Шуудгаа хумхин дараад
Өвөрхангайн Цоодол арслангийн тухай үүвэр түүвэр тэмдэглэлээ баяжуулан ном болгооч гэсэн дүү насны хоньчны хэлсэн нэгийг бодогдуулав.
… Цэрэгт тэнцсэн 20 насандаа улсад барилдуулсангүй хэмээн ярдаглаж эцгийн ширж оёсон зодог шуудгаа ваадантай чигээр майхны хаяа руу шидчихлээ. Нэг дорын сайн нөхөр нь авч хадгалсаар хожим буцаажээ. Жолооны дамжаа дүүргээд Завхан аймагт хуваарилагдав.
Цэрэгт ирэхийн өмнө авсан аймгийн начин цолоо өгсүүлж амжилгүй гурван жилийг орхив. Цагаан-Оломын дарга цэрэг Цоодолыг Говь-Алтайн /1943 он/ наадамд барилдуулах чөлөө авч дагуулсаар хот айлд буув. Гэрийн эзэн бөх байрын хүүд дээл бүс бэлэглэсэн багадасхийн таарав.
Тэгтэл морины хурдаар давхиж ирсэн зарлага амьсгал давхцуулан морин дээрээсээ “Хүүе, танайхны хотод барилдахаар бүртгүүлсэн цэрэг Цоодол байна уу? Бөхийн жагсаал эхлэх гээд хүлээгээд байна. Түргэн мордоорой ” гэж хашгирав.
Бөхийн жагсаалд оролцоод зодгоо тайлах үед халз ард суусан ахмадууд эр эмгүй “Ямар сайхан хүүв. Аль нутгийнх гэлээ. Аав ээж нь ийм хүүгээ яасан их санадаг бол оо” гэлцэн зарим нь нуруу сүвээ илэхэд нулимс аяндаа бүрхэнэ.
Наадмын гурав дахь өдрийн үд хэвийлгээд а.арс Совд цэргийн залуу бөх Цоодол хоёул үзүүр булаалдахаар тал талын засуулаа ханаруулан гарч ирлээ. Барилдааныг гярхай ажигласан хашир арслан бариа зөрөөнд хуурчих байх аа гэлцэх наадамч ганц нэгний яриа намжаагүй байхад залуу бөх гуд татчихаад дэвэв.
Түрүү үзүүрийн бөхийн идээнд ам хүрэхээр шавсан хүмүүсийн хөл татарч, их нас ирэх яагаа ч үгүй гэлцэн холхилдов. Тэгтэл шигшээнд барилдах бөхчүүд одоохон бүртгүүлээрэй гэж цагаан хоолойгоор цангинатал зарлав. Би цэргийн хүүгээс даагаа нэхье. Сая мэхээ дутуудуулчихлаа.
Цоодолыг барилдуулаач гэж Совд арслан онооныхноос хүссэн байжээ. Шигшээгийн дөрвөн бөх их нас баригдсаны ард барилдах болов. Амтай бүгд арслан одоо цэргийн хүүг хаялгүй яахав гэлцэнэ. Ахиад үлдсэн арслан үнэн хичээгээд барсангүй.
Совд наадмаас буцах замдаа захын айлд буун хултай айраг залгилах зуураа “Би тун тусгүй зан гаргалаа. Цэрэг Цоодолыг хаях бяр, мэх надад заяасангүй. Том цолонд хүрэх азыг нь хариулчихлаа. Их наадмын түрүү бөх шигшээд барилддаггүй эртний уламжлалтай” гэж харуусан өгүүлж суув.
Наадмын оройны цайллаганд нас гүйцсэн эр хонины махтай хүзүү тас мушгисан Цоодолд “Хойтон зун улсад барилдаарай. Бид сонсож, Үнэн сониноос уншина” хэмээн дор бүртээ захина. 1990 онд МҮБХ цоо шинээр байгуулагдаж амьд сэрүүн ахмад бөхчүүдийнхээ амнаас амжилтыг биечлэн сонсож баталгаажуулжээ.
Цоодол арслан: Ээ, хүүхдүүд минь! Өөрсдөө сайн нягтлаарай. Би тоймтойгоо хэлэхэд 2 үзүүрлэж, 6 удаа их шөвөгт үлдсэн санагдана. Батсуурь аваргаа давж үлдсэн бол баараггүй.
Нас ахиад зарим багашаар барилдааныхыг улсынхтай андуурсан байж болзошгүй… гэж ахин дахин захисныг дэд тэргүүн, доктор Д.Данзан хуучилдаг юм. Хоёр мянган оны үед санагдана. Р.Жамсрангийн өрөөнд, бөх эхлэхийн өмнө шатар тоглоод хожигдлоо. Хожигч а.н Бор байсан байх.
Мягмар тэргээ солилгүй буруу нүүгээд хожигдлоо. Бардам тэнцээ байхгүй юу гэж засуул Цогзолыг хошуу нэмэхэд Цоодол арслан: Мягмар гэв үү? Миний тухай сайнаар бичдэг хүү энэ байх нээ гэж хожигдож, хор хөдөлсөн намайг ахин бас яггүй ичээв.
Жар шахсан өвгөнийг ная шахсан бөх арслан хүү гэж хэлэхэд буруудах юу сан, одоо бодоход. Арслан алиа хошин яриатай. Бусдыг байнга хөгжөөнө. Би нэг наадмын дараа Туул голоос том загас барьтал уртын дуу хангинаад жигтэйхэн. Гэдсийг яраад хартал жижиг хүлээн авагч залгисан загас таарсан байсан шүү гэх.
1955 оны наадамд 256 бөх сугалаагаар барилдаж, цол гуншин дуудах юм байхгүй. Циркийн Дамдин начинтай гар зөрж үзээгүй. Огцомхон сайрч, онцгой тасарч буй залуу гэлцэнэ. Хавар Түвдэн аварга суйлдгаараа хөнтөрч хөлийг сүвээндээ авчраад тонгоруулж унасныг өөрөөс нь сонсоод дотроо бэргээд байгаа.
Аварга маань хүний хөлийг өвдөгцөөгөё авчраад түлхэхэд бидиий хэн нь ч тэсч үлдэх ховор үе. Эхний өдөр 2-ын давааны нэгдэх гараа гараад завсарласан юм даг уу. Биднийг гурвын даваа эхлэхийн өмнө иртэл Дамдин хаяж яваад уначихлаа гэлцэх дуулдав.
Дамдин аваргын хууч: Би 2-ын даваанд Булганы Бадамцэрэн гэж бор байлдагчийг өргөх гэснээ больж, өмсөж гоё хаях гээд ардаа гарган өвдтөл шидүүлдэг байгаа. Залуу насны ойворгон зан гэх үү дээ гэдэгсэн. … Уг нь хоёр давсан бөхчүүдийг талбайд цуглуулан айргаар дайлдаг байлаа.
Өмнөх жил 1954 онд залуу бөхчүүд зар тараан гүйж байсан юм. Хоёр давсан бөхчүүд сугалаа сугалж, ижил тоотой нь хоорондоо барилдахыг анхааруулав. Түвдэн маань эртхэн таарчихвал зан зангаа мэдэх амар юм биш үү гээд Чимэд-Очир Батсуурь Дэрэнбор биднийг хэсүүлэн харах. Дамдинг хаясан Бадамцэрэнтэй 5-д таардаг юм.
Чимэд-Очир аварга: За Цоодол чи Дэрэнбор бидний араас дэнхийгээд ирэх нээ дээ. Дамдинг давсан цэрэг амаргүй… гэж анхааруулан захив аа. Гайгүй нэг юм хаячихлаа. Зургаад гурван жил дараалан түрүүлсэн Түвдэнтэйгээ учирлаа. Залуу бөх, начны болзол хангасан Баасангийн аман хүзүүнд гарахдаа мэхээ урьтаж хийнэ.
Суйлах барьцанд өртөхгүй гэж боддог юм. Аваргаа даваад цолгүй зургаан залуугийн гуравтай үлдлээ. Цоодол аварга болжээ гэх яриа чихний холуур өнгөрсөнгүй. Гурван залуугийн хоёрыг давж түрүүлбэл чанаргүй аварга төрлөө гэж үзэгчид чамлах байх даа гэсэн бодол тархинд эргэлдэнэ.
Залуу бөх Оргодолыг тонгордог ухаантай солгой талдаа алдаад юун түрүүлэх. Болоогүй юманд бодлогширч, сэтгэл ханах уу. Бөх хүний цээрлэх зүйл. Батсуурь аваргыг хаясан залуу гэж бодох хэрнээ хөлдөө алдчихдаг юм. Аваргууд маань: Од гүйсэн бөх хэцүү л дээ… гэснээс өөрийг хэлсэнгүй.
Уг нь тэд хатуу хүтүү үгээр хамаа намаагүй тохуурхахдаг улс л даа. Хойтон нь залуу начин Дамдин Мижиддорж 2-той Дэрэнбор бид үлдлээ. Миний хувьд Мижиддоржтой үзвэл ч үзчихмээр. Мижээ Дэрэнбороор авахуулах санаатай. Хоёр хөгшин хоорондоо гэхээс бид 2-ын хэн нэгэнтэй үзвэл хэмхэрч мэднэ шүү гэж хорыг хустал Дэрэнбор: Нээрээ тийм. Яасан үнэн үгтэй залуув гээд намайг амладаг юм.
Банди арслангийн хоёр шавь бие биенээ авчихав уу гэсэн шуугиан. Өмнө ганц нэг, арай илүү хаясан болохоор давна гэж бодсон ч бас л байдаггүй. 1963 он санагдана. Дөрөв давчихаад зэрэгцэн суусан Дэрэнбороо ямар санаатайг мэдэх зорилгоор хоёр хөгшний нэг шөвгөрөх бололцоо байна шүү гэтэл аан гээд том харж байна.
Ээ тэр дэмий, хоёулаа ирээдүйтэй залуусаас амлая. Хэн хэн гэхээр нь Баянмөнх Дагвасүрэн нар үеийнхнээс ялгарч харагдах юм, болох уу гэвэл яг зөв гэж дэмжээд алгаа хавсардаг байгаа. Сэтгэлд нь нийцсэний шинж. Хэн нь хэнийг гэдгээ тохирсонгүй. Тэртээ тэргүй үлдсэнийг би амлах юм чинь. Баянмөнх надаас ихэд цэнэсэн.
Би ч бас, эв таарвал хаяж барахгүй ч хоёр сайн цочооно гэсэн бодолтой. Хөлс урсган хөлөө туйвартал үзээд хөдөлгөсөнгүй. Дэрэнбор /Самданжигмэд/ маань өвгөжөөр чи бид байтугай өнөөгийн сайчуул бэргэх болсон залуусаа. Хэн хэн нь бидний цолыг хэзээ мөдгүй хүртэх дамжиггүй… гээд тухлан суух тун ч олзуурхсаных. Баянмөнх арваад хоногийн ард МБАТ-ний анхдугаар спартакиадын үндэсний бөхөд Сосорбарамд унаж начин цолоо ахиулахад нь хөгжөөн дэмжиж суусан даа.
Спарткиадаар начин болсон Дашдаваа тэр хоёр Хэнтий аймгийн 40 жилийн ойд банз ачсан тэргэн дээр сууж очоод Баянмөнх нь үзүүрлээд ирснийг дуулсан байсан юм. Бодвол наадмын 6-д унасан Эрдэнэ-Очир заанаас даагаа нэхэхээр зориглоод бараагүй хэрэг.
Барамсай заан Эрдэнэ-Очирт чи одоо Баянмөнхийг ав гэхэд Эрдэнэ-Очир: Яаж болдог юм бэ. хэд хоногийн өмнө би хаясан. Ер нь цаадах чинь бид хоёрын цолыг мөдхөн авах хүү… гээд зөвшөөрөөгүй юм билээ. Эрдэнэ-Очирын ухаан лут лут. Эцгийн сургаалыг ихэд өвлөсөн залуу. Одоо бид адилхан өвгөчүүл болчихоо шив. Уг нь аавыг дагуулахгүй бяртай хүү л дээ.
-Начин болохын зовлон амсаагүй болохоор тэр тухай мэдэхгүй гэж алдарт аварга хэлсэн байдаг. Та ч бас адил уу? /2002 он/
-Говь-Алтай Завханыхан намайг ихэд зоригжуулсан. Би Завханд 3 жил начны даваанаас хэтэрч барилдаагүй. Ингэхэд хүү чи аль аймаг гэлээ. Таны хэлдэг 2 аймгийн аль нь ч болно. Хуучин Засагтханыхан. У.з уран мэхт У.Пүрэв бид нэг дорынх… Өө тийм үү. Пүрэв надаас хожуу үеийн бөх. Сайн зааны нэг. Начны даваа даваад /Архангайн Баасанжавыг хаясан/ байтал, ноднингийн түрүү бөх аат Лувсанжамц амласныг дуулаад айх биш сэтгэл тайвширдаг юм. Юутай ч сайн бөхөд унах нь гэж бодсоных.
-Шуудгийг тас татсан гэдэг байх аа?
-Арслангийн шуудаг нарийхан. Тэр бүр хүний гар хүргэдэггүй. Сэрвүү барьцнаас мэхээ хийдэг онцлогтой байсан юм билээ. Гарсан зоригоороо шуудхан барьцанд хүрч хүчлэн татаад хаячихсан. Тахимаа авахаар эргэтэл засуулынхаа араар ороод нэг л биш ээ. Унаагүй гэж маргах гэж байгаа юм болов уу гэж бодоод дургүй хүрэх шиг.
Нэг хаясан юм. Ахиад гэж бодоод тулаад зогстол засуул нь сүйд болсон. Шуудаг тас үсэрсэн гэдэг юм. Арслан зүүн гараараа шуудгаа хумин базаж ичимхийгээ дараад баруунаа өргөн тахим буулгахдаа: Миний дүү зоригтой сайн барилдаарай гэдэг юм. Булхайцах нь гэсэн буруу бодлоосоо ичсэн би бушуухан эргээд гүйсэн дээ. Бушуу туулай борвиндоо,,, гэсэн үг бий. Аливаад ам түргэдэх үү. Цээрлэх зүйлийн нэг.
-Танд дээд, доод үеийнхнээс хаяагүй бөх бий юу?
-/Бодосхийв/. Жирийн барилдаанд аваа өгөөтэй байх. Тэгсэн хэрнээ наадамд тэд маань намайг хаядаг байснаас түрүүлж чадаагүй. Дэрэнбор бид мөн хачин шүү гэж хөөрөлдөх. Би Дэрэнборыгоо чи ч бас яах. Батсуурь аваргыг хаях биш гэж цаашлуулах. Дэрэнбор маань чи тийм сайн юм бол хоёр ахин үзүүрлэх үедээ хаяхгүй яасан юм бэ гэх.
Өгөө аваатай ноцолдож, үерхэж найзалж явсан үе тэнгийн нөхдийн олонх бурхны оронд буцчихлаа. Дэмий л тэднийгээ дурсаж суух юм даа… Цоодол гуай өөрийгөө бяраар бусдаас дутуу байсан гэх. Тиймгүйн ганц жишээ. Эвлэлийн төв хорооны даргын жолоочийн тэргэнд Батсуурь аварга түр суун саатжээ.
Жолоочийн танил аваргыг тогоор цохиул гэж дохиолоод байв. Жолооч хөдөлсөнгүй. Аваргыг буусны дараа жолооч нь нөхөртөө хандан “Чи яасан зовлон мэддэггүй хүн бэ. Ноднин Цоодолыг орж ирээд суунгуут тогоор цохиулаад орхитол жолооны хүрд мулт татаад төө тэнд чулуудчихсан.
Түүнээ эвлүүлэх гэж бүтэн үдээс хойшийн ажил удсан. Золд дарга хуралтай тулдаа амжсан. Яаруу давчуу үед бол ажлаас мултрахгүй юу. Эдэнтэй хамаагүй оролдвол эд хогшлоо эвдүүлэх юу ч биш. Эрүүл биеэ ч гэмтээлгэх энүүхэнд гэж хаширсан хүний сургаал хэлжээ.
Бөх сонирхогч, ТЗ-ын техникумын багш Гомбосүрэн: Цоодол арслан яггүй бяртай хүн. Тавин зургаан онд байх. Гуравт амлуулсан овоо бяртай залуу араас нь бариад автал ганц гараар зодогны хормойноос шүүрэнгүүт үүд хоймрын зайд хаяхыг харсан.
Одоо энэ а.з Довчинбавуурхуу махлаг залуу байсан. бараг мөн байх гэж боддог. Прагийн наадмын хойтон жил Чимэд-Очир аварга амлаж уначихаад “Би ийм бяргүй болчихоо юу. Цоодолын бяр цоо нэмэгдээ юү? Биенд нь хүрэхэд ургаа мод шиг санагдаад ёстой хэлэх юм биш” гэснийг Гомбосүрэн багш байнга ярих. Тэдний барилдахыг бараг дэргэдээс харснаа хуучлах.
П.Дагвасүрэн арслан Дамдин аваргатай барилцаад авахад хад тэвэрсэн мэт бодогдох. Би ч бас хэдэн аваргатай гар зөрүүлж үзсэн дээ гэх. Лувсанжамбаа аварга дүүтэй барилдахаар тулахад тэвэр дүүрэн хар модыг хайргаар чигжин суулгасан мэт санагддаг сан гэж хэлдэг байсан гэлцэх.
Цоодол арслан түрүүлэх боломжоо алдсанаа: Аавын оёсон зодгийг шидсэн хүний хийморь харьсан хэрэг биз гэх. Говь-Алтай зүгийнхэн их наадамд түрүүлчихээд шигшээд барилдсан тийм ч зохимжтой биш гэж ерээд оноос хойш ярилцах болжээ. Ийм явдал хөдөө суманд тохиосон баримт бий…
1947 оны наадамд 5-ын даваанд тунасан дөрвөн залуу бөхийн нэг Бадамсэрээжид унтаж байгаад хасагдав. Олны итгэл хүлээсэн залуу 1948, 1949 онд гавьсангүй. 1950 онд заан болно гэж даргадаа бичиг хийж өгөөд 6 даваад 7-д бас байдаггүй.
Энэ даваанд Чимэд-Очир аварга з.б Лувсанг /у.з/ у.арс Чүлтэмсүрэн у.н Архангайн Лхагвыг у.арс Цэвээнравдан /ав/ у.арс Самданжигмэдийг амлаж у.з Цоодол з.б Бадамсэрээжидтэй тунасан байв. Цоодол заан засуулынхаа хормойг дэвсүүлж, ээх наранд нозоорч, эвшээлгэх шахан хүлээлээ.
Засуул, онооныхны уурыг барсан залуу бөхийг дайран барингуут сээрэн дунгуй мэхийг гэнэсрэггүй хийлгэсэн заан булхайцаж болохоор газардав. Энд тэндээс ганц нэгэн хайн, залуу бөх давсан, засуулууд юугаа харж байдаг юм бэ гэж хашгиралдана.
Бадамсэрээжид арай л яарчихлаа гэж бодон ташаа тулан зогстол Цоодол заан “Би унасан, унасан. Сайн барилдаарай” гээд тахим буулгав. Цоодол арслан ийм л шударга, хүнлэг чанартай, бусдад тусархаг, алиа хошин яриа дэлгэж суудаг байлаа. Ерээд оны дундуур дархан аварга Х.Баянмөнх Цоодол гуайд эр хүний иж бүрэн хувцас бэлэглэхэд өвгөн арслан ихэд бэлгэшээж байсан.
Өрөөлийн тусыг санасаар өнгөрсөн явдлаа сэргээн дурсах нь ухаан тавиун хүний бодол. Өчнөөн жилийн өмнөхийг бүү хэл өчигдрийн үйлээ мартах хүн бишгүй нэг байдаг даа. Цоорч тодрон заанд хүрсэн, цолондоо эзэн Цоодол арслангаа эргэн дурсахад ийм буюу.
Ш.Мягмар
Эх сурвалж: “Бөх” сонин
URL: