Ө.Энхтүвшин: Намын дотоод эв нэгдэл суларсан

12e4dfc804d9d491bigМАН-ын XXVII Их хуралд тавьсан МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө!
Хүндэт зочид, хатагтай, ноёд оо!

МАН-ын 230 шахам мянган гишүүнийг төлөөлж сонгогдон тэднийхээ итгэл сэтгэлээр жигүүрлэн Их хуралдаа ирсэн төлөөлөгч нөхөддөө чин сэтгэлийн баяр хүргэж, амжилт хүсье!

Мөн хүндэт зочиддоо гүн талархал илэрхийлье!

МАН-ын ээлжит энэ Их хурал ажлаа хэрхэн зохион байгуулж, ямар шийдэр гаргахыг ширтэн харж, догдлон хүлээж буй ард иргэд, манай намын мянга мянган гишүүд дэмжигчиддээ Та бүхний өмнөөс халуун мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МАН-ын  27 дугаар Их хурал 10 дугаар сарын  27 буюу арвидах барилдлагатай бар өдөр нээгдэж байна. Хамгийн гол нь, эдүгээгээс 52 жилийн тэртээх намрын энэ өдөр Монгол Улсын бие даасан бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нью-Йоркийн тэнгэрт БНМАУ-ын төрийн далбааг намируулсан түүхтэй юм.

Ардын намыг үүсгэн байгуулж эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь, амьдралаа золиослон тэмцэж өнөөгийн цаг үетэй золгуулж өгсөн анхны долоон хувьсгалч, тэднээс ялалтын бамбарыг шилжүүлэн авч дараа, дараагийнхандаа нэр төртэйгөөр өртөөлөн хүргэсэн үе үеийн эх орончид, энэ намын цаг, цагийн удирдлага, ахмад үеийнхнийхээ алдар гавьяаг гүнээ хүндэтгэж бахархан тэмдэглэж байна.

I.Алдаа, оноогоо дэнслэх нь:

Эрхэм нөхөд өө!

МАН-ын XXVI Их хурлаас хойш яг З жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олсон, алдсанаа дэнсэлж үзвэл, тэр нь илүү, энэ нь бага гэж дүгнэхэд амаргүй байна. Үүнийг яг нарийн жигнэж тогтоох гэж оролдох нь энэ тэргүүний зорилго биш ч байж мэднэ. Бидэнд ололт амжилт, алдаа оноо аль, аль нь  байгаа.

Энэ хугацааны ихэнхэд нь бид Ардчилсан намтай хамтарч Засгийн эрхийг барьсан.

Ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж,  эхлэл, суурийг нь тавьсан, үргэлжлүүлсэн, дуусгасан ажлуудыг нэрлэ гэвэл маш урт жагсаалт гарах болно.

Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулан, түүний үр шимийг ард иргэддээ хүртээсэн, Атрын III аяныг амжилттай өрнүүлж гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангасан, “Монгол мал” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж малын тоо толгойг зарим жилд 50 шахам саяд хүргэсэн, оюутнуудыг үндэсний тэтгэлэгтэй болгосон, олон аймгийг нийслэлтэй авто замаар холбох ажлыг шинээр эхлүүлж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өрхийн орлогыг дээшлүүлсэн, ялангуяа орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, өндөр настан иргэдээ онцгой анхаарсан зэрэг бодитой ажлуудыг хийж, чамлахааргүй үр дүн гаргасныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хөгжлийн хураангуйлсан үзүүлэлтийн нэг болох эдийн засгийн өсөлт энэ жилүүдэд төлөвлөснөөс илүү хангагдаж  тухайлбал,  2011 онд 20,2 хувьд хүрсэн гэдгийг саяхан Засгийн газраас УИХ-ын гишүүдэд тараасан Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн танилцуулгад /17-р хуудас/ онцлон тэмдэглэж хүлээн зөвшөөрсөн байна. Ийм өндөр өсөлт үзүүлсэн улс дэлхий дээр тухайн жилд тийм ч олон биш байх аа. Эдийн засгийн өндөр өсөлтийн үр шим яагаад айл өрхийн хаалга, цонхоор орж ирсэнгүй вэ, гол автор нь болсон МАН 2012 оны сонгуульд юуны учир ялагдав гэж зарим хүн асууж, шүүмжилдэг. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж айл өрхийн амьдралд тэр даруйдаа тусч мэдрэгддэггүй боловч аажимдаа их, бага ямар нэг хэмжээгээр  заавал нөлөөлдөг гэж дэлхийн томоохон эдийн засагчид, судлаачид тайлбарладаг. Энэ оны 8 дугаар сарын статистикийн нэгдсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, 2013 оны II улирлын эцэст нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841,2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 93,8 мянган төгрөг буюу 12,6 хувиар нэмэгдсэн гэжээ. Эдийн засгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэг ч төгрөгөөр нэмээгүй байхад яагаад ийм үзүүлэлт гарав гэдэг нь сонирхол татна. Энэ бол өмнөх жилүүдийн эдийн засгийн өндөр өсөлтийн үр дүн хожуу ч гэсэн гарч буй хэрэг. Мөн жижиг, дунд бизнесийг 19 хуулийн 243 заалтын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр хүчтэй дэмжиж ирсний өгөөж юм. Түүнчлэн оюутан хүүхдүүдийнхээ сургалтын  төлбөрийг хэдэн малаа зарж байж ард нь гардаг байсан малчдын тэр дарамтыг 2 жил дараалан төр нуруун дээрээ үүрсэнтэй холбоотойг ч бас тооцох ёстой. Эдийн засгийн өндөр өсөлт болон дээрх хүмүүнлэгийн арга хэмжээнүүд дараа дараагийн жилүүдэд тогтвортой үргэлжилсэн бол айл өрхийн орлого бүр дээгүүр үзүүлэлттэй гарах байлаа. Оюутолгойд хөрөнгө оргуулагч “Рио Тинто”, Тавантолгойгоос, нүүрс импортлогч “Чалко” компаниудаас 600 сая ам.долларын урьдчилгаа авч их хэмжээний өр үүсгэсэн хэмээн өнөөгийн эрх баригчид  бүхэлд нь харлуулан сурталчилдаг мөнгөний  тэрхүү урсгал нь хэн нэгэн юм уу, хэсэг бүлэг хүний халаасыг түнтийлгээгүй, харин тэр чигээрээ ард түмэнд орлого болон очсон нь үнэн юм.

Бас нэгэн үзүүлэлтийг дурдахад, 2012 оны дүнгээр, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 14 их наяд төгрөгт хүрч нэг хүнд ногдох орлого 3335 ам.доллар болсон юм.

Өмнөх Засгийн газар 2012 оны сонгуулийн өмнө бондын арилжаагаар гадаадаас 580 сая ам.доллар босгон нэг ч цент заралгүй Хөгжлийн банкинд үлдээсэн. Нэг үгээр хэлбэл, хөрөнгийг нь босгоод тууз хайчлах эрхийг нь өнөөгийн эрх баригчдад шилжүүлсэн.

Гэвч нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн нам маань сүүлийн 3 сонгуульд амжилтгүй оролцлоо. Үүний шалтгааныг хоёр гуравхан зүйлээр хялбархан тайлбарлах аргагүй юм. Манай намын олон мянган гишүүд, дэмжигчдийн хамтын тэмцлийн үр дүнг сэтгэлийн хөдлөлөөр юм уу, эсвэл  явцуу сонирхлын  үүднээс хандаж амархан дүгнэж болохооргүй байна. Их хөнгөхөн дүгнэх гэж оролдох юм бол ялагдлын шалтгааныг  бодитой олж харан, үнэн, зөв сургамж авч, цаашдын зорилт, зорилгоо олигтой тодорхойлж чадахгүй нь ойлгомжтой. Дахин бүр том алдах магадлалтай.

Сонгуулиудад амжилтгүй оролцсон дүнгийн талаар намын Бага хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо, үүрүүдийн хурлаар хэлэлцэж шалтгааныг нь оношлохоор нэлээд сайн ярилцсан гэж бодож байгаа. Энэ талаарх гишүүд, дэмжигчдийнхээ санал, бодлыг хураангуйлан өгүүлбэл:

  • Дэмжигчдийн санал 2 намд хуваагдсан;
  • Намын дотоод эв нэгдэл суларсан;
  • Гишүүд дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлж сонгогч олон түмний гүнд орж зүрх сэтгэлд нь хүрч нөлөөлж чадаагүй;
  • НАШБ-уудаа түшиж ажиллах талаар олигтой анхаараагүй;
  • “Ерөнхийдөө л болох байх, наанадаж хамтарсан Засгийн газар дахин байгуулагдана” гэж тооцоолж тайвширсан, Засгийн газраас хэрэгжүүлсэн ахицтай ажлуудыг ард түмэн ойлгож, бүрэн дүүрэн байгаа мэтээр төсөөлж сурталчилгааг алгуурласан, сөрөг хүчнээ дутуу үнэлсэн;
  • Улс төрийн өрсөлдөөнд гол үүрэг гүйцэтгэх ёстой идэвхтэн, сонгуультнууд маань сэтгэлээ жигд өгч зүтгээгүй;
  • Нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгохдоо дутуу тооцсон, намын гишүүдээс сонгуулийн өмнө ирүүлсэн санал, судалгаанд ач холбогдол өгөөгүй;
  • Хүн амын олонх болсон залуучуудтай ойртож, тэднийг татах чиглэлээр хийсэн ажлууд хэлбэрдэхээс цааш хэтрээгүй;
  • Сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, сурталчилгаа, ПИАР-ын ажил сул байсан;
  • Орчин цагийн сонгуулийн менежмент, арга технологийг эзэмших тал дээр хоцрогдсон гэсэн шалтгаануудыг дээрх шат, шатны Хурлууд дээр тойрч ярьсан байна.

Мөн санал тоолох хар машин, Сонгуулийн тухай хуультай холбоотой элдэв луйвар гарсан гэдэг эргэлзээ олон түмний дотор өнөө хэр арилаагүй хэвээр байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль түүхэнд үзэгдээгүй шударга бус, хүч тэнцвэргүй нөхцөлд явагдсаныг VIII сард болсон Бага хурал дээр онцлон тэмдэглэсэн.

Гэхдээ биднээс өөрсдөөс маань шалтгаалсан зүйл, алдаа дутагдал юу  байв гэдэгт анхаарлаа онцгой төвлөрүүлж үнэн, бодит дүгнэлтийг хийх нь илүү чухал гэж үзэж байна. Энэ асуудлыг намын шинэчлэл, цаашдын зорилтын тухай хойно тусгайлан илтгэх үедээ үргэлжлүүлэн авч үзье.

II.Монголын нийгмийн өнөөгийн байдал

Журмын эрхэм нөхөд өө!

Одоо Монгол орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдал ямар байгаа талаар ярья.

Улс төрийн байр байцын талаар.  Улс төр тогтвортой бол нийгэм хөгжихөд эерэг түлхэц үзүүлдэг, тогтворгүй бол хөгжилд саад тотгор учруулдаг билээ.

Улс орныхоо өдгөөгийн байдлыг сайтар тандаж үзвэл, нийгэмд улс төр тогтворгүйтэх бүх талын нөхцөл, хөрс суурь бүрэн бүрэлджээ гэж дүгнэж болохоор байна. Сүүлийн үед зарим судлаач, улс төрчид “засаглалын хямрал нүүрлэлээ” хэмээн бас ярьж, бичих болов. Гадаадынхан бүр ноцтой үнэлгээ өгч байна. Саяхан манай улсад ирж лекц уншсан Австралийн Мелбурны Их сургуулийн профессор Андрью Волтер: Монголд 2 төрлийн эрсдэл байна.  Эхнийх нь “Улс төр маш тогтворгүй байна. Энэ бол хамгийн том эрсдэл” гэжээ.

Улс төр тогтворгүйтэж байгаагийн шинж чанар, шалтгаануудын заримыг товч авч үзье.

1. Улс төр тогтвортой байх эсэх нь тухайн орны улстөрчид, эрх баригчдаас шууд хамаардаг. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа олонхийг бүрдүүлсэн эрх баригчид зөвхөн өөрсдийн сонирхолыг хангах зорилгоор аливаа асуудалд хүч түрэх, зөвшилцлийг зогсоох, УИХ-ын даргыг хууль зөрчин “сонгох”, цөөнхийн бүхий л эрхийг хааж боох зэрэг овлигогүй олон үйлдэл хийсэн нь улс төрийг тогтворгүй болгох эхлэлийг тавьсан юм.

Эрх баригчид нийгмийн улс төр, эдийн засаг, бизнес, эрх зүйн болон оюун санааны амьдралын асуудал бүрт хушуу дүрж том, жижиг гэлтгүй бүх хэрэгт хутгалдан оролцох нь газар авлаа.

2. Өөрсдийнхээ баталсан хуулийг Парламент дахь олонх, Засгийн газар зөрчиж эхэлбэл энэ нь улс төр тогтворгүй болохын бас нэгэн ноцтой шинж мөн. Өөрсдөө хуулиа зөрчдөг эрх баригчдыг ард түмэн тоохоо больдог бөгөөд тэд ч хууль биелүүлэхийг иргэдээс шаардах нүүргүй болдог. Үүнийг засаглалын хямралын гол симптом гэж зарим судлаач бичиж байгаа юм. Бухах, бултах аргагүй хамгийн том баримт бол, Монгол Улсын Ерөнхий сайд  өөрөө үлгэрлэн бүр Үндсэн хуулийг хэдэнтээ зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц яг таг тогтоочихоод байхад харин олонх хариуцлага тооцоогүйгээр үл барам түүнийг улайран хамгаалсаар өнөөг хүрлээ.

Засгийн газар шинэчлэл хийх нэрийн дор хууль зөрчих нь ердийн үзэгдэл болсон. Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийн энэхүү муу үлгэр жишээг яам, агентлаг, орон нутгийн удирдлагын түвшинд туйлын гавшгай тусган авч байна. Нэг үгээр хэлэхэд, Монгол Улс хуульгүй орон болох тал руу гэлдэрч явна.

3. Сонгуулийн үр дүн болон улс төрөөс хараат бусаар, мерит зарчмын үндсэн дээр тогтвортой ажиллах ёстой төрийн мэргэшсэн албыг бужигнуулж “төрлийн хэлхээ” болголоо. 60-аад оны улаан хамгаалагчдын уриа, лоозонг, соёлын хувьсгалыг санагдуулмаар, “90 жилийн хогийг цэвэрлэнэ” гэсэн яриа нь кампанит ажил болж чадвартай боловсон хүчнийг бүгдийг зайлуулан оронд нь “АН-д сэтгэлтэй, угшилтай” гэдэг шалгуураар ойворгон ааш араншинтай, боловсрол, ажлын дадлага, туршлага, чадвар сулхан хүмүүсээр төрийн албыг хууль зөрчин бүрдүүллээ. Төрийн алба үлэмж суларсан нь тогтворгүй байдлын өөр нэг үндсэн шинж мөн.

4. Нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг алдагдуулахад хүчний болон хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны алдаа завхрал, дур зоргын ажиллагаа маш том түлхэц болдог уршигтай. Манай улсын хүчний болон хууль, хяналтын бүх шатны байгууллага, мөн Сонгуулийн ерөнхий хороо  эрх баригч хүчнээ даган, төрийн хуулиа завхруулдаг болсон нь улс төрийн холын хор хөнөөлтэй юм. Сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигч хүртэл эрхээ эдлэн  тангаргаа өргөж чадахаа больсон.

Түүнчлэн Засгийн газраас хараат бусаар ажиллах хуультай Монголбанк эрх баригчдын дуулгавартай зарц болж Засгийн газрын мөнгөний касс, няравын үүрэг гүйцэтгэдэг боллоо. Үндсэн үүргээ умартаад мах, гурилын үнийг бууруулна гээд гүйдэг болсоор  удаж байна.

Ийнхүү төрийн бүх институц бүгд үгсэн сүжирснээс юм л бол, хааж хязгаарлана, шалгаж зогсооно, барьж хорино, хурааж авна, мөрдөж шүүнэ гэж заналхийлж сүрдүүлдэг болсны уршгаар олон нийт айдас, хүйтэст автсаар хоёрдахь онтойгоо золгож байна.

5. Иргэний нийгмийн, тэр дундаа дөрөвдэх засаглал гэж нэрлэгддэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал, эрх чөлөө хавчилтад орлоо. Зарим хэсэг нь аргагүй мөнгөтэй бөгөөд хүчтэй эрх баригчдын өмнө өвдөг сөгдлөө. Гэхдээ л тэнд далд эсэргүүцэл нуугдаж байгаа нь мэдээж хэрэг. Нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал ч урьд өмнө байгаагүйгээр эвдэрч гэмт хэрэг өсч байна. Сүүлдээ бүр Төрийн ордны дэргэд буу тавин сүрдүүлдэг боллоо. Хөөрсөн түмний ийм үйлдлийг манай нам дэмжихгүй боловч санаа зовохгүй байхын аргагүй байна. Төр, засагт итгэл алдарснаас хүн амын дунд дургүйцэл, эгдүүцэл, эсэргүүцэл нэмэгдсээр байвал юунд хүргэдгийг арабын орнууд дахь эмгэнэлт үйл явдлууд маш тод сануулсаар байгаа билээ.

Эрх баригчдын ийнхүү хууль зөрчиж, дур зоргоор авирладгийн цаад зорилго, сэдэл тэмүүлэл нь юу вэ, шинэдэж түргэдээд,  туршлага, дадлага дутсанаас ингэж авирлаад байна уу? эсвэл улс төрийн өөр зорилго байна уу? гэдгийг бас тунгаах шаардлагатай болдог байна. Бүтэн нэг жилийн бодлого, үйл ажиллагааг нь шинжлээд үзэхэд, нэгд, хонзогнол; хоёрт, үгүйсгэл; гуравт, олдсон бүхий л боломжийг өөрсдийгээ болон намаа бэхжүүлэхэд бүрэн дайчлах, улс төрийн гол өрсөлдөгчөө бүдэрсэн дээр нь түлхэж түүхийн тавцангаас зайлуулах гэсэн санаархал үйл, хөдлөл бүхэн дээр нь тод илрээд байгаа юм.

Энэ бүхнийг манай нам нийгмийг турхирах үүднээс бус, харин улс төрийн байдлыг тогтворжуулах үүднээс ярьж байна. Тогтворжуулахад юуны өмнө парламентад олонхийг бүрдүүлсэн эрх баригчид онцгой үүрэгтэйгээ ухамсарлахыг бид сануулж байна. Парламент дахь цөөнх бол сөрөг хүч (уг нь оппозоци) учраас түүнийг дарж хавчиж байх ёстой гэж ойлгож довтолдогоо тэд зогсоох ёстой. Олонхийн түрэмгий, алдаатай бодлогын уршгаар ийнхүү зөвшилцлийн боломж үлэмж хумигдаад байгаа ч, бүрмөсөн алдагдсан гэж бас үзэхгүй байна. Улс төрийн тогтвортой байдал бол зөвхөн тэнцвэр, зохицол, ойлголцол, зөвшилцөлд тулгуурладаг гэж бид хатуу итгэдэг учраас үндэсний зөвшилцлийн тогтолцоог бий болгохын төлөө бүхий л  боломж, гарц, арга замыг хайх ёстой гэж үзэж байна. Тийм боломж бүрдвэл, өнөөгийн хэт улс төржилт, талцал хуваагдлаас гарах арга зам, “дордуулсан 7 өөрчлөлт” гэдэг нэртэй болчихоод байгаа Үндсэн хуулийн 2000 оны нэмэлт өөрчлөлтүүд, сонгуулийг мөнгөний нөлөөллөөс бүрэн ангижруулах нөхцөл боломж, улс төрийн намуудын санхүүжилт, стратегийн ач холбогдолтой том төслүүд, баялгийн хуваарилалт зэрэг олон түмний анхаарал татсан томоохон асуудлыг ярилцаж ойлголцоход манай нам бэлэн байна.

Сөргөлдөх гэж байгаа бол сөргөлдье гэдэг философи, үзэл номлол угаасаа буруу, улс орон ард түмэнд хохиролтой учраас улс төрийн тулхтай том хүчний хувьд манай намын бодлого үүнээс өөрөөр байж таарахгүй.

Хоёр дахь удаагаа сонгогдсоныхоо дараахан, “улсынхаа эрх ашгийг бүхнээс дээдлэн ажиллана” гэж мэдэгдсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний эв нэгдлийг илэрхийлэх Үндсэн хуулийн үүргээ хэрэгжүүлэх талаар шинэлэг алхмуудыг хийнэ гэж итгэн харж байна.

Цаашдаа, улс төрийн үгсийн сангаас сөрөг хүч гэдэг үгийг хасаж, оронд нь олон улсын хэллэгээр заншсан оппозици гэдэг нэр томъёог хэрэглэдэг болбол ямар вэ. Олонх, цөөнх гэдэг нь нэгэнт бодит баримт учраас өөрчлөгдөх аргагүй. Харин “сөрөг хүч” гэж яриад байхаар, цөөнх заавал сөргөлддөг хүч байх ёстой, тэгэхээр олонх нь түүнийг дарж л байхыг хичээх ёстой гэж ойлгодог болжээ гэж манай нэрт философич Б.Даш-Ёндон шүүмжилж хэлснийг дашрамд дуулгая.

Эдийн засаг, нийгмийн байдлын тухайд. Өмнөх Засгийн газар Монгол Улсын ирээдүйн хөгжлийг хангахад ямархуу хэмжээний боломжийг өнөөгийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн талаар өмнө товч дурдсан.

Уг нь маш их зүйлийг хүлээж 2012 оны сонгуульд АН-д илүү санал өгсөн сонгогчид өнөөдөр “Сахил хүртээд шал дордов” гэгч боллоо хэмээн дүгнэж байна.

Саяхан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа ард түмэнд тайлагналаа. Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм гэсэн Ерөнхий сайдын гарын үсэгтэй ном олон мянган хувь хэвлэгдлээ. Ямар чухал ажлуудыг хийв гээд сонирхоод үзэхэд: тендер бүрэн цахимжив, хаалга нь цоожтой дотоод ажлын өдрийг алга болгов, сурагчдыг дүрэмт хувцастай болгож 23 тэрбум төгрөгийг эцэг эхээс нь гаргуулав, 176 ялтан цалин орлогоосоо өр төлбөрөө барагдуулав, шинэчлэлийн Засгийн газрын 1111 төвийн жишиг 21 аймагт хүрээгээ тэлэв, Монгол 93 шатахуун гаргав /энэ худлаа л даа, Хятадын бензин/, цементийн үнийг 200 мянган төгрөг байсныг 135-145 мянган төгрөг болгов, шонхор шувуу наймаа биш, бахархал болов. 2016 онд улсын наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд биш Хүй долоон худагт хийх суурийг тавив, 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бонд арилжаалав, Батаар үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь залав, Монгол эх оронтой танилцах аяллыг 16392 км-т зохион байгуулав, Эрдэнийн Ганжуур судрыг дэлхийд данслуулав, Ерөнхий сайд иргэддээ ойртож нээлттэй, ил тод, тунгалаг байхын тулд 15 удаа пүрэв гариг бүрт нээлттэй ярилцлага хийв гэхчилэн тайлагнажээ. Залуучуудын хэлдгээр, ерөнхийдөө шоудах ажил голложээ гэсэн дүр зураг эндээс харагдана.

Гэтэл гол ажил нь юу байсан бэ?

Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг өрсөлдөх чадварын индекс энэ жилийнхээ тайланг саяхан танилцууллаа. Тайланд хамрагдсан дэлхийн 148 улсаас манайх 107 дугаар байрт оржээ. Өнгөрсөн жил 144 орноос 93-р байрт жагсаж байв. Өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо 12 тулгуур үзүүлэлтийг үндэслэдэг ба манайх 8 үзүүлэлтийнх нь хувьд ухарсан байна. Үүн дотроо макро эдийн засгийн тогтвортой байдлын оноо гэдэг үзүүлэлтээр өмнөх оныхоос 78 байраар ухарч хамгийн муу 18 улсын тоонд нэрлэгджээ. Яагаад ингэж ухрав гэдгийг баримтаар авч үзье.

Саяхан нэг жилд л гэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг 4 тэрбум ам.долларын хэмжээгээр нэмж татаж чадаж байсан улс одоо нэмэгдүүлэх нь байтугай 42 хувиар буурууллаа. Монголчуудын их найдвар тавьж байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт  зогслоо. Цаашдаа ч хэрхэх нь тодорхойгүй байна. Бас нэг том горьдлого байсан “Эрдэнэс-Тавантолгой” компанийг аль хэдийнэ дампуурсан гээд Засгийн газрын тэргүүн маань зарлачихсан.

Монгол Улсын гадаад өр нэг жилийн дотор огцом нэмэгдэж  дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувьтай тэнцэж байна. Энэ нь монголын нэг иргэнд 3 сая орчим  төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Ирэх жил гадаад өрийн дарамтыг 60 хувьд хүргэнэ гэж тооцоолсноо эрх баригчид саяхан УИХ-д танилцууллаа.

Европын холбоог сүйрүүлчих шахаад байгаа Грек улсын гадаад өр ДНБ-ийхээ 80 хувьд хүрлээ гэж саяхан зарласан. Гэтэл манайх түүнээс онцын ялгарахгүй орон болох нь ээ.

Улсын төвсийн орлого 1,5 их наяд төгрөгөөр буюу 21 хувиар тасрах нь тодорхой боллоо. Энэ нь эдийн засгийн өсөлт саарсантай, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс багассантай, мөн орлого олох арга замыг нарийн аргачлал, тооцоо судалгаагүйгээр, нэг үгээр хэлбэл, цээжний хонжоогоор төлөвлөсөнтэй холбоотой байна. Зөвхөн нүүрсний экспорт гэхэд энэ онд 35 сая шахам тн-ыг гаргана гэж төлөвлөсөн бол гүйцэтгэл нь сайндаа, 15 сая тн-оос хэтрэхээргүй боллоо.

Ам.долларын ханш анх удаа 1700 төгрөгөөс дээш давсан тохиолдол гарч үндэсний мөнгөний худалдан авах чадвар дөрөвхөн сарын дотор 300 орчим төгрөгөөр сулраад байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, валютын урсгал гадагшилж байгаагийн ноцтой үр дагавар мөн. Монголбанкны валютын нөөц ч эрс багасчээ. Эрх баригчид валютын ханшийг барьж чадаагүйнхээ бурууг зөвтгөж  “Долларын ханш өсч буй нь муу зүйл биш. Экспортоо нэмэгдүүлэх ховорхон боломж. Энэхүү алтан боломжийг сайн ашиглах хэрэгтэй” хэмээн хээв нэг тайлбарласаар өдий хүрлээ. Тэдний онолоор бол төгрөгийн ханш уналт үргэлжилсээр нэг ам.доллар 2000, 3000 төгрөгт хүрэх нь ч муу зүйл биш бололтой. Гэтэл хүн амын ялангуяа бага орлоготой хэсэг, импортоор түүхий эд, материалаа авч үйлдвэрлэл явуулдаг болон дотооддоо борлуулалт хийдэг хэдэн мянган аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд энэ нь туйлын хүндээр тусч байна.

Эрх баригчид бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ төдийлөн өсөөгүй гэж хоолойгоо сөөтөл ярьж ойлгуулахыг оролдсоор ирлээ. Гэтэл үнэн хэрэгтээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20 гаруй шахам хувиар өсч ард иргэдийг бухимдуулсаар байна.

Уг нь Засгийн газар Монголбанктай 4 дэд хөтөлбөр баталж мах, гурил, бензин шатахуун, барилгын материал зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулна гэж З их наяд төгрөг зарах боломжтой болсон. Тэр мөнгийг арилжааны банк болон зориуд сонгосон хэдэн компанид олгосон. Засгийн газарт ийм  том боломжийг олгож байсан түүх өнгөрсөн 23 жилд хэзээ ч байгаагүй юм. Гэтэл түүний  үр дүн харагдсангүй. Үндсэндээ тэр их мөнгө бүтнээрээ үнэ тогтворжуулахад очсонгүй, нэлээд хэсгийг нь өөр зорилгоор компанийн эздэд тараасан гэдэг мэдээллийг Засгийн газар, Монголбанк одоог хүртэл няцааж чадахгүй байна.

Үнэ тогтворжуулах нэрийн дор зарлагдсан энэ 3 их наяд төгрөг нь Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгож байсан Эх орны хишиг болох 21 мянган төгрөгийг 4 жил олгох хэмжээний мөнгө байсан гэдгийг эрх баригчдад сануулахад илүүдэхгүй. /2010 оны 1 дүгээр сарын 1-нээс, 2012 оны 7  дугаар сар хүртэл Эх орны хишиг өгөөд 1,9 их наяд төгрөг зарцуулагдсан юм./

Чингис нэртэй өрийн бичиг арилжаалж авчирсан 1,5 тэрбум ам.доллар бол Монголын ард түмэн хэдэн үеэрээ төлөх өр болж хоцрох нь тов тодорхой юм. Энэ өрийг тавьсан, хувь хишгийг нь хүртсэн хүмүүс хэсэг хугацааны дараа засаг солигдоход өөрчлөгдөөд, хаа нэг тийш сураггүй алга болсон байх болно. Харин лай ланчигийг нь ард түмэн, татвар төлөгчид,  дараа дараагийн Засгийн газар үүрэх болно. Их эзэн хааныхаа нэрийг барьж арилжаалсан өрийн бичгийн хүүд 2012 оны 12 дугаар сарын 6-наас хойш өдөр бүхэн 273 сая төгрөгийн хүү төлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 108 тэрбум 88 сая 770 мянга 754 төгрөг /108.088.770.754/ буюу 325  цэцэрлэг, 108 сургууль барих мөнгө аль хэдийнэ салхинд хийсчээ.

Өмнө тавьсан энэ өрөндөө сэтгэл ханаагүй одоогийн эрх баригчид “Самуурай” бонд, бусад зээлийн араас идэвхтэй хөөцөлдөн таваргаж явна.

Эдийн засаг, санхүү маань ийнхүү “чөтгөрийн тойрог”-т орчихсон учраас нийгмийн байдал  ямар түвшинд буй нь ойлгомжтой.

Баян, хоосны ялгаа улам ихэслээ. Хүн амын  хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох жини коэффициент улсын дунджаар 0,341 байгаа бөгөөд энэ үзүүлэлт хангай, баруун, зүүн бүсэд 0,300-0330 болсон нь улсын дунджаас 0,011-0,041 нэгжээр доогуур байна. Хүн амын орлогын тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс одоо 0,216 байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,022 нэгжээр бага боллоо. Тэгш бус байдлыг тодорхойлохын тулд хүн амыг хэрэглээний түвшингээр нь 5 тэнцүү хэсэгт хуваан бүлэг бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргадаг байна. Ингэхэд хамгийн бага хэрэглээтэй хэсэг буюу ядуучууд нийт хэрэглээний 7,7 хувийг эзэлж байхад хамгийн чинээлэг хэсгийнх 41,6 хувь байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээ, хамгийн ядуу 20 хувийнхнаас 5,4 дахин их байгааг харууллаа. Бас нэг тоо хэлье. Монголбанкнаас гаргасан статистикийн мэдээгээр, банкууд дахь нийт хадгаламжийн мөнгөний 95,5 хувь нь хүн амын ердөө 5-хан хувьд оногдож байна.
С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар хамгийн сүүлд 2012 оны нэгдүгээр сард цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 52 хувиар нэмэгдүүлснээс хойш 21 сар өнгөрч байхад тэдгээрийг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй.  Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмбэл юмны үнэ өсчихдөг гэсэн ганц өгүүлбэрээр тайлбар тавиад өнөөг хүрлээ. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдүүлээгүй байхад ч барааны үнэ яаж өссөнийг өмнө өгүүлсэн. Цалин, хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэсэн амлалт энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байдаг учраас эрх баригчид инфляцийн түвшин тун бага байгаа хэмээн яриад буй нь угтаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг болж өгвөл нэмэхгүй гэсэн бодлоготой холбоотой хэмээн зарим судлаач дүгнэж байна.

Элдэв шүүмжлэл дагуулж байсан хэдий ч, ядуу олон мянган гэр бүл, өрхийн амьжиргааны эх үүсвэр болж ирсэн 21 мянган төгрөгийн дэмжлэг зогссон. Иргэдийн худалдан авах чадвар буурахад ямар хүчин зүйл нөлөөлснийг тогтоох зорилготойгоор өнгөрсөн оны эцсээр явуулсан нэг судалгаагаар түүнд хамрагдагсдын 70 шахам хувь нь иргэн бүрт өгч байсан 21 мянган төгрөгийн нэмэгдэл зогссонтой холбоотой гэж үзжээ.

Эрх баригчид нийгмийн хамгааллын бодлогыг ер нь л, анхаарлынхаа гадна хаях хандлагатай байдаг нь саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын хуулийн анхны төсөл, 8 хувийн хүүтэй орон сууц хөтөлбөрөөс тод харагдсан. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг анх оруулж ирэхдээ “Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрүүдийг хангалттай дэмжсэн. 19 хуулиар 243 төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн. Одоо болно. Цаашдаа том бизнесээ илүү дэмжинэ. 15 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компаниудыг дотоод, гадаадын гэж ялгаварлахгүйгээр 4 төрлийн албан татварыг  тогтворжуулна” гэж зүтгүүлэхийг оролдсон билээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хөрөнгө оруулалтын талаар цаашид баримтлах бодлогоо зөв дэвшүүлж түүнээ авч гарч чадсаныг тэмдэглэн хэлье. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчдыг дотоод, гадаадын /гадаадынхыг нь төрийн өмчит болон хувийн/, хөдөө, хотын, жижиг том гэж ялгаварлахгүй хандах агуулгатай болгож, ялангуяа хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг түлхүү хандуулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг энэхүү бодлогын гадна үлдээхгүй байхаар хуульчлагдсан.

Өмнөх Засгийн газрын үед анх удаа орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд 6 хувийн хүүтэй зээл олгох бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл үүнийг өнөөгийн эрх баригчид “халамжийн шинжтэй учир буруу” гээд 8 хувийн хүүтэй болгож хүссэн хүн бүхэн хамрагдаж болохоор өөрчилсөн. Хуулийн энэ цоорхойг овжин хэсэг далимдуулан байр худалдах, худалдан авах хуурамч гэрээ хийгээд банкнаас 8 хувийн зээл аваад өөр зүйлд ашиглачихаж байна. Уг нь орон сууц огт авч байгаагүй, гэрт амьдардаг тэр хэсгээ хямд орон сууцаар эхлээд хангах нь зөв байсан билээ.

Ийм нөхцөлд манай нам ямар бодлого баримтлах ёстой талаар хэдэн зүйл хэлье.

  • Ойрын жилүүдэд эрдэс баялгийн салбарын давамгайлах үүргийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боловч цаашдаа: импорт зонхилсон, хямралд өртөмтгий өнөөгийн эдийн засгийг үндэсний хуримтлал, бүтээмж, шинэ технологид суурилсан, өрсөлдөх чадвартай, бүтцийн хувьд төрөлжсөн эдийн засаг болгох чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй юм. Сүүлийн үед эдийн засгийг солонгоруулна гэж зарим эрдэмтэн яриад байгаа нь үүнийг хэлж буй хэрэг.
  • Дотоодын үйлдвэрлэлээ бүх талаар дэмжиж Монгол Улс үйлдвэрлэгч орон болох зорилтыг хангахын төлөө бүх талаар зүтгэж тэмүүлэх ёстой. Ингэж чадвал гаднын хүчин зүйлийн хамаарал багасч байнга түгшээж байдаг гадаад валютын ханшийн өсөлт гэсэн дарамтаас ангижрах болно.
  • Гадаадад дахин бонд буюу өрийн бичиг арилжаалж өр нэмэгдүүлэхээс эрс татгалзах, “Чингис” бондоос үлдээд байгаа хөрөнгийг бүтээн байгуулалт, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрт зарцуулах, бондын мөнгийг улсын төсөвт заавал тусгадаг болохыг эрх баригчдаас шаардаж хатуу хяналт тавьж ажиллах шаардлагатай;
  • Бизнесийн тогтвортой бодлогыг хангахын тулд эрх баригчдын буюу төрийн оролцоог үлэмж багасгаж, ялангуяа хувийн хэвшилд элдэв дарамт, шахалт үзүүлдгийг зогсоох;
  • Саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг тогтвортой мөрдүүлж хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн сэргээх;
  • Уул уурхайгаасаа олох орлогоос дэд бүтэц ялангуяа дулааны цахилгаан станц, төмөр зам зэрэг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж ажлыг нь түргэвчлэх;
  • Төр, засгийн байгууллагуудын данхар бүтэц, үрэлгэн зардлыг багасгаж, хэмнэгдсэн мөнгийг ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгоход чиглүүлэх; Ингэж чадвал бага орлоготой өрх, ажилгүй, орлогогүй иргэдээ дэмжсэн чухал алхам болох юм.
  • Шүүрэн шанага шиг болсон төрийн мөнгөний бодлогод тавих хяналтыг чангатгаж, оновчтой болгох;
  • Монголчуудын хамгийн их найдвар тавьж байгаа Оюутолгойн гэрээг харилцан ашигтай байх үндсэн дээр даруй сайжруулах нь өнөөгийн засаг, төрийн шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болж байна.

Хөгжлийн бодлогын талаар. Яагаад нэг жилийн дотор Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдал ийнхүү уналтад оров?

Эрх баригчид байдал дордох нь байтугай сайжирсан гэж ойлгуулахыг хичээсээр жил орчим зүтгэсэн боловч сүүлийн үед аргагүй үнэнд гүйцэгдэн хүлээн зөвшөөрч эхэллээ. Гэхдээ шалтгааныг өөрсөдтэйгөө биш хөндлөнгийн хүчин зүйлстэй холбон ярьдаг. Үүнд: дэлхий, бүс нутаг, Хятадын байдал;  иргэдэд 21000 төгрөг өгөхийн тулд урьдчилж авсан мөнгө, зээл; өмнө батлагдсан зарим хууль гэх мэт. Үнэн хэрэгтээ  гэрээ хэлэлцээр, нүүрс, эсхүл ганц нэг хуулиас болсон гэдэг нь дэндүү үнэмшилгүй тайлбар юм. Гол нь эрх баригчдаас өөрсдөөс нь хамаарсан хүчин зүйлс шууд нөлөөллөө гэж бид дүгнэж байна. Ялангуяа, Монгол Улсыг, төрийг залаад аваад явах  шинжлэх ухааны үндэстэй бодлого үгүйлэгдэж байгаатай шууд холбоотой юм. Гадаадаас мөнгө яаж олох вэ гэдгийг л эрх баригчид бодож байгаа болохоос биш цэгцтэй өөр хувилбар, алсын хараа тэдэнд алга.

Гэхдээ манай нам “эрх баригчид бодлогогүй байна” гээд зөвхөн шүүмжлээд сууж таарахгүй. МАН  үнэхээр цэгцтэй, бүтээлч оппозици байхыг эрмэлзэж байгаа юм бол, бурууг зөв болгох, хүндрэлийг хямралд хүргэхгүй байх бодлогын зэрэгцээ хувилбаруудыг дэвшүүлж ажил хэрэг болгохын төлөө шаргуу тэмцэх ёстой. Түүнээс биш, бид засгийн эрхээс мултарсан, бодлого гаргах нь олонхийн хэрэг гэж хандах эрхгүй. Бид хяналтаа ч тавина, бодлогоо, сэтгэлгээ, арга барилаараа ч өрсөлдөнө.

Ийм учраас Монгол эх орон, ард түмнийхээ цаашдын хөгжлийн асуудалд онцгой анхаарч энэ Их хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай. Тэгэх тусмаа, эдийн засгийн хямралын ирмэг дээр тулж зогссон одоогийн нөхцөлд тийм хэрэгцээ улам их байна.

МАН-ын сүүлчийн З Их хурал /24, 25, 26-р Их хурлууд/ хөгжлийн бодлогын асуудлыг тусгайлан авч үзэж, цаг хугацааны хувьд хол, ойр янз бүрийн төсөөллөөр баримжаалсан байна. Энэ нь ч бас бодитой шалтгаантай. 1990-2000 онууд бол их донсолгооны жилүүд бөгөөд нийгмийн байгууллын хувьд  хуучнаа задлан нураасан, тэгсэн атлаа  шинэ нь чухам ямархуу дүр төрхтэй байх ёстойг сайн төсөөлж, олж харж чадаагүй явсан үе гэхэд болно. Нам маань ч бас хэрхэн оршин тогтнох талаар зүг чигээ хайж унаж босож явсан жилүүд юм. Ийм үед хөгжлийн асуудлыг ярих боломж хомс байсан нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, зах зээлийн хууль, жам ёс бүгдийг зохицуулдаг гэсэн ойлголт давамгайлах хандлагатай байсан нь ч нөлөөлсөн бизээ. Харин 2000 оноос хойш сэтгэлгээнд томоохон өөрчлөлт гарч, наанадаж, ойрын болон дунд хугацааны төсөөлөл, хөгжлийн бодлогогүйгээр бүхнийг зах зээл, эрэлт нийлүүлэлт гэгчид даатгаад урсаж явж болохгүй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн нь үнэн билээ.

2002 оноос эхлэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” “Мянганы зам” төсөл, Улаанбаатар хотыг 2021 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гээд томоохон бодлогын баримт бичгүүд гарсан.

МАН-ын 24 дүгээр Их хурал 2010 он дуустал 6 жилийн хугацаагаар баримжаалж “2010 он гэхэд эдийн засгийн өндөр өсөлт хангагдаж ДНБ 2 дахин нэмэгдэх боломжтой” гэж төсөөлсөн юм. Энэ зорилт биелсэн үү гээд үзэхэд, 2005 онд манай улсын ДНБ 2,5 их наяд төгрөг байсан бол түүнийг  2008 он гэхэд  2 илүү дахин нэмэгдүүлж зорилтыг үндсэндээ 2 жилийн өмнө  хангаж чадсан байдаг юм.

МАН-ын 25 дугаар Их хурал  /2007.Х/  ойрын 15 жил буюу 2021 он хүртэл хугацаагаар стратегийн зорилтуудаа тодорхойлжээ. Ингэхдээ 2007-2015, 2015-2021 гэсэн 2 үе шаттай авч үзэж ялангуяа эхний үе шатанд ямар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй томъёолжээ. Их хурлын дараа Үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ-аар батлуулсан байдаг.

26 дугаар Их хурал өнгөрсөн 20 жилийг дүгнэж ирээдүйн 20 жилийг, өөрөөр хэлбэл, 2010-2031 оныг хүртэл угтан харах зорилт дэвшүүлсэн.Энэ дагуу “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл хугацаагаар төсөөлж боловсруулан Бага хурлаар баталсан. Эдгээрийг яагаад дурдав гэвэл, намын гурван Их хурлаас дэвшүүлсэн хөгжлийн чиглэл, төсөөллүүд төрийн бодлого болж хэрэгжиж ирсэн, тодорхой үр дүнд хүрч байсан гэдгийг тэмдэглэх гэсэн юм.

Одоо энэ Их хурлаар хэлэлцэх гэж буй, хөгжлийн зорилтын талаарх материалыг та бүхний гар дээр тавьсан бөгөөд энэ талаар ажлын хэсгийн ахлагч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тул давтан ярьж илтгэлээ сунгах хэрэггүй юм. Харин онцлог хэдэн зүйлийг товч өгүүлье.

Нэгдүгээрт, Хөгжлийн стратегийг тодорхойлохдоо “Монгол Улс-21:хөгжлийн зорилтууд” гэсэн баримт бичгийн агуулгыг МАН-ын мөрийн хөтөлбөрийн зорилтуудтай нягт уялдуулан авч үзэв. Ингэхдээ мянганы хөгжлийн зорилтууд, 2008 онд УИХ-аас баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” гэсэн бодлогын 3 том баримт бичгийн үзэл санаан дээр тулгуурлав.

УИХ-ын 2012 оны сонгуульд манай нам амжилтгүй оролцож Ард түмний хөгжлийн хөтөлбөр Засгийн газрын 4 жилийн үндсэн бодлогод суух боломжгүй болсон учраас зорилтуудыг нэлээд шинэчлэх, хугацааг ойртуулах шаардлага гарлаа. Хугацааны хувьд, 2021 он хүртэлх баримжааг хамгийн зохимжтой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Манай нам эрх баригч хүчин биш учраас тэр аймаг, бүс нутагт тийм тийм үйлдвэр, сургууль, эмнэлэг, төдөн км урт эрчим  хүчний шугам, зам барина, босгоно гэж нарийвчлан зааж хугацааг хэлэх боломжгүй. Харин ойрын ирээдүйд дэлхийн болон бүс нутаг, хөрш орнуудын хөгжлийн чиг хандлага ямар байх нь вэ, Монгол Улсын хөгжлийг түргэтгэх гадаад, дотоод таатай хүчин зүйлс, бодит боломжууд юу, юу вэ? тэдгээрийг бүрэн дүүрэн ашигласан тохиолдолд хэр нааштай үр дүн гарахаар харагдаж байна вэ, бидний бодлогын гол, гол зорилтууд нь юу вэ гэдэг загвараар хандсан болно.

Хэрэв ухаалаг бодлого явуулж гарч болох эрсдлүүдийг тооцон бодит боломжуудыг дүүрэн ашиглаж чадвал 2021 он буюу дунд хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-нийг 12000 ам.долларт хүргэн, дундаж хөгжилтэй орон болж чадах ирээдүй гэрэлтэж байна.

Гуравдугаарт, Хөгжлийн стратегийг зөвхөн эдийн засгийн хүрээгээр хязгаарлаагүй бөгөөд хүний хөгжлийг хангах хүчин зүйл бүрийг шүтэлцүүлэн авч үзэхийг хичээсэн болно.

Ер нь хүний хөгжлийн асуудал урьдын адил, энэ Их хурлаас гарах бодлого, шийдвэрийн гол цөм хэвээр байх нь ойлгомжтой.

Хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурлыг эрс бууруулан нийгмийн дундаж давхрааг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хүч, хүн амын зонхилох хэсэг болгон төлөвшүүлэх нь манай намын нийгмийн салбарын бодлогын үндэс гэж тодорхойлж болно. Үүний тулд ядуу болон дундчуудын доод хэсгийг өөд нь татах гэсэн чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай гэсэн үг. Үүнд хоёр гол арга хэрэгслийг ашиглах боломжтой юм.

Эхнийх нь, нийгмийн халамжийн шинэчлэлийг эрчимжүүлж, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэж үр ашгийг нь дээшлүүлэх, хоёрдахь нь, ядууралтай тэмцэх тусгайлсан хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшил, орон нутаг, эдийн засгийн салбаруудын оролцоо, санаачилга дээр тулгуурлан хэрэгжүүлэх явдал юм. Уул уурхайн орлогоос ядууралтай тэмцэх сан байгуулж, уг сангаас орон нутгийн тодорхой хөтөлбөрийг санхүүжүүлэх нь зүйтэй юм.

Зөв бодлого явуулж, нийгмийн халамж, ядуурлыг бууруулах чиглэлээр хөрөнгө нөөцийг оновчтой, үр ашигтай зарцуулж чадвал 2021 он гэхэд ядуурлын өнөөгийн түвшинг 2 дахин бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Дундаж давхарга бол нийгмийн баялгийн үйлдвэрлэлд том байр суурь эзэлдэг, бараа бүтээгдэхүүний эрэлтийг буй болгодог, бас ардчиллыг төр, бизнесийн олигархиас хамгаалдаг бөгөөд нийгмийн  тогтвортой, тайван байдлын гол баталгаа болдог гэж үздэг юм байна. Дундаж давхаргад хэн хамаарах вэ гэдгийг улс орон бүр, олон улсын байгууллагууд тус тусдаа өөр өөрөөр тодорхойлдог. Бид олон улсын туршлага, Монгол орныхоо нөхцөл байдлыг тунгаан үзэхэд, өөрийнхөө хэрэгцээнд өдөрт дор хаяж 20 ам.доллар зарцуулж чадаж байгаа хүнийг чинээлэг дундаж давхаргад хамруулж болох мэт санагдана. Эрдэмтэдтэй зөвлөлдөхөд ч энэ саналыг дэмжиж байгаа юм. Хүн амын ийм хэсгийн хувийн жинг нэмэгдүүлэх нь дан ганц нийгмийн бодлогоос хамаарахгүй. Олон улсад хийсэн судалгаанаас үзэхэд, дундаж давхаргын өсөлтөд иргэдийн боловсролын түвшин үйлдвэржилт, хотжилт, хүн амын олонх хөдөө аж ахуйн бус салбарт ажилладаг болох зэрэг хүчин зүйлс гол нөлөө үзүүлдэг байна. Азийн орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд, өрхийн тэргүүлэгчийн боловсролоос тухайн өрхийн аж амьдралын төвшин хамаарч, боловсрол өндөртэй тэргүүлэгч бүхий айл өрх ядуу биш байдаг нийтлэг дүр зураг харагджээ. Манай оронд 2007-2008 онд ҮСХ-ноос эрхлэн явуулсан ядуурлын судалгаанд ч ийм хандлага тод илэрч байжээ. Дундаж давхаргыг өсгөхийн тулд:

  • Улс орны аж үйлдвэржилтийн бодлогыг тусгайлан боловсруулж хэрэгжүүлэх, түүнд бүс нутгуудыг онцлон анхаарах;
  • Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжин хөрөнгө оруулах, орчин үеийн технологи эзэмших, олон улсад өрсөлдөх, нийгмийн хариуцлага хүлээх чадварыг нь дээшлүүлэхэд анхаарахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд ялангуяа орон нутагт бие биеэ дэмждэг ханган нийлүүлэгч-үйлдвэрлэгч-борлуулагч гэсэн бүтэц бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний бүлэглэлийг олноор үүсгэх;
  • Тэдний бүтээгдэхүүнийг дотоодод арилжаалахын зэрэгцээ нэлээд хэсгийг нь экспортод зориулан үйлдвэрлэхээр зохион байгуулах;
  • Том хотуудыг холбосон дэд бүтцийг дагуулан суурьшлуудыг буй болгох;
  • Хөдөөд чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлснээр малчид, тариаланчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, орлогыг нь бодитой, тогтвортой болгож, хоршоо бүлгийн бүтцээр хүчээ нэгтгэн ажиллахыг бүх талаар  дэмжих;
  • Бусдыг царайчлахгүйгээр өөрсдийгөө болгох гэж зүтгэж, дэвжиж яваа хүмүүст  төр тусалж чаддаггүй юмаа гэхэд, дарамт учруулж саад хийхээс татгалзах зэрэг асуудалд анхаарах нь зүйтэй  ажээ.

Дөрөвдүгээрт, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт хамгийн хүнд асуудал хэвээр байна. Монгол хүн эх орондоо  амьдарч, хөдөлмөрлөж, олсон хураасан орлогоороо амьжиргаагаа ханган амар тайван амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэх тухай бид олон жил ярьсан. Гэвч үр дүн санасан хэмжээнд хүрэхгүй байгаа. Ялангуяа залуучуудыг сургаж дадлагажуулан ажлын байраар хангах, иргэд, багавтар аж ахуй эрхлэгчид хөрөнгө, хөдөлмөрөө хорших, жижиг үйлдвэрүүд нэгдэж томрох боломжийг бүрдүүлэх,  мэргэжил, ур чадвар олгох урт, богино хугацааны сургалтыг зохион байгуулах, ажиллах хүчийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх үндэсний чадавх, үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ мэт арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлж чадвал, 2021 он гэхэд хөдөлмөр оролцооны түвшинг 70-аас доошгүй хувьд хүргэж, 18-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшинг 2013 оныхоос 2 дахин бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Ирээдүйдээ итгэлтэй, боловсролтой, эрүүл, амьдрах чадвартай шинэ залуу үеийг төлөвшүүлэхэд чиглэсэн залуучуудад ээлтэй бодлогыг манай нам боловсруулан хэрэгжүүлнэ.

Тавдугаарт, Монгол Улсын хөгжлийн бодлогод гадаад харилцаа чухал байр суурь эзэлнэ. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахын зэрэгцээ мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-тай тэнцвэртэй харьцаж, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Гуравдагч хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, тэдгээр орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

III. Намын шинэчлэлийн тухай

МАН-ын шинэчлэлийн асуудлыг Онц Их хурлаас хойших /1990 оны IV сар/ намын бүх Их, Бага хурлаар тасралтгүй авч хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргасаар иржээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 23 жилд нам маань шинэчлэлийн үзэл санаагаар амьсгалжээ. Ингэж хэлмэгц зарим хүн “яасан шинэчлэгдэж дуусдаггүй нам бэ” хэмээн уулга алддаг. Гэвч дан ганц сэтгэл хөдлөлд авталгүй, сайтар тунгааж үзвэл, тийм биш байна. Харин ч, мэдэхгүй, чадахгүй хоёрт бууж өгөлгүй, ирж яваа цагийг мэдэрч орчин үетэйгээ алхаа нийлүүлэхийн төлөө тасралтгүй эрэл хайгуул хийж ирсэн улс төрийн хүчний бүтээлч шинж эндээс харагдаж байгаа юм. Ингэж ажилласаны ч үр дүнд, томоохон дэвшил, өөрчлөлтүүд гарчээ. 23-хан жилийн өмнө “Марксизм-Ленинизм  бол цорын ганц зөв сургаал мөн, өөр үзэл онол байж таарахгүй”, “Пролетарийн диктатурыг тогтооно”, “хувийн өмч аюултай”, “олон нам, олон ургальч үзэл хэрэггүй”  гэж ойлгож, итгэж явсан нам шүү дээ. Ийм үзэл онолоосоо бараг холдож чадаагүй байхдаа үйл явдал хурцадсан 1990 онд нэг ч хүний хамраас цус гаргалгүй, асуудлыг тайван замаар шийдвэрлэхээ илэрхийлэн Үндсэн хуулиар олгосон бүх эрх мэдлээсээ сайн дураараа татгалзсан улс төрийн хүчин бол манай нам юм. Тэгвэл илүү соёлжсон энэ цаг үед, эрх мэдлээ алдахгүйн тулд ард түмнээ хэдэн арван мянгаар нь хядаж байгаа улс төрийн хүчин, ерөнхийлөгч арабын ертөнцөд байж л байна. 1990 онд төрсөн хүүхэд өдгөө 23 нас хүрчээ. Залуу үеийнхэндээ энэ үнэнийг ойлгуулах талаар харин бид бага анхаарсан гэж боддог.

Өнөөдөр манай нам сэтгэлгээний хувьд ямар түвшинд хүрчихээд явж байгаа билээ. Эргээд  сайн бодоцгооё. Чухамхүү ингэж шинэчлэгдэхийн тулд 3 жилийн дотор 3 Их хурлыг зарлан хуралдуулж байсан  түүх нь ч цуцалтгүй эрэл хайгуул, бүтээлч үйл ажиллагааны нотолгоо юм.

Мэдээж хэрэг, 70 жил тогтсон үзэл номлол, арга барил, сэтгэлгээний  догматик хэв загвар, хүлээснээс хурдан зуур ангижирч цоо шинийг тусган хүлээж авах үйл явц амаргүй байсан нь ойлгомжтой. Үүнийг тодотгохын тулд эхлээд намын онол, үзэл баримтлалын шинэчлэлийн талаар авч үзье.

МАН-ын Онц Их хурал /1990.IV/ “намынхаа шинэчлэгдсэн дүр төрхийг: хүнлэг ардчилсан социализмыг байгуулахыг зорьсон марксист-ленинист үзэл санаа,  арга зүйг бүтээлчээр хэрэгжүүлэх үзэл баримталттай улс төрийн байгууллага байх болно” гэж тодорхойлсон байдаг бол, түүнээс 10 сарын дараа хуралдсан XX Их хурал /1991.II/  “шинжлэх ухааны социалист үзэл санааг баримталсан  ардын ардчилсан нам байх болно” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, марксист-ленинист үзэл санаа, арга зүйг бүтээлчээр хэрэгжүүлнэ гэдгээ “шинжлэх ухааны социалист үзэл санаа” болгон өөрчилжээ. Гэтэл Их хурлаас хойш 5 сарын дараа болсон Намын Төв Хорооны II бүгд хурлаас “өөрчлөлт, хөгжил, хувьслын шаардлагаар манай нам ард түмнийхээ язгуур эрх ашгийг илэрхийлэн хамгаалсан үндэсний ардчилсан нам болж хөгжих нь бодит хэрэгцээ болов” гэжээ. Энэ шугам 1992 оны II сард хуралдсан намын XXI Их хурлаар тодотгогдож “МАН үзэл бодлын хувьд үндэсний ардчилсан үзэл санааг баримтлана. Түүний онол, арга зүйн үндэс нь төв ёсны номлол юм” гэсэн томъёололоор сайшаагдсан байдаг юм.

Үзэл онолын хувьд зүг чигээ олох гэсэн эрэл хайгуулд 1997 онд хуралдсан намын XXII Их хурал онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх ёстой.Тус Их хурал МАН бол ардчилсан социалист үзлийг онол суртахууныхаа үндэс болгосон зүүн төвийн нам юм гэж заасан билээ. Намын 26 дугаар Их хурлаас үүнийг тодруулж, “нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн” хэмээн баталсан. Энэ бол социал демократ үзэл гэдгийг хөрвүүлсэн агуулга бөгөөд ардчилсан социализм, социал демократ үзэл гэдгийн хооронд зарчмын ялгаа  байхгүй гэдгийг илэрхийлсэн хэрэг.

Дэлхийн социалист интернационалын 155 гишүүн нам үзэл баримтлалаа хэрхэн тодорхойлсныг судлан үзэхэд, 113 нь социал демократ ба ардчилсан социалист, 8 нь социалист хэмээн тодорхойлсон байдаг ба үнэт зүйл нь юу вэ гэхэд бүгд эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэж илэрхийлэн, Дэлхийн социалист интернационал хэмээх их гэр бүлд багтаж байгаа юм.

Энэхүү үзлийг бид намынхаа онол суртахууны үндэс гэж тунхагласаар 12 жил болж байна. Цаашдаа ч энэ онол үзэл бримтлалаасаа ухрах шаардлагагүй бөгөөд зүүн төвийн нам гэсэн орон зайгаа бусдад тавьж өгч болохгүй гэж үзэж байна. Гурван сонгуульд ялагдсан нь үзэл баримтлалтай холбоогүй учир намын шинэчлэлээ өөр талаас хайх ёстой.

Сүүлийн үед  манай зарим нөхөд, түүний дотор Бага хурал, Удирдах Зөвлөлийн хэд хэдэн гишүүн:  үзэл онолоо сольё, үндэсний ардчилсан үзлийг авъя гэсэн санал тавьсан. Эрэл хайгуул хийж байна гэдэг талаас авч үзвэл, тэднийг огт буруутгахгүй. М.Горькийн Монголын хувьсгалчдад хариу болгож бичсэнчлэн, “идэвхтэй зарчмын” номлолд нийцэж байна. Гэхдээ энэ нь, намын маш том асуудлыг хөндөж байгаа учир гишүүд наад зах нь дараах хэдэн асуултыг тэр хүмүүст тавьж, хариулт өгөхийг хүсэх болно. Үүнд үндэсний ардчилсан үзэл гэж яг юу юм бэ, социал демократ үзэл маань буруу байжээ гэдэг нь яаж нотлогдсон юм бэ, намын XXI Их хурлаас үндэсний ардчилсан үзлийг удирдлага болгоно гэж заасан хэрнээ яагаад тэр нь хэрэгжээгүй 5 жил болсон юм бэ?, гадна талдаа националист үзэлтэй нам гэсэн утгатай орчуулагдан ойлгогдоход хүрвэл үүнийг хэрхэн няцаах вэ?, ялангуяа хоёр хөршид маань яаж тусах бол? гэх мэт асуултууд гарах янзтай байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Германы социал демократ нам, Англи, Австрали, Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам, Норвег, Шведийн зүүний намууд зэрэг өмнө нь эрх баригч байсан улс төрийн хүчнүүд сонгуульд амжилтгүй оролцлоо. Гэхдээ аль нь ч үзэл баримтлалаас л боллоо гэж дүгнэхгүй байгаа юм билээ. Харин бодлого, үйл ажиллагаагаа хэрхэн шинэчлэх талаар ширүүн мэтгэлцээн явуулж байгаа гэсэн.

Бидний хувьд социал демократ үзэл санааг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн зүйл дээр дутуу анхаарчээ.

-Социал-демократ үзлийг уриа тунхаг, лоозонгийн шинжтэй зарлаад харин агуулга, мөн чанарыг нь гишүүд,  дэмжигчид ард иргэддээ сайтар ойлгуулах үндсэн дээр түүнийг тойруулан нэгтгэх ажлыг хангалттай зохион байгуулж чадсангүй. “Эрх чөлөө”, “шударга ёс”, “эв санааны нэгдэл” гэх үгс хүмүүст хийсвэр, “амьгүй” мэт сонсогддог байна. Зөвлөлт гүрэн задрах үед тэдний нэг том үзэл сурталчийн алдаагаа гэмшин хэлсэн үг энэ мөчид санаанд буулаа. Тэр нь: “Бидний үзэл суртлын машин сансрын хөлөг мэт их өндөрт тойрон эргэлддэг байлаа. Харамсалтай нь, эх газар руугаа ойртохоор шатчихаад, эсэн мэнд буудаггүй байлаа” хэмээн сурталчилгаа амьдралаас тасарсныг зүйрлэсэн байдаг юм. Нийгмийн ардчиллын үзэл санааг өөрийн орны аж төрөх ёс, соёл, хэв заншил, хүн амын янз бүрийн хэсэг давхарга  /залуучууд, эмэгтэйчүүд, ахмад, хот, хөдөөгийн ард иргэд гэх мэт/-ын хүсэл, онцлогтой нягт холбон тэдний “өөрсдийнх нь хэлээр” ярьж ойлгуулах хэрэгтэй байсан болов уу. Тухайлбал, МАН бол хүн амын зорилтот бүлэг буюу нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ илүү шаардлагатай байгаа хэсэг рүүгээ онцгой анхаарах үзэл баримтлалтай учир оюутнуудын төлбөрийг 2 жил дараалан 100 хувь төрд хариуцуулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ 1,5 сая төгрөгийг гүйцээж өгөх, орлого багатай хэсгийг амьжиргааны байнгын эх үүсвэртэй байлгахын тулд иргэн бүхэнд сар бүр 21000 төгрөгний дэмжлэгийг үзүүлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлсэн  юм гэдгээ, олон түмэнд нэвт шувт тайлбарлан ойлгуулж чадалгүй сонгуульд орсон. Гэтэл тэр хоосон орон зайг “сонгуульд амлачихсан учраас МАН аргагүйн эрхэнд өгч байгаа юм”,  “намуудын мөнгө тараах өрсөлдөөн явж байна” гэхчлэнгийн тодорхой зорилготой ухуулга, сурталчилгаа дүүргэж бидний бодлого, арга хэмжээний цаад утга учир, ач холбогдол тодорч товойлгүй, тэгэсхийгээд дарагдсан билээ.

-Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг хэрэгжүүлэхдээ зарим үед тооцоо муутай хандаж хэт хавтгайруулснаас ард түмнийг бэлэнчлэх сэтгэлгээнд орууллаа гэх шүүмжлэлд өртөн, хийсэн ажлын маань үр дүн бүрхэг болж саармагжсан. Зүй нь, халамж, тусламжийг хавтгайруулалгүй, шаардлагатай хэсэгтээ /зорилтот бүлэг/ ахиухан хүртээсэн бол илүү оновчтой болох байсан бизээ. Жишээ нь, тооцоо муутай хандсаны тод жишээ бол шинэ гэр бүлд олгох 500 мянган төгрөгний амлалт юм. Жилд дунджаар 13 мянган шинэ гэр бүл нэмэгддэг гэж тооцож мөнгө төлөвлөтөл гэнэт огцом өсч 40 мянга хүрч бүртгэгдсэн билээ. Ингээд багагүй хөрөнгө, мөнгө хуурамч гэр бүл үүсгэсэн зальт этгээдүүдийн орлого болж, бидний бодлого байгаа тэр бүр оноогүй. 21000 төгрөгийг ч хавтгайруулан олгосон нь бас л их шүүмжлэл дагуулсан гэдгийг бид мартах учиргүй.

-Нийгмийн ардчиллын үзэл санааг тунхагласнаас хойш 16 илүү жил өнгөрч байхад энэ үзэл, онолыг удирдлага болгосноор манай нам юу хожив, ямар алдаа гарав, цаашид хэрхэх вэ? гэдэг талаар улс төрийн нухацтай дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөөгүй явж ирсэн нь бас нэгэн алдаа боллоо. Улс төрчид, эрдэмтэн судлаачид, гишүүд,  дэмжигчдийн төлөөлөл бүхий чадварлаг баг гарган энэ ажлыг даруй хийх нь зүйтэй юм.

-Социал демократ үзэл санаа цагаа дагаад баяжиж хөгжиж байгааг анхаарах ёстой байсан болов уу. Баруун төв, зүүн төвийн намууд гэх улс төрийн хүчнүүдийн үзэл баримтлалд бие биеэсээ харилцан өвлөх, авах, уламжлалт зарим нэг хандлагаасаа татгалзах тал нэлээд ажиглагдах боллоо. Хэдэн жилийн өмнө эсрэг тэсрэг мэт байсан хандлагууд ч ойртож байх шиг. Зүүний хязгаараас зүүн төвийн гэж онцолж тодорхойлдогийн учир нь үүнд байгаа юм. Тийм ч учраас европын зарим нам үзэл баримтлалаа тодорхойлохдоо “социал демократ, гэхдээ III замын”  гэж онцолсон байна. Бид ч бас энэ хүрээнд бүтээлчээр хандаж эрэл хайгуул хийх ёстой. Тухайлбал, ойрын болон дунд хугацаанд хүн бүрийг ажилтай болгож чадах мэт ярьж сурталчлах нь амьдралаас хол асуудал гэж олон судлаач бичиж байгаа. Харин ажил олгох боломжоор жигд, тэгш хангах асуудал амьдралд илүү ойрхон бууна. Угаасаа ажил хийх сонирхолгүй, чадваргүй хүн аль ч нийгэмд цөөнгүй л байдаг. Тэгээд ч ажлын байрны төлөөх  эрүүл өрсөлдөөнийг хааж хазаарлаж болохгүй билээ.

Төрийн оролцоо зохицуулалтын хүрээ хязгаар ямар байх  ёстой вэ гэдэг асуудал байна. Төрийн зохицуулалт байх ёстой, ялангуяа үндэсний аюулгүй байдлын бодлого, нийгмийн хамгааллын чиглэлээр зайлшгүй байх шаардлагатай гэж үзнэ. Төрийн зохицуулалтыг үгүйсгэдэг либераль, консерватив үзэлтнүүд хүртэл түүний хязгаарлагдмал оролцоог хүлээн зөвшөөрдөг болж байна. Харин төр заавал оролцох шаардлагатай бус ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудад тууштай шилжүүлэх ёстой юм. Ялангуяа хяналт, аудит, сонгон шалгаруулалт /тендер/, стандарт норм хэм хэмжээг мөрдүүлэх зэрэг ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх талаар манай нам тууштай ажиллах ёстой.Төр хэтэрхий хутгалдаж оролцох нь зардал, үрэлгэн байдлыг нэмэгдүүлэхээс гадна, авлига, хээл хахуулийг цэцэглүүлдэг байна.

Түрүү үеийн социалистууд байгалийн хязгаарлагдмал нөөцийг хайр гамтай ашиглах, хамгаалах, эдийн засаг нийгэм, экологийн тэнцвэртэй, зохистой хөгжлийг хангах талаар төдий л анхаардаггүй байсан гэж дүгнэдэг. Тэгвэл  сүүлийн үед социал демократууд ногоон хөгжлийн тухай онцгой их ярьдаг болж байна. Эдийн засаг, хүний хөгжлийг байгаль орчноо хамгаалах, сэргээн төлжүүлэх төдийгүй байгальд ээлтэй үйлдвэрлэл, ажил үйлчилгээг бүх талаар дэмжих, асуудалтай байнга холбон авч үздэг боллоо. Байгаль орчноо хаяихаад дан ганц  эдийн засгийн өсөлт гэдэг үзүүлэлтээр хөөцөлдөх нь буруу гэж социал демократууд ярьдаг болж байна. Жилийн 12 хувийн өсөлтийг 7,5 хувьд хүртэл бууруулж байгаа манай урд хөршийн бодлого, сургамж ч үүнтэй бас холбоотой.

Эцэст нь хураангуйлж хэлбэл, социал демократ үзэл хуучраагүй, харин бүтээлчээр хандаж түүний үнэт зүйлс, агуулга, түүнд нийцүүлэн хэрэгжүүлсэн намынхаа бодлогын мөн чанарыг олон түмэнд ой тойнд нь хоногштол ойлгуулах тал дээр хангалтгүй ажилласан  гэдэг дүгнэлт хийх нь зүйтэй болов уу.

Миний бие энэ оны II сард гишүүд, дэмжигчиддээ хандаж бичсэн захидалдаа: “Шинэчлэл гэж ярингуут үзэл онолтойгоо ноцолддогийг зогсооё. Бас намынхаа нэртэйгээ эргэж зууралдахаа больё. Харин сэтгэлгээ, арга барил, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч байна” гэж тэмдэглэсэн.

Шинэчлэл бол тодорхой хэсэг хугацаанд хэдэн том өөрчлөлтийг ганц хоёрхон далайлтаар хийгээд дуусдаг ажил биш ажээ. Харин, улс төрийн нам оршин байгаа бүхий л үед үргэлжлэх тасралтгүй үйл явц гэж ойлгож байна. Тиймээс  шинэчлэл гэхээр л нам ялагдсан юм уу эсхүл хямарсан үед хийдэг зүйл мэтээр ярих нь утга учир муутай. Тасралтгүй шинэчлэл бол аливаа байгууллагын, түүний дотор улс төрийн намын оршин тогтнох үндэс мөн байна.

Яг энэ цаг үед бид юуг шинэчлэх вэ гэдгээ олж харахын тулд яагаад ялагдав гэдэг асуултыг үргэлж хамт тавьж түүнээ тойрч ярилцах ёстой юм.

Илтгэлийнхээ эхэнд бидний ялагдлын үндсэн  шалтгаан гэж үзсэн 10 зүйлийг нэрлэсэн. Тэдгээрийн дотроос онцгой анхаарах ёстой хэдэн асуудлыг хөндөж яръя.

Эрх барьж байсан он жилүүдэд бидний гаргасан хамгийн ноцтой алдаа, завхрал нь боловсон хүчний бодлоготой шууд холбоотой. МАН-ын дүрмийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтөөр үүнийг хүний нөөцийн бодлого гэж нэрлэх санал явж байгаа. Гэхдээ энэ удаа хэвшиж тогтсоноор нь боловсон хүчний бодлого гээд яриад ойлголцоод явчихъя.

Үнэнийг хэлэхэд, манай намын боловсон хүчний гол бодлого хэрэг дээрээ 200 гаруй хүний хүрээнд эргэлддэг болжээ. Боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг боловсрол, шударга чанар,ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу гэх мэт гол шалгуурыг  бус, чухал биш төдийгүй зарчимгүй өөр бусад үндэслэлүүдийг голлодог болоод удсан. Үүний уршигаар  улс төрийн хат суугаагүй, үзэл ба үнэт  зүйлсийнх нь чиг тогтоогүй, ажил амьдралын туршлага багатай, томилогдож  очсон салбарынхаа талаар мэдлэг муутай,  нийтийн эрх ашигт сэтгэл дутмаг хүмүүсээр намын удирдлага, улсын хариуцлагатай албыг бүрдүүлж, улмаар шат шатны сонгууль, томилгоонд тэр явцуу хүрээнээсээ сонголт хийж байлаа. Тэгээд  манай намын дээд болон дунд шатны удирдлагын дотор энэ хүрээнийхээ хүмүүсээр  дамжуулж нийгмийг хардаг, тэр цагираг дотроо  л сэтгэдэг, шийдвэр гаргадаг зохисгүй байдал бий болсон. Намын боловсон хүчний бодлого,үйл ажиллагаанд  бий болсон  нүдэнд үл үзэгдэх энэ хана хэрэм нурах ёстой. Боловсон хүчнийг сайтар бэлтгэж байж ажилд тавьдаг байсан өмнөх үеийн арга барилаа сэргээхэд яагаад болохгүй гэж. Дээрх алдаа, гажуудал нь намын ажилтнууд, залуу гишүүдийн  зан үйл, ёс суртахуунд ноцтой нөлөө үзүүлж нэлээд хэсэг нь өөрийгээ хөгжүүлэх гэж  бодохын оронд хэн нэгэн нөлөө бүхий хүчтэй лидерийн ивээл дор багтаж бэхжиж авах гэж зүтгэдэг болжээ. Явцуу сонирхол өвөрлөж, худал мэдээллийг шивэгнэгч  тэр хүмүүс самрын яс мэт бат хүрээ, хуяг дуулга үүсгэж, нэг л мэдэхэд, удирдах ажилтныг олон түмнээс бүрэн тусгаарлаж харах  мэлмий, сонсох чихийг нь тагладаг байна.

Зарим албан тушаалтан авлига, хээл хахууль зэрэг шударга бус янз бүрийн асуудалд тухайлбал, авлигад нэр нь байнга холбогдоод төрийн болоод намын нэр хүндийг унагаад байхад юу ч болоогүй мэт, ямар ч арга хэмжээ авахгүй явж ирсэн нь олон сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Нам гишүүдээ дэмжиж, ёс бус аливаа дайралтаас хамгаалах нь зүйн хэрэг. Гэвч хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг, шударга бус хүмүүсийнхээ толгойг илж “шүүх л гэм буруутайг нь  тогтоогоогүй бол …”  гэж хаацайлдаг арга барилаасаа татгалзах цаг болжээ. Намын буянаар сонгогдож, томилогдсон хариуцлагатнууд ч алдаа хийсэн бол түүнээ шударгаар хүлээж, шаардлагатай бол, бүр огцрох, чөлөөлөгдөх хүсэлтээ  хэн нэгнээр шахуулж шаардуулалгүй гаргаж сурах нь энэ намд улс төрийн өндөр соёл дэлгэрч, сайн цаг ирж байгаагийн илэрхийлэл гэж олон түмэнд ойлгогдоно.

Улмаар “Авлигын эсрэг Ардын нам” гэсэн бие даасан хөтөлбөр гаргаж, намаас сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эгүүлэн татах  тогтолцоо, механизмыг бүрдүүлж өгөх болно.

Дэвшүүлсэн боловсон хүчинтэйгээ эргэж ажилладаггүй, хариуцлага тооцож чаддаггүй явснаас багагүй хохирол амссандаа дүгнэлт хийж намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтнуудын ажил байдал, ёс зүйн талаар олон түмний үнэлгээ, саналыг байнга авч, ядахдаа хагас, бүтэн жилийн эцэст дүгнэж түүнээ ил тод мэдээлж сайн бол урамшуулж, шаардлага хангахгүй байгаа бол хариуцлага тооцдог болох зарчмыг цаашдаа хатуу мөрдөх хэрэгтэй байна.

Боловсон хүчний бодлогодоо манай нам  хэзээнээс ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ, нэгдлийг хангаж ирсэн түүхтэй. Ах нь мэддэг, чаддагаа, бас хуримтлуулж, хурааснаа өвлүүлэхийн тулд хэлж захидаг, дүү нь эрдэм болгон тусгаж авдаг залгамж чанар ингэж хангагддаг билээ. Гэтэл сүүлийн үед нэг талаас, залуучуудаа голж чамлах аястай үг яриа, нөгөө талаас, ахмадаа хоцрогдсон, хуучирснаар нь дуудаж нийтэд нь түрж зайлуулах гэсэн хандлага мэдрэгдэх боллоо. Ахмад нь залуу халуун насыг туулж өнгөрөөсөн, залуу, дунд үеийнхэн  нь ч ахмадуудынхаа насан дээр очих л болно. Хорвоогийн хуваагдашгүй үнэн гэвэл энэ юм. Дээрх 2 хандлагын аль, аль нь буруу. Намын эв нэгдэлд бүр хортой. Үе гэж туйлшрахгүйгээр, аль алиндаа байгаа давуу тал, давтагдашгүй чанаруудыг хүлээн зөвшөөрч бие биеэ нөхөж хамтран ажиллахаас өөр зам, сонголт байхгүй.

“Манай намд” чадалтай боловсон хүчнүүд зүү орох завсаргүй чихэлдсээр байдаг гэж ярьдаг боловч өнөөдөр үнэлэмж, шалгуур нь  цагаа дагаад түргэн өөрчлөгдөж буйг онцгой анхаарах хэрэгтэй байна. Боловсон хүчнийг шилж сонгох, сургаж дадлагажуулах, бэлтгэх гэдгийг хуучин хэвшмэл ойлголтоос өөрөөр авч үзэж шинэ цагийн шаардлага, шалгуураар хандахгүй бол бас болохгүй нь ээ.  Хэл ус, ромбо, диплом нь хэд хэдээрээ байлаа гэхэд, хүнтэй ажиллах арга барил, өөрийгөө нээж харуулах, илтгэх, бусдыг дагуулах чадвар, өрсөлдөх тэмцэх чанар, улс төрийн мэдрэмж, давшихын зэрэгцээ ойлголцох, эв зохицлыг хангах урлаг гээд бусад талын шалгуур үгүйлэгдэх юм бол сайн кадр биш гэж гологдох нь тодорхой боллоо.

Сүүлийн үед манай намын гишүүдээс “тоглоомынхоо дүрэм”-ийг тодорхой болгоё гэсэн саналыг хэлж, янз бүрийн хувилбарыг дэвшүүлж байгаа. Өнгөрсөн зун үүссэн шинэчлэлийн хороо, хөдөлгөөнийхэн “намаа нээлттэй фракцын зарчимд шилжүүлье” гэсэн санал гаргасан. Тэд үүнийгээ “намын одоогийн дүрмээр зөвшөөрөгдсөн жигүүр бол ондоо зүйл, бид чухамхүү фракцыг л хэлээд байгаа юм шүү” гэж тодотгож байгаа. Энэ хувилбар нь эрх мэдэл, албан тушаалын томилгоог фракциудад хуваарилж байгаа өнөөгийн Ардчилсан намын зарчим, зохион байгуулалттай үндсэндээ адил бололтой. II сард  дэмжигчиддээ бичсэн захидалдаа би Намын даргын хувьд, үүнийг зөвшөөрч чадахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Одоо ч тийм бодолтой байна. “Надаас хойш галав юүлсэн ч яахав” гэх маягтай хандаж би  чадахгүй. Учир нь, манай нам Ардчилсан нам шиг улс төрийн 10 шахам хүчний нэгдэл биш юм. Энэ том нам олон фракцад хуваагдах юм бол, үр дүн нь сайнаар төгсөнө гэж огтхон ч төсөөлөхгүй байна. Сүүлийн үед эрх баригч хүчний дотроос “… олон фракц  хортой юм байна. Жигүүр бол харин байж болно”  гэж яриад сүрхий хөдөлцгөөж байгаа бололтой. Гэтэл манай нөхөд нөгөө талаас нь асуудал хөндөж байгаа.

Мөн нэг хэсэг гишүүн боловсон хүчний сонгууль, томилгоонд бүс бүсийн төлөөллийг харгалзах зарчмыг санал болгож  байгаа юм. Аль нэг дарга, удирдлагын субъектив хандлагаас урьдчилан сэргийлж ийм зарчмыг гол шийдвэртээ тусгах нь “тоглоомын дүрэм”-ийг тодорхой, ойлгомжтой болгож эв нэгдлийг хангана гэж тэд тайлбарладаг. Манай нам олонхи байх үедээ 10-аад жилийн өмнө санаачилж баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг хөдөлгөөнд оруулж ажил хэрэг болгоход, түүнчлэн УИХ-ын гишүүд, бусад  хариуцлагатнууд нэг аймгийн хэмжээнд эргэлддэгээ больж бүс нутгийн түвшинд тэнүүн харж сэтгэж ажилладаг болоход ач холбогдолтой гэдгийг дээрх нөхөд бас үндэслэдэг.

Энэ бүхнийг Их хурлын төлөөлөгчид Та бүхэн сайтар шүүн ярилцах хэрэгтэй.

Өнгөрсөн жил аймаг, нийслэл, дүүрэг, сум, хорооны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа “ер нь суудал аваад ирэх боломжтой хүн байвал дэвшүүлчихье гэж зарим нэр дэвшигчдэд  хандсан   нь тэр бүр зөв биш байжээ гэж дараа нь бидэнд ойлгогдсон. Яахав, ганц суудал аваад ирсэн боловч, түүнээсээ хэд дахин илүү хор уршиг тарьж яваа этгээд олон байна. Дээд түвшинд ч байна. Яах гэж хэнийг төлөөлж хуралд сонгогдсоноо ухамсарладаггүй, бусадтай үгсэн хуйвалдаж бүлгийнхээ бодлогыг унагадаг, албан тушаалын төлөө намаа хаяад урвадаг, болзол нөхцөл тулгадаг, бүлэглэл талцал үүсгэдэг тийм зарчимгүй хүмүүсийн тухай би энд ярьж байгаа юм. Үүний уршгаар ялсан хэд хэдэн газарт Засаг дарга,  Хурлын удирдлагыг алдсан нь туйлын харамсалтай. “Уг нь яаж ч мэдэх барьцгүй нөхөр байгаа юм. Гэхдээ ганц суудал чирээд ирэх байх. Дэвшүүлэхгүй бол бие дааж өрсөлдөөд бүр их аюул тарьж мэднэ” гэж  хандсаны үр дагавар энэ юм.

Цаашдаа намын нэрээр сонгогдчихоод өөр нам, намын бүлэгт шилжсэн тохиолдолд тухайн тойрогт дахин сонгууль явуулах, нэрсийн жагсаалтаар орсон бол хасч дараагийн хүнийг оруулах талаар хуулийн зохицуулалт зайлшгүй хийх шаардлагатай нь амьдралаас тод харагдлаа. УИХ дахь МАН-ын бүлэг үүнийг анхаарах шаардлагатай.

Ер нь боловсон хүчний бодлого тойрсон маш их яриа, санал шүүмжлэл өрнөсөөр байна. Энэ асуудлыг хөндөөгүй захидал, санал, хүсэлт, сонины нийтлэл гэж алга. Тийм ч учраас би энэ талаар нилээд дэлгэрэнгүй хөндөж байгаа юм.

Энэ Их хурлаас байгуулагдах намын шинэ Бага хурал нэн тэргүүний зорилтоо болгож “боловсон хүчний бодлого”-ын асуудлыг тусгайлан хэлэлцэж нөөц бүрдүүлэх, түүнтэй ажиллах, сонгож томилох, бас  ажлыг нь дүгнэж хариуцлага тооцох шалгуур, зарчмыг иж бүрэн зохицуулсан  дүрэм, журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх нь зүйтэй байна. Уг нь бидэнд 2005 онд баталсан, энэ тухай асуудлыг зохицуулах гэж оролдсон нэг урт нэртэй журам байгаа юм. Харамсалтай нь, түүнийг үе үеийн удирдлагууд хэрэгжүүлээгүйгээр барахгүй нэн чухал хэд хэдэн заалтыг нь илт зөрчин, өөрсдийн үзэмжээр хандсан юм. Үүний учир шалтгааныг ч олох хэрэгтэй. Зарим хүн тэр чинь Дүрэм биш, журам учраас хүчгүйдээд байгаа юм гэж хэлдэг. Дүрэм гэнэ үү, журам гэнэ үү, нэр нь хамаагүй, Бага хурлын гишүүдийн олонхиор нэгэнт батлаад  бодлого болгосон л бол хэнбугай ч түүнд захирагддаг зарчимтай болмоор байна. Ер нь гаргасан шийдвэрээ үл хүндэтгэн хэрэгжүүлдэггүй нь бидний бас нэгэн том “архаг өвчин” юм шүү. Цаашдаа, энэ тал дээр хатуу хяналт тогтоон, бие биедээ өндөр шаардлага тавьж хамт олны шийдвэрийг үл тоомсорлогч том толгойтнуудад хариуцлага хүлээлгэж хэвших нь чухал байна.

Шинэ Бага хурлаас гаргах боловсон хүчний дүрэм, журамд  намын олон түмний хэлээд байгаа дараах асуудлуудыг бас тусгаж журамлах нь зүйтэй. Үүнд:

  • Бүх сул орон тоо, тавигдах шалгуур, болон хэнийг яаж томилсон тухай мэдээллийг бүхэлд нь нээлттэй, ил тод болгох;
  • Боловсон хүчнийг аль болох шударга сонгон шалгаруулалтаар тодруулдаг байх;
  • Албан тушаалд дэвшүүлэхдээ мэдлэг, боловсрол, туршлага, улс төрийн ноён нуруу, шударга чанар, мэргэжил, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд зэргээс гадна өмнө дурьдсан орчин цагийн шинэ шаардлага шалгуурыг гол болгодог байх;
  • Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, сүлбээ, урьд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүрмөсөн зогсоох, түүнд тавих хяналтыг чангатгах;
  • Томилоод зөнд нь орхих биш, ажилд нь тусалж байнга үнэлгээ өгч, түүнээ олон нийтэд мэдээлдэг журам тогтоох;
  • УИХ, орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой  хүмүүсийг наанадаж нэг жилийн өмнө тодруулдаг болох;
  • Шат, шатны удирдагч, улс төрийн манлайлагчдыг бэлтгэх зэрэг болно.

Бид дээрх асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, бодлого болгон баталж түүнийгээ ягштал мөрдөж чадах юм бол, намын дотоод тогтвортой байдал хангагдана, буурсан нэр хүнд сэргэнэ, эрх мэдэлтнүүд дур зоргоор аашлахыг зогсооно, дарга, сайдын нөмөр нөөлөгт хоргодож амьдрагсадын орон зай хумигдана, сонгуульд амжилт гаргаж чадна.

Бат цул эв нэгдэл-нам оршин тогтнохын үндэс. Боловсон хүчний бодлого зөв зарчим, гольдролдоо орж чадвал намын дотоод тогтвортой байдал хангагдана гэсэн нь намын бат цул эв нэгдлийг хэлж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд эв нэгдэл бүх шатандаа сүрхий суларсан гэдэгтэй Та бүхэн санал нэгдэх байхаа. Удаа дараагийн сонгуульд амжилтгүй оролцсоны бас нэг том шалтгаан үүнд байгаа юм. Эв нэгдэл яагаад сулардаг вэ? гэж асуувал улс төрчид, онолчид олон зүйлээр тайлбарлах байх. Харин анхан шатанд байгаа жирийн гишүүд, идэвхтэн, сонгуультнууд энэ асуудлыг аль талаас нь яаж хардгийг би илүү сонирхдог юм. Ингэхэд дараах 6 хүчин зүйл ба шалтгаан дээр тэдний санал, бодол төвлөрч байна. Үүнд:

  1. Боловсон хүчний бодлогын алдаа завхрал;
  2. Явцуу эрх ашгаараа нэгдэж талцсан далд сүлжээ, бүлэглэлүүдийн өрсөлдөөн;
  3. Шийдвэр гаргах болон хэрэгжүүлэх шатан дахь шударга бус үйлдэл, хандлага;
  4. Намын дотоод ардчилал хумигдаж удирдлага гишүүд, дэмжигчдийн хооронд амьд холбоо тасарсан үед;
  5. Ил тод байдал алдагдаж, олон түмэнд хүргэх ёстой бодитой мэдээлэл дутагдсан үед;
  6. Удирдлагуудын хоорондох үл ойлголцол зөрчил гэсэн шалтгаан нөхцөлүүдийг илүү давтамжтай нэрлэжээ.

Эдгээрийг багцлаад авч үзэх юм бол, ер нь л шат, шатны  удирдах нөхдийн эв түнжин, зан байдал, арга барилаас шууд үүдэлтэй болж таарч байна. Намын жирийн гишүүдээс болж эв нэгдэл суларсан, ноцтой зөрчил үүссэн тохиолдол байхгүй гэж би ч бас боддог. Манай намын жирийн гишүүд бол намынхаа төлөө байнга санаа зовниж, сонгууль болоход л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, халуунд халж, хүйтэнд хөрч зүтгэж тэмцдэг, амжилт гарвал баярлаж, алдаж осолдвол гуниглаж, эвлэвэл магнай нь тэнийж, эвдрэлцвэл гутарч явдаг тийм л тэргүүний хүч байгаа юм. Ийм учраас эв нэгдэл эвгүйтэх нь  эрхэм дарга, даамлуудтай л холбоотой нь үнэн билээ. Эв нэгдэл сулрах нь зөвхөн дээрээ байгаа үзэгдэл  биш бөгөөд энэ архаг өвчин дунд, доод шатанд ч халдварлагдаж нийслэл, аймаг, дүүрэг, сум, баг, хороон дээр  хамт олныг хувааж талцуулах хандлага гарсаар байдаг.

“Тос дотроосоо өтвөл аюултай” гэдэг эртний мэргэн үг бий. Дотоодын эв түнжингүй байдал нь улс төрийн бодлогоо зөв тодорхойлж алсын хараатай зоримог шийдвэр гаргах, нэг зүг чигт хүчийг зангидах чадварыг сулруулж, бие биедээ итгэх уур амьсгалыг сарниулан, хардлага сэрдлэг, ор үндэсгүй цуурхал, хов яриа газар авах таатай нөхцлийг бүрдүүлдэг хор уршигтай билээ. Иймд бид  эв нэгдэл сулардаг талаар намын олон түмнээс анхааруулж хэлсэн дээрх 6 сануулгыг мартаж хэзээд үл болно.

Эв нэгдэл гэж их яриад байвал шүүмжлэл, дотоод ардчилал хумигдахын шинж дээ гэж зарим хүн болгоомжилдог.

Суурь үзэл баримтлалын хүрээ хязгаарын дотор бодол, байр суурийн зөрөө гарах, асуудлыг шийдэх арга зам, тактикийн талаар өөр өөр байх, бүтээлч шүүмжлэл, маргаан, мэтгэлцээн өрнүүлэх нь туйлын эрүүл бөгөөд харин эцэстээ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг, нэгэнт эцсийн шийдвэр гарсан бол түүнд бүгд захирагдан хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажилладаг байхыг жинхэнэ эв нэгдэл гэж ойлгож байна. Энэ нь үргэлж ойлголцол, зөвшилцөл, мэдээллийн нэгдмэл, ил тод байдал, бие биеэ сонсох, хүндэтгэх уур амьсгал дээр суурилдаг. Түүнээс биш хэн нэгнийг сохроор бишрэн шүтэх (фанатизм маягийн), эсхүл дарамт, шахалт, болгоомжлолд автан дуугүй гар өргөдөг хуурамч эв нэгдэл бидэнд хэрэггүй. Наанаа ойлголцсон мэт дүр эсгээд, цаагуураа “хор найруулаад” явбал хэзээ ч олигтой үр дүн гарахгүй. Тийм хүмүүс манай намд ер нь хэрэггүй. Хамгийн аюултай нь,  нутаг нуга, амраг садан, бизнесийн хүрээ зэрэг явцуу ашиг сонирхлыг тойрсон нэгдэл бөгөөд түүнээс бид ямагт сэрэмжлэх ёстой. Ийм бүлэглэлүүд хүчээ авч эхлэх юм бол, эрх мэдэл, албан тушаал, эд баялагийг хуваан, ингэснээрээ түр зуурын найрсал, зохицлыг олдог мэт боловч сууриараа хэврэг, өнөөгийн Ардчилсан нам шиг болж бид дотроосоо идэгдэх аюултай. Түүнчлэн эрх ашгийн зохистой эрэмбийн талаар манай намынхан бүрэн ойлголцож түүнийг хангах дэглэм, журмыг  тогтоох шаардлагатай.

Эхлээд Монгол эх орон, тэгээд төр, дараа нь нам, улмаар гэр бүл, хувийн эрх ашиг гэсэн эрэмбэ, дараа, ёс зүйг бид сахиж чадах юм бол, ард түмний дэмжлэгийг улам их хүлээх болно. Энэ талын хүмүүжил, сахилга, соёл үнэхээр доод түвшинд байгаа өнөөгийн эрх баригчдаас бид их сургамж авах ёстой. Ард түмнээр овоглосон Ардын нам ийм зарчимгүй хандлагыг өчүүхэн ч гаргах эрхгүй бөгөөд түүний аливаа илрэлтэй эвлэршгүй тэмцэх ариун үүрэгтэй.

    Эрхэм журмын нөхөд өө!

Сүүлийн гурван сонгуульд манай намын дэмжигчдийн санал нэлээд хэмжээгээр МАХН-д хуваагдсаны ноцтой үр дагавар, цаашдын бодлогын талаар бид ярилцаж саналаа нэгтгэх ёстой. Намын XXVI Их хурал дээр уугуул нэрээ сэргээхийн төлөө саналаа өгч байхдаа МАХН гэдэг нэртэй шинэ нам үүсч, гишүүд, дэмжигчдийн маань санал хоёр хуваагдах юм гэж бид санаагүй. Уугуул нэрээ сэргээснийг одоо ч  буруугүй гэж боддог. Учир нь нэрээ солих асуудал намын шинэчлэлийн нэг сэдэв болж сүүлийн 20 жилд Их, Бага олон хурал дээр удаа дараа яригдаж, шийдлээ хүлээж байсан асуудал билээ. Харин бид  гурван том алдаа гаргасан гэж бодож байна.

  1. Нэр сольсны дараах улс төрийн нөхцөл байдал, үйл явц намын удирдлагуудын санаж тооцоолсноор өрнөх мэт сэтгэл тайвширч /шүүх, хууль, эрх зүйн орчин бүгд баталгаатай мэт төсөөлж/ сонор сэрэмжээ алдсан юм.
  2. Энэ намын тархи толгойд явсан хүмүүс хэл амаа ололцож чадаагүй, зарим улс төрчийн гаргаж болзошгүй авир, сэдэж мэдэшгүй үйлдлийг дутуу тооцсон.
  3. Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ хоногшуулах, МАН, МАХН гэдэг нь хоёр тусдаа улс төрийн хүчин юм гэдгийг ялгаж салгаж ойлгуулах талаар маш чамлалттай ажилласан. Ялангуяа УИХ-ын сонгуулийн өмнө ахмадуудын дотор энэ хоёр нам, хоёр нэрийг сольж хольсон, будилж төөрөлдсөн хэсэг их байна гэсэн мэдээлэл  хангалттай ирж байсан боловч энэ дагуу томоохон цогц ажлыг орон даяар өрнүүлж чадаагүй юм. Ажил хариуцсан нөхөд маань үйлдвэрт хэвлүүлж, орон нутагт хүргүүлсэн бат илэрхийлэхийнхээ том, том тоог давтаж яриад байсан болохоос  түүнийг яг  гишүүн бүрт гардуулах ажил  хийгдсэн эсэхийг судалж, ялангуяа ахмад гишүүд доторх хандлага, уур амьсгал ямар байсныг мэдэрч анхаараагүй гэж боддог. Зарим газарт шинэ батлахыг явдлын хүнээр дамжуулсан, эзгүйд нь унинд нь хавчуулаад явсан зэрэг хүйтэн, хөндий хандлага гарсан шүүмжлэл их ирж байсан билээ.

Сүүлийн үед МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс хоёр намын хүчийг нэгтгэх саналыг намын удирдлагуудад шаргуу тавьсаар ирсэн.

Бид ч үүнийг анхаарч МАХН-тай орон нутгийн сонгуульд нэг эвсэл болж оролцох, Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ хамтатгах гэж багагүй хүч чармайлт гаргасан боловч нааштай үр дүн гараагүй. Үүний шалтгаан олон бөгөөд товчхон хэлэхэд, Засгийн эрхийг хамтарч барина гээд шийдчихсэн хүчнийг зам зуурт нь салгаж наашлуулна гэдэг амаргүй юм билээ. Хүчээ нэгтгэе гэдэг санаачилга, оролдлогын цаана өнөөдөр энэ хүчний толгой, цээжинд яваа нөхдийг татах гэхээсээ илүү, хоёр намын ялгааг ойлгоогүй төөрөлдөн яваа ахмадууд, улс төрийн сонгуулийн дүнгийн ноцтой үр дагаврыг сайн тооцолгүй,  “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байя гэдэг хуваах сэтгэлгээгээр ханддаг хэсэг, товчхондоо, урд өмнө манай намын идэвхтэй гишүүн, дэмжигч явсан нөхдийгээ татаж ойртуулах гэсэн бодлого агуулагдаж байсан юм. Энэ бодлого бас ч талаар өнгөрөөгүй гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед МАХН-ын дотор МАН-ын нэр дэвшигчийг дэмжих хөдөлгөөн санаачилга өрнөсөн бөгөөд зарим дүүрэг, суманд сонгуулийн сурталчилгааг хамтраад зохион байгуулсан нь хүмүүст илүү хүрч байсан.

2012 оны УИХ-ын сонгуулиар 252115 хүний буюу 22,31 хувийн санал авч байсан МАХН орон нутгийн сонгуулиар 10 гаруй хувь, саяын сонгуулиар 6,5 хувийн санал авлаа. МАХН-аас нүүр буруулсан 15 орчим хувийн тодорхой хэсэг нь наашилсан гэдэг нь ойлгомжтой. Яг хэдэн хувь бэ гэж асуувал өнөөдөр хэн ч хэлж чадахгүй боловч, социологийн судалгаа, ярилцлага, бусад тандалтаар ийм шилжилт гарсан гэдэг нь нэгэнт нотлогдсон зүйл. Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлэх хэрэгтэй юм.

Намын шинэчлэлийг эрчимжүүлье гэвэл олон түмний гүнд нэвтэрч амьд холбоо тогтоохыг бүх талаар эрмэлзэх ёстой.

Олон түмэн, гишүүд дэмжигчид, анхан шатны нэгж хэсгүүдтэй улам ойртож бодитой мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсож байх төдийгүй зөвлөж туслан итгэлийг нь олж хүрээлүүлэх, ингэснээр тэднийг гол тулгуур хүчээ болгох гэсэн санаа энд байгаа юм. Намын гол хөдөлгөгч хүч нь угаасаа гишүүд, дэмжигчид болохоос бус хэдэн дарга даамлууд биш билээ. Гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлж, тэдний дэмжлэг, хүчийг авч чадсан аливаа нам, улс төрийн өрсөлдөөнд ялдаг нь хөдөлшгүй хууль, аксиом  юм. Ингэж чадахгүй бол, намын удирдлага, олон түмний хооронд хоосон зай /вакуум/ улам тэлсээр яваандаа бүрмөсөн тасрахад хүрнэ. “Нам маань биднийг сонгууль болохоор л санадаг” гэдэг шүүмжлэл хааяагүй гардаг нь бид тэднээс хол хөндий байна л гэсэн үг.

Нам ард түмний холбооны талаар бид багагүй ярьж, номлож бие биедээ сургамжилж байсан ч, хэрэг дээрээ тэр талын арга ухаан одоо ч дутмаг хэвээр байна. Сонгуулийн үеийн уулзалтууд, сурталчилгааны нээлт, хаалт хотод ч, хөдөөд ч олон хүнийг хамарсан, өнгө хэлбэр талаасаа ерөнхийдөө цоглог, зохион байгуулалт муугүй мэт байсан ч, тэдгээрт нөгөө л гишүүд, дэмжигчдийн идэвхтэй хэсэг оролцдог юм. Бидний зорилго болгоод тавиад байсан хөвөгч хэсэг, залуучууд, нам бусчууд урьдын адил үндсэндээ гадна талд үлддэг.

Уулзалт, хурал, цуглаанаас гадна олон нийтэд нөлөөлөх янз бүрийн арга, зохион байгуулалтын хэлбэр, сүлжээг сэддэг боловч түүнээ тууштай авч явж чаддаггүй, тэгэсхийгээд унтраадаг гэм бидэнд бий.

Дараагийн сонгууль хол байна даа гэж өөрсдийгээ тайвшруулалгүй одооноос зохион байгуулалтад орж баг, хороо, гудамж, хороолол, айл өрх бүрт хүрч нөлөөлөх арга хэлбэрээ төлөвлөн тасралтгүй ажиллахад гишүүн бүр  анхаарлаа төвлөрүүлмээр байна.

Нэг үе манай хэсэг улс төрчид манай нам парламентын нам болж төлөвших ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, нам гол нь сонгуулийн үед идэвхтэй ажилладаг, бусад үед бужигнаад байдаггүй, парламент дахь бүлгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг байхыг хэлнэ хэмээн ярьж, бичиж байсан нь олон түмэн рүүгээ хандсан ажлыг сулруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж мэднэ. Энэ бол цаг зуурын нөхцөл байдалд хэт автсан, өрөөсгөл ойлголт гэдэг нь улс төр, нийгмийн урт удаан хугацааны практикаар нэгэнт нотлогдсон зүйл.

Намын хороод, НАШБ-ууд ажлаа эрчимжүүлэхийн тулд гишүүдийнхээ бүртгэлийг цэгцэлж, үнэн бодитой статистик тоотой болохоос эхэлмээр байна.

Сүүлийн үед манай намын байгууллагууд статистик тоо, хэлбэрийн үзүүлэлтүүдээр хэт их хөөцөлдсөн билээ. “МАН-ын гишүүдийн тоо гэрлийн хурдаар өсч 200 мянга хол давав”, “зургаан хүн гарахад 60 залуу элсч байна”, “Ард түмнээ сонсох аян нэг сая 200 мянган сонгогчийг хамрав” гэх мэт. Тоо чухал, гэхдээ агуулга, мөн чанар нь түүнээс хэд дахин чухал. Хамгийн сүүлчийн дүн мэдээгээр манай нам 229 мянган гишүүнтэй гэжээ.

Нэг гишүүн өөрөөсөө гадна наад зах нь нэг сонгогчийг санал өгүүлж чадсан бол дор хаяж 560 мянган орчим хүний санал авч чадах байсан жишээтэй. Тэгэхээр тэр том тоо чанар талаасаа тун бага зүйлийг илтгэж байна. Жинхэнэ сэтгэлтэй, идэвхтэй нь хэд вэ, хэдэн хувь бэ? гэвэл баримжаа тоо хэлэхэд ч амаргүй бололтой.

Тийм учраас Их хурлын дараа НАШБ-ын дарга, тэргүүлэгчид бүртгэлд байгаа гишүүн бүртээ зар хүргэж, нэгбүрчлэн уулзахыг эрмэлзэн гарсан, орсон, үлдсэнээр нь бүртгэлээ шинэчилж нэгтгээд аймаг, нийслэл, дүүргийн намын хорооддоо ирүүлье. Ингэж нэг бодитой тоотой больё. Малаа тоолж чаддаг юм, гишүүнээ тоолж дөнгөх байлгүй дээ.

Намын Их хурлын төлөөлөгчдийн болон Бага хуралд орон нутгаас орох гишүүдийн тоо, квот тогтооход л ашиглагддаг хөөстэй статистик бидэнд хэрэггүй.
Олон гишүүн элсүүлсэн хэмээн том, том тоо тавьж дүн мэдээ ирүүлдэг үүр хороог “сайн” гэж шалгаруулж урамшуулдагаа ч эргэн харъя. Гишүүн элсүүлэхдээ хатуу шалгуур тавьдаггүй юмаа гэхэд, үүрийн дарга ядахдаа зорилго, бодлыг нь сонирхож товч атугай ярилцлага хийдэг байх нь зүйтэй мэт. Хамгийн гол нь элсүүлээд мартчихдаггүй, эргэж холбогдож мэдээлэл өгч, сургалт семинарт хамруулж бас үүрэгжүүлж, боломжийн байвал боловсон хүчний нөөцөд авах, урамшуулах зэргээр тэдэнтэй тогтмол ажиллах нь чухал юм.

Тэмцэх чадвартай, зохион байгуулалттай, дайчин улс төрийн хүчин байхын тулд хэлбэрээс агуулгыг, тооноос чанарыг чухалчлан үздэг болцгооё.

Намын дэргэдэх байгууллагуудынхаа санал санаачилгыг шат шатандаа дэмжиж, тэд маань ч нийгмийн бүлгүүдийн дунд явуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр намын бодлого, зорилтыг олон түмэнд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ мэргэжил, сонирхлын бүлгэм, клуб зэрэг намыг олон түмэнтэй холбох зохион байгуулалтын бүхий л хэлбэрийг сайтар ашиглах хэрэгтэй байна.

Намын шинэчлэлд цогцоор хандахад үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийнхээ хэрэгжилтийг бодитой хангахад дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр, арга барилын шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Үүнийг дүрмээр зохицуулдаг. Чухам ийм зорилгоор дүрэмдээ 80 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулж НАШБ, гишүүдээр хэлэлцүүлсэн. Төсөл та бүхний гар дээр байгаа учир давтаж нуршилгүй дараах хэдэн зүйлийг онцолж хэлье.

  • Сонгуульт гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх талаар онцгой анхаарлаа. Үүнийг Намын дарга, намын Бага хурал, Удирдах Зөвлөлөөс  эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Аймгийн намын хорооны квотод дээрээс шахуулан байж Бага хуралд нийслэлээс багтчихаад, аймагтаа  очдоггүй, намын хороондоо тусладаггүй, тэр ч байтугай Бага хуралдаа ирдэггүй, хураамжаа төлдөггүй, хааяа нэг үзэгдэхдээ зөвхөн шүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэдэг гишүүн олон байдаг. Ийм хүмүүсийг Бага хуралд дөрвөн жил хадгалж суухаа больж, чөлөөлөөд оронд нь, ядахдаа сэтгэлтэй гишүүнээ оруулж сонгодог зарчим тогтооё гэж байгаа юм.
  • Сонгуулийн үр дүнгээр хамтын, хувийн хариуцлага хүлээх зарчим гэж зааг, ялгаатай болгож намын удирдах дээд байгууллагууд шийдвэрлэж байх талаар нарийвчлан заасан бөгөөд бүх шатанд намын сахилгыг бэхжүүлж, намын дотоод хяналтыг хүчтэй болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг дүрмийн төсөлд тусгалаа.
  • Намын хороод, НАШБ-ын үүргийг өндөржүүлэх зорилгоор томоохон өөрчлөлт оруулахаар заалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхдээ НАШБ-уудын түвшинд явуулсан гишүүд, дэмжигчдийн хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан аймаг, нийслэлийн намын хороо шийдвэрлэдэг байхаар өөрчлөв. Одоо намын Бага хурал эдэлж байгаа эрхийг ийнхүү доош нь шилжүүлэх саналтай байна. Гишүүдийн татварын хөрөнгийг бүхэлд нь НАШБ-т үлдээхээр заалаа.
  • Гишүүд, дэмжигчдийнхээ үйл ажиллагааг чөлөөтэй, өргөн хүрээтэй болгох зорилгоор намын дэргэдэх байгууллагуудын чиг үүргийг тодотгон намын дэргэд Сан байгуулах, уг Сангийн шугамаар сургалт, судалгааны болон нийгмийн чанартай бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болох нь зүйтэй гэж үзэв. Энэ ажлын хүрээнд НАШБ, намын дэргэдэх байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах боломжийг хангахаар төсөлд тусгалаа.
  • Намын Бага хурал, Удирдах Зөвлөл, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн тоог цөөлж ажил хэрэгч чанарыг дээшлүүлэх талаар анхаарав. Мөн намын Нарийн бичгийн дарга нарын тоог цөөлж, ажил үүргийн хуваарийг нь оновчтой болгох нь зүйтэй гэж үзэж байгаа болно.
  • Намын Удирдах Зөвлөл нь Бага хурлын багасгасан бүтэц мэт төлөөллийн шинжтэй болчихоод байгааг өөрчилж “бодлогын үйлдвэрлэл явагддаг намын уураг тархи” байхаар зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа.

Намынхаа дүрмийн хүрээнд ийнхүү зохицуулсан хэм хэмжээ нь өөрөө аяндаа хэрэгжихгүй.  Бас намын амьдралын бүхий л нарийн ширийнийг зөвхөн дүрмээр зохицуулах боломжгүй. Ийм учраас  хөтөлбөр, дүрэмд орж буй шинэчлэлийг сэтгэлгээ, бодит үйл ажиллагаа, арга барилын шинэчлэл шууд дагалдах учиртай.
Сөрөг хүчин байгаа өнөө үед  юуны өмнө УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагаагаар дамжуулж, эрх баригчдын үйл ажиллагаанд байнга хяналт тавих, зөв зүйтэйг нь дэмжиж, бодлогын хэрэгжилтийг нь хангуулах, алдаатай, уршигтайг нь бодитой нотолгоо, үндэслэгээтэйгээр шүүмжлэх шаардлагатай үед  шахалт үзүүлэх, хариуцлага тооцох алхмуудыг хийх үүргээ илүү сайн биелүүлэхийг олон түмэн хүсч, ажиглаж байна.

Өнөөгийн нөхцөлд  намынхаа бодлогыг УИХ дахь бүлэг, УИХ-ын гишүүдээрээ дамжуулан төрийн бодлогод тусгуулах ганц боломж л бидэнд байна.

Ийм учраас намын Удирдах Зөвлөлийн аппарат болон УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны үйл ажиллагааг нягт уялдуулах шаардлага тулгарч байна.

Манай  намын шинэчлэлийн хамгийн нарийн төвөгтэй, амаргүй хэсэг бол  үйл ажиллагаа,  ажлын арга барилын өөрчлөлт юм. Энд бэлэн жор байхгүй, байх ч боломжгүй. Тийм учраас би Намын гишүүд, дэмжигчдэд хандаж бичсэн захидалдаа гол зарчмуудыг томьёолж,  намын олон нийтээр хэлэлцүүлсэн. Тухайн үед  аймаг, орон нутгийн намын гишүүдээс олон мянган захидал, түүний дотор “Үнэн” сонинд 100 гаруй хүний 248 санал, миний өөрийн нэр дээр 200 хүний санал хүсэлт тус тус ирсэн. Эдгээр захидлын үндсэн агуулга нь намын шинэчлэлийн талаар дэвшүүлсэн санаануудыг манай намын гишүүд  үндсэнд нь  бүрэн дэмжсэнийг тэмдэглэн хэлж, тэр гишүүд, дэмжигчиддээ  талархалаа илэрхийлье!

Гишүүд,  дэмжигчид  ирүүлсэн захидлууддаа намын ажлын арга барилын шинэчлэлийн талаар хөндөхдөө: албан тасалгаанд бага сууж олон түмэнтэй их уулзах, өөрснөө зааж зааварчлахаас илүү, бусдыг сайн сонсох, мунгинатал хуралддагийг багасгаж, амьд ажлыг өрнүүлэх, алдаа гаргахаас айлгүй шинийг зоригтой туршиж байх, эцсийн шийдвэрийг явцуу хүрээнд биш олон түмний саналд тулгуурлан гаргахыг гол болгох,  санал, байр суурийн зөрөө их байгаа бол дахин дахин уулзаж ний нуугүй ярилцан ойлголцох үндсэн дээр ойртуулахыг хичээх, харилцан буулт хийж сурах, хэвшмэл хэв загвараас гарахыг хичээж байнгын эрэл хайгуулд мордох,  хатуу ч гэсэн чин сэтгэлээсээ хандаж, хэлж байгаа хүмүүсийн үгийг гоморхож, тунирхалгүй хүлээцтэй сонсож, дүгнэлт хийж өөртөө тусгаж авахыг хичээх  зэрэг үнэтэй сургаал, зөвлөгөө өгсөн билээ. Үүнийг манай намын нийт удирдах ажилтан, идэвхтэн сонгуультнууд ажилдаа сайтар тусгаж хэрэгжүүлж чадвал тэр нь том шинэчлэл байх болно.

    Төлөөлөгч нөхөд өө!

Намаа хэрхэн өөд нь татаж сонгогчдын итгэлийг хүлээсэн хүчирхэг улс төрийн хүчин болгох вэ гэдэг нэгэн үзүүрт сэтгэлээр дээрх олон асуудлыг намын олон түмнийхээ санал бодол дээр тулгуурлан энэхүү илтгэлдээ илэн далангүй дэлгэн тавилаа.

Ажил хэрэгчээр шүүн тунгааж, мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Маргаан мэтгэлцээн өрнөөсэй гэж хүсч байна. Асуудлыг шийдэх арга зам, тактик, хувилбар дээр бидний уураг тархи, санал бодол салж, ондоосч болох боловч эцсийн дүндээ улсаа, намаа гэсэн цөм дээр нэгдэж нийлэх нь ойлгомжтой. Үүнээс хойш аливаа асуудалд хандахдаа 2016-2017 оныг онилон харж бодлогоо оновчтой  дэвшүүлэн, хүчээ зангидаж, бие биеэ дэмжин хурдтай, мэдрэмжтэй ажиллаж чадвал мичин жилийн зуны сартай нэгэн шөнө манай гудамжинд галын наадам болж л таарна!


URL:

Сэтгэгдэл бичих