талаас уулаас авдаг гэж бас нэгэн эх сурвалж мэдээллээ. Ар, Өвөр Гүнт нь мод ихтэй, онгон дагшин байдлаа хадгалж үлдсэн цөөн амуудын нэг юм. Хэрэв эх сурвалжийн хэлснээр тус компани уулыг ухаж хашааныхаа чулууг бэлтгэж байгаа бол байгаль орчны асуудал хурцаар тавигдах ёстой. Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх таван километр замын ажил өнгөрсөн зун хийгдсэн. Тэгвэл уг замын ажил чулуун хэрмийн наахна талд хүрээд зогсчээ. Трасст орсон цөөн айлаас гадна уг чулуун хэрмийн доод үзүүр тээглэчихээд байгаа гэнэ. Өртөг зардал ихтэй үнэтэй хашаагаа нураахгүй гэж компанийн удирдлагууд гэдийж суугаа бололтой. Өвөр Гүнтийн ой модон буга, чоно зэрэг ан амьтан элбэг гэнэ. Харин томчууд энэ мэтчилэн уулын модыг хашчихсанаас болж хааяа модны үзүүрт гарч ирдэг амьтад үзэгдэхээ больжээ.

 

10-29-3ttМОД ХАМГААЛНА ГЭЖ ГЭРЭЭ ХИЙЖЭЭ

 

Өвөр Гүнтэд хуучин “СОТ-3”-ын ажилчдын зуслан байсан том хашаа бий. Тус газрыг 1990-ээд оны үед “Зууннайман суврага” компани худалдан авчээ. Тухайн үедээ Нийслэлийн Байгаль орчин, экологийн хяналтын газар буюу одоогийн Нийслэлийн байгаль орчны газартай гэрээ байгуулж газрыг нь эзэмшсэн байна. Ингэхдээ уулын модыг хамгаална гэсэн нэрийн дор гэрээ байгуулжээ. Тэдний авсан газар нь дээр дурдсан чулуун хашаагаар тогтохгүй. Ерөөсөө Өвөр Гүнтийн урд уулын хормой тэр чигээрээ юм. Тэнд зусдаг айлууд зундаа тус хашаанд орж хүүхдүүдээ тоглуулж, ой модонд нь зугаалдаг байсан. Одоо бол ямар ч боломжгүй. “Зууннайман суврага” компани нэр бүхий томчуудад зуслангийн газраас хэсэгчилж зарсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр нэг айлын газрыг 10 мянган ам.доллараар худалдсан гэнэ. Газар дээр нь очоод харвал Өвөр Гүнтийн уулын хормойд томчуудын тансаг хаусууд байх агаад хашаа нь мод руугаа орон үргэлжилдэг гэнэ. Уулын амаас урсдаг бяцхан горхи хүртэл урсч байгаа үгүй нь мэдэгдэхээ байжээ. Хүн орох аргагүй болтол хашсан учраас дотор нь юу болж байгааг өөрсдөөс нь өөр хүн мэдэх аргагүй гэнэ. Ийнхүү уулын модыг хамгаална гэж газар эзэмшсэн “Зууннайман суврага” компани “СОТ-3”-ын зуслан байсан газрын ачаар нэлээдгүй хөлжиж авсан бололтой. Бидний өмнөх дугаарт өгүүлсэн давсны үйлдвэр гэх байгууламж нь ч энэхүү газрын нэг хэсэгт нь байрладаг. Тус компанитай хийсэн гэрээ дууссан эсэх талаар Нийслэлийн Байгаль орчны газраас тодруулахыг хүссэн ч дорвитой мэдээлэл олдсонгүй. Ямартаа ч компанийн удирдлага мэргэжилтэнд нь газар эзэмших гэрчилгээгээ авчирч үзүүлэн, зөвшөөрөлтэй гэдгээ нотолж байжээ. Тэгвэл гэрээгээр хүлээсэн үүргээ газрын бизнес болгож хувиргасан тус компаниас уулаа, модоо буцаагаад авч болохгүй юу. Баячуудад хийх юм олдохоо болиод сүүлдээ байгалийг тэр чигээр нь хашч гайхуулдаг болсон энэ жишгийг амалсныхаа дагуу хэзээ халах вэ хотын дарга аа.

Б.УРАН


URL:

Сэтгэгдэл бичих