“Хяналтын камеруудыг хакердах боломжтой” гэжээ
АНУ-ын программ хангамжийн аюулгүй байдлын мэргэжилтэн Крэйг Хеффнер “Хяналтын камеруудыг хакердах боломжтой” талаар мэдээлжээ.
Тэрбээр үйлдвэр, шорон, банк болон цэрэг цагдаагийн байгууллагуудад суурилуулдаг хяналтын камерыг алсаас удирдах аргыг олсон байна. Ингэснээр хакерууд хяналтын камер байрлуулсан газруудыг тагнаж, камеруудаар дамжуулан компьютерийн сүлжээнд нэвтрэх боломжтой гэдгийг нээжээ.
Крэйг Хеффнер өмнө нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт программ хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд харин одоо тэрбээр программын аюулгүй байдлыг хамгаалах “Tactical Network Solutions” гэдэг хувийн компанид ажилладаг байна.
Крэйг Хеффнер “Хяналтын камерт халдаж болох нь маш том аюул” гэдгийг онцолсон байна. Харин тэрбээр хяналтын камерт нэвтрэх замыг хэрхэн таслан зогсоох аргыг программын аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцдэг “Black Hat” бага хурлын үеэр танилцуулахаар төлөвлөжээ. “Black Hat” бага хурал ирэх долдугаар сарын 31-нд Лас Вегаст болох юм байна.
Ж.Нямгэрэл /bloombergtv.mn/
URL: