МАН-ын 27-р Их хурал эхэллээ

863986cbe276065eoriginalМонгол Ардын намын 27-р Их хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Их хурлыг удирдан явуулж буй тус намын гишүүн, хурал зохион байгуулах комиссын дарга Д.Дэмбэрэл хурлын эхэнд энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх ерөнхий асуудлууд, хурлын хөтөлбөрийг танилцуулав. Танилцуулснаар, Их хурлаар есөн үндсэн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улстөрийн илтгэл, Мандатын комиссын илтгэл, намын 26-р Их хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, МАН-ын дүрмийн асуудлаарх салбар хуралдааны мэдээлэл сонсох, Намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай салбар хуралдааны мэдээлэл сонсох, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилт, Намын үйл ажиллагааны шинэчлэлийн талаарх дүгнэлт, Зохион байгуулалтын асуудал зэрэг багтжээ. Их хурлаас гол хүлээлт үүсгээд буй зохион байгуулалтын асуудалд Монгол Ардын намын даргыг сонгох тухай, Бага хурлын гишүүдийг сонгох тухай, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох тухай гэсэн асуудал багтжээ. Их хурал гурван өдөр үргэлжилж, аравдугаар сарын 29-нд өндөрлөх юм.

Дашрамд, Их хурлын эхэнд МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайханы намын шинэчлэлийн асуудлаарх илтгэлийг сонсох хүсэлтийг тус хөдөлгөөний гишүүн Г.Ганбаяр дэвшүүлж, Их хурлын гишүүдээс санал хураасан боловч танхимд цугласан 1121 гишүүнээс ердөө 171 хүн дэмжжээ. Гэхдээ хурлыг даргалагч Д.Дэмбэрэл Их хурлын дундуур Т.Аюурсайханы илтгэлийг сонсох боломжтой гэдгийг илэрхийлсэн юм.

Одоо МАН-ын дарга Ө.Энхтүвшин улстөрийн илтгэл тавьж байна.


URL:

Сэтгэгдэл бичих