Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн асар их мөнгөний шугамыг хэн онилов
Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэсэн хэлц үг бий. Утга агуулгынх нь хувьд ухаж, түнхээд үзвэл, Орос, Хятад гэх хоёр том гүрний дунд хавчуулагдсан Монгол улсын өнөөгийн байдалтай тун ч ойрхон сонсогдоно.
Арга ч үгүй юм. Идэж, уух, өмсөх зүүх зах зээл нь урд хөршөөс, үнийн нэмэгдлийг хазаарлаж байдаг хүчин зүйлсийн нэг болох газрын тосны хэрэгцээний 98-н хувь нь хойд хөршөөс хараат байхад хавчуулагдахгүй гээд ч яах вэ. Харин ч бяцарчихаагүй нь их юм. Угтаа бол аливаа улсын эдийн засгийн 30 хувь нь ямар нэг улсаас хараат бол, тус улсыг тусгаар хэмээн нэрлэхэд хэл эвлэхгүй байх талтай. Хүн ардын сэтгэлгээ, хүсэл мөрөөдлийн тушаа байхгүйг нь эс тооцвол манай улсын эдийн засаг хэдийн хараат байдалд орчихсон.
Төр түшилцэж, тулга манасан төрийн харчууд тоо баримтаар зах зээлийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж чадах ч, урд хөршийн хилийг хэдхэн хоног хаагаад үзвэл үнэн байдал илчлэгдэх нь ойлгомжтой биз.
Тиймээс Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн буюу Монголоос гадагш чиглэлд асар их мөнгөний урсгал үүсээд Ардчилалтай нас чацуу он жилүүд хөвөрсөн гэхэд болно. Өөреөр хэлбэл, 23 жилийн өмнөх Эрээн гэх “тосгон” өдгөө манай улсын дотоодын хэрэгцээг хангадаг бүхэл бүтэн гүрэн болж хувирсан.
Гэхдээ хараа хяналтгүй энэ их мөнгөний урсгалыг замаас нь “тоншоод” ч бол-тугай эх орондоо эргэлдүүлж чадсан салбар нь тээврийн салбар. Тэр дундаа, Улаанбаатар төм зам. Гэвч 2000 оноос гараагаа эхэлсэн “Мянганы зам”-ын их бүтээн байгуулалт жилээс жилд өргөжин тэлэх бүрийд төмөр биш засмал замаар зорчигчид даруй өссөн байдаг. Өдгөө Улаанбаатар төмөр замын хамгийн их ачаалалтай, орлоготой Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд “Буухиа автобус” үйлчлэх талаар сураг сонстов. Хэдийгээр энэ нь албан ёсоор задраагүй, батлагдаагүй мэдээлэл ч Замын-Үүдэд “Авто вокзал” нэртэй байгууламж баригдаж эхлээд олон Сарын нүүрийг үзээд байгаа юм.
Харин өнөөдрийн байдлаар тус байгууламжийн гүйцэтгэл нь цаг агаарын нөхцөлөөс болж түр зогсоод байгаа гэнэ. Зам дагаж, төсөв мөнгө нь “зузаарах” учиртай Автотээврийн салбарын хувьд шинэ чиглэл гэдэг нь сайн мэдээ. Гэвч Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд үйлчилгээ явуулах буухиа автобусны эрхийг улс мэдэлдээ байлгах уу, эрх мэдэлтэн өмчлөх үү, гэдэг нь анхаарал татаж эхлэв. Учир мэдэх нэгний өгүүлснээр бол дээрх чиглэлд үйлчилгээ явуулахаар хувийн компаниуд хошуу, амаа дүрж эхэлсэн байна.
Гэвч бид энэ чиглэлийн буухиа автобусыг улсын хяналтад байлгах чухал шаардлагатай. Учир нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэл нь Эрдэнэт, Дарханыг бодвол эрэлт ихтэй шугам ч галт тэрэгнээс өөр “нийлүүлэлтгүй” олон жилийг үдсэн. Тиймээс иргэдэд буухиа автобус гэх шинэ төрлийн үйлчилгээ таалагдах нь гарцаагүй. Адаглаад цаг, хугацаа хэмнэнэ, засмал замаар зорчино гээд олон давуу тал бүрдэж байгаа юм.
Харин энэ чиглэлийн замын талаар дурдвал, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн засмал зам нь 670 км урттай. Яг өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Улаан-Уул сумаас 30 орчим км-ын цаана Хангинуурын даваа гэх газарт зам засварын жаахан ажил үлдсэнийг эс тооцвол торохгүй давхиад орох хэмжээний засмал замыг хийж дуусаад байна. Тиймээс буухиа автобус үйлчилнэ гэсэн албаны мэдээ байсан, байгаагүй энэ замаар иргэдийг зөөвөрлөх автобус явах нь эргэлзээгүй юм. Харин энэ шугамыг л бид эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй нэгэнд алдах учиргүй.
Б.Ширнэн
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: