Р.Мөнхсайхан: Би хөгшрөөгүй, унтраагүй, бүдгэрээгүй
Уг нь түүнийг хүмүүс “Рок мангас” Р.Мөнхсайхан гэдгээр нь илүү мэддэг.
Рок хөгжим, мотоцикль, саравчтай малгай, нүдний шилгүйгээр түүнийг төсөөлөх аргагүй. Тэгвэл саяхан тэрээр “Улаанбаатар” чуулгын даргаар томилогдлоо. Ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн даргатай ярилцсан юм.
-Дарга болсон гэхээр тань зангиа зүүж, албаны хувцас өмсөөд ширээний ард сууж байх юм гэж бодлоо. Гэтэл үгүй байна?
-Ажлын шаардлагаар тийм хувцас хааяа өмсөнө. Хотын захиргаа, Засгийн газрын ордонд орохдоо мэдээж уранхай жинс, том гинж унжуулаад явахгүй нь тодорхой. Өнөөдрийн ажил минь хөнгөн учраас өглөө дуртай хувцсаа өмсөөд ирлээ.
-Ажлаа аваад хэд хонож байна вэ. Юу амжуулав. Таны сэтгэлийг зовоосон асуудал хэр олон харагдаж байна?
-Дөрөв хонолоо. Хамт олонтойгоо танилцсан. Яг одоогоор сэтгэл зовоож шаналгасан зүйл алга. Яаж зөв чиг хандлага бий болгох вэ гэдэгт санаа тавьж эрэл хайгуул хийж байна. Чуулгынхан маань намайг их сайхан хүлээн авсан. “Шинэ хүн ирлээ хөгжих дэвших, сайн сайхан зүйл рүү биднийг хөтлөх болов уу” гэсэн горьдлоготой нь анзаарагдсан. Мөн 80 гаруй хүний амьдрал миний гарт байна. Тийм болохоор аливаад өнгөн талаас нь биш гүн гүнзгий ухаалгаар хандах нь зүйтэй байх.
- “ Рокмангас” “Улаанбаатар” чуулгын дарга боллоо гэхэд зарим хүн гайхсан. Та энэ албан тушаалыг яаж хүлээж авсан бэ?
-“Хүрээ соёл” гээд бодохоор яалт ч үгүй үндэсний хувцастай, дээр үеийн дүрслэл сэтгэлд бууна. Харин хотын соёл гэхээр өөр сэтгэгдэл төрж байгаа биз. Намайг энд авчирсан нь энэ хүрээ соёл гэдгийг хотынхтой жаахан ч гэсэн ойртуулаарай л гэсэн байх. Гэхдээ урлаг өөрөө агуу. Ганцхан зүйлээр хязгаарлагдахгүй. Ямартай ч би хүмүүсийн даалгавар, итгэл найдварыг биелүүлнэ гэж бодож байгаа. Урлагийнхан их хувирамтгай, хөрвөх чадвар сайтай улс. Тэгэхээр би ч өөртөө итгэлтэй байна. Эмзэглэл ч юм уу, айдас алга.
-Таны амьдралын нэг хэсэг бол яах аргагүй рок хөгжим. Харин “Улаанбаатар” чуулгад энэ төрлийн уран бүтээлч байдаггүй. Цаашид яах бол?
-Нэг хэсэг нийтийн дуу, рок поп гээд л бие биетэйгээ жаахан хагаралдлаа. Одоо өөрсдийн замаа олоод харин ч хоорондоо эвсэж уран бүтээл хийдэг болжээ. Рок, попыг үндэсний хөгжимтэй хослуулсан хамтлаг олон төрлөө. Энэ нь урлаг олон ургалч, олон нийтийн өмч болохыг харуулж байна. Жишээ нь “Алтан ураг”-ийнхан манай чуулгад ирээд уран бүтээл хийе гэвэл “Тавтай морил” гэж хэлнэ. Өвөрмөц сонин содон залуусыг байлдан дагуулах уран бүтээлчдээ дэмжиж ажиллах болно.
-Сүүлийн үед та менежер, захирал, дарга гээд л удирдан зохион байгуулах ажил их хийж байна. Уран бүтээлээ яасан бэ. Орхисон уу?
-Урлагт нэг л орсон бол гарна, орхино гэж байдаггүй юм. Хичнээн завгүй гүйж явсан ч гитараа, дуу хөгжмөө санана. Би хамгийн сүүлд “Ганган Төгс” кино зохиол бичлээ. Тэр маань удахгүй үзэгчдэд хүрэх байх. Мөн цагаан сарын тухай кино хийж байна. Гитарчин Өөжгийтэй хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг уран бүтээл хийлээ. Манай рок попынхон дуулах юм. Тэгэхээр хичнээн олон нийттэй харилцаад гүйж явсан ч дотоод дахь урлагийн төлөөх эрэл хайгуул маань алга болдоггүй. Магадгүй хэзээ ч бөхөхгүй байх л даа.
-Та олон ажил зэрэг амжуулж яваа. Баримталдаг зарчим тань юу вэ?
- Хийж байгаа зүйлийнхээ эцсийг үзэж байж л салдаг хүн дээ. Дотроо байнга бодож явна. Үр дүнг нь харахгүй бол эхлүүлээд юу хийх вэ. Юм юм сэглээд явсан бол би хэн ч биш л байна. Тэгэхээр жаахан ч гэсэн зүйлд сэтгэлээсээ хандаж байх хэрэгтэй юм билээ. Мөн урлагийн төлөө ажиллана гэдэг өөрөө их сайхан зүйл. Хэзээ ч ядарч, шантардаггүй. Ажиллах тусам, энэ зүйлд ойртож шунан дурлах тусам сэтгэл сэргэдэг.
-Урлагийн ертөнцөд хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу. Хүмүүс таны тухай тэр бүр мэддэггүй юм билээ?
-Сурагч байхаасаа л урлагт хайртай байлаа. Пионерийн ордонд хөгжим тоглодог, гитараас салдаггүй хүүхэд байсан. Тэгээд ЗХУ-ын театрын сургуулийг төгссөн. Ирээд хүүхэд залуучуудын театр, үндэсний телевиз, Жи интертаймент гээд олон газар ажилласан. Тайзан дээр хөтлөгч, зарлагч хийж явлаа. Тайзны ард бол найруулагч, зохиолч гээд л миний оролцоо мундахгүй. Хүмүүст танигдах тал дээр би олон зүйл хийгээгүй ээ.
-Гэхдээ арын алба гэдэг хүмүүст танигдахгүй атлаа тухайн уран бүтээлийн гол цөм нь байдаг шүү дээ?
-Тэр ч үнэн шүү. Нэг дуу бүтээхэд хөгжмийн зохиол, найруулга, шүлэг гээд 10- 20 хүний хөдөлмөр орно. Гэхдээ дуучин нь л олонд танигддаг. Тэглээ гээд арын албаныхан гомдохгүй. Хийх гэж тэмүүлсэн, хүссэн зүйлээ хийсэн учраас эргээд уран бүтээлээсээ таашаал, урам зоригоо аваад явна.
-Урлагийн гэгээн ертөнцөд 20 гаруй жил амьдарчээ. Энэ он жилүүдээс авсан, мэдэрсэн үнэт зүйл нь юу байв?
-Энэ талаар ер бодож байгаагүй юм байна. Гэхдээ урлаг гэгээн сайхан атлаа их хатуу ертөнц юм гэдгийг ойлгосон. Хүнд урлагт зүтгэх тодорхой цаг хугацаа байх хэрэгтэй юм шиг. Цаг нь болохоор “баяртай” гээд явчихдаг. Тийм л зоригтой байх хэрэгтэй. Гэхдээ бид урлагт автаад гарч чаддаггүй. Тэгэхээр урлагт маш нарийн вирус юм. Миний урлагт зүтгэсэн он жилүүдийн алдаа нь ч гэсэн үнэ цэнэтэй санагдаж байна.
-“Уулыг цас эрийг нас дарлаа” гэж ярьдаг. Танд ямар нэгэн зүйл мэдрэгдэж байна уу?
-Би энэ талаар одоохондоо бодоогүй байна. Өөрийгөө хөгшрөөгүй, унтраагүй, бүдгэрээгүй байгаа л гэж боддог. Гэхдээ хүн нас нэмэх тусам сайхан болдог шүү дээ. Үйл хөдлөл нь удаашраад, үг нь ч хүнд даацтай тусна. Уран бүтээлийн тал дээр мэдээж Ромео юм уу Жулеттагийн дүр олдохгүй. Энэ жаахан харамсалтай юм. Цаг хугацаа намайг элээж, би ч цаг хугацаатай уралдаж явна.
-Гадаа навчис хаялаад намар цаг зарим хүнд уйтгар гуниг авчирдаг. Танд ямар мэдрэмж төрдөг вэ. Сэтгэл хөдлөл, догдлолын тухайд та ямар хүн бэ?
-Өвөл болоод цас хайлахаар, хавар болж шувууд жиргэхээр хүмүүс ямар сайхан юм бэ гэж ярьдаг. Харин надад цасан болон шороон шуурга шуурах таалагддаг. Нүд амаа боогоод шуурганы өөдөөс явахад сансар дээр яваад байгаа ч юм шиг сүртэй мэдрэмж төрнө.
Мөн би хоолны нэвтрүүлэг удаан хийсэн. Надад идэж чаддаггүй ямар ч хүнсний бүтээгдэхүүн байдаггүй. Манай ээж намайг хоолонцор гэдэг байлаа. Тийм хүмүүс амьдралдаа ч тэгж ханддаг. Жишээлбэл эсрэг хүйстнээсээ ямар нэгэн аятайхан зүйлийг хамгийн эхлээд олоод харчихна.
-Таны “Нандин шүтээн” дуу хүмүүст их хүрсэн. Дууны утга санааг яаж олсон юм бэ. Амьдралд тохиолдсон юм уу, эсвэл сэтгэлийн эмзэглэлээс тань төрсөн үү?
-Захиалгаар бичсэн дуу байгаа юм. Би өөрийнхөө амьдралыг зохиол, шүлэг болгоод байвал урлагийн утга алдагдана. Ц.Батчулуун бид хоёр ярилцаж байгаад л хийчихсэн. Түүнээс онгодоор, эмзэглэлээр хийгээгүй. Гэхдээ хүмүүст сайн хүрсэн шүү.
-Та цаг хугацаатай уралдан амьдарч байна гэж хэлсэн. Мөн нийгэм маань жаахан бухимдалтай байна гэдэг. Эрч хүч, тайтгарлыг хаанаас авдаг вэ?
-Эмэгтэй хүнээс л эрч хүч энергийг авч байна. Хүний ертөнцийн жам юм шүү дээ.
-Таны амьдралыг мотоциклиэс салгаж боломгүй санагддаг. Салхи татуулан хурдалж байхад сайхан мэдрэмж төрдөг биз?
-Монгол цустай хүн болоод ч тэр үү, мотоциклио унаад салхи татуулаад явж байхад маш сайхан мэдрэмж төрдөг. Хөдөөнийхөн бол түлхүү унадаг болчихсон. Англи хэлэнд мотоцикльтой хүн болоод морьтныг адилхан “rider” гэж хэлдэг шүү дээ. Нэг нь төмөр хүлэг, нөгөө нь амьтай ч хоёулаа адилхан гэж ойлгодог. Анзаарч байхад монголчууд мотоциклио хүлэг гэдэг утгаар нь морь шигээ санаж харьцаж, ярьдаг.
-Та хэр олон мотоцикльтой вэ?
-Ганцхан мотоцикльтой. Манай орны нөхцөлд зуны гурван сард л мотоцикль унах боломжтой байдаг болохоор цуглуулаад байх шаардлага байхгүй.
Т.Батсайхан
URL: