С.В.Паушок: Би монголчуудад туслахад хэзээд бэлэн

10-28-4ttЯрилцах цаг” булангаараа нэгэн сонирхолтой эрхмийн яриаг хүргэе. Энэ бол “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулсан ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушок. Ноён С.В.Паушок ETV телевизийн “Чөлөөт сэдэв” нэвтрүүлэгт оролцож, хөтлөгч С.Жимсээтэй онлайнаар ярилцсан юм. Тэд Монголд бизнес эрхлэхэд ямар хүндрэл учирсан, эрх баригчдаас хэн ямар дарамт үзүүлдэг байсан тухай ний нуугүй ярилцжээ. С.В.Паушокийн ярилцлагыг албан ёсны зөвшөөрөлтэй хөрвүүлэн хүргэж байна.

-Сайн байна уу, Сергей Викторович. Танд өглөөний мэнд хүргэе?

-Баярлалаа. Танд ч гэсэн өглөөний мэнд хүргэе.

-ETV телевизийн урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцох болсонд баяртай байна. Санал бодлоо бидэнтэй хуваалцахыг зөвшөөрсөн танд баярлалаа.

-Би ч гэсэн Монголын ард түмэнтэй холбогдож байгаад баяртай байна.

-Орос болон Монгол Улс он удаан жилийн туршид нөхөрсөг харьцаатай байсаар ирсэн. Хоёр орны хувь нийтлэг зүйлс ч их байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд өмнөх үеийн найрсаг, ах дүүсийн харилцаа өөрчлөгдөж байгаа мэт санагдах боллоо. Магадгүй би буруу дүгнэсэн байж болно. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, өмнөх Засгийн газартай холбон ярьж болох юм. Тэд сонгуулийн өмнөх компанит ажлынхаа үеэр Оросын компаниуд болон Оросын Засгийн газрын Монгол  руу хандуулсан бизнесийн сонирхолыг ашигласан. Энэ үеэр ард түмэндээ олон зүйл амласан ч харамсалтай нь тэр амлалтууд нь биелээгүй. Энэ нь хоёр орны харилцаанд нөлөөлсөн. Хоёрдугаарт, манай хоёр улс түүхэн хөршүүд. “Бид хөршөө сонгодоггүй” гэдэг орос ардын цэцэн үг байдаг даа. Түүн шиг бид мөнхийн хөрш, нэг үндэстэй гэж хэлж болно. Хоёр орны хувьд нийтлэг зүйлс дэндүү олон. Олон жилийн туршид бие биедээ ахан дүүсийн ёсоор тусалж дэмжиж ирсэн ард түмэн. Тиймээс одоо тулгараад байгаа бага зэргийн асуудлыг хамтдаа ажрахгүй давж чадна гэж бодож байна.

-Та “Алтан Дорнод Монгол”-оос өөр компани удирдаж байсан уу?

-“Восток нефть газ” компанийг удирдаж байсан.

-“Алтан Дорнод Монгол” нь Монголд алт олборлодог  хамгийн том компани байсан. Таныг энэ компанийг удирдаж байх үед Монголд алт олборлодог аж ахуйн нэгж 139 байсан гэдэг. Үүнээс  “Алтан Дорнод Монгол” нийт олборлолтоороо хоёрдугаарт, ажилчдынхаа тоогоор нэгдүгээрт бичигдэж байсан. Түүнээс гадна томоохон татвар төлөгчдийн жагсаалтын гуравдугаарт жагсч байлаа. Ийм ашигтай, цар хүрээ өргөнтэй компаниа орхиод явахад юу нөлөөлсөн юм бэ. Засгийн газар, түүний бодлого уу?

-Өмнөх Засгийн газар болон “Алтан Дорнод Монгол” компани хоорондын үл ойлголцол юунаас үүдэлтэйг ярихаас өмнө асуудал  яаж эхэлснийг хэлье. Хамгийн гол нь Монголын хууль маш ойр ойрхон өөрчлөгддөг. 1999 онд “Алтан Дорнод Монгол” компанийг үйл ажиллагаагаа эхэлж байхад Монголд хууль эрх зүйн маш таатай орчин бүрэлдчихсэн байсан. Оруулсан хөрөнгөөсөө ашиг гаргах баталгаа байсан. Энэ ч утгаар би  1999 онд “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулж Монголд алт олборлохоор болсон юм. Манай компанийг алтны  салбарт орж ирж байхад  Монгол орон даяр тонн хагас л алт олборлож байсан. Бид богино хугацаанд Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг нь болж чадсан.  1999, 2000 онд бараг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг шүү.  Тухайн үед  тооцвол энэ дүн багагүй мөнгө байсан юм. Та бүгд 1999 оныг санаж байгаа байх.  Монголын эдийн засаг, банк санхүүгийн хөгжлийн эхэн үе болоод ч тэр үү хөрөнгө оруулагч маш цөөхөн. Ихэвчлэн худалдааны гүйлгээ хийгдэнэ.  Харин уул уурхайн чиглэлд их хөрөнгө шаардлагатай байсан.  Хожим олон  компани уул уурхайн салбарт орж ирсэн болохоос анх бэлэн мөнгөөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компани нь ганцхан “Алтан Дорнод” юм. Харин 2004 онд ээлжит Засгийн газар өөрчлөгдөж татвар дээр хатуу бодлого баримтлан тоглоомын дүрмээ өөрчилсөн. Хатуу дүрэм гэж нэрлэсэн учир нь  гадны хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газрын хандах хандлага, бодлого өөрчлөгдөж ирсэн гэсэн үг. Уг нь 2004 онд гэхэд эдийн засаг, уул уурхайн салбарт тодорхой хэмжээний өсөлт ахиц гарчихсан үе.  Алт олборлох компаниудын тоо ч нэмэгдсэн байсан. Гэвч тухай үеийн Засгийн газар тоглоомын дүрмээ өөрчилж, хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэ  өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдийн хууль, эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлсөн. Үүний оргил нь  68 хувийн татвар ногдуулахаар болсон үе. Өөрөөр хэлбэл, өмнөх үеийн Засгийн газрынхаа хатуу дүрмийг үргэжлүүлэх гэсэн үү 68 хувийн татвар гээчийг 2007 онд гаргаж ирсэн.

-Энэ тийм ч оновчтой хууль байгаагүй?

-Энэ хуулийг яагаад гаргах болсон талаар өөрийн саналаа хэлье. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үнийн өслөлтөөс олж байсан ихэнх орлого тухайн үеийн Засгийн газрын баг бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, “Эрдэнэт” үйлдвэрт хамааралтай байсан Мөнх-Оргил, Мөнх-Болд зэрэг хүмүүсээр тарах болсон. Ингээд Ардчилсан хүчнийхэн коммунистуудын орлогыг багасахын тулд Үнийн өсөлтийн тухай хууль баталж үүнээс гарсан зөрүүг төсөвт оруулахаар болсон. Энэ нь коммунист “лобби”-ийг бууруулах зорилгоор оролгыг нь багасгах зориулалттай байсан гэж болно. Үүнийг олонд дэлгэхгүйн тулд, бас дээрээс нь  ОХУ-ын ашиг сонирхолыг шууд хөндөхгүйн тулд  УИХ-аар энэ хуульд “алт” гэдэг үгийг нэмсэн. Үүнээс л эхлээд ямар ч судалгаа, эдийн засгийн тооцоо хийлгүй нэг унц алт 500 ам.доллараас илүү үнэтэй байвал 68 хувийн ашгийн татвар авахаар болсон. Үүнийгээ өнөөх улс төрчид нь мөнгө үндэсний санд орно, нийт ард олны хувь хишиг гэж тайлбарласан. Хамгийн харамсалтай нь, мөнгө үндэсний санд орно гэсэн  нэрийдлээр Монгол дах алт олборлолтыг  сүйрүүлсэн. Тухайн үед буюу 2007 он гэхэд 1999 онд олборлож байсан тонн хагас алттай харьцуулбал Монгол Улс жилдээ 22-23 тонн алт олборлодог болчихсон байсан. Энэ нь уг салбар ямар ахицтай урагшлаж байсныг харуулж байгаа юм.

-Тухайн үед танай компани хэчнээн ажилчинтай байсан юм бэ?

-“Алтан Дорнод Монгол” компанид нийт 1500 орчим хүн ажиллаж байсан. Үүний 700 орчим нь монгол, үлдсэн 800 нь гадны 68 үндэстнээс бүрдсэн ажилчид байсан.

-Өнөөдөр Монголд хөрөнгө оруулагчдийн ихэнхи хувийг БНХАУ болон бусад орны хөрөнгө оруулагч эзэлж байна. Тэгвэл таны бодлоор Монголд ОХУ-ын хөрөнгө оруулагчдийн тоо яагаад цөөн байна. Тэдэнд юу саад болж байна?

-Хамгийн гол нь Монголын хууль байнга өөрчлөгдөж байна. Ойр, ойрхон шүү. Дээрээс нь одоо үйлчилж  байгаа хууль, эрх зүйн орчинд бизнес эрхлэж болохоор харагдаж байгаа ч авилга, хээл хахууль газар авсан учраас их төвөгтэй. Уул уурхай эвсэл дэд бүтцэд хөрөнгө оруулъя гэхээр үндсэн хөрөнгө оруулалтаасаа илүү хэн нэгний хувийн бизнесийн ашиг сонирхолтой тулгардаг. Энэ их төвөгтэй. Тэгээд л нөгөө “Өөрийнхөө мөнгөөр ийм, ийм бүтээн байгуулалт хийе. Дэмжээд өгөөч” гэж хүн бүрийг царайчлаад явах хэрэг гарна. Тэдний эрх ашиг, хүсэл сонирхлыг бүрдүүлэхгүйгээр бизнес эрхлэх маш хэцүү. Би эргээд тухайн үеийн Орос, Монголын Засгийн газрын талаар яримаар байна. Тухайн үед Монголын тал уул уурхай, ураны олборлолт, дэд бүтцийн тал дээр хамтран ажиллая. Үүний тулд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж өгнө гэж амласан ч энэ нь бодит байдалд хэрэгжээгүй. Энэ мэт асуудлаас болоод ОХУ-ын хөрөнгө оруулагчдын итгэл буурсан байж болох юм. Ядаж байхад Монгол Улсад авилга, хээл хахууль маш их газар авсан байдаг. Энэ бол хөрөнгө оруулагчдад яахын аргагүй сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг.

-Та ураны талаар хөндлөө. Манай улс ураны нөөцөөр дэлхийн орнуудаас дээгүүр байрт ордог. Сэтгүүлч миний хувьд уранаа олборлох ёстой гэсэн байр суурьтай явдаг. Гэхдээ Монгол хүмүүсийн  олонхи нь уран олборлолтын эсрэг байна. Таны бодлоор Монгол  ураны нөөцийг ашиглах нь зөв үү?

-Монголчууд ураны асуудалд одоо биш 1990, 2000 оноос эхлэн анхаарал хандуулах ёстой байсан болов уу. Яагаад гэвэл 2000 онд ураны сонирхол маш их, оргил үедээ байсан гэж болно. Дэлхийн олон оронд атомын цахилгаан станцууд барьж байсан үе. Харин өнөөдөр дэлхий даяараа  ураны хэмжээг бууруулах чиг хандлагатай  байна. Ураны үнэ огцом унаж, хэрэгцээ нь ч дагаад багасч байна. Оросын компаниудыг ажиглахад уранаас илүүтэй газрын тос руу чиглэж байх шиг ээ. Хүмүүс хөгжингүй гэхээс илүү аюулгүй эрүүл орчинд амьдрахыг хүсч байгаа учраас  ураны үе аажимдаа буурч байна. Тэр байтугай Европ, Герман, Япон зэрэг орнууд атомын цахилгаан станцуудаа цөөлж байна. Тиймээс Монгол Улс тухайн мөчийг ашиглан уранд арай эрт анхаарал хандуулах хэрэгтэй байсан биз. Би Монголд ураны чиглэлээр  ажиллаж байсан. Монголд уран олборлолтын өртөг ихтэй.  Энэ өртгийг нь өнөөгийн ураны үнэтэй харьцуулбал ашиг маш бага. Тиймээс уран олборлолт эсэргүүцэгчдийн тэмцэлтэй,  тэмцэлгүй энэ салбар намжмал байх хэрэгтэй болов уу. Мэдээж ураны салбар дээшлэх хүртэл шүү дээ. Одоо бол уран тийм ч сонин биш болсон.

-Та Монгол орны талаарх мэдээллийг хаанаас авч байна. Мэдээж танд монгол найз нөхөд байдаг байх?

-Би өдөр бүр Монгол оронтой хамт байдаг гэж хэлж болно. Монголд болж байгаа үйл явдлын мэдээллийг та бүхнээс дутахааргүй авдаг.

-Саяхан УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа. Мэдээж та энэ хуулийн талаар сонссон биз дээ. Монголд хөрөнгө оруулж байсан хүний хувьд энэ хуульд ямар дүн тавьж байна?

-Ямар ч хууль байлаа гэсэн гадны хөрөнгө оруулагчдийн сонирхлыг татах  нь дамжиггүй. Би түрүүнд хэлсэн дээ.  Монголд хууль ойр ойрхон өөрчлөгддөг гэж. Монголд 16 жил ажиллаж амьдрахдаа дөрвөн  Ерөнхийлөгч, таван Засгийн газар, бүх Ерөнхий сайдыг үзлээ. Мөн нөхцөл байдлыг улам бүр  дордуулсан хуулийн гурван  өөрчлөлт гарахыг үзлээ. Шинэ хууль ямар ч асуудлыг эергээр шийдэх байсан ч хөрөнгө оруулагч нар заавал Засгийн газартай ярилцаж, дарга нартай нь уулзаж тохиролцохыг хичээдэг. Яг энэ үед  авилгын шинж чанартай зүйлс эхэлдэг шүү дээ. Засгийн эрхэнд байгаа хүмүүс өөрсдийн  гэсэн бизнестэй. Тэд бизнестэй учраас хөрөнгө оруулагч эрт орой хэзээ нэгэн цагт заавал энэ хүмүүсийн ашиг сонирхолтой тулна. Энэ утгаар авч үзвэл саяхан баталсан тэр хуулийн ашиг тус бага байх болов уу. Энэ бол миний бодол шүү. Та бид бүгд мэднэ. Монголын нийслэл Улаанбаатарын дээгүүр нисэхэд хот утаанаас болоод бараг харагддаггүй гэж.  Ийм агаараар өнөөдөр нийслэлд байгаа нэг сая орчим хүн амьсгалж байна. Хэн ч энэ асуудлыг шийддэггүй.  Харин бид агаарын бохирдлыг нефть боловсруулах үйлдвэр барих  замаар шийдье гэж байсан. Гэвч  энэ санал  С.Баярын доор байсан нефть бүтээгдэхүүн оруулж ирдэг гурван компанийн ашиг сонирхолтой зөрөлдсөн учир зүгээр л хэрэггүй болсон. Тэд надаар нефть бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг хэзээ ч бариулахгүй юм билээ. Энэ нь тухайн үед надад хүчтэй мэдрэгдэж байсан.  Ард олон шинэ Засгийн газар байгуулагдах бүрт ихийг хүлээдэг ч үнэндээ өөрчлөлт байдаггүй. Тэд “Алтан Дорнод Монгол” компани төдийгүй Монголын стратегийн аюулгүй байдлыг хангах, хотын агаарын бохирдлыг бууруулах боломжийг олгох нефть химийн үйлдвэр барих сонирхолтой байсан “Восток нефть газ” компанииг мөн л хаасан. Энэ бүгд хэн нэгний бизнесийн ашиг сонирхолд нийцээгүйтэй холбоотой. Хэн нэгэнд гаднаас нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх нь хамаагүй ашигтай байсан юм шиг байна.

-Ноён Сергей Викторович танд Монголд дуусгалгүй үлдээсэн ажил бас өр бий юү?

-2007 онд бараг нэг өдрийн дотор компаниа хаалгасан миний хувьд эд материалын болоод сэтгэл санааны хувьд дундуурхан зүйлс бий. Хийнэ гэж төлөвлөж байсан төслүүдээ хэрэгжүүлэх боломж гараагүй. Мэдээж Монгол оронд надад хийлгүй үлдээсэн, дуусгаагүй ажил бас өглөг авлага байгаа.

 -Нууц биш бол өглөг авлагынхаа хэмжээг хэлж болох уу?

-Нуугаад байх юм алга.  Хувь хүмүүсийг тооцолгүй банк болон хөрөнгө оруулагчыг тооцвол ойролцоогоор 100 тэрбум төгрөг болно.

Одоо хамгийн гол нь Монголын Засгийн газар байгаа хуулиа ядаж  10 жилдээ өөрчлөхгүй гэсэн баталгааг л гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч Засгийн газартай тогтвортой байдлын талаар хэлэлцэж гарын үсэг зурсан ч, энэ нь хөрөнгө оруулагчдад хангалттай баталгаа болж өгөхгүй. Учир нь Монголын шүүх үүнийг цуцалчихаж болно. Би Монголын бүх шүүхээр явсан. Тэгээд эцэс сүүлдээ Олон улсын шүүхэд хандсан. Энэ бүхэнд таван жил зарцуулсан. Ойролцоогоор найман сая ам.доллар зарцуулсан. Өөр ямар ч компани ингэж их хүч хөрөнгө зарцуулж чадахгүй байсан байх. Түүнээс гадна  өөрсдийн дотоодын хөрөнгө оруулагчдыг ч мартаж болохгүй. Эх орондоо бус харь  оронд мөнгө санхүүжилт оруулж Монголоос мөнгө гаргаж байгаа нь бас нэг аюул юм шүү.

-Бид өөрсдөөсөө айж байгаа хэрэг шүү дээ?

-Та зөв хэллээ. Бид та нараас эмээж байгаатай адил та нар ч өөрсдөөсөө айж байна. Өнөөдөр монголчууд эх орондоо тодорхой хэмжээний мөнгө олчихоод үүнийгээ болж өгвөл гадагш нь гаргахыг зорьж байна. Яагаад гэвэл нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж олсон мөнгөнөөсөө салах вий гэж айж байгаа хэрэг шүү дээ. Миний хувьд манай компанийг үйл ажиллагааг доголдуулсан, хааж боосон олон хүн бий.

Энэ хүмүүсийн тоонд С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүс багтах байх. Энэ дөрөв зөвхөн С.В.Паушокийг устгасан бус бусад олон алт олборлогчдын хувь заяагаар тоглосон гэж хэлж болно. Үүнийг дайн гэж дөвийлгөх нь хаашаа юм. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эдийн засгийн, бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн. Гол дүрээр  Сү.Батболд, С.Баяр тоглосон бол Ц.Нямдорж зөвхөн тэдний тушаалыг гүйцэтгэсэн.

-Та энэ хүмүүсийг ард түмний эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийнхөө материаллаг эрх ашгийн төлөө ажилласан гэж хэлж байна уу?

-С.Баяр бол улс төрд мөнгө хийх гэж л орж ирсэн хүн.  Ард түмний эрх ашиг С.Баярт огтхон ч сонин биш байсан. Сү.Батболд бол ард түмний эрх ашгийг өөрийн эдийн засгийн эрх ашигт ашиглаж  хөрөнгөө босгож амжсан эр. Бүр маш их хэмжээний шүү. Тэд эрх мэдэлд байгаа богинохон хугацаанд яаж тийм их хөрөнгийг босгосон бэ гэдэг нь тодорхой. Тэдэнд зориулж ганц тодорхойлолт хэлье. Тэд бол долларын тэрбумтнууд.

-Богино хугацаанд долларын тэрбумтнууд болно гэдэг чинь маш их хөдөлмөрч хүмүүс юм биш үү?

-Төгрөгийн тэрбумтнууд биш долларын тэрбумтнууд шүү. Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Тэд яг л зөгий шиг өглөөнөөс орой болтол ажилласан. Миний бодлоор Ц.Нямдорж холын бодолгүй юм шиг. Зөвхөн тэдний гар хөл байсан учраас өгсөн даалгаврыг нь гүйцэтгэсэн байх. Тэдний гол зорилго “Алтан Дорнод Монгол” компани биш. Татвар ч биш. Зөвхөн Паушок л байсан. Яагаад гэхээр Паушок дандаа үнэнийг хэлдэг байсан. Тэр хүмүүстэй харьцуулахад дандаа үнэнийг ярьдаг байсан. Би дургүйцлээ хэзээ ч нууж байгаагүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн эрх мэдлээ эрх ашгийнхаа төлөө ашиглаж, ойр хавийнхаа бүхнийг авлигын сүлжээнд  оруулж ард түмнийг хохироож байгаа нь  надад таалагдаагүй. Бас нэгэн том зөрчлийн шалтгаан нь миний барихыг хүссэн нефть боловсруулах үйлдвэр. Барих үйлдвэр маань орлогыг нь багасгах учраас тэр. Хоёр сая хүн хортой агаараар амьсгалж, хордож, элдэв өвчнөөр өвчилж, дундаж наслалт богиносч байгаа нь ердөө сонин биш.

Тэд намайг гадны хүн Монголд ирээд яг хаан шиг авирлаж байна гэдэг байсан боловч яг үнэндээ надад хааны шилтгээн байгаагүй. Би хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголд оруулсан. Манай найзууд ч гэсэн хэлдэг юм. “Чи хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголд буцаагаад хөрөнгө оруулчихсан байна шүү” гэж гайхдаг. Гадны би Монголд хөрөнгө оруулаад байхад ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө гадагш нь гаргаж байгааг нь хараад ойлгохгүй байна. Тухайлбал, тэр С.Баяр Засгийн эрхэнд гарч мөнгө олох зорилгоо биелүүлчихээд буучихсан. Үнэн худлыг нь мэдэхгүй юм, Канадын иргэн болсон гэж сонссон. Яаж түүнд тийм хурдан иргэншил олгож, өртөг өндөртэй газар амьдраад байгаа нь сонирхолтой

  -Та одоо Орост ямар бизнес эрхэлж байна?

-Би эрчим хүний бизнес эрхэлж байна. Эрчим хүч болон дулаанаар хангадаг төвүүдийг барьж байна. Том компани болгох зорилттой.

-Шинэ бизнес тань сайн биз дээ. Бас гэр бүлийнхэн тань сайн биз. Танай гэр бүлийнхэн таныг дагаад Монголд ажиллаж амьдарсан байх аа?

-Гэр бүлд маань санаа тавьсанд баярлалаа.  Амьдрал дажгүй. Хүүхдүүдийн маань нэг нь төгссөн. Бусад нь суралцаж байна. Бизнесээ босгох гээд хоёр жил зүтгэж явна. Дөрвөн жилийн дараа “Алтан Дорнод”-ын хэмжээтэй болчих байх гэж найдаж байна.

-Хэдэн жил Монголд ирсэнгүй вэ. Таны Монгол Улсад нэвтрэн орох эрхийг хаачихсан уу?

-Монгол Улсад нэвтрэн орох эрхийг хаачихсан эсэх талаар мэдэхгүй юм. 2007 оны арванхоёрдугаар сард би Монголоос явсан. Түүнээс  хойш очсонгүй. Монголоос ирж байгаа хүмүүсээс л мэдээлэл авч байна. Үүнээс өмнө Засгийн газар надтай шүүхдэлцэж байхад Ц.Нямдорж намайг олон улсын интерполоор эрэн сурвалжлуулсан. Би маш удаан хугацаанд эрэн сурвалжлагдсан. Шинэ засаг төрд гарсны дараа надад үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурор шалгаж үзээд миний буруугүйг тогтоож хэргийг хаасан. Үнэн худал ялгарсанд баяртай явдгаа хэлэх хэрэгтэй. Харин өмнөх үеийн Засгийн газар намайг дуугүй байлгах гэж бүхнийг хийсэн. Тэр байтугай намайг бизнес, орлогын эх үүсвэр, найз нөхдөөс минь хүртэл салгасан. Гэвч дөрвөн жилийн дараах шалгалтаар надаас болон манай компаниас татварын болон ямар нэгэн зөрчил илрээгүй учраас хэргийг маань хаасан. Энэ дашрамд үнэнийг олж өгсөн хүмүүст баярласнаа илэрхийлье. Мөн миний орлогчийн үхэлд буруутай Ц.Нямдоржид өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Юу гэхээр орлогч дарга Игошин маань зүрхний хүнд өвчтэй. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн бичгийн дагуу манай Элчин сайд болон төрийн эрх мэдэлтнүүд, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гээд бүгдээрээ “Энэ хүнийг ОХУ-д очиж эмчлүүлье. Амь нас нь хутганы ирэн дээр байна, туслаач”  гэж Ц.Нямдоржоос  гуйсан ч Монголоос гаргахгүй байлгасаар орлогч нас барсан. Ердөө долоо хоногийн дараа шүү дээ. Орлогч дарга маань 24 жил Монголд ажиллаж амьдарсан хүн байсан. Хийж бүтээсэн ажлынхаа амжилтаар Монголын төрөөс “Алтангадас” одонгоор хүртэл шагнуулж явсан хүн шүү. Тэр Монголын төлөө бүхнээ зориулан зүтгэсэн боловч зарим нэг Монгол хүнээс болж тэндээ насан эцэслэсэн дээ. Ц.Нямдорж болон Ц.Мөнх-Оргил нар ард түмэн дээрээ туршилт хийж дураараа дургиж байгаа үйлдэлдээ хариуцлага хүлээх цаг  болсон гэж үзэж байна. Би тэр явдлыг аллага гэж үздэгээ нуухгүй.

-Хөндүүр сэдвийг тань хөндсөнд уучлаарай. Таны ажилд тань амжилт гэр бүлд танд аз жаргалыг хүсье. Бидний дунд хурсан хар үүл хэзээ нэгэн цагт цэлмэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хүнд асуудал үүсч байсан ч гэсэн би монголчуудад гомдоогүй. Хэрэв миний зүгээс тусалж чадах оюун санааны болон материаллаг тусламж байвал хэзээд туслахад бэлэн. Яагаад гэхээр Монгол орон надад миний гэр бүлд маш их үнэ цэнэтэй. Би дотроо хорсол тээж явдаг хүн биш. Монголчууд юунд ч буруугүй. Бүх улс оронд муу үлгэр дуурайлалтай хүмүүс байдаг шүү дээ. Намайг нэвтрүүлэгтээ оролцуулж сэтгэгдлээс минь хуваалцсанд баяртай байна. Танай ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсье.

С.ЖИМСЭЭ
 /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих