Монголын банкуудад “Жи пи морган” сургамж боллоо
Манай улс анх удаа моргэйжийн хөтөлбөр хэрэгжүүлж, найман хувийн хүүтэй орон сууцны зээл гаргаж байгаа. Энэхүү зээлийн анхдагч зах зээлийг нээж, иргэдэд зээл олгосон нь энэ юм. Одоо моргэйжээр барьцаалсан үнэт цаасны буюу хоёр дахь зах зээлийг нээх алхам үлдээд байгаа. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас иргэдэд олгосон орон сууцны зээлийг барьцаалсан үнэт цаасыг Монголын ипотекийн корпораци цааш нь бусад хөрөнгө оруулагчдад арилжсанаар дахин энэхүү зээлийг санхүүжүүлэх боломж бий болох юм. Ингэснээр арилжааны банкууд ч зээлийн ачаанаасаа салж дахиад олон хүнд зээл олгох боломж нь бүрддэг.
Манай улсад дөнгөж эхэлж буй энэ зах зээлд гадаадаас суралцах, сургамж авах зүйл бишгүй байна. Тухайлбал, АНУ энэхүү моргэйжийн зээлээр тэргүүлэгч боловч сүүлийн үед ихээхэн хямрал үүсээд байгаагийн гол ноцтой алдаа нь арилжааны банкууд үүдээ хаахад хүргэж байгаа.
Эдгээрийн нэг хэсэг болсон АНУ-ын тэргүүлэгч банкуудын нэг “Жи пи морган” сүүлийн хэдэн сар хуулийн маргаантай асуудалд орооцолдсоор байсан юм. Тэгвэл АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус банкинд хийсэн шалтгалтаар моргэйжийн үнэт цаасны хэрэг мандаж, түүхэнд анх удаа хамгийн дээд хэмжээний нөхөн төлбөр болох 13 тэрбум ам.долларын өрөнд унах болоод байна.
Угтаа тус банкны худалдасан үнэт цаасаар моргэйжийн зээлийн олон тэрбумын өрийг худалдаалсан юм. Банкууд моргэйжийн өрийг дахин санхүүжүүлээд Моргэйж барьцаалсан үнэт цаас болгон өөрчилж хөрөнгө оруулагчдад худалддаг.
Энэ мэдээ гарснаас хойш долоо хоногийн дараа “Жи пи морган” Холбооны орон сууцны санхүүгийн агентлагтай зөвшилцөн “Фэнни мэй”, “Фрэдди Мак” зэрэг банкинд худалдсан моргэйжээр барьцаалсан үнэт цаасны хохирлын төлбөрт 5.1 тэрбум ам.доллар төлөхөөр болоод байгаа юм. Хэд хэдэн нөхөн төлбөрийг тус банкаар төлүүлэхээр яригдаж буй бөгөөд энэ талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас удахгүй зарлана хэмээн хэвлэлүүд нь бичиж байна. 2005-2007 онд “Фэнни Мэй”, “Фрэдди Мак” зэрэг банк нь “Жи пи морган”, “Бэйр Стэрнс” болон “Вашингтон Мушуөл” банкуудаас ойролцоогоор 33.8 тэрбум ам.долларын үнэ бүхий үнэт цаас худалдан авсан байна. Холбооны орон сууцны санхүүгийн агентлагтай байгуулсан гэрээний хүрээнд тус банк нь “Фэнни мэй”, “Фрэдди мак” зэрэг банкинд дөрвөн тэрбум ам.долларыг АНУ-ын үнэт цаасны хуулийг хэрэгжүүлэхийн тулд төлөхөөр болоод байна. “Фэнни мэй” болон “Фрэдди мак” нь АНУ-ын моргэйжийн хамгийн том зээлдэгчид билээ. Тэд хямралаас аврагдахын тулд АНУ-ын татвар төлөгчдөөс 187 тэрбум ам.долларын тусламж авсан юм. Тэд үүнийхээ 146 тэрбумыг нь эргүүлэн төлөөд байна.
Хол сонсогдож байгаа АНУ-ын энэ хямрал дөнгөж үүцээ дэлгэж байгаа Монгол Улсын орон сууцны зээлийн хоёр дахь зах зээлд сургамж, бас хяналт, удирдлага өндөр төвшинд байх ёстойг харуулж байна. Үгүй бол зээл олгосон хэдэн банк “Фэнни Мэй”, “Фрэдди Мак”-ийн алдааг давтахгүй гэх газаргүй билээ.
Н.Ингүүн
http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11763#sthash.3Vx7HVJ7.dpuf
URL: