Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ирэх сарын 20-оос олгоно
Их дээд сургуулийн бакалаврын болон магистр, докторын өдрийн ангийн суралцагчдад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ирэх сарын дундуур олгохоор болжээ.
Энэ талаар Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг хэзээнээс олгож эхлэх вэ. Энэ хичээлийн жилд улирал, улиралаар нь олгохоор болсон талаар тодруулахгүй юу?
-Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ирэх сарын 20-оос олгож эхэлнэ. Одоогийн байдлаар Боловсролын үнэлгээний төвд оюутнуудын овог нэр, регистр, дансны дугаар зэрэг мэдээллийг тулгаж байгаа.
-Энэ хичээлийн жилд нийт хэчнээн оюутан тэтгэлэг авах вэ?
-Өнгөрсөн жил давхардсан тоогоор 166 мянга орчим оюутан тэтгэлэг авсан. Оюутнуудын мэдээллийг тулгаж дуусаад бүх зүйл тодорхой болно.
-Олгох журамд өөрчлөлт орсон уу. Өнгөрсөн жилийн хувьд тэтгэлэг олголт удааширч байгаа талаар багагүй шүүмжлэл гарсан шүү дээ?
-Оюутны тэтгэлэг олгох журамд өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жил олгож байсны дагуу үргэлжилнэ. Ингэхдээ нэг улирлынх буюу 9, 10, 11, 12 дугаар сарын тэтгэлгийн мөнгө оюутнуудын дансанд орно.
Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн мөнгө оюутнуудын дансанд байрших юм. Энэ жилийн хувьд оюутан залуус smart карттай болсон байгаа.
Түүгээрээ дамжуулаад арилжааны банкнаас мөнгөө авах юм. Тэтгэлгийг улиралд нэг удаа баталгаажуулж олгодог. Дараагийн улиралд дахин баталгаажуулна. Сургалтын тэтгэлгийг ийм маягаар улирал бүрт баталгаажуулж олгодог байгаа.
-Үндэсний болон урамшуулалт тэтгэлгийг хэн авах эрхтэй вэ?
-Үндэсний тэтгэлгийг Засгийн газрын 19 дүгээр тогтоолд тодорхой заасны дагуу Монгол Улсын аттестатчлагдсан дээд боловсролын сургалтын байгууллага зохих журмын дагуу суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлийг илтгэн харуулсан өдрийн ангийн оюутанд олгож байгаа.
Хөдөлмөр хийснийхээ төлөө ажлын хөлс авдаг шиг оюутнуудын дээд боловсрол эзэмшиж байгааг хөдөлмөр гэж үзэж тэтгэлэг олгож эхэлсэн. Оюутнууд энэ алтан боломжийг алдахгүйгээр сайн суралцаад урамшууллын тэтгэлгийг 50, 75 хувь хүртэл нэмж авах хэрэгтэй.
Дөрвөн жил гэдэг богинохон хугацаа шүү дээ.Тэгэхээр оюутан залуучууд дөрөвхөн жилийн хугацаанд ирээдүйнхээ төлөө, ирээдүйн баталгаагаа хангахын тулд төрөөс явуулж байгаа энэ чухал бодлогыг давуу тал болгон ашиглаж, ихээхэн менежмент, ур чадвар, зүтгэлтэйгээр, идэвх санаачлагатай суралцах нь юу юунаас чухал байна.
-Урамшууллын тэтгэлэг гэдэг нь үндэсний тэтгэлгээс юугаараа ялгаатай юм бэ?
-Урамшууллын тэтгэлэг гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50, 75, 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохыг хэлж байгаа юм. Энэ нь суралцагчийн голч дүнгээс шалтгаалан урамшуулал олгоно гэсэн үг.
Тухайлбал, голч дүн нь 3.6 ба түүнээс дээш бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувьтай тэнцэх тэтгэлэг авах боломжтой болно.
Улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн тэтгэлэг авна. Түүнчлэн олон улсын олимпиадад оролцож шагналт байранд орсон шинээр элсэгчдэд 100 хувийн тэтгэлэг олгох жишээтэй.
Хэрэв олон улсын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр болон гадаадын нэр хүндтэй сургуультай хамтарсан хос хөтөлбөрөөр сурч байгаа оюутан 2.8-аас дээш голч дүнтэй бол 50 хувийн тэтгэлэг авах юм.
Х.Жаргал
ЭХ СУРВАЛЖ: Монголын мэдээ
URL: