Александр Яшанькин: Би бодибилдинг олимпийн төрөлд багтана гэдэгт эргэлздэг

10-28-8tМанай оронд бодибилдинг фитнессийн залуучууд болон ахмадын ДАШТ амжилттай болж өнгөрсөн бямба гаригт өндөрлөлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр Эстони улсын баг тэргүүлсэн бол ОХУ, Монголын баг тамирчид удаалав. Энэхүү тэмцээнд 30 орны 270 гаруй тамирчин өрсөлдсөн. Тэмцээний ахмадын мастер ангиллын 90 кг-ын жинд түрүүлсэн ОХУ-ын тамирчин Александр Яшанькинтай ярилцлаа.

 

 

 

-Энэ удаагийн ДАШТ-д түрүүлж алтан медалийнхаа тоог ес болгосон танд баяр хүргэе?

 

-Баярлалаа. Би боди­билдинг фитнессийн ДАШТ-д 15 удаа орол­цохдоо есөн алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Цаашид алтан медалийнхаа тоог арав болгох зорилготой бэлтгэл сургуулилтаа хийнэ. Танай Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо тэмцээнд оролцогчдын бэлтгэл сургуулилт, тамирчдад хандаж байгаа байдал нь сайхан санагдлаа. Би өмнөх дэлхийн аваргаас хойш зургаан сарын хугацаанд амарч байгаад дөрвөн сарын өмнөөс үндсэн бэлтгэлдээ орсон.

 

-Бодибилдинг фитнес­сийн спорт 2020 оны олим­пийн хөтөлбөрт үзүүлэх тоглолтын үүрэгтэйгээр оролцох эрхтэй боллоо. Энэ мэдээг сонсоод маг­найгаа хагартал баярлав  уу?

 

-Баярлахад эрт бай­на. Бодибилдинг фит­нессийн спорт олимпийн хөтөлбөрт багтсан төрлүүдтэй эн зэрэгцэх хэмжээнд хангалттай сайн хөгжөөгүй. Аль ч улсын иргэд боди­билдингийн спортыг шим­тэн сонирхох нь бага байна. Олимпийн хөтөлбөрт орох хамгийн том шалгуур нь үзэгч юм билээ. Үзэгч нь цөөрсөн гэх шалтгааны улмаас чөлөөт бөхийн төрөл хэдхэн сарын өмнө хасагдах дээрээ тулсан. Бодибилдингийн спортыг ойлгох мэргэжилтнүүдийн мэдлэг тааруугаас тус спорт олимпийн наадмын гадна оршсоор олон жил боллоо. Жишээ нь манай улсын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд, чинээлэг хүмүүс чөлөөт бөх, жүдо, бокс, хөнгөн атлетик, өвлийн спортыг арай илүү анхаардаг. Хөрөнгө мөнгөнөөс гадна энэ спортыг дэмжигчдийн зүрх сэтгэл тун дутмаг. Би бодибилдинг фитнессийн спортыг олимпийн хөтөлбөрт багтана гэдэгт эргэлздэг. Энэ байдал олон жил давтагдана.

 

-Гэхдээ “Хаан спорт” гэдэг байх аа?

 

-Бүх спортын эх үндэс нь бодибилдинг гэх боловч энэ спортыг хайрхардаг нь хэд бол. Харамсалтай санагддаг.

 

-Хэрэв бодибилдингийн спорт олимпийн хөтөлбөрт багтаж чадвал?

 

-Яарах хэрэггүй. Энэ спортыг сонирхох хүмүүсийн чиг хандлагыг баттайгаар эзлэж байж олон жил оршин тогтнох болов уу. Бид 2020 оны олимпод үзүүлэх тоглолтоо чанарын ямар төвшинд бэлдэх нь бас л эргэлзээтэй.

 

-Өөрийг чинь бэлтгэлийн өрөөнд бие халаалт хийхийг харсан манай спорт сонирхогчид өрсөлдөгчгүй аварга гэцгээж байсан?

 

-Тэдний хэлсэн үнэн. Бас нэг талаараа бодибилдингийн тамирчид хоорондоо тулалдахгүй, барилдахгүй, уралддаггүй учраас хэн нэгний тактикт тааруулж бэлтгэл сургуулилт хийх шаардлагагүй юм. Тиймээс бидний өрсөлдөгч бол цаг хугацаа. 10-хан хоногийн дараа Мароккод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д зарим нэг тамирчид оролцох байх. Хоёр том тэмцээний дунд хэн сайн сэргэлт авна тэр хүн медальд хүрнэ.

 

-Насанд хүрэгчдийн ангилалд 20 хүртэлх нас­ны залуус оролцоод амжилт гаргах боломжтой юу? 

 

-Залуучуудын төрөлд оролцсон тамирчид хэдхэн хоногийн дараа болох ДАШТ-ээс медаль авахад гайхах зүйлгүй. Харин ч тэд үзүүлбэрээ гаргахад таатай байх болов уу. Долоо хоног амрахад хүний бие организм дахин өндөр ачаалал авах боломжтой байдаг.

 

-Таны амжилтын нууц юунд оршдог вэ?

 

-Энэ спортоор хичээллэж эхэлсэн цагаас хойш бэлтгэл сургуулилт гэхээсээ илүүтэйгээр хоолондоо түлхүү анхаардаг байсан нь намайг олон жил амжилттай явахад нөлөөлсөн. Би энэ жил 61 нас хүрч байна. Тэгэхэд миний арьсны уян хатан байдал 25-тай үеийнх шиг зөөлөн хэвээрээ.

 

-Бодибилдингийн спортоор хүүхэд, залуус хэдэн наснаас хичээллэвэл тохиромжтой вэ?     

 

-Гурван настай балчраас 100 настай хөгшин хүн ч хичээллэж болдог. Би бага хүүгээ 10 настайгаас нь бодибилдингийн спорт руу хөтөлж оруулсан. Тэр фитнессийн заалнаас салдаггүй, цаг зав гарвал төмөр өргөнө гээд надад ер олдохгүй юм /инээв.  Хүү маань өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн. Ирээдүйтэй сайн тамирчин болох янзтай.

 

-ДАШТ-ээс энгэртээ зүүсэн ес дэх алтан медалийн дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?  

 

-ОХУ-д бодибилдингийн ДАШТ-ээс таван алтан медаль хүртсэн мундаг тамирчин бий. Анх энэ спортоор хичээллэж байхдаа түүн шиг агуу тамирчин болох юмсан гэж мөрөөдөж, зорьж бэлтгэл хийснийхээ үр шимийг нас ахисан хойноо хүртэж байна даа.

Д.ЖАВХЛАН /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Сэтгэгдэл бичих