Ч.Эрдэнэбат: Би мөнгө хулгайлаагүй. Надад “Авар”-аас өөр компани бий

Монгол Улсад бүртгэлтэй “Авар” хэмээх компани Токио хотын Чиёода дүүрэгт 10 давхар барилга худалдаж авах болсон тухай мэдээлэл өдгөө Монгол, Япон хоёр улсыг дамнан шуугиулж байна. www.japandailypress.com цахим хуудас энэ тухай анх мэдээлж, “Пхеньяныг дэмжигч солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо буюу “Чонгрён” гэдэг байгууллага байрлаж байсан уг барилгыг дуудлага худалдаагаар борлуулахад Монголд төвтэй дээрх компани таван тэрбум иен буюу 51 сая ам.доллар санал болгож, ялжээ. Компанийн нэр, байршлаас өөр мэдээлэл одоогоор алга. Энэ компани БНАСАУ-тай холбоотой байж болзошгүй. Монголын иргэн, аж ахуйн нэгж Японы нийслэлд барилга худалдан авч байсан тохиолдол өмнө нь гараагүй. Солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо дампуурч, 62.7 тэрбум иений өртэй хоцорсон. Тиймээс 2012 оны долдугаар сард уг барилгыг дуудлага худалдаагаар зарж, өрийг нь барагдуулах шийдвэрийг Японы шүүх гаргажээ. Эхний дуудлага худалдаагаар Кагошима мужид байрлах, умард солонгосчуудтай харилцаатай буддын шашны сүм 4.5 тэрбум иенээр худалдан авахаар санал тавьсан ч, мөнгөө өгч чадаагүй” хэмээн мэдээлсэн юм.

“Avar limited liability company”- ийн ерөнхий захирал нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн ах Чуваамэдийн Эрдэнэбат. Тэрбээр өчигдөр “MN мэдээллийн төв”-д хэдхэн сэтгүүлчид сонирхсон цөөн асуултдаа хариулт авах боломж олгосон юм. Ч.Эрдэнэбат эхлээд “Одоогоос хагас жилийн өмнө Японд үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа болох гэж буйг мэдээд тэр худалдаанд оролцсон. Дуудлага худалдааны шийдвэр өнгөрсөн мягмар гаригт гарах байсан ч хойшилчихлоо. Шийдвэр гарсны дараа компанийнхаа талаар мэдээлэл өгье” гэж ярив. Үүний дараа сэтгүүлчдийн тавьсан асуулт, Ч.Эрдэнэбатын өгсөн хариултыг дор сийрүүлье.

-Японы шүүх яагаад дуудлага худалдааны шийдвэрийг хойшлуулсан юм бол?

-Япон болоод Монголын хэвлэлээр гарч буй мэдээллээс болсон байх.

-51 сая ам.доллар бага мөнгө биш. Үүнийг хэн, хаанаас гаргасан юм бэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын сантай хамтарч ажилласан.

 -УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, их аварга Д.Дагвадорж нар танай компанитай ямар холбоотой вэ?

-Миний дүүгийн нөхөр нь Д.Сумъяабазар учраас сэтгүүлчид түүнийг манай компанитай холбоотой гэж хардаж байгаа байх.

-Японд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад Асашёорюү Д.Дагвадорж туслаагүй гэж үү?

-Д.Дагвадоржоос зөвлөгөө авсан. Японы хуулийн компаниас зөвлөгөө авч дуудлага худалдаанд оролцсон. Үүнд Асашёорюү тусалсан.

-БНАСАУ-тай танай компани холбоотой юу?

-Манай компани гадаадын аль нэг улсын Засгийн газар, компани улстөрчтэй холбоогүй. Манайх цэвэр бизнесийн байгууллага. Сэтгүүлчдэд ийн товчхон мэдээлэл хийснийхээ дараа Ч.Эрдэнэбат “Өнөөдөр” сонинд тусгайлан ярилцлага өгсөн юм.

-Танай компани нэгдүгээр сард байгуулагдсанаасаа хойш ямар үйл ажиллагаа явуулсан бэ?

-Үйл ажиллагаа явуулаагүй. Одоо л үйл ажиллагаа явуулж эхлэх байх. Хөрөнгө оруулалтын төсөлд ажиллах зорилгоор энэ компанийг байгуулсан. Манай улс хөрөнгө оруулалтын хуулиуд баталж байна. Монгол Улсад мөнгө хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал тулгараад байгаа шүү дээ. Хэрвээ Японы шүүх шийдвэрээ гаргаад, манай компани тэр байрыг Гадаадын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан худалдаж авбал маш том хөрөнгө оруулалт болно.

-”Чонгрён” байрлаж байсан 10 давхар барилгад танай компани ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа юм бэ?

-Ямар ч үйл ажиллагаа явуулж болно. Жишээлбэл, түрээсэлж болно. МИАТ төлөөл өгчийн газраа тэнд байгуулж, Монголын банкууд салбараа нээж болно. Монголын нэг ч гэсэн компани гадаад оронд үйл ажиллагаа явуулбал Монголд хэрэгтэй л байх.

-Танай компанийн дансанд одоо хэдэн төгрөг байгаа вэ?

-Нэг сая төгрөг бий.

-Байгуулагдаад есөн сар болж байгаа, энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компани 51 сая ам.доллар гаргаад үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд оролцоод яллаа гэхэд итгэмээргүй сонсогдож байна.

-Би мөнгө хулгайлаагүй. Монгол Улсаас нэг ч төгрөг гаргаагүй. Гадаадын хөрөнгө оруулалтын сан надад ийм боломж олгосон. Ийм боломж их байдаг.

-Японы дүүргийн шүүх шийдвэрээ гаргалгүй хойшлуулсан гэсэн. Тус шүүх таныг шалгаж байгаа юу?

-Шалгаад явж байгаа байх. Надад мэдэгдсэн зүйл алга.

-Шүүх шийдвэр гаргах хугацаагаа яагаад хойшлуулсныг танд мэдэгдээгүй юм уу?

-Мэдэгдээгүй.

-Танд “Авар”-аас өөр компани бий юү?

-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бий.

-Тэр компани мэдээж гадаадын хөрөнгө оруулалттай биз дээ?

-Монголын уул уурхайн компаниуд дотор гадаадын хөрөнгө оруулалтгүй компани MCS-ээс өөр байхгүй. Манай компани АНУ-ын компанитай хамтарч бизнес эрхэлдэг.

-Том компаниудын хувьд тийм байх. Гадаадад ийм хэмжээний хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан Монголын компани байдаг болов уу. Та сонссон уу?

-Сонсож байсан. Номхон далайд арал худалдаж авсан гэх мэт зүйл сонсогддог шүү дээ.

-Газар нь асар үнэтэй байдаг Япон улсын нийслэлд, өөрөөсөө мөнгө гаргалгүй шахам үл хөдл өх хөрөнгө худалдан авч байгаа таныг хувь хүн талаас нь уншигчид бас сонирхох байх. Та ямар мэргэжилтэй вэ. Япон хэл эзэмшсэн үү?

-Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Япон хэл мэдэхгүй.

-Та хаана, ямар сургууль төгссөн бэ?

-Монгол Улсдаа сургууль төгссөн.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар бодлоо хэлээч?

-Сайн хууль болж байгаа. Сайн хууль батлагдаж, бизнес эрхлэгчдээ дэмжээд өгвөл Монгол Улс хөгжих, монголчууд аятайхан амьдрах боломж их бий.

Х.БОЛОРМАА inet


URL:

Сэтгэгдэл бичих