Б.Лхагвасүрэн: Бүтэн өнчин хүүхдэд төрөөс нэг удаа 1.2 сая төгрөг олгодог
Манай сонин “Танд тусалъя” хэмээх шинэхэн булан нээж байна. Тиймээс та бүхэн өөрт тулгамдаж байгаа асуудлаараа хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол манай сонины 77119811 утсанд хандаарай. Бид та бүхний өмнө тулгамдсан асуудлаар албаны эх сурвалжаас тодорхой хариултыг нь авч сониноороо дамжуулан хүргэх болно.
Манай сонины уншигчаас “Бүтэн өнчин хүүхдийн тэтгэмжийг нийгмийн даатгал, халамж хоёроос сонгож авах боломжтой байдаг гэсэн. Энэ хоёр ямар ялгаатай мөн оюутны сургалтын төлбөрт ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг эсэх талаар тодруулаад өгөөч” гэсэн хүсэлт ирсэн юм.
Энэхүү хүсэлтийн дагуу Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Халамж үйлчилгээний газрын дарга Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Бүтэн өнчин хүүхдэд халамжийн ерөнхий газраас ямар тэтгэмж олгодог юм бэ. Оюутны сургалтын төлбөрт нь ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг үү?
-Манайхаас бүтэн өнчин оюутны сургалтын төлбөрт ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэггүй. Харин боловсролын тухай хууль ямар байдаг талаар сайн мэдэхгүй байна. Ер нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас авах боломжгүй болсон тохиолдолд буюу тухайн хүүхдийн эцэг, эх нь улсад ажиллаагүй, тэтгэмж авах нөхцөл бүрдээгүй тохиолдолд манай байгууллага тэтгэмж олгодог юм. Тодруулбал Халамжийн ерөнхий газар нь дээрх нөхцөл бүрдээгүй бүтэн өнчин хүүхдэд нэг удаа 103 мянга 600 төгрөг олгодог. Мөн 0-18 насандаа бүтэн өнчин болсон тохиолдолд 18 нас хүрээд улсаас сая хоёр зуун мянган төгрөгийн тэтгэмж авах эрх үүсдэг.
-Энэхүү нэг удаа олгогддог 1.2 сая төгрөгийг ямар бичиг баримт бүрдүүлж авах вэ?
-Өөрийнхөө харьяа дүүрэгт хүсэлт гаргах хэрэгтэй. Мөн эцэг эхийнхээ нас барсны гэрчилгээ, өөрийнхөө төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбарыг бүрдүүлэх ёстой. Халамжийн ерөнхий газраас дээрх хариултыг өгсөн юм.
Энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналтын байцаагч Б.Цэцэгмаагаас мөн тодрууллаа.
-Бүтэн өнчин хүүхэд Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэмж авах эрх нь яаж үүсдэг юм бэ?
-Эцэг эх нь нийгмийн даатгалын хуулиар улсад хоёроос дээш жил шимтгэл төлсөн бол тэтгэмж авах эрх үүснэ. Тэтгэмжийн доод хэмжээг 150 мянган төгрөгөөр тогтоодог. Тэгээд ажилласан жилээсээ шалтгаалаад мөнгө нь нэмэгддэг. Мөн манайхаас тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд Халамжийн ерөнхий газраас тэтгэмж авдаг.
Н.Баасандэмбэрэл
URL: