МАН-ын 27-р их хурал дээр Н. Багабандийн хэлсэн үг

МАН-ын 27-р их хурал дээр Н. Багабандийн хэлсэн үг
2013-10-27 Улаанбаатар хот
Эрхэм журмын нөхөд өө.
 Эхэлсэн бүхэн төгсөж, ургасан бүхэн хагдардаг нь орчлонгийн жам.
Нарт хорвоод өнө мөнхийн хутаг олсон зүйл нэгээхэн ч үгүй. Ард түмний итгэж хүртээсэн эрх мэдэл мөнхийн хишиг биш байсан гэдгийг манай намд гүн гүнзгий ойлгууллаа. Эрх мэдлээ ардчилсан замаар шилжүүлж, цөөнхийн тавиланг эдэлж, зовлонг үүрч буй цаг үед манай намын 27 дахь их хурал өтгөн бүрэлдэхүүнтэй чуулж байна. Олны ухаан оломгүй далай. Олноороо хэлэлцэн оновчтой шийдвэр гаргаасай гэсэн мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэл найдварын галыг өрдөн бадрааж, сайн санасан түмэн олныхоо магнайг тэнийлгэн баярлуулах үүрэгтэй цугласан бид.
Ардын нам ер гаруй жил асар хүнд хүчрийг туулж, аймшигтай сорилт  бэрхшээлийг ялан дийлж, тэсч үлдэн, баатарлаг түүхийг бүтээсэн юм. Та бидний амьдарч байгаа өнөө цаг үед тэсч үлдэн, ургаж төлжин, хөгжин дэвших шинэ сорилттой яалт ч үгүй тулгарч байгааг үнэн бодит байдлаар нь ухаарч ойлгох ёстой.
Улс төрийн намыг доройтол мөхөл рүү түлхэх дотоод, гадаад хоёр аюул бий. Төмрөөс зэв үүсэн эргээд төмрөө иддэгийн адил намын биен дээр ашиг хонжоо хайгчид, шударга бус үйлдэлтний хорт хавдар ургаж, хөлөө гэдсэндээ жийлцэн өвөр дотроо тэмцэлдвэл сульдаан доройтуулна.
Хамгийн аюултай дотоод дайсан нь энэ. Эрхбиш үүнийг ойлгон ухаарч, биеэ засах зөв үйлдлийг хийж чадна гэж найдаж байна. Намыг гадна талаас нь хууль, эрх мэдлийн хүчээр доройтуулах аюул шөвгийг шуудайд нууж болдоггүйн адил ив ил бодьтой заналхийлж байна. Угтах ирээдүйгээ сайнаар бодох хэрэгтэй.
Аливаа улс төрийн хүчин дотооддоо өөрийгөө цэвэрлэн ариусгах, шинэчлэгдэн хөгжих, гаднаас ирэх аюулыг сөрж өөрийгөө хамгаалах чадвартай байж оршин тогтноно. Үүнийг улс төрийн эр зоригтой удирдлагын хүчтэй баг, намын хамт олныхоо дэмжлэгтэйгээр хийж чадна. Тийм баг зөвхөн тодорхой үзэл санаа, үзэл баримтлал тойрч буй болж бүрдэнэ. Мөнгө, хувийн харьцаа энэ бүгд хавсрага төдий зүйл юм.
Тов тодорхой үзэл санаа тойрч бүрэлдсэн, үнэт зүйлээ дээдлэн, үндсэн зарчмаа  хэлбэртэлгүй  хэрэгжүүлэх, хариуцлага үүрэх чадвартай, ёс суратахуунлаг  удирдлагын хүчтэй багийг намын 27 дахь их хурал бүрдүүлж, нэгтгэн зангидах үзэл баримтлал, хэм хэмжээг зохицуулах намын дүрмийг хамтын оюун ухаанаар нухацтай хэлэлцэж, шинэчлэн шийдвэрлэж чадна гэсэн итгэлтэй байна.
Улс төрийн цөөнх болсон эдүгээ үед тос, ус лугаа адил өөр хоорондоо, нэг нэгэнтэйгээ түлхэлдэн хэмлэлдэж байх цаг үе биш.Сүү , ус адил бие биетэйгээ зохицон  сүлэлдэж , эв нэгдэлтэй байж , тэсч үлдэн, оршин тогтноно гэдгээ маш сайн  ухаарцгаая. Аливаа үйлд цэгцтэй бодлого, зохистой зохион байгуулалттай хандая.Зохион байгуулалтгүйгээр эрээвэр хураавар хүмүүс чиглэсэн  зорилготой үйлдлийн  эсрэг  удаан  тэсч чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Ардын намд итгэх ард түмний итгэлийг сэргээхийн төлөө  эрч хүчтэй, эр зоригтой , бодлого чиглэлтэй, зохион байгуулалттай ажиллах түүхэн мөч иржээ. Цаглашгүй ертөнцөд бүх юм өөрчлөгдөн хувирах нь үнэн. Цөөнх байх нь үүрдийн тавилан биш. Цаг нь ирэхээр өөрчлөгдөн хувирах нь зүй ёсны хэрэг.
Гагцхүү цагийг наашлуулж , нөхцөл бүрэлдэх боломжийг  хангаж  өгөхөд нэг бодол, нэгдмэл хүчтэйгээр, дайчин  шаргуу, дор бүрнээ хичээн зүтгэж ажиллах ёстой.Энэ цаг үед манай намд эрх мэдлийн дараалалд  дугаарлан зогсох гэсэн далд бодолтой хүмүүс биш, намынхаа төлөө, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэе гэсэн бодол итгэлтэй хүмүүс ус агаар мэт хэрэгтэй байна.
Манай нам ард түмнийхээ  төлөө ассан гэрэл болох үүрэгтэй . Ардын намын янагш бодлого улс үндэстэн , ард түмнийхээ сайг сайхны  төлөө, хөгжил дэвшлийн төлөө байсан, чанагш  тийм байх нь тодорхой. Монгол хүн бүрийг  айх аюулгүй санаа амар, түгших зүйлгүй сэтгэл тайван, сайхан амьдруулахын төлөө манай нам эрч хүчтэй ажиллаж, эрэмгий дайчин тэмцэж, эрчлэн урагшилж зүтгэх ёстой .
Үүрд намын хөгжлийн бодлогын амин сүнс оршино.Үр хүүхэд , ач гуч, хойч үедээ ядуурал, зовлон зүдгүүрийг өвлүүлж яасан ч болохгүй . Цэгц шулуун  бөгөөд зөв зам мөрийг хөөж , зөв үйл хийж, ам үгэндээ эзэн болж хөдөлвөл Ардын намд итгэх ард түмний итгэл хатуу хөрсийг нэвтлэн, цасан дороос цухуйх яргуй адил цэцэглэх нь тодорхой.
Манай нам цөөнх болсон үедээ хоёр дахь их хурлаа хийж байна. 1997 онд чуулсан 22 дугаар их хурал намын дээр тунаран хуралдсан хар бараан үүлийг хөөж, цэлмэг огторгуйд нар мандах адил сэргээж өгсөн билээ. Надад тэр он жилийн дурсамж хахир хатуу өвлийн дараа айлчлан ирсэн урин хавар мэт үгүйлэгдэн бодогддог юм. Энэ удаад ч манай намын 27 дугаар их хурал хатуу өвлийн дараа урин хавар айлчлан ирэх сайн цагийн өнгийг тодорхойлох оновчтой шийдвэр гаргаж, сэргээн мандлын үүдийг нээж өгөөсэй гэж хүсч байна.
          Ухаалаг хуралдаж, зөв шийдвэр гаргацгаая.

URL:

Сэтгэгдэл бичих