Манж гэснээс би ч гэсэн нэг хушуу дүрээдхэе

Манж нар Монголын Тусгаар тогтнолыг түүхэндээ ганц удаа унагаж дийлсэн болохоор нь бид тэдний эсрэг дайсагнасан сэтгэлгээтэй. Бусдаар бол тэд адилхан нүүдэлчин үндэстэн байсан.

Чин улсыг үндэслэн байгуулагч Нурхайч баатар үр хойчистоо гэрээсэлжээ “ямартай муутай боловч Монголчуудтай холбоотон болж хавсайдан явагтун” гэж захисан байдаг. Алсын ирээдүйдээ нүүдэлчин “элэгээ түшээрэй” гэсэн санаа байх.
Тэр ёсоор Чин улс Зүүн Монгол (одоогийн өвөр монгол)-ын цэрэгтэй хавсран Бээжин зэрэг хойд хятадыг эзлэн авсан байдаг.

Өвөрмонголчууд 1913 он

Тэд улмаар их сүр хүчийг олж, 60-д жилийн дараа халх монгол, дахин 64 жилийн дараа Ойрад Монголыг эрхшээлдээ оруулсан чадсан ч Нурхайч их өвөгийнхөө захиасыг марталгүй санаж, үндсэндээ Монгол орныг Хятадаас тусгаарлан хааж орхисон байдаг. Он цагийн явцад Монголчууд бараг мартагдаж МАА-н түүхий эд бэлтгэлийн бааз болох шахсан даа.

Монгол гэр 1913 он

(ЗХУ-ын эрдэмтэн мэргэжилтнүүд 1920-д онд Монголд орж ирэхэд худалч хүнд бол бараг л цаг хугацааны машинаар аялаад дундад зуунд очсон мэт сэтгэгдэл төрдөг байж. Аргагүй шүү дээ, цэрэг арми нь гэхэд сэлмээр тулалдах (бургас цавчих) бэлтгэл хийж, цэргийн жанжин нь нум сумаар (буугаар биш) мэргэн харвадагаараа гайхагдаж байв. Олон зууны өмнө Хубилай хааны үүсгэсэн морин улаагаар шуудан хүргэж, үхэр тэрэг, тэмээн цуваагаар ачаа зөөнө. Замагт буу, битүү дарьтай сум гэгч дөнгөж ахуй амьдралд нэвтэрч, тийм буутай анчныг “Хурдан буутай” хүн хүн хэмээн сүрдэн хэлэлцдэг байж.

Хурдан буутай анчин

Ямартай ч, Манж гүрний хууль цаазын дагуу Хятад хүн Монгол оронд оршин суух, монгол хүнтэй гэрлэх, тариа тарих зэрэг нь хориотой байж. Харин доншуур худалдаачид Монголд очоод “цөм хийгээд” л буцдаг байж. Баахан зүү тэвнэ үүрч, замд таарах царцааг хуурч, голиог сорон идсээр Их Говийг туулан орж ирээд буцахдаа өдий төдий сүрэг бог бод мал туулгаж, өөрөө хүн тэргэн дээр тухлан залардаг байсан гэх…

Төв Азийн цээжинд адилдаа адил нүүдэлчин Монгол Манж үндэстнүүд 17-19-р зуунд нэгийгээ эзлэн засаглахад хөгжил дэвшил өөрчлөлт гарсангүй. Бид ямар Манж нараар мал яаж маллахыг заалгалтай нь биш. Тэгээд л он удаан жил яг байсан байрандаа хөгжил дэвшил үгүй “нам зогссон” байна.

Хэрэв Хятадын түүх гүйвуулагчдын солиорлыг бодитой гэж үзвэл нүүдэлчин Монголчууд бид 200 жил “аль хэдийнэ” хятаджисан гэх Манжийн захиргаанд байхдаа улаарахгүй юмаа гэхэд ядаж ягаарна биз дээ…?
Гэтэл 1905 он хүртэл Монгол оронд суурин иргэншлийн, тодруулбал Хятад маягийн элемент “түй ч байхгүй” байсан шүү дээ.
Тиймээс, Манж нар (Зүүн Монголчуудтай хүч хавсаран) Хойд Хятадыг эзлэхээс өмнө хятаджисан байсан гэх үзэл нь явуургүй оролдого болой.

Хүндэтгэсэн,
Болд П.
Жич: 1913 оны үеийн зурагууд

Мэдээллийн эх үүсвэр: Цахим өртөө сүлжээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих