Орхимжин чулуу өгүүллэг
Намрын налгар өдрүүд адаг сардаа шингэж тэнгэрийн ааш зэврүүн, тэнэмэл салхитай шөнийн хүйтэнд одод үүр цайхыг хүлээн анивчиж үүр дөнгөж хаяаран нар цухайх дор хээр талыг бүрхсэн өлөн хяруу ургах нарны цацралд танан сувд мэт гялтагнана. Цацсан шагай мэт хөдөө талаар тархан буусан саахалт айлуудын яндангаас хөх утаа чанх дээш хөөрч хэвтрээсээ билчээрт гарч буй хонь малын майлалдаан, эртлэн боссон малчдын дуу шуугиан нам нойрссон байгаль, ойр орчноо сэрээлээ. Гадаа уяан дээр уяж хоносон морьд биеэ тэнийлгэн шилгээж нуруунд нь тогтсон хяруу уур манан болон савсаар намрын шөнийн уяа даан өлөн хоносон хүлгүүд дөрвөн хөл дээрээ дэвхцэн алсад бэлчих ижлийн зүг үүрсэнэ.
Голын нөгөө эрэгт бас нэг содон дуу чимээ нэмэгдсэн нь тэнд шувуун зад болж буй. Нүүдлийн шувууд алсын замдаа бэлдэн гангинах ийм үед тэнгэр мууддаг гэх боловч харин энэ өглөө харин цэлмэг байлаа. Өмнөх хэд хоногийн турш ааш муутай байсан тэнгэр хангай намрын энэ өглөө арай намжсан тул хэзээнээс нүүдэлчин Бургалтайхан шууд л хөсөг тэргээ ачаалан хүн малын дуу шуутай отор нүүдэл эхлэв.
Хөдөө талд тарвага зурам ичээндээ орж нимгэн захаараа зайрмагтсан Бургалтайн голын хөвөөгөөр саглайх бөөн бургас цан хөрд хучигдан мөнгөн саагаар чимж, хээрийн салхиар урласан, эрихэн сүлжээ угалз мэт уран чамин хээтэй дун цагаан мөчрөө дааж ядан харз уснаас ойсон ер бусын цалин өнгөөр солонгорох нь шинэ жилийн сүлд модоо байгаль өөрөө чимэглэв үү гэмээр. Голын мандлаар уур манан сууж урсах, үгүй нь үл мэдэгдэх цүнхэл усны толионд бургасны мөчрөөс салж ядан бөнжигнөсөөр доош унах ганц дусал төдийд усны мандалд үүссэн цагираг урсгал даган хөвж аажим тэлсээр алдрах нь ямартай ч гол урсаж буйг гэрчилнэ. Намгийн тархинд орших энэхүү тойрмын дэргэд сүүлийн хэд хоног усны шувууд чуулан холын аянд базааж өд сөдөө засч, далавчаа дэвчин гангиналдах нь орчинд цагийн аяс чангарч, хүйтний ам нааш, хөхүүрийн ам цааш болж буйг л зарлаж байх шиг. Гурван өдөр, гурван шөнө дэгдээхэйгээ их аянд бэлдсэн нүүдлийн шувууд энэ өглөө агаарт түрүүлж хөөрсөн түүчээ шувууныхаа араас нэг нэгээр дагалдан тэртээ дээр уртын урт цуваагаар зэллэн гангар гунгар дуулсаар холын аяндаа гарч байна. Хүйтний улирал хаяанд ирж хэзээ ч огцом эргэж болзошгүй байгалийн ааш ариншингаас уртан оршин тогтнохын төлөө тэмцэх хорвоогийн хүн, амьтан, шувууд бүгд завгүй хөдөлсөөр.
Бургалтайнхан ч мөн ялгаагүй дулаан өвөлжөөгөө бараадан нүүхээр малын хашаа хороо, өвс тоос гээд хөл ихтэй байлаа. Энэ өглөө манайх Ботгийн шилээс Баруунбайшингийн ар дахь дулаан буйр бууц бүхий Хадат энгэрийн өвөлжөөндөө буухаар, би ачаагаа хөтлөн, хөтлөх ч гэждээ “ачаандаа хөтлүүлэн”, ээж хонь малаа тууж, аав маань ээж бид хоёр болон бод малынхаа дунд нааш цааш давхисаар хөдөллөө. Яагаад би “ачаандаа хөтлүүлдэг” гэж үү?
Нанзадын улаан хэмээх даргай эвэртэй түүчээ шар нэгэнт замд оруулаад л тавичихвал цааш өөрөө аяндаа ачаа жингээ аваад явчихдаг юм. Иймээс Нанзадын улаан байхад надад нэн таатай, зам залж залхтлаа хөөглөх шаардлага ч байсангүй. Тэгээд ч түүний эзэн Гонжидын Нанзад гуайнх манайхтай хамт олон жил өвөлжиж энэ удаа ч мөн тэндээ буусан тул түүчээ шар маань бүр ч хөнгөн хөлтөй байсан хэрэг.
Хүдэр нэртэй өвчүү цагаан хар халтар банхар маань миний хажууд жин даган шогшино. Хүдэр бол надтай хар нялхаасаа ижилдэн дассан үнэнч нөхөр минь юм. Тэрээр бүр гөлөг байхдаа нүүсэн айлын буурин дээрээс намайг дагасаар манай гадаа ирэхэд нь би өөрийнхөө аяганд үлдээсэн хоолоо бас Хүдэр гэж нэр өгснөөс хойш буцаж яваагүй миний дэргэд үлдэж манай хэдэн мал, гэр орноо хамгаадаг хоточ болсон юм. Хөдөөгийн малчны ноход бол хахир өвөл, халуун зунд ч байгалийн ширүүнийг давж хатуужсан байдаг. Зуны халуунд өрөө газар ухаж тэндээ орж сэрүүцэнэ. Өвлийн хүйтэнд гадаа хөлдүү цасан дээр хэвтэнэ. Эзэд нь нохой дороо адасга ч дэвсэж өхгүй хэрэв тэгвээс мал сүргээ яаж хамгаалах юм гэдэг юм. Тэглээ гээд гомдож атаа санахгүй эзэндээ ямагт үнэнчээр зүтгэсээр л байдаг. Нохой бол хүн шиг атаа хорсол, хорон муу санаагүй зөөлөн сэтгэлтэй амьтан юм шүү дээ.
Хадатын өвөлжөө бол Дэлгэр-Өндөр уулын өвөрт ээжийн маань удмынхны үе дамжин нутаглаж заншсан өвлийн хүйтэнд өвөр ээвэр өгөөмөр зөөлөн өнтөй дулаан өтөг бууцтай нөмөр нөөлөгтөө үргэлж биднийгээ хэдэн малтай нь хахир хүйтнээс хамгаалж байдаг өгөөж ээлтэй нутаг билээ.
Замд гарахад тогтуун байсан зэвэргэн намрын өглөө гэнэт тэнгэр бүүдийж зэрэглээтсэн талын өнгө бараан сүүдэрт дарагдан салхи хуйсгинсаар цас хялаалан хөндий өгссөн замаар явган шуурга, шороо цас хөөн улам чангарч байснаа Хөшөөний хотгор өнгөрч явтал цоохор цас хаялж эхлэв. Салхи улам ширүүсэн ойр хавийг хоморголон шуурах тэмээн туйлаадас бүхий цасан хямрага чанх урдаас нүүр нүдгүй шавшиж байснаа чимээ чагнах мэт гэнэт зогсоход цас бөөн бөөнөөр чимээгүйхэн унасаар л байв. Саяхан газар тэнгэр нийлэх шахам тургиж байсан хорвоо нам жим болж анир чимээгүй энэ мөчид эзгүй зэлүүд хээр тал зүүд нойронд дарагдсан мэт амгалан, цас улам нэмэгдэвч чимээ нь үл сонсдоно. Хүдэр бид хоёр хэлээ унжуулан дээрээс зай завсаргүй унах цасан ширхэгийг тэнгэрийн хишиг хэмээн тосч, түүчээ улаан маань цасанд дарагдаж үзэгдэх үгүй шахам бүүдийх төдий зөрөг жимээр аажуухан урагшлана. Далбагар том ширхэгтэй, зөөлөн, дулаахан цас хэл дээр минь аяархан буунгуут л хайлж түүнээс сэрүүн агаар амтагдах нь тэнгэрийн амт гэмээр.
Энэхэн зуур малгайлан орсон цас хээр талыг бүрхэж дуусаад сая санаа нь амрав бололтой арай намдаж ямартай ч гэгээ оров. Бараан үүл аажмаар сэмэрч цаанаас нь шагайх намрын шаргал нарны туниа муутай улбар туяанд тэнгэрийн хаяа улайсныг харваас шөнөдөө зэгсэн хүйтэн хонох төлөвтөй. Шагай дарам цас хөдөө талаар зулсан хөвөн мэт хөвсийж байгаль, цаг уур гэнэт өөрчлөгдсөн шигээ гэнэт тогтож нар цухуйх ялдамд саяхан шаргалтаж байсан намрын өнгө ор тас үгүй болж хаашаа ч харсан илбэчний алганд хөрвөх мэт эх байгалийн ариншин дор онгон дагшин хорвоо энэхэн агшинд цав цагаан хөнжилдөө холбиржихуй.
Хаа нэгтээ замын хоёр талаарх цасан дороос ёрдойх хад чулуу, бут сондуул эх хорвоогийн умайгаас дөнгөж сая гадагшилж энэхүү хатуу ширүүн орчлонд хэрхэн гарч, яаж шүүхэн хөл тавихаа мэдэхгүй өнгөлзөх, улаан нялх амьтан эргэн тойрноо гайхан ажиглах мэт сэртэлзэнэ. Их ачаан дор үйл тамаа эдлэн амбан шарны хэнэггүй алхаанд хүч автан чаргуулдах үхэр тэргэний майга дугуйнуудын чимээ замын уртад нэгэн янзаар шархирч түүчээ тэрэгний гаргасан жимээр ар араасаа цуврах урт мөрөө палийлгасаар хэзээ зогсож ясаа амраахаа мэдэхгүй залхахдаа анир чимээгүй орчинд бүхий л зовлонгоо улиглах үглээ чавганцын адил зогсоо зайгүй яншсаар л…
Би ачаатай тэргэн дээрээ ямаан дах нөмрөн сууж жингийн аясыг өөрөө тааруулан алхдаг түчээ улаанаа зөөгөөр нь тавьчихаад хааяа “хөөг, хөөг” хэмээн чимээ өгч, Хүдэр маань энэ мэтийн хүйтнийг ер тоосон шинжгүй харин ч халууцсан бололтой хүйтэн сөрөн хэлээ унжуулан шогшиж, жингийн цуваа саадгүй явсаар л байв. Чанагш замын хажуу дахь хэсэг дэрсний дэргэд Хүдэр очиод эргэж над руу хараад л чимээ өгч байнаа. Нэг юм л олоод харчихсан бололтой. Дэрсний нөмөрт нэг бөөн бараан юм харагдаад байх юм. Сайн ажваас хүн бололтой цас битүү дарж хажуугаар нь туулайлан хунгарласан харагдана. Энэ үеэр над дээр ирсэн аав маань энэ юу юм бол гээд ойртох гэвээс морь нь үргээд хавьтуулсангүй тул аав морио тушиж орхичихоод очиод татахул ер хөдөлдөггүй, үхчихсэн юм болов уу гээд дахин татваас надаас нилээд ахмад арав орчим насны гэмээр хүү босох гээд чадсангүй тул аав маань шууд л тэврэн надад авчирч түүчээ тэргэнд суулгаад миний ямаан дахыг нөмрүүлэв.
Толгой нүцгэн, цоорхой гуталтай, өнгө гадар нь үл ялгагдах сармай дээлний оромцог нүцгэн биендээ эгэлдэргэлсэн, хацар, чих нь час улаан, нус нулимс нь хөлдөж мөстсөн толгойгоо дааж ядан дагжин чичирч, шүд нь тачигнаж буйг харваас тэрээр осгож буй нь илт. Аав маань нөгөөх хүүд наалдсан цас мөсийг арилган түүний толгойг хурган нудрага доорхи халуун алгандаа дулаацуулах зуур хаа хүрч явааг асуухад тэрээр ярьж чадахгүй эрүү нь чичирч амандаа бувтнан тэртээх Баруунбайшингийн зүг заав. Аав түүнийг дахаар сайтар хучиж ачаанаас үнэгэн лоовууз, нэхий дэгтий гарган өмсгөөд өөрөө ээж дээр очихоор шинэхэн цасны цойг огил огил татуулсаар давхин одлоо. “Нанзадын улаан” маана ч цасан далайг огтхон ч тоосон шинжгүй нэгэн хэмээр алхаж бид хоёр, цөрхөө тэргэнийхээ хөндлөвчөөс уячихаад ноолуур нь сагасан ямаан дахан дор шурган хэсэг явснаа нөгөөх маань дулаацсан бололтой дахаа хагаслан нөмөрч надтай дохиж зангаж байгаад л ярьж эхлэхэд би түүнийг хэл муутай, нэр нь Шоовдор гэдгийг л ойлгов.
Ингэж Шоовдор бид хоёр анх танилцсан юм даа. Бид ингэж явсаар нэг мэдэхэд түүчээ улаан маань таг зогсчихов. Энэ “Яагаад зогсчихов” гээд дахан дороос өндийтөл манайхны өвөлжөөний өмнөх Баруунбайшингийн дэргэд үрээд ирчихжээ. Түүчээ улааныг замд оруулаад л тавьчихвал өөрөө явсаар хүрэх газраа хүрчихдэг гэж би дээр хэлсэн бусуу.
Энэ үеэр аав, ээж хоёр маань ч малаа туун ирж энд үргэлж нутагладаг, ганц бие Сүндэв өвгөнийд цайлав. Өвгөн орныхоо хөндийгөөс ваартай баавгайн тос гарган Шоовдорын биед түрхэн халтал илээд дараа нь аарц халааж өхөд түүний хацар нь ягаарч хамаг биеэс нь уур савсаад хана налан дахан дээр сууж байснаа төдөлгүй унтаж орхисонд бид цааш өвөлжөө рүүгээ хөдлөв. Үүнээс хойш Шоовдор маань Сүндэв өвгөнийхээс ер холдоогүй Баруунбайшинд насан туршдаа үлдсэн юм даа. Сүндэв өвгөнийх нүүнэ гэж ер үгүй, жилийн дөрвөн улирлыг нэг л буйран дээрээ Номтын дэв дэх Баруунбайшин гэж манай нутгийнхны зуны цагт гэрийн бүрээс, унгас ноос бусад үед элдэв новшоо хадгалдаг хэдэн шургааган байшинг сахиж, морин тээрэмдээ хоёр илжгээ хөллөн улс амьтны будаа тээрэмдсээр олон жил амь зуулгаа залгуулж хэвшчээ. Энэ өвгөний тээрэмдсэн будаа хэдэн шуудай болж, тээрмийн бул чулууг хоёр илжиг хэд тойрсныг тоолох бишдээ ямар, нутгийнхан юухан хээхэн өгч будаагаа тээрэмдүүлсээр бүр дасч түүнийг зөвхөн үүний тул төрсөн мэт ойлгоно. Сүндэв гуай нас ахисан ч өвдөж хэвтэж ч үзээгүй чулуу шиг биетэй нэгэн тул өдий болтол ёо гэж хэлж явсангүй. Нэг удаа Бургалтайд халуун ханиад гарч эмчид ирэхэд тэрээр
- Хэрэггүй дээ би чинь адуу шиг биетэй хүн гэхэд эмч
- Юу адуу шиг гэж ? Адууг ч гэсэн дэлүүтдэг шүү дээ. Одоо чинь адууг хүртэл эмчилдэг эмчтэй болсон үе гэхэд
- Би яахав ээ, цаад өвчтөй хүмүүсээ л эмчил. Харин ахыгаа үхчихвэл тэр бичдэг юмнаас нь нэг сайхан бичиж өгөөрөй гэж гуйсан юм гэнэ лээ. Сүндэв өвгөн малын эмч үхсэн малд бичдэг актыг хойд насанд нь өргөсөн буяны ерөөл гэж ойлгодог байж.
Нутгийнхандаа гурил тээрэмдэж өгөөд шанд нь гутал хувцас, гудасны эсгий, ганц шар цаас |төгрөг|, юу ч өгсөн голохгүй, за гэвэл ёогүй хүний үгэнд итгэмтгий, цайлган нэгэн. Манай нутагт хоч сэтэргүй нь үгүй, ёолдоггүй болохоор нь ч тэрүү, за гэвэл ёогүй болохоор нь ч тэгсэн үү, энэ өвгөнийг нутгийнхан “ёогүй Сүндэв” гэх ба угаас ганц бие, овог нь хэн, нас нь хэд болохыг тэр өөрөө ч мэдэхгүй, Тээрмийн гэж л бичүүлдэг байх. Харин Шоовдор маань Сүндэв өвгөнөөр овоглож Ёогүйд тусалдаг ганц хүн нь болсондоо.
Шоовдор хар нялхаас эцэг эхээс өнчирч хоцорчээ. Нэрээ ч мэдэхгүй өнчирч хоцорсон хүү Бургалтайн айлуудаар хэсч гол зогоон, золбин нохдоос айн нулимс унаган явсаар өсч хүмүүс жинхэнэ нэр нь хэн гэдгийг мэдэхгүй тул Шоовдор хэмээн нэршив. Шоовдор хүү хорвоод амьдрах гэж амь дүйн зүтгэсээр Сүндэв өвгөнийд ингэж ирснээр түүний хувь тавилан Баруунбайшинтай үүрд холбогдсон нь ийм учиртай юм. Түүний туулсан зовлон, элээсэн наснаас нь хавьгүй их ч түүний амьдрах хүсэл зоргийг хэзээ ч мохоож байсангүй энэ хатуу хорвоод хүн болох гэж өөрөө ирээд өөрийнхөө эр чадлаараа үлдсэн гэвэл л яг таарна.
Хадатын өвөлжөөнд манай нутгийн Гонжидын Нанзад гуайнх өвөлждөг байлаа. Тэднийх Гончигданзан, Авирмэд гэж хүү охин хоёртой. Тэр үед Бургалтайд зөвхөн бага сургуультай байсан тул том хүү нь Алтанбулагт дунд сургуульд, охин нь миний үеийнх бид хамт тоглож өссөн юм. Дүн өвөлдөө Нанзад гуайн эхнэр Хажид гуай бидэнд үхрийн шарамцаг, үсэлсэн арвайтай хоол хийж Нанзад гуай гэрийнхээ хойморт тухлан сууж үлгэр хэлнэ. Арвай үслэх гэдэг нь арвай, будааг чийгшүүлэн зөөлрүүлж хивэг хальсыг арилгахыг, шарамцаг гэж өвөл идэш хийх үеэр үхрийн ходоодод хийж хөлдөөсөн гэдэс нь юм.
Үүнээс гадна тэр өвөл бас нэг айл буусан нь Андарынх байв. Хааяа Авирмэд, Хүдэр бид гурав Баруунбайшинд очиход гадаа хураалттай сүрлэн дээр унтаж байсан Шоовдор огтхон ч даарсан шинжгүй босч нэг суниагаад модон хавчигт буй мөс хөвсөн хүйтэн уснаас гуулин шанагаар утган хэд залгилснаа хоёр илжгээ барьж ирэхээр явах замдаа бидэнтэй шулганаж гарна.
Би түүний яриаг нь ойлгох гэж хөглөх, сүүлдээ дассаар овоо гадарладаг болсон л доо. Харин Шоовдор бидний ойлгосон эсэхийг тоох ч үгүй, түүнд үеийнхэнтэйгээ ярьж инээж явах нь л сайхан байсан бизээ. Энэ удаад хоёр илжиг нь Баруунбайшингийн ар талд манай өвөлжөөний дэргэдэх Үнхэлцэгийн дэвцэгт идээшилж, бид замдаа энэ тэрийг ярьж гүйлдсээр өмнө нь тэнд байсан бидний тоглоом, чулуун гэрийнхээ дэргэд нэг эмэгтэй хүүхэд байхыг олж хараад Шоовдор маань надад,
- Андарам, гэхэд би ойлгосонгүй
- Юу гэнээ? гэвээс тэр
- Андарам, гээд байх юм. Би дахин
- Юу гэнээ? гэсэн чинь нөгөөх маань уурлаад дуугаа хураачихав. Ингэсээр дөхөж очитол надаас арай эгчмэд боловуу сэгсүүргэн нэхий дээлтэй, сэргэлэн эрэлгэр нүдтэй нэгэн охин тэнд тоглож байлаа. Би түүнд
- Бидний тоглоомыг хөдөлгө гэж хэн чамд хэлсэн юм. Аан? гэхэд тэрээр чимээгүй босч явсныг Авирмэд буцааж авчрав. Энэ бол Янжинлхам гэдэг охин, Хадатад өвөлжихөөр манайхтай дөнгөж буусан айлын хүүхэд байлаа.
Янжинлхам ээжтэйгээ хоёул амьдардаг бөгөөд цөөн тооны хэдэн малтай харин түүний аав нь хэн болохыг би мэдэхгүй юм. Шоовдор маань Янжинлхам гэж хэлээд л байсныг нь би ойлгосонгүй тул дуугаа хураасан аж. Сүүлд түүний нэрийг Чулуун болгосон ч Андар гэсээр сүүлдээ нутгийнханд ч бүр тэгж нэршчихсэн юм.
Бид дөрөв чулуун гэртээ алаг шилэн хогшлоо өрж, Шувуутын голын болор тунгалаг мөснөөс хагалан авчирсан “мөсөн чихрээ” таваглаж, адууны хомоолон сүргээ билчээн, айл гэрийн дүр эсгэн нааш цааш гүйлдэн тоглосоор хамаг ажлаа мартчихаад аав ээждээ аашлуулж бүр алганы амт хүртэх хүртэл бүхий л паянг тоочноо гэвэл толгой эргэх, бичнээ гэвэл бэх дуусах бизээ.
Андар маань ламын орхимж мэт далиу цагаан судалтай том хөх чулууг чулуун гэрийнхээ хойморт залаад “ааваа” хэмээн дуудаж, аргагүй дутагдсан эцгээ хайн, Шоовдор нөгөө чулуугаа лам болгож хажуудаа суулгаад өөрөө дэргэд нь маани уншиж буй дүр эсгэн бувтнаж байхдаа хэлтэй хүн шиг санагдаж, хэн хэнийх нь сэтгэлд өег байсан буй зээ. Заримдаа бид дөрөв Баруунбайшингийн дээдэх Номтын дэвд байдаг Дарь-Эхийн жасын туурин дээрээс дотроо алаг эрээн цэцэгтэй бөөрөнхий шил олж доторхийг нь үзэх гэж чулуугаар нүдээд дийлдэхгүй, арай гэж хагалахад нөгөөх гоё эрээн мяраан цэцэг нь алга болчихдог байлаа.
Тоглоцгоож суусан хүүхдүүдийг гэрийнхэн нь дуудахад бүгд сандран босч Шоовдор илжгээ туун, Андар Шувуутын гол руу усанд гүйж, бид Хүдэртэйгээ үлдэн шинэхэн орсон цасан дээр мөрөөрөө элдэв дүрс гарган явсаар заримдаа том хас тэмдэг зурчихаад гэрийхэндээ зэмлүүлдэгсэн. Нөгөө чулууг тэнд буусан айлууд гэрийнхээ тэнд уяж, заримдаа төрөх эхийн тохой дор ивэхэд хөнгөн амарждаг гэлцдэг байв. Үеийн үед нутгаа сахин үлдсэн энэ чулуугаар ээж маань багадаа бас л тоглож өссөн юм гэнэлээ. Тэр үеэс эхлэн “Орхимжин чулуу” гэж нэрлэсээр хожим энэ нэр Бургалтайд мөнхөрч үлдэнэ гэж хэн ч төсөөлсөнгүй. Энэ чулуугаар би ч бас тоглож өссөн. Бургалтайн Урт Шувуутын голынхны олон үеийг дамжуулсан өсгөсөн тэр чулуу одоо ч Шувуутын голын хөвөөнөө бий.
Дээр үед ээжийн маань нагац ах Түндэв гэлэн одоо манай буусан Хадатын өвөлжөөнд өвөлжиж Дарь-Эхийн жас гэж гэр хэлбэртэй жижиг модон сүмийг нутгийн олондоо зориулан энд барьж лам нар хурал хуран хүмүүс мөргөл үйлддэг байсныг цагийн ширүүнд устгаж өөрийг хороогоод сүмийг нь шатааж, газрыг нь тэгшилсэн юм гэж ээж маань санаа алдан ярьдаг байлаа.
Бургалтайд гадаанаа багатахгүй хоньтой, гэртээ багтахгүй хүүхэдтэй, хул хонгор адуутай, хүрэн голдуу үхэртэй, их баян айл байсан гэдэг. Энэ айлынхан халуун ханиадаар нэгэн өвөл гэнэт нас барж олон нялх хүүхдүүд өнчрөн бууцан дээрээ үлджээ. Ах дүү садан нь адуу малыг хувааж аваад аргагүйн эрхэнд нутаг дээрээ өнчирч үлдсэн хүүхдүүдийг нь айл амьтнаар тараасан юм байх. Том хүү Намсрайг Тамин эмгэн, дүү Дэмбэрэлийг нь Дамчаа гэдэг хүн авч гэнэ. Харин нэгэн нялх охин бие муутай тул хүн болохгүй гээд авах хүн олдсонгүй. Халуун ханиад туссан айлын гэр орон, өвөлжөө бууцыг нь бүгдийг нь шатааж ариутгав. Өдөржин шөнөжин шатсан нурманд үлдсэн цог нь хэдэн хоногоор улайсаар унтарч бөөн нурам л тэр айлаас үлджээ. Үүнээс тэр дэвийг Нурамтын дэв хэмээн нэрлэж тэнд айл амьтан нэг үедээ л буугаагүй юм гэдэг. Өнчирч үлдсэн охиныг авах хүн олдсонгүй байсаар нэгэн ядуу айл авсан нь Янжинлхамын хойд эцэг эх нар байв.
Ингэж өнчин охин Янжинлхам эцэг эхтэй болжээ. Удалгүй хойд эцэг нь нас барж Янжиндулам ээжтэйгээ үлдсэн нь ийм учиртай аж. Харин Дамчаагийн Дэмбэрэл хожим нисэгч болж эх орны дайны үед гавъяа байгуулан Монгол улсын баатар болсныхоо дараа хармсалтайгаар хэлмэгдэж нас баржээ. Сүүлд цагаадан түүний дурсгалын хөшөөг босгохдоо нутаг андуурч Зүүнбүрэнд босгосон нь өнөөг хүртэл тэнд байж л байдаг юм. Түүний төрсөн ах Тамингийн Намсрай гуай амьд сэрүүн байхдаа дүүгийнхээ хөшөөг төрөлх нутаг Бургалтайд нь авчирч тавина гэсээр түүнд туслах хүн, хөрөнгө хүч олдоогүй явсаар насан өөд болжээ. Ингээд би хорвоод өнчин үлдсэн хоёр хувь заяаны тухай цааш нь өгүүлсү.
Нэг намар аав маань өвчлөөд хотод эмнэлэгт үзүүлэхээр би аавтайгаа замын машинд суун, ээж маань мал, гэр бараагаа янзлаад хойноос очих болж багын анд Авирмэд, Шоовдор, Андар нар маань Орхимжин чулуутайгаа намайг алсын замд үдэж билээ. Хотод ирж эмчлүүлээд аав маань олигтой засал авсангүй, ээж бид хоёр ээлжлэн сахисаар насан өөд болов. Оршуулах гэтэл шинжилгээ хийх тушаалтай гээд цогцосыг нь бидэнд өгсөнгүй, хэрэв зөвшөөрөхгүй бол прокурорт өргөдөл гаргаж прокурор сарын дотор шийдтэл талийгаачийн цогцосыг гэр гэрийнхэн нь хадгалах учиртай гэлээ. Бидэнд тийм удаан хүлээх боломж даанч байсангүй. Хурдхан шийд гаргаж болохгүй юу гэхэд 21 хоног гэлээ. Тэгэхээр ээж бид аавыгаа амьд байхад нас барсан болгож прокурорт өргөдөл гаргах ёстой гэнээ. Ингэж бид шинжилгээ хийлгэхийг зөвшөөрөхөөс өөр замгүй болсон.
Дараа нь очиход шинжилгээний дараах цогцосыг эргүүлж өгдөггүй тэгээд ч оршуулчихсан гэлээ. Хаана оршуулсныг хэлж өгөөч гэвэл нууц гэнэ. Ээж маань гуйж байж “Шархад” гэдэг ганц үгтэй гарч ирээд тэнд нь хоёул очитол энд тэндгүй овоолсон шороо, ухсан нүх, бүрэн бус цогцос хөглөрсөн хэсэг газарт нохой шувууд хөшилдөн буйг харж зогссоор буцаж ирэв. Цогцос “оршуулсан” гээд байгаа газраа хэлдэггүйн нууц нь ийм л учиртай юмсанж. Даанч дээ л гэмээр хэлэх үг ч алга. Бид ийм л үед амьдарч байлаа. Ингээд бид энэ гэрийн ноён нуруу болох аавыгаа зул өргөх овгор шороо ч үгүй алдчихлаа. Бид хамаатныдаа толгой хорогдон би сургуульд орж, ээж ажил хийсээр дараа хавар нь ээж маань эрт хөдөө гарч би амралтаараа араас нь очихоор болов.
Би ганцхан жилийн дотор бор гэр Бургалтай нутгаа санасныг хэлээд баршгүй. Хүдэр маань биднийг явсны дараа бүр царай алдаж, хоолноос гарч сүүлдээ бүр хаашаа ч явахаа болиод гэрийнхээ хуучин буйран дээр хэвтсээр үлдсэн гэдэг. Түүнийг үгүйлсэн хүн байсангүй. Дараа хавар нь тэр хавиар айлууд буух үеэр хайлсан цасан дороос үхсэн нохойн зэм гарсан манай Хүдэр байсан гэж ээж ярьдаг байлаа. Ингэж Хүдэр маань бид хоёрыг хүлээсээр төрсөн гэрийнхээ буйран дээр ясаа тавьжээ. Ээж маань хоточ нохойгоо буйран дээр нь сүүлийг огтлон тавьсан юм гэнэлээ. Сүүл бол дагавар эрхтэн ямагт эзнээ дагаж явдаг амин сахиус гэх ба хүнээс бусад амьтан бүгд сүүлтэй учраас хэрэв нохойн сүүлийг отлож орхивол хойд насандаа хүн болж төрнө гэх дом байдаг.
Зуны урин дулаанд байгаль дэлхий өнгөө засан, сэтгэл санаа тайтгарч бид хоёр ч бор гэрээ барьж аваад ээж маань нэгдлийнхээ хэдэн үнээгээ саагаад нутгийн олныхоо дунд манайх гэдэг айл дахин бий болсон ч хойморт нь аав маань үргэлж үгүйлэгдэж байсныг нуух юун. Тэгэхэд би арван нэг хоёртой л байсан юмуу даа, өрх толгойлсон том эр гээд байгаа шүү. Гэсэн ч би аавыгаа биднээс бүрмөсөн явсан гэж нэг л итгэж өхгүй хэзээ нэгтээ эргээд ирнэ гэсэн гордлогоосоо салж чадаагүй л байсан юм. Иймээс тэр цагийг мөрөөдөн аавыгаа санахдаа хуучин дээлийг нь нөмрөн унтаж, малгайг үнэрлэхэд нэг л дотно үнэр ханхалдаг байв.
Заримдаа бүр “Ааваа” гэж дуудмаар байвчиг хэнийгээ ч ааваа гэж дуудах юм билээ. Ээж маань энэ хүүхэд аавыгаа санаад бүр бэтгэрэх нь гэдэг байв. Нэг удаа би аавтайгаа хамт морьтой явж байна хэмээн зүүдлээд аав маань морин дээрээ үүргэлж ташуураа газар унагав гээд… гэнэт сэрээд нүдээ нээтэл аав минь яг урдаас хараад морин дээрээ байгаагаар харагдаж би гайхаж байснаа нүдээ аниад дахиад нээтэл алга болчихож билээ. Үүнээс хойш би аавыгаа олж хараагүй.
Нэг өдөр би Дэлгэр-Өндөр уулын цавцал хадны ёроолд хорсон адуугаа хураахаар дэргэд нь очиод “хайя” гээд хашгиртал хадны цуурай хаайя… хайя.. айя.. яа.. алсад хадаад л нутгаа санасан надтай мэндэлж байх шиг. Тэхээр нь “Ааваа” гээд л дуудваас цуурай намайг даган ааваа… ааавааа… ааааваааа …гэж байснаа эцэстээ бүр аяархан аа… ааа …аааа.. гээд цаанаас нь аав маань дуудаад байх шиг их сайхан санагдаж билээ. Энэ бол миний аавын дуу байлаа Үүнээс хойш аавыгаа санах тоолондоо тэнд очиж цуурай сонсдог болсон. Ингэж би овог тогтоох үеэр Дэлгэр-Өндөр овогтой болсондоо. Энэ уул миний нутгийн уул, энэ уул миний овгийн уул. Энэ уул аав минь надад үлдээсэн хамгийн нандин дурсамж юм.
Өвөл нь хотод, зун нь хөдөө гарсаар нэг л мэдэхэд олон жил болчихож. Энэ удаад ээж маань хавар эрт хөдөө гараад би араас нь шуудангаар ирж сумын төвд буулаа. Пүүгээгээ хоршооны Жамъяншарав гуай дээр орхичихоод дэмий л сумын төвөөр унаа хайж явтал соёг сайвар морины гүйм хар алхаанд сэвэлзэн хөх торгон дээлнээ шар дурдан бүсийг тэвхийлгээд, салаалж гөрсөн урт шаравтар үсний угаар эрээн пансан алчуур бэлхүүслэн үзүүрийг шанаандаа унжуулж урт хулсан ташуур хааяа нэг даялан яваа нэгэн охинтой дайралдсан нь Янжинлхам буюу багын танил Андар байв. Миний мэдэх хөдсөн дээлд улаан хацарт бүрэг бяцхан охинтой төсөөлөх ч зүйл үгүй, үс нь илээд баймаар, уруул нь жимснээс улаан, нуруу нь аясарч өндөр гуалиг болжээ. Хаш цагаан шүдээ яралзуулан, шинийн сар мэт хөмсөг дороос цоглог алаг нүдээ тормолзуулан инээмсэглэх нь хөдөөгийн талд жавхаалаг бэр цэцэг нүдлэх мэт тун ч үзэсгэлэнтэй. Андар ч бүр том эгч болчихож, тэр маань намайг харангуут л дуу алдан
- Хүүеэ…Сайн явж байна уу? Чи чинь хаанаас гараад ирэв ээ?
- Сайн, хотоос сая ирлээ. Манайх хаана байгаа бол ?
- Танайх Шувуутад Хөх сайрт байгаа, гэснээ
- Чи тэгээд яаж харих гэж байна?
- Харин ээ…? Унаа байхгүй…
- Хотын залуу бөгсөө холгуулна гэж айхгүй бол сундалж дээ, хэмээн хөгжилтэй инээсээ
- Манайх бас тэнд зусч байгаа. Хэрэв чамд унаа олдохгүй бол хоёул хоршоогоор орчихоод хамт хөдлөе, тэх үү гээд мөн л томоогүй инээдээ барьж ядан жуумалзав. Уран гоолиг бие, урт шаравтар үс, цангинам мишээх түүнд яг л таарсан юм шиг жаахан аалигүйдүү зан нь хэтэрснээс зохисон нь илүү. Би ч дахин унаа эрсэнгүй, Андарын араар сундлав. Бид хоёр төвөөс гарч Андар хөдөөгийн, би хотын сониныг ярьж Баруунбайшин, бага нас, Шоовдор, Орхимжин чулуугаа дурсан инээлдэж хөгжилдсөөр Нарангийн хөндийд Дааган толгойн дэргэдэх хэсэг ногоон зүлгэн дээр бууж амарцгаав. Тэнд Тахилтын аршааны нэг судал очидог, жаахан ухахад ус гарна гэх боловч хүмүүс цээрлээд ухдаггүй юм. Их хуртай жил өөрөө ундрах үе байдагч ус гарч байхыг би ерөөс үзээгүй харин хаврын урь ормогц л үргэлж ногоон байдагсан. Нуруу нь тэнийсэн морь ногоо хазалж Андар маань мөрөө даган унжсан урт гэзэгнийхээ үзүүрийг имрэн байж намайг хотод найзтай эсэхийг асуухад би тэр тухай нарийн ойлголтгүй тул надад найз гэхээр хэн байдагсан билээ гэсээр хааяа зодолддог боловч нэг ширээнд суудаг хүвгүүнээ санаж
- Найзтай, гэлээ.
- Тэгээд тэр чинь чамд их сайн уу?
- Тийм сайн бишээ. Хааяа тэвэг тоглож, бас зодолддог гэхэд Андар
- Тэр чинь тэгээд эрэгтэй хүүхэд юм уу?
- Аха
- Үгүй ээ, үгүй… Яагаав дээ, захиа энэ тэр өгөөд, зургаа дурсгаад л сайн болдог найз байдаг шүү дээ.
- Аа… тийм найз байхгүй гэхэд Андар миний хариултад ч юм уу, эсвэл ийм амьтантай юугаа ч ярих билээ хэмээн бодсоных уу бүү мэд
- За явах уу даа гээд босч суниахад би түүний уран гоолиг биеийг гайхсаар бид цааш хөдлөв. Зайдан морин дээр яваагүй төсөөрч бөгсөө нилээд холгуулсан ч Андарын нуруунд нүүрээ наан, арагш унжсан зөөлөн шаргал гэзгийг хааяа илж, хааяа үнэрлэн явах нь надад нэн таатай санагдсаныг нуух юун. Миний урд өмнө олж хараагүй дүр төрх, царай зүс, уян налархай бие цогцос нь үнэхээр сэтгэлийг эзэмдэж ёстой л эгшиглэнт охин тэнгэр Янжинлхам гэдэг нь ийм л байдаг болов уу хэмээн төсөөлж явсан үе. Хэсэгхэн шогшуулаад, Далт, Дэлгэр-Өндөр дүнсийж Номтын дэвээрх хэдэн гэрийн тооноор суунаглах утаа, Урт, Шувуутын гол, хүн малын чимээтэй нутгийн амьдрал угтав. Бид хоёр Баруунбайшингаар дайрч очивоос тэнд урдынхаас өөрчлөгдсөн зүйл бараг үгүй харин тээрмийн дэргэд цагаалсан шургаагаар барьсан бас нэг жижиг байшин нэмэгдсэн нь Шоовдорынх аж. Бид түүнд бэлэг болгон авчирсан шароваар хэмээх шалханаг нь хүлхгэр шалбуур өмд арай багадсан ч нөгөөх маань том жижгийг төдийлөн тоосон шинжгүй харин баярлаж байгаа гэж жигтэйхэн. Тэр бялдар сууж надаас хавьгүй том, бас дээд уруулдаа сахал бараантуулсан сүрлэг эр болчихжээ. Харин түүний хэл л төдийлөн засарсангүй. Шоовдор надад Сүндэв өвгөн нас барсан тухай яриад түүний хөрөнгө болох өндөр улаан морь, хоёр илжигний үр төл, талийгаач өвгөний бэлдэж өгсөн эмээл, өөрөө засч тохижуулсан өвлийн байшин, түүний хажуудах тээрмээ үзүүлэв. Хагас суугаа байдалд тохируулан өндөр модон сандайлга түүний дээр биед эвтэйгээр тохой тавих буулга мод дээврээс унжуулсан оосроор тогтоож, тээрэмчний суудал дор нь хоёр хөлөөр ээлжлэн нааш цааш дэнслэн гишгэх модон гишгүүр байна. Энэхүү гишгүүрээр тээрэмдсэн гурил шигших шигшүүрийн арлыг газарт зоолттой шонд мөргүүлж хоёр тийш ээлжлэх дэнсээр нааш цааш таг таг тагшуулах нь бүр ч сүртэй. Ийм шигшүүрийг шаа хэмээх нимгэн шүүлтүүр тороор хийх ба нарийн бүдүүн янз янз байдаг. Дүүтэй будааг тээрэмд хийх, будаа халихыг хязгаарлах хөндлөвч, илжигээ туух дохиур зэргийг тээрмийн адраар гүйлгэсэн урт оосрын үзүүрээс татан ажиллуулж, “За ямар байна?” гэсэн шиг намайг харахад би эрхий хуруугаа гозойлгов. Тээрмийн онгорхой хэсгээр нарны гэрэл тусч дээд энэ тагтаа шувууд жаргалтай нь аргагүй гүүглэлдэнэ. Тээрэм бол шувуудын жаргалын орон юм.
Үүний дараа бид цааш явсаар Шувуутын гол хүрч би Хөх сайрт байгаа бор гэрийнхээ гадаа буухад ээж маань гаднаа намайг угтаж саалийн үнэртэй даалимбан дээлийнхээ энгэрт тэврэн үнссэн тэр үнэр өнөөг хүртэл миний ой ухаанд шингэн үлджээ. Тэр зун Андартай Нарангийн хөндийгөөр сундалдан явснаас хойш би ерөөс үзээгүй цоо шинэ ертөнцөд цөмрөн орсон юмдаа. Андарын хүрэхэд нэг л таатай зөөлөн бэлхүүс, хэзээ ч учраагүй нандин үнэр, булбарай зөөлөн хүзүү, бумбагар хоёр хөх нь хөдөө нутгийн өнгөтэй хослон оюун санааг минь эзэмдэн үе үе үлээх хээрийн салхинд амьсгаа тавигдаж явлаа. Гэсэн ч би урд өмнө олж мэдрээгүй энэ чамин мэдрэмжид бүр эзэмдүүлээд түүний хүссэн бүхнийг гүйцэлдүүлж, нөгөө захиа энэ тэр өгдөг сайн найз нь ядаж дүү нь болохсон гэж дотроо л мөрөөдөж явсаар зориглон хэлж, ядаж захиа атгуулж ч чадалгүй нэг л мэдэхэд түүнийгээ алдчихсан юм даа.
Нэг өдөр Дэрст тохой өгсөөд, морьтой хүн ч юм уу гэмээр нэг бараан юм хөвсөөр гараад ирлээ. Би гэрийнхээ гаднаас дурандсаар байтал морьтой бус унадаг дугуйтай хүн явсаар Шувуутын амны эхэнд хирэгсүүлийн ард зусч буй Довчин гуайнхны гадаа ирээд буучихав. Тэгээд л ойр хавийнхан ч Довчин гуайнх руу хошуурч эхэллээ. Хөдөөнийхөн нэгнийдээ хот хүрээнээс хүн хар ирэхлээр ингэдэг зантай, яахавдээ зайлуул элдэв сонин мэдээллээс үргэлж хоцорч явдаг, тэгээд ч унадаг дугуй үзээгүй болоод л тэр. Хотод бол хэн хүнгүй л унадаг дугуй мэднэ л дээ. Харин манайхан унадаг дугуй мугуй гэж сонссоноос биш ойроос үзсэн нь ховор тул хүүхэд хөгшидгүй Довчин гуайн гадаа овоорч дугуй мориноос хурдан, шарнаас хүчтэй эсэх, дээр нь тэнцэхэд юу түшиж явдаг, дугуйд нь агаар яаж хийдэг тухай маргалдан, толинд нь харж, хонхыг нь дарах гэж булаалдана. Андар бид хоёр ч хоцорсонгүй яваад очитол Довчин гуайн эхнэрийн дүү Чойдор гэж хотод сургуульд сурдаг, биднээс арай ахавтар нэгэн ирчихсэн, ганган хүрэн хүрмээ тайлж ханын толгойноос өлгөхөд түүнээс нь одеколон хэмээх гоё үнэртэй сүрчиг ханхлана. Тэрээр орсон хүн болгонд дээрээ олон янзын эрээн зурагтай, дугуй төмөр хайрцагнаас “монпассье” хэмээх гоё алаг чихэр гарган хэд гурван ширхэгээр тарааж байлаа. Довчин гуай дугуй хайрцагийг нь сонирхон үзээд “Энэ чинь харин улаан тамхи хийхэд зүгээр эд үү?” гэхэд Чойдор хоосорсон хайрцагаа түүнд өгч “донжтой эд шүү” хэмээн урд өмнө нутгийнхан хэрэглэдэггүй байсан чамин үгээр хариу барив. Дараа нь гадаа гарч дугуйндаа хүүхэд, хөгшдийг ээлжлэн сундалсаар эцэст нь Андарыг урихад тэр маань дуртай нь аргагүй зөвшөөрч дугуйнд нь сундаллаа. Тэр гайт өдрөөс хойш Андар түүний араар сундалсаар сүүлдээ бүр дугуй унаж сурчихаад намайгаа ч ер тоохоо больсон доо. Түүний ярианд Чойдор, дугуй гэдэг хоёр үг байнга, дугуй унаж Хөх сайрыг уруудан салхи исгэрүүлэн давхихийг л дээдийн жаргалд тооцоно. Чойдор дээс харайхдаа гарамгай, мөн “герман цагаан” гэдэг жижиг бөмбөг гарган “маатаг” гэдэг сонин нэртэй, их хөгжилтэй тоглоомыг заасан, аман хуураар “Монголтранс” дууг тоглосон зэргийг амтархан ярихдаа нүд нь гялалзаж зүрх нь оволзоод түүнд бүрмөсөн шингэж ууссан нь илт. Чойдорын хөдөлгөөн яриаг дуурайж “донжтой” гэдэг үгийг байн байн хэлж бүр биеэс нь хүртэл Чойдорын одеколон ханхлаж байх шиг. Чойдор, Сүхбаатар киноны үйл явдал, Сэлэнгэ мөрөн үертэй байхад сэлмээр цавчихад голын ус ярагдаж цэргүүдээ гаргадаг хатанбаатар Магсаржав байлдаанаас ирээд бүсээ тайлахад өврөөс нь дайсанд буудуулсан сум нь шаржигнан унаж байсан тухай зэрэг хачин сонин зүйлийг ярьж “ёстой донжтой” гэдэг нөгөөх үгээрээ дуусгана. Тэр зун хүүхэд байтугай бүр томчуулын ярианд хүртэл “донжтой” гэдэг үг нэвтэрч энэ Чойдор ер нь юм юманд “донжтой” дамшиг шүү гэлцэнэ. Чойдоргүй юм ердөө ч алга. Тэрээр нэг өдөр Андарыг нөгөөх дугуйндаа сундлан сумын төв ороход нь би түүнийг Дааган толгойн хажууд Андарыг тэврэн “донжтой” сууж байгаагаар төсөөлөн ирэх жил хотоос заавал дугуй авчирч Андарыг сундлах юм шүү хэмээн хатуу шийдлээ. Эврээ гээсэн буга шиг болсон миний бие энэ жил түүнтэй найзлах тухай ярих байтугай дурсах ч арга алга. Тэр хоёр дугуйгаар ийш тийш зугаалсаар бүр салахаа байж, Андар түүнийг “Чой” хэмээн энхрийлэн дуудах нь надад тун хэцүү. Нэг удаа Андар
-Чи нууц хадгалж чадах уу? гэж надаас асуулаа. Би төдийлөн ойлгоогүй ч
-Чаднаа л гэлээ.
-Нээрэн биз.
-Нээрэн байлгүй яахав.
-Хэнд ч хэлэхгүй биз. Сая би “нууц хадгалах” гэдэг үгний утгыг ойлгож
-Хэнд ч хэлэхгүй гэлээ. Үүний дараа Андар алаг цэцэг бүхий толигор цаасааар хавтасласан дэвтэр гарган Чойгийн уран гоёор бичиж үлдээсэн дурсамжийг надад үзүүлэв. Улаан сарнай гартаа барьсан нэгэн залууг зурж хажууд нь улаан сумаар сүлбэсэн зүрхэн дунд:
Хайр сэтгэл минь чамдаа тэмүүлж
Халуун зүрх минь чиний төлөө цохилоно. Үүрд чамайгаа мартахгүй. Чой чинь. хэмээн уран гоёоор сүүдэртүүлэн бичиж он сар өдөр тавьжээ. Тэр үед дурсгалын дэвтэр бие биедээ дамжуулж авсан хүн дээр нь өөрийн дурсамжаа бичиж үлдээдэг моод байлаа. Би түүний дэвтэрт Чойгийнх нь бичсэнийг уншаад бүр бухимдсан ч нууц хадгална гэж ам өгснөө мартаагүй ээ.
Наадам болж Довчин гуай дүүдээ “Товчин хонгор” гэж өндөр хонгор морио эмээлэхэд Чойдор унасангүй, дугуйндаа Андарыгаа сундалж аваад гарч өгөв. Би Шоовдор дээр очиж гурил тээрэмдэж хоноод өглөө нь Орхимжин чулуун дээрээ очиж тэнд хоёул хэсэг суух гэтэл нэг л болж өгсөнгүй тэгээд ч чулуугаар тоглох нас минь нэгэнт өнгөрчихөж дээ. Бид хоёр наадамд явахаар хоёр илжгээ сул тавиад гаргах гэтэл хөөрхий шөнөжин тээрэмд хоносон нөгөөх хоёр хөдөлж өгдөггүй бүр эцсэн бололтой босоогоороо унтаж байв. Бид илжгээ туун гаргаж гадаах идүүрт нь овьёос тавьж өглөө. “Илжиг модон хударгандаа” хэмээн бид бүхний даапаалдаг энэ хоёр амьтан гол зогоох ганц шанага овъёосны төлөө бүх насаараа будаа тээрмийн бул хар чулууг тойрон цомбон туурайгаа хавтайтал, цовоо чихээ унжтал эргэлдэж хорвоог бардаг өрөвдөм хувь тавилантай амьтан юм даа.
Бид хоёр тээрмийн сарампай хаалгаа модоор дарж орхиод Шоовдор өндөр улаанаа, би алаг үрээгээ унаад сумын төв рүү цэнхэр шароваарынхаа шалханагыг хийсгэн давхисаар наадам дээр очиж Андарыгаа нилээд эрлээ олсонгүй. Гэтэл тэр очисонгүй, харин “Чой”-гийнхоо хамт хээр явж байгаад хүйтэн бороонд цохиулснаас хатгаа авч сумын төвийн арын Бага бүдүүний агуйд хорогдсон ч нүүр ам бүх биеэр нь улаан юм туурч эмнэлэгт иржээ. Биднийг очиход Андар маань үхэх сэхэхийн заагт хэвтэж түүний хажууд ээж нь бас эмнэлгийн санитар атгаал Дорж гуай хоёр сууж байв. Хүний амь тасрах шахсан товч мэт нэг учиг утсанд дүүжигнээд тогтох үе бас байдаг юм билээ. Тэр олон хоног халуурч ихэд сандаргаж байгаад амьд гарсан ч нүүрэндээ ч, амьдралдаа ч гүнзгий сорвитой үлдсэн дээ зайлуул. Түүний өөхөн цагаан нүүрийг нь улаан бурхан гээч айхтар өвчний ул мөр, барзгар толбоор дүүргэж үзэсгэлэн гоо царай нь өөрчлөгдөн миний хайрлаж дурлаж явсан Андар гэж танигдахын аргагүй болгосон юм.
Зун сар зургаа бишдээ, нарны илч суларч намрын сар ч цааш ханатай болон Чойдор ирсэн замаараа Дэрст тохойг уруудан буцаж, Андар улаан бурханд идүүлсэн ч арай ч бүр цоохор болоогүй нүүртэй үлдсэн дээ. Тэрээр хацраа даган урсах нулимсаа ханцуйгаараа сэм арчсаар хайртыгаа үдэв. Удалгүй ээж бид хоёр ч хот орж түүнээс хойш дугуй авч хөдөө гарах боломж гарсангүй олон жил өнгөрчээ.
Нэг удаа хотод Өндөр хоршоонд явж байхад эхнэр хүүхдээ дагуулсан эр “донжтой” гэж хэлэхийг сонсоод эргэн харвал Чойдор мөн байв. Өндөр хоршоо гэж тэр үеийн төв дэлгүүр, өнөөгийн дүрслэх урлагийн музейн хоёр давхар шавар байшинд байлаа. Бид уулзаагүй удсан боловч зузаарснаас өөр гойд өөрчлөгдөөгүй махлаг эр надтай мэндэлж гэр бүлээ танилцуулахад Андар биш өөр хүн байхад би гайхсангүй. Чойдор эхнэрийнхээ дэргэд Андарын тухай үг алдахгүйг ихэд болгоомжилж буй нь илт тул би ч тэр талаар ам нээсэнгүй. Чойдор гартаа барьсан орос хромон гутлыг үзэж “Ёстой донжтой эд үү” гэсээр намайг Улаанхуаранд гэртээ урьж, яаж очихыг зааж өгөөд бид салцгаалаа.
Андар Чойдорыг жил тойрон хүлээсэн, түүнтэй хотод хэрхэн уулзсан тухай би сүүлд дуулсан юм. Түүнийг явсны дараа Андар жирэмсэн үлдсэн тэр намраас Чой нь эргэж ирсэнгүй сураг тасарчээ. Андар хайрт хүнээ өдөрт нь мөрөөдөж шөнөд нь зүүдэлсээр нэгэн охин төрүүлэв. Нялх охиноо тэврэн замын машинд дайгдан Чойтойгоо уулзахаар хот оржээ. Эрсээр түүнтэй тааралдахад тэр нь өөр бүсгүйтэй дэр нэгдсэн байв. Андарыг хараад танихгүй царайлж байснаа мэндлэхчээн болчихоод цааш яаран одов. Дурсгалын дэвтэрт нь түүний бичсэн хайр, сэтгэлээс юу ч үлдсэнгүй. Мөрөөдсөн зүүдэлсэн нь аянгад ниргүүлсэн мэт болж хувь тавиландаа гутарсан Андар хотод нэг ч хонохыг хүссэнгүй тэр оройдоо нутаг буцжээ. Зүүд тавилан хоёрыг сонгож ямар болох бишдээ. Үүнээс хойш удалгүй Андарын ээж нь өвчлөж байгаад гэртээ нас барав. Шоовдор маань Андарыгаа зовох цагт нь ганцаардуулаагүй харин түүнд хоёргүй сайн байсан гэдэг. Хүний сэтгэлийн гүнийг хэмжиж ямар болох биш дээ. Нэг хүнээс унаж явсан дугуйг нь шалсаар бүдүүн мориор Андарт авч өгөөд нөгөөдөх нь тэр дугуйндаа охиноо сундлан Хөх сайрыг уруудан Баруунбайшин руу салхи сэнгэнүүлэн давхисаар удалгүй Шоовдортой гэрлэсэн юм даа. Хоёр өнчин хувь заяа нэгдэж хорвоод ганцаар үлдсэн Шоовдор хүү нэгэн зэрэг эхнэр бас хүүхэдтэй болсон гэдэг. Түүнээс хойш Шоовдор Андар хоёр маань Баруунбайшиндаа амьдарч би нутагтаа очиогүй уджээ. Тэд олон жил хамт хүнээс дутуугүй амьдарч байгаад хоёул Бургалтайдаа үүрд үлдсэн дээ. Үүнээс хойш Андар нэрээ өөрчлөн Шоовдор хэлэхэд амар гэснүү, эгшиглэн гоо Янжинлхам бурхны нэрээс цэрэвсэн үү, Чулуун хэмээн нэршсэн ч бидэнд бол Андар хэвээрээ л үлдсэн дээ. Тэдний үр сад одоо ч Бургалтай нутагтаа бий. Би нутагтаа очихдоо өсч төрсөн нутаг, унаган багын анд Авирмэд, Шоовдор, Андар нартайгаа тоглож өссөн Орхимжин чулуугаа олж хараад миний амьдралын хамгийн жаргалтай үе, Шувуутын голын дэнжээр эрээлжлэх өнгө өнгийн алаг нил цэцэг шиг балчир бага насаа нэхэн санаж явдаг юм.
Баруунбайшингаас Ёогүйн тээрмийн хоёр чулуу үлдэж, нэгэн үе өвс шороонд дарагдан гүн нойрсчээ. Өөр тэнд өөрчлөгдсөн зүйл бараг үгүй дээ, голын эргээр гангинах нүүдлийн шувуудын дуу, холын билчээрт идээшлэх мал сүргийн бараа, нүхээ олохгүй сандрах эргүү цагаан мөндөл, нахиа тэлэн зүтгэх хаврын цэнхэр яргуй, түүний дээгүүр эргэлдэх Дондогийн цоохор эрвээхэй яг л миний бага нас шиг. Нэгэн үед морин дэл дээр туулж явсан хөдөө талын дунд цайх мөөгөн цагаан гэрийн тулган дээр галын илчинд даргих тогоо дүүрэн сүү, хаяагаар нь сүүлээ сөхөн оодогнох мухар алаг тугал, дээр нь үүлээ хөөн цэмцийх мөнх хөх тэнгэр хуучны бүхэн цөм хэвээр.
Зуны зөөлөн бороонд эрч хүчээ авсан Шувуутын голын оргилон шуугих усан дуслууд нь зай завсаргүй асгарах сувд мэт гялалзан, дөлгөөлөн үелзэх урсгалыг нь чагнаад байхад өнө удаан жил тааралдаагүй багын танил андууд уулзалдаад хууч хөөрөлдөн инээлдэж байх шиг. Хээр талын аданга авиа, усны шувуудын гангинаан, хүн малын дуу цуурайг хөхөөн дуугаар хөглөж хөндийн салхиар хөгжимдсөн хөдөөгийн уянга хэмээх хэн ч бүтээж үл чадах чихэнд нэн таатай энэ ер бусын гайхамшиг хүн бүхний сэтгэл оюуныг эрхгүй эзэмдэн уяраах ажгуу. Түүний уян гойд аялгуу нь шинэ сэргэг амьдралын сайн сайханд намайг дахин дуудах зөн совингийн хонх мэт чих гижигдэн жингэнэсээр л.
Бага насыг минь элээсэн Орхимжин чулуу Шувуутын голын хөвөөнөө л дараа дараагийн үеийнхнийг хүлээн бидний үлдээсэн чулуун тоглоом, гэрийнхээ буйрандаа хэвээрээ. Унаган багын анд Авирмэд маань чухам хаана яваа бол.
Түүнтэйгээ нэг уулзвал Орхимжин чулууныхаа дэргэд суугаад он цагийн салхинд туугдан одсон бага насаа дурсан элгээ хөштөл инээлдэх сэн.
Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ
URL: