АНУ-ын ноёрхол юун дээр тогтдог вэ?
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийнхан (NSA) бусад улс орны лидерүүдийг тагнаж, чагнасан гэх шуугиан эрчээ авсаар байна. Хамгийн сүүлд ил болсон мэдээллээр, АНУ-ын өндөр албаны түшмэд гадаад зиндаа нэгтнүүдийнхээ гар утасны дугаарыг NSA-д өгч байжээ.
Зөвхөн нэг америк түшмэл гэхэд л NSA-д 200 хүний гар утасны дугаар шилжүүлж өгсний дотор дэлхийн 35 лидерийн утас байсан хэмээн “Guardian”-д нийтлэгдсэн NSA-ийн дотоод нууц баримт материалаас харагдаж байна. Германы канцлер Ангела Меркелийн утсыг олон жилийн өмнөөс чагнаж байсан нь ил болж, Берлин хилэгнэхэд Цагаан ордны төлөөлөгч Жей Карни тайлбар өгөхөөс татгалзаад өнгөрчээ. Саяхан л Хятад улсыг интернэтийн мэдээллийг хянадаг, тагнадаг хэмээн буруутгаж байсан Вашингтоны засаг захиргааны хоёр нүүр, NSA-ийн бусармаг үйл ажиллагаанд дэлхий нийт зэвүүцэж байна. “АНУ терроризмийн эсрэг тэмцэхийн тулд үүнийг хийсэн” гэж хэлье гээд ч хэлж чадахгүй байдалд оржээ. “АНУ үргэлж үндэсний ашиг сонирхлоо бүхний түрүүнд тавьж ирсэн. Олон улсын эрх, хэм хэмжээ дараа нь яригддаг. Тэдэнд ёс зүй гэж байхгүй” хэмээн АНУ, Канадын судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев ярилаа. Өнөөгийн техник, технологийн дэвшлийн ачаар АНУ-ын тусгай албад банкны ямар ч данс, хувийн цахим шуудан, харилцаа, утасны яриа, нийгмийн сүлжээн дэх харилцан ярианд түвэггүй нэвтрэх болжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) үүнийг улс төрийн болон эдийн засгийн ашгийн төлөө хийж суудаг бололтой. Тус агентлаг зөвхөн улсын төлөө бус, мөн хувийн, компанийн захиалгаар үйлдвэрлэл, бизнесийн тагнуул хийдэг хэмээн гадаадын хэвлэлүүдэд бичжээ. Францын парламентын Хуулийн хорооны дарга Жан-Жак Урво “Le Monde” сонинд ярихдаа “NSA-ийн жилийн төсөв 75 тэрбум доллар. Тэнд 110 мянган хүн ажилладаг. Шууд бусаар хамтран ажилладаг хүний тоо бүр их” хэмээн онцолсон байна.
Америкийн Тагнуулын төв газрын экс ажилтан Эдвард Сноудений задруулсан нууц материалаас ямар дүгнэлт хийж болох вэ. АНУ-ын харгис бодлого Америкийн иргэншсэн нийгмийн байдлыг эргэлзээнд оруулж байна. АНУ холбоотнуудынхаа итгэлийг ихээхэн алдлаа. Европын холбоо терроризмийн санхүүжилтийн арга хэлбэрийг мөрдөх талаар АНУ-тай хийсэн тохиролцоогоо цуцалж магадгүй болов. Мөн зорчигчдын талаарх мэдээллийг солилцохоос татгалзаж, чөлөөт худалдааны хоёр талын гэрээг зогсоохыг Евро парламентын депутатууд шаардах боллоо.
Тэгээд юу болох вэ, дэлхий нийт АНУ-ыг зэмлэж, ганцаардуулахыг оролдох уу. Энэ талаар ОХУ-ын холбооны аюулгүйн албаны чөлөөнд гарсан хошууч генерал Евгений Лобачев ийм бодолтой байна. “Европууд нэг хэсэг сүржигнэж байгаад тайвширна гэж бодож байна. Тэдэнд АНУ-ын өөдөөс сөргүүлэн тавих юм байхгүй. Ямар нэг юмаар наймаалцаад дуусна. Мөнгө, эдийн засгийн харилцаанд хууртаад өнгөрнө” гэв.
Дээрх шуугиан, маргаан холбоотнуудын харилцаанд нөлөөлөхгүй хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Харин мэдээлэл зүйн салбарт олон улсын шинэ эрх зүй гарч ирэх нь тодорхой болжээ. АНУ интернэт дахь ноёрхлоо алдахгүйн тулд ийм бичиг баримт боловсруулахыг эсэргүүцсээр иржээ. Гэвч ингэж “том баригдсан”-ы дараа интернэт, мэдээлэл зүйн салбарт шинэ эрх зүй боловсруулахад буулт хийхээс өөр аргагүй болж байгаа аж.
Дэлхий нийт АНУ-ын тагналтын эсрэг арга хэмжээ авч эхлээд байна. Онлайн хайлт, интернэт худалдааны 80 хувь нь америкуудын хяналтад байдаг Бразилд энэ тухай хамгийн их ярих болов. Тэд үндэсний хэрэглэгчдийн мэдээллийг дотоодын сервер рүү шилжүүлэх, Европ руу далай доогуур өөрийн кабелийг татах, өөрсдийн хиймэл дагуулыг харилцаа холбоондоо ашиглах бодолтой байна. Мөн өөрсдийн төлбөрийн систем, програм хангамж, цахим шууданг бий болгож,NSA-тай хамтран ажилладаг хэмээн дурдагдсан Facebook, Google зэрэг Америкийн нийгмийн сүлжээг хэрэглэхээс татгалзах ёстой хэмээн үзэж байна.
АНУ-ын интернэт дахь ноёрхол Олон улсын цахим харилцаа холбооны байгууллагын дүрмээр “дархлагдсан” байдаг. Тус холбооны дүрмээр олон улсын интернэтийг зохицуулах бүрэн эрхийг Калифорнид төвтэй ICAAN (Internet Corporation for Assigned Names and Numbers) компанид өгсөн байдаг ажээ. Үнэндээ энэ нь ямар ч компани биш, интернэт үйлчилгээн дэх хяналтыг АНУ-ын Засгийн газарт гэрээгээр шилжүүлж өгсөн нэг агентлаг юм. Олон улсын цахим харилцаа холбооны байгууллагын 192 гишүүний талаас илүү саналаар энэ ноёрхлыг цуцлах боломжтой ч АНУ энэ оролдлогыг амжилттай сөрөн зогссоор иржээ.
Н.МӨНХЖИН
http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11768#sthash.jw9I1b7p.dpuf
URL: