Хуульд захирагддаггүй, харин хуулийг захирдаг С.Болдхэт

aweС.Болдхэтийн “болдоггүй” боольхойн талаар өгүүлэх гэх аваас нэлээд эртнээс улбаатай богино биш түүх сөхөхөд хүрнэ. Тэрбээр социализмын үед Ю.Цэдэнбалтай ямар нэгэн хэмжээгээр садан төрлийн гэх холбоотой байсныхаа хүчээр Сингапурт худалдааны төлөөлөгчийн газар хэдэн жил алба хашиж байхдаа ноцтой хэл аманд өртөж байсан нь цаг төрийн өөрчлөлттэй давхцаад “гоц мөргөөд” өнгөрсөн явдал буй. Чухам энэ үеэс эхлээд л Болдхэт Сингапурын зарим эргэлзээтэй бүлэглэлүүдтэй зузаан холбоотой болж өндөр зэрэглэлийн гэгдэх /Эрээнд “үйлдвэрлэж” байгаа шиг юмыг Синга-д арай дээр хийх нь тодорхой/ хуурамч тамхи, виски зэргийг Монголд оруулах замаа зассан бололтой байдаг. Гэвч тэр бүхнийг нь орхин өнөө цагийнх нь “алдарт” хэргийн талаар ямар нэгэн хэмжээгээр дүгнэлт өгөх боломж цаг хугацааны хувьд ч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан материалын хувьд ч бий болжээ.

17 000 шил виски, 37 хайрцаг оргилуун дарсыг хулгайн замаар “Наран трейд”-ийн нябо Дашзэвэг гэдэг хүний нэр дээр оруулж ирснийг 2005 оны 3-р сарын 4-5-нд шилжих шөнө хууль хяналтын болон татварын газрынхан “Наран”-гийн агуулахад нэгжлэг хийн илрүүлсэн тухай хэвлэлүүд 3-р сарын 7-ны өдрөөс эхлэн мэдээлсэн билээ. Сингапураас 2-р сарын 21-нд улаан лоолийн сүмс гэсэн нэрээр ачигдаад 3-р сарын 2-нд Улаанбаатарт орж ирсэн бололтой бөгөөд энэхүү том гэмт хэргийг хэрхэн илрүүлсэн талаар гаалийнхан, татварынхан “би илрүүлсэн”, “би илрүүлсэн” хэмээн хоорондоо маргалдаж “гавъяат” болохоор бүр эхнээсээ зүтгэж эхэлсэн учир хэрхэн сэжиг авч илрүүлсэн нь төдийлөн тодорхойгүй байгаа юм.

Хяналтын байгууллагууд 3 хоног нууц харуул тавин хянаж байсан ч гэх, бас “Наран”-гийнхан шалгалтаа хэд хоног хойшлууллаач хэмээн гуйж агуулахаа онгойлгохгүй байсан ч гэх, “хөлдөж муудах бүтээгдэхүүн байгаа юм дулаан байранд буулгахгүй бол болохгүй” хэмээн гуйж өөрийн агуулахдаа авчирсан ч гэх мэт янз янзын зөрөөтэй мэдээллүүд хэвлэлээр цацагдсан.

Юутай ч тодорхой байгаа нэгэн зүйл бол хууль хяналтынхан нударга зөрүүлэн байж агуулахных нь хаалгыг эвдэн орж л энэ гэмт хэргийн эд мөрийн баримтыг баталгаажуулсан байна. Гаалийн байцаагч Н.Буянцэцэг 1996 оноос, ахлах байцаагч Ё.Энхтунгалаг 1995 оноос, Д.Отгонбилиг нь 1992 оноос гаалийн байгууллагад ажилласан “хүнд гар”-ууд аж. Отгонбилиг нь зугатаж байгаад цагдаагийнханд баригдсан байдаг. Тэд “Наран” Болдхэтээс тус бүр 5 сая төгрөг авсан гэх мэдээлэл түгэж байсан. ГЕГ-ын дарга энэ гурван байцаагчийнхаа толгойг илж “ажилдаа хайнга хандаж, гаалийн ажилтны ёс зүйг зөрчсөн” гэдэг үндэслэлээр ажлаас нь тухайн цагтаа халсан байдаг. 17000 шил буюу 232 хайрцаг виски, 37 хайрцаг оргилуун дарсыг илрүүлж “чадаагүй”-г нь “ажилдаа хайнга хандсан” гэж өхөөрдсөн байгаа юм. Сингапурууд кетчуп ачих гэж байснаа “эндүүрээд” виски ачуулахдаа нөгөөх олон вискинийхээ гадна талаар өнгөлөн далдлалт хийж жинхэнэ кетчуп, тамхи зэргийг хийсэн нь энэ бол эндүүрсэн биш санаатай үйлдэл гэдгийг гаалийн байцаагчид ч “ажилдаа хайнга хандан” илрүүлээгүй өнгөрөөсөн байдаг. Хууль хяналтынхан ч энэхүү “өнгөлөн далдлалтыг” нь хэрэг болгон авч үзэлгүй Болдхэтийг цагаатгасан байдаг зэрэг бол Синга-гийн хуурамч барааг Монголд түгээх нөгөөх алдартай “аалзны тор” сүлжээ ямар их хүчтэй байгааг харуулнам бус уу?

Үргэлжлэл бий…

Монгол дахь авлигын үнэн түүх номноос…

 


URL:

Сэтгэгдэл бичих