Газрын үнээс шалтгаалан орон сууцны үнэ хямдрах боломжтой

50f757d04d8f7019b5812c00b3be79a2_LБарилгын төсөвт өртөг өссөнтэй холбоотой орон сууцны үнэ өсч байна хэмээн өнөөдөр салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Д.Гантулга ярихдаа, “Барилгын үнэ өсч байгаа гол шалтгаан нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай цахилгаан сантехник,  дохиолол холбооны материалаас эхлээд барилгын  материалыг манай улс гаднаас авч байна. Тиймээс  барилгын үнэ биднээс биш, гадны зах зээлээс шууд хамааралтай болж буй хэрэг юм. Мөн  2005 онд мөрдөж байсан Барилга замын ажилчдын тарифт цалинг 2007 онд  1.9, 2009 онд  хоёр дахин хувиар өсгөсөн.  Тухайн үеийн улс орны эдийн засгийн байдал, барилгын өртгийн өсөлтийг тэнцвэржүүлэх зорилгоор цалингаас тооцдог бусад шууд болон нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлын зардлыг 0.26 гэсэн итгэлцүүрээр бууруулсан. Түүнчлэн барилга барихад хэрэгтэй машин механизмын цагийн хөлс нэмэгдсэн, бензин түлшний  үнэ, хөдөлмөр хамгааллын зардал өссөн зэрэг шалтгаанаас болж орон сууцны үнэ өслөө” хэмээв.

Барилгын үнэ өсч байгаа гол шалтгааныг барилгын төсөвт өртөг өссөнтэй холбон тайлбарлаж байсан юм. Энэ тухай Төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж ийнхүү ярилаа. “Барилгын төсөвт өртөг нь барилга байгууламжийн зураг төслийн дагуу барьж,  дуусгахад шаардах хөрөнгө оруулалтын дүн юм. Барилга угсралтын ажил гүйцэтгэх ажилчдын цалин, машин механизм, тээврийн зардал, даатгал, НӨАТ төсөвт өртөгт багтдаг. 2006 онд Засгийн газраас орон сууцны нэг ам метрийн  үнийг тогтоосон. Үүнийг тухайн жилийнхээ индексээр үржүүлж бодит үнийг мэдэх боломжтой. Одоогийн байдлаар барилгын төсвийн зардлыг танах боломжгүй. Газрын үнэ болон инженерийн шугамыг тавих зайнаас шалтгаалан орон сууцны үнэ хямдрах боломжтой” гэлээ.

Ж.Жавзмаа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих