У.Мөнх-Эрдэнийн хүрэл медаль буюу боксын холбоонд өгсөн сануулга
Гагцхүү шүүгчгүйн зовлонг хангалттай амслаа. Д.Отгондалай, Б.Түвшинбат гээд олон тамирчин өрсөлдөгчөөсөө илүү байсан. Гэсэн ч ялж чадаагүй. Шүүгчийн шийдвэр манай тамирчдын ялалтад их том нөлөө үзүүлж, дарсан гэж бокс сонирхогчийн хувьд ч, сэтгүүлчийн нүдээр ч хараад байгаа юм. Хэрвээ шүүгчтэй байж байгаад, 3-4 тамирчин медалын төлөө гараад ирсэн бол үр дүн арай өөр байх байлаа. Гэхдээ шүүгчгүй гээд ялахгүй гэсэн ойлголт байхгүй. Шүүгчтэй нь хамт хожихын тулд бэлтгэлээ базаах нь тамирчин хүний хийх ёстой зүйл. Бараг л гэртээ бэлтгэл хийж байгаад явсан Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ гадны тамирчдыг, шүүгчтэй нь хамт ялаад, хүрэл медаль аваад ирлээ. Түүний ур чадвар, бэлтгэлжилт, туршлага үнэхээр сайн байлаа.
У.Мөнх-Эрдэнийн авсан энэ медаль, Монголын нүүрийг тахлаад зогсохгүй боксын холбооныхонд том сануулга өглөө. Зөвхөн Монголын боксын холбоо гэлтгүй дасгалжуулагчид, тамирчдад өгсөн сануулга байсан юм. Тэр хэлсэн үгэндээ хүрлээ, медаль авлаа, олон долоон юм ярьж, өөрийг нь “жийх” гээд байсан нөхдүүдийн ам руу чангахан “алгадлаа”. Ясны тамирчин гэдэг ийм л байдаг юм. Өнөөдөр У.Мөнх-Эрдэнийн нас хэд билээ, ямар бэлтгэл хийлээ. Энэ бүхнийг нь бодоод үзвэл хүрэл медаль гэдэг муугүй амжилт. Гэхдээ л үүнээс илүү амжилт үзүүлж болох байсан. Хэрвээ түүнийг олон улсын хамтарсан бэлтгэлүүдээс хоцроолгүй, ном журмынх нь дагуу авч яваад байсан бол Монголын тамирчдын нүүрийг тахалсан ганц медалын өнгө ямар ч байх байсан юм билээ, хэн мэдлээ. Монголын боксын холбоо, дасгалжуулагч багш нар шигшээ багийн тамирчныг хамтарсан бэлтгэлд авч явахгүй, хяхаж хавчих маяг гаргасан нь медалын өнгө хувирах боломжийг хаачихлаа гэж дүгнэж байна. У.Мөнх-Эрдэнэ хамтарсан бэлтгэлд яваагүй, хувиараа шахуу өөрийгөө бэлтгэсэн гэхэд медалын тавцанд зогсч чадлаа. Тэр үнэхээр агуу гэх ангилалд багтахаар тамирчин юм. Нөгөөтэйгүүр тэмцээнд явахын өмнө сэтгэл санаа тогтворгүй байсан.
Явах эсэх нь шийдэгдэж өгөхгүй, холбооны зүгээс дарамт ирээд л. Тамирчин хүнд биеийн бэлтгэлээс гадна сэтгэл санааны бэлтгэлжилт, тогтвортой байдал тун чухал. Гэтэл тэмцээнд явахынх нь өмнө янз бүрээр хааж, боож, сэтгэл санааг нь тогтворгүйжүүлсэн. Энэ нь түүнийг медалын өнгөө хувиргахад нөлөөлчихлөө. Хэрвээ эхнээс нь холбоо дэмжээд, сэтгэл санаагаар нь өргөөд, түрүүлж чадна гэж хэлээд явуулсан бол Кубын залуу тамирчинг ялах ч байсан юм бил үү. Уг нь тийм ч дутуу тоглоогүй. Гэхдээ заавал ялж, алтан медаль аваад, намайг голсон нөхдүүдэд мэдрүүлнэ дээ гэсэн бодолдоо хэт автсандаа болоод ялагдсан ч байж болох шүү дээ.
Энэ мэтээр түүний медалын өнгөө хувиргаж чадаагүй нөхцөл байдал, шалтгааныг хайгаад байвал барагдахгүй. Энэ бүхнийг Монголын боксын холбооныхон, шигшээ багийн дасгалжуулагчид дотроо тунгааж байгаа биз ээ. Мөн Монголын боксын холбоо үнэхээр жул байна. Баахан туршлагагүй хүмүүс аваачаад тавьчихсан. Өнөөх нөхдүүд нь гадаадад очоод хүнтэй аятайхан ярьчихаж чадаж ч байгаа юм уу, үгүй ч юм уу бүү мэд. П.Сэрдамба гэхэд үнэхээр сайн тамирчин. Олимпийн мөнгөн медальтай, дэлхийн аварга хүнийг хэн ч сайн тамирчин гэнэ. Гэхдээ тэр бүхэл бүтэн боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хийж чадах уу гэдэг нь бас л эргэлзээтэй.
Саяны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч гэсэн удирдлага муу байгааг баталж харуулсан хэрэг биш үү. Энэ асуудлыг холбоо өөрсдөө харж, шийдвэрлэнэ биз ээ. Дээрээс нь олон жил Монгол Улсын нүүрийг тахалсан, тэмцээн бүрээс медаль авч байсан У.Мөнх-Эрдэнэд өгөөгүй үлдсэн цол тэмдэг, шагнал урамшуулал байвал одоо л өгдөг цаг. Ядаж ганц нэг цол, тэмдэгийг харамлахгүй байлгүй дээ, энэ төр засаг.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: