Ж.Мөнхбат: Би итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай зогсоно
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.
-Яриагаа саяхан таны Э.Бат-Үүл даргад бичсэн ил захидлаас эхлэх үү? Яагаад ийм захиа бичих болов? С.Эрдэнээ гуайн Н.Энхбаярт бичсэн шиг хийцтэй юм билээ.
-Би Э.Бат-Үүл гэдэг хүнийг Монголын шилдэг сэхээтний удам угсаа, ардчиллын дүр төрх гэж ойлгож хүндэтгэдэг байсан юм. Харамсалтай нь хотын дарга болсноосоо хойш хийж буй үйлдлүүдээрээ нөгөө их яриад байдаг ардчиллынхаа үнэ цэнийг үгүйсгээд байгаа болохоор сэтгэл дундуурхан байдаг болсон. Хотын газар, барилгын тендерийг төрсөн хүүгийнхээ компанид өрсөлдөөнгүйгээр олгосон жишээг хүн бүхэн мэдэж байгаа. Монголын мундаг том зохиолчийн гэрт төрж, соёл урлагийн үнэ цэнийг мэдэрч өссөн атлаа соёлын өв, урлагийн бүтээл, уран бүтээлчийн сэтгэлгээний эрх чөлөө рүү эрээ цээргүй халдаж байгааг нь хараад урам хугарсан. Д.Нацагдоржийн ч байна уу, Д.Сүхбаатарын ч байна уу хөшөө дурсгал гэдэг өөрөө урлагийн бүтээл. Нөгөө талаасаа тухайн цаг үеийнхээ үнэ цэнэ болж үлдсэн байдаг. Юм л бол буулгана, нураана гэж түүх рүүгээ нулимж болохгүй. 1921 онд ардын хувьсгал хийж, улс орноо тусгаар тогтнуулж, сэргэн мандуулж, босгож ирсэн өвөг дээдэс байгаагүй бол өнөөдөр Э.Бат-Үүл хотын дарга, улсын баатар гэж цээжээ дэлдэхгүй байсан нь тодорхой. Хөшөөг нь буулгаж, талбайг нь өөрчилж болно, харин ард түмний зүрх сэтгэлд сүндэрлэсэн хөшөөг хэзээ ч нурааж чадахгүй л байхгүй юу. Энэ хоёр хүний гавьяаг ганц хөшөө, алга дарам газраар үнэлэхгүй шүү дээ. Түүх түүхээрээ, үнэн үнэнээрээ л үлдэнэ. Ингэж ард түмний үнэт зүйлийн эсрэг юм хийгээд байгаа болохоор хотын дарга гэдэг хүний үнэ цэнэ ч өөрөө унаж байна.
-Ер нь сүүлийн үед юм л бол буулгана нураана, барина хорино гэдэг болчихсон юм биш үү?
- Өнгөрсөн рүү гээ нулимж, өрсөлдөгчөө хэлмэгдүүлж, өөрсдийгөө дөвийлгөхийг би ардчилал гэж бодохгүй байна. “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг баахан л дураараа дургиж байна даа, энэ эрх баригчид. Баян айлын эрхийн тэнэг хүү эцгийнхээ буян дээр тонгочиж тонгочиж, алдсан хойноо тархиа шаадаг шиг юм болох вий л гэж бодох юм. Барина хорино, хална солино, хураана нураана л гэдэг болж. Ардчилал гэдэг чинь айдас, дарамт хоёр юм болов уу гэж бодогдож эхэллээ шүү.
-Шинэчлэлийн Засгийн газар чинь шинэчлэл хийгээд байгаа гэж ярьж байгаа шүү дээ.
-Аливаа юм шинэчлэгдэлгүй яахав. Шинэчлэл гэдэг чинь угаасаа цаг хугацааны асуудал. Хүн ч гэсэн хуучин хүрмээ сольж шинэчилдэг л биздээ. Гэхдээ ядарсан орлоготой зүдэрсэн ардынхаа цалин тэтгэврийг нэмэхгүй хэрнээ халаасыг нь хоосолж, өч төчнөөн татвараар дарахыг шинэчлэл гэдэггүй байх аа. Хуруу хумсаа хуйхалж олсон хэдэн төгрөг нь мөнгө биш цаас болохыг, ах дүүс, хүргэн базаа төрийн өндөр албанд томилж төсвийн мөнгө халааслахыг, бонд нэртэй өр тавьчихаад хувийнхаа компаниудад хувааж өгөхийг шинэчлэл гэдэггүй байх. Магадгүй би хэтэрхий нэг талаас нь хараад байж мэдэх юм. Гэхдээ аливаа юманд зарчим гэж байх ёстой. Би их сургуулийн улстөр судлалын анги төгссөн хүн. Улстөрийн шинжлэх ухаанд ардчилал гэдэг юмыг арай өөрөөр л заадаг юм даа. Энгийнээр бол ард түмэн амьдрал сайхан болж, айдас дарамтгүй, эрх чөлөөтэй байхыг ардчилал гэж ойлгодог. Дүр эсгэсэн ардчиллын тухай ярьцгааж байна. Наанаа сайхан ярьчихаад цаанаа муу муухай бүхнийг хуйвалдаж хийхийг дүр эсгэсэн ардчилал гэж ярьдаг юм байна. Мьяанмарын хүний эрхийн төлөө тэмцэгч Ан Сан Су Чи Монголын ардчиллыг дүр эсгэсэн ардчилал гэж дүгнээд явсан.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаар 21 аймгаар явж ажилласан. Саяхан зүүн гурван аймгаар яваад ирлээ. Ард түмэн юу гэж захиж байх юм?
-Сүүлийн үед ард түмэн улстөрийн гоё бэлэн амлалт, хачиртай пааланжсан цахилгаан төлөвлөгөөнүүдэд эргэлзэж эхэлсэн нь ажиглагдсан. Дарга нар албан тасалгааныхаа шагайвчаар харж, зөвхөн дөрвөн уулын дунд амьдрал буцалдаг мэт ойлгож байна. Гэтэл Монгол Улсын алс баруун, зүүн хязгаар, говь хангай, хөдөөд асуудал тэс өөр байна. Эдийн засаг талаас нь харахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан, шатахуун гэх мэт бүхий л зүйлсийн үнэ өссөн. Оюутан хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр нэмэгдсэн гээд ард түмний нуруун дээр дарамт болж ирж байгаа зүйл олон байна. Ажлаас халагдсан олон аав, ээж хэдэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яах вэ. Хүйтний ам наашилж байхад энэ өвлийг яаж барах вэ гээд зутруухан явж байгаа нь үнэн. Итгэл эхлээд цөхөрдөг тэгээд сөхөрдөг гэдэг үг байдаг даа. Тэгвэл олны итгэл цөхөрсөн, одоо сөхрөхөд ойрхон болжээ. Ардчиллыг хэн нэгэн хүний, аль нэгэн намын хувийн өмч мэтээр хандвал үнэхээр аюултайг бид харж байна. Төрд сэтгэлтэй, мэдлэг туршлагатай хүмүүс хэрэгтэй. Ийм л хүмүүс төрийн ачаа, улс орон, ард түмний хувь заяа үүрч явдаг. Өнөөдөр энэ ачаагаа үүрч чадахгүй олон хүн төрд шургалчихаж. Төрийн албан хаагчдыг улстөрийн шалтгаанаар хоморголон халдаггүй, намын харьяаллаар аливаа асуудалд ханддаггүй, тендер будлиантуулдаггүй, ард түмний татварын мөнгөнөөс хумсалдаггүй байх ёстой гээд хууль ёсны шударга зарчмыг ярьж тунхагладаг хүмүүс засаглал авснаас хойш үүнийхээ яг эсрэг явж байна. Өнөөдөр Монгол Улс жинхэнээсээ нам төвтэй, дарга төвтэй улс болчихлоо. Уг нь бол иргэн төвтэй байх ёстой. Эрх барьж буй намын фракцуудын эрх ашиг улс орон, ард түмний эрх ашгаас дээгүүр тавигддаг болчихлоо. Үүнийг болиулаач гэж байна. Оюутны 70 мянган төгрөгийг өгөхөө болих гэж байна. 2012 оны сонгуулиар хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг 50 мянган төгрөг болгоно гээд ярьж байсан. Энэ мөнгө чинь дүнсэн тамхи, ганц талхаа яая даа гэж байсан хүмүүст нэмэр болж байсан юм байна. Энэ мэт олон зүйлээс болж ард түмэн эрх баригчдад эргэлзээд эхэлсэн нь мэдрэгдлээ. МАН арай тулхтай, нуруутай нам юм даа гэдгийг хэлж байна.
-МАН засгийн эрх барьж байхад АН-ын зүгээс мөн л иймэрхүү зүйлсийг хэлдэг байсан. Энэ зүгээр цөөнх болсон намын улиглал юм биш үү. Ажил хийх гэж ядаж яваа АН-ынхныг Ардын намынхан арай л их өөнтөглөөд байна уу даа гэсэн зүйл ажиглагдах боллоо?
-Өөнтөглөөд байх зүйл юу байхав. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг дээ. Ардын нам 12 жил төр барихдаа алдсан, оносон зүйл байгаа л байх. Улстөрийн нам гэдэг чинь хүмүүсийн итгэл үнэмшлийн нэгдэл шүү дээ. Хаана ч хүн л ажилладаг тул тодорхой хэмжээний алдаа дутагдал байж л таараа. Үүнийг би үгүйсгэхгүй. Хамгийн гол нь алдаагаа засдаг, түүнийгээ дахин давтдаггүй байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрч, уучлал гуйж чаддаг байх ёстой. Энэ чинь улстөрийн том соёл, үнэлэмжийн асуудал байхгүй юу. Үнэхээр болохгүй байгаа бол түүнийг хэлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. Олон мянган төрийн албан хаагчдыг намын харьяалал гэдгээр нь, шинээр ирсэн хэн нэгэн даргад таалагдсангүй гэдгээр нь ажлаас хална гэдэг тэгш эрх, шударга ёсны зарчим биш. Оронд нь ах дүүгээ, хүргэнээ аваачиж тавиад төрийн ажил явуулна гэдэг бүр ч байж боломгүй асуудал. Дээрээс нь Монголын төр өс хонзон өвөрлөдөг төр болон хувирч байна. Хичнээн олон хүмүүсийг хэлмэгдүүлж, ардчиллын хичнээн олон үнэт зүйлийг уландаа гишгэж байна вэ. Өвөрхангайн сонгуулийн жишээг хар л даа. Олон хүн үүнийг эсэргүүцэж хөхөө өвлийн хүйтнээр Сүхийн талбай, Арвайхээрийн гудамжинд хүртэл жагслаа. Би ч тэдэнтэй хамт байсан. Ард иргэд нь сум, аймаг, улсаараа эсэргүүцэж байхад шүүхээр далайлгаад сонгогдоогүй хүнийг Их хурлын гишүүн болгочихож л байна. Өнөөдөр Монголын шүүх, цагдаа, прокурор, хүчний байгууллага эрх мэдэлтэнд, банкны захирал, архины үйлдвэрийн эзэнд үйлчилдэг болчихож. Энэ бүгдийг хэлэхгүй байх аргагүй юм. Сүүдэр нь их л хортой тусна даа. Ялагдлын энэ цаг хугацаанд Ардын нам эрх барьж байхдаа алдсан алдаанаасаа суралцаж байна. Өнөөдөр МАН-ын хувьд хүнээр бол рентгений зургаа авахуулах, өвчнөө оношлох, түүнийгээ эмчлэх, эмчлэгдэхгүй эрхтэнтэй болсон бол тэр эрхтнээ солих асуудлуудаа ярих, ухаарах цаг хугацаа юм.
-МАН-ын XXVII Их хурал болох гэж байна. Уг хурлын үйл ажиллагааг намын гишүүд дэмжигчид гэлтгүй Монголын ард түмэн чих тавин чагнаж байгаа. Танай нам улс төрийн голлох хүчний хувьд хэрхэн шинэчлэгдэх бол гэсэн хүлээлт бий. Таны харж байгаагаар намын Их хурлаас ямар асуудлуудыг шинэчлэн шийдэж, ард түмэнд хэрэгтэй ямар шийдвэр гарах бол?
-Улс төрийн намын шинэчлэл гэдэг тасралтгүй үргэлжлэх процесс юм. 1990-ээд онд хэсэг залуус намын шинэчлэлийн давалгааг эхлүүлж байсан. 2000 он гараад өнөөдрийн намын дарга маань намаа шинэчлэхийн тулд жигүүр байгуулж байсныг санаж байгаа байх. Шинэчлэл хийнэ гэдэг нь хүн солих, хэдэн хүн рүү муу муухайгаа чихэх, хэсэг хүмүүсийн гоё сайхныг магтах асуудал биш. Зарчмын шинэчлэл хийх хэрэгтэй. Манай намын зарчим, хүрэх зорилго, харагдах өнгө, өнцөг, үнэр, амт нь тодорхой ёстой. Ардын нам гэдэг брэндийг хэрхэн олон түмэнд хүргэх вэ гэдэг асуудал яригдана. Олон шатны сонгуулийн үр дүнгээс харахад Ардын намд итгэх ард түмний итгэл буураагүй байна. Харин ч сонгууль бүрт нэмэгдэж байгаа. Гэхдээ бид ялагдсан уу гэвэл ялагдсан. Ялагдалдаа бодитой дүгнэлт хийх ёстой. Эрх ямбыг нь эдэлж чадсан бол хариуцлагаа үүрч чаддаг системийг тогтоох хэрэгтэй. Тоглоомынхоо дүрмийг тодорхой болгож, шинэчлэх хэрэгтэй. Ямар дүрмээр тоглох нь мэдэгдэхгүй байж тоглоом тоглоно гэж байхгүй. Сагсан бөмбөг, хөлбөмбөг хүртэл өөр өөрийн гэсэн дүрэмтэй байдаг биз дээ. Үүнтэй агаар нэгэн юм. Бид улс орныхоо ирээдүйг тодорхойлсон хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэж батална.
-Танай намын хүний нөөцийн асуудал эмзэг байгаа юм биш үү?
-Манай намын өөр нэг асуудал нь яах аргагүй хүний нөөц. Сонгуультан гишүүд, энэ намын эрх ямбыг эдэлж буй бүх хүмүүст хүлээх хариуцлага, үүрэх ачаа гэж бий. Ачаагаа даахгүй байж эрх ямба эдлэх гээд байгаа бол уучлаарай гэж хэлж сурах хэрэгтэй. Улстөрийн намын эцсийн зорилго сонгуульд ялах л байдаг. Ардын нам ялаад байгаа бол болж байна. Сонгогчид А үнэлгээ өгч байгаа хэрэг. Гэтэл өнөөдөр манай намын үнэлгээ эсрэгээрээ байна. Тэгэхээр бид сурлагын чанар юунаас болоод муудаад байгаа талаар ангийнхаа хурлаар сайн ярилцаж, засах хэрэгтэй. Намынхаа хурлаар салам зодолдоосой, гэрээ нураагаасай гэж, түүнийг нь алгаа ташин хүлээж авах хүмүүс ч байна. Энэ удаагийн Их хурал хүмүүсийн тиймэрхүү бах тавыг хангасан хурал битгий болоосой. Харин хүмүүсийн хүсч буй өөдрөг, итгэл, тэмүүлэл, шинэ өнгө, үнэр, амттай, шинэчлэл ханхалсан тийм хурал байгаасай хэмээн хүсэж байна. Манай намд хүний нөөц, хариуцлагын тал дээр олон жил бугшсаар ирсэн тэр бэтгийг хага татаж шахах ёстой.
-Сүүлийн үед танай намынхан янз бүрийн хэл аманд их орох боллоо? Энэ нөгөө хүний нөөцийн асуудалтай холбоотой юу?
-Гэнэтхэн хэн нь мэдэгдэхгүй нөхдүүд дарга сайд болоод явчихдаг. Дараа нь хэрэг төвөгт орооцолдчихсон, намын нэр хүндийг шаварт хутгачихсан байдаг. Хэдхэн хүний сэтгэлгүй байдал, шуналаас болж бүхэл бүтэн нам, олон мянган хүний нэр төр, итгэл, үнэмшил сэвтэж байна. Цаашлаад энэ нь намд ч тэр, улс оронд ч тэр буруу жишиг тогтоож байна. Харин одоо зөв жишиг, зөв зарчим тогтоох хэрэгтэй. Хариуцлагыг нь ухааруулж, мэдрүүлж, үүрүүлж чаддаг, болохгүй бол хариуцлага тооцож чаддаг болох ёстой. Цахилгаан шатаар гэрлийн хурдаар шат ахидаг, крандуулж албан тушаалд очдог байдлыг таслан зогсооно.
-Ардын намын залуус сүүлийн үед ахмад үеэ үгүйсгэх маягийн зүйлс ажиглагдаад эхэлсэн дээ?
-Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Улс орны ачааг үүрч чадлынхаа хэрээр зүтгэж ирсэн хүмүүсээ үгүйсгэж болохгүй. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж их үнэн үг шүү. Өнөөдөр парламентад хэн сөрөг хүчний дуу хоолой болж байгаа юм бэ, нөгөө л Нямдорж шүү дээ. Саяны ерөнхийлөгчийн сонгуулиар 21 аймгийг бүтэн тойроход хэн ихэнхэд нь хамт явав, нөгөө л Лүндээжанцан, Дэмбэрэл нар байсан. Намын дарга маань чадлаараа л зүтгэлээ. Тэднээс суралцах юм маш их байна. Гэхдээ ирж яваа цагийн салхийг бас яаж ч болохгүй шүү дээ. Хаврын ногоог тасдсан ч ургана, тайрсан ч ургана гэдэг дээ. Спортод хүртэл үе гэж нэг юм бий. Ардын намд хавар болж байна гэж би бодож байгаа. Сая манай нам сонгуульд ялагдаж нэг хэсэг цас зуд болох шиг боллоо. Удахгүй цэцэг ногоо дэлгэрнэ. Тиймээс хаа хаанаа үүнийгээ хүлээн зөвшөөрч ойлголцох хэрэгтэй. Тэгээд л цаашаа явцгаана даа.
-Та яриандаа хариуцлагын тухай дурдлаа. Намын их хурлаар намын хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрөө хэлэлцэх нь ойлгомжтой. Хариуцлага алдсан намын удирдлагуудад хариуцлагыг нь тооцох хэрэгтэй хэмээн залуус зунжингаа л бааллаа. Үүн дээр ямарх байр суурьтай байгаа вэ?
-Би хариуцлагыг хоёр янзаар ойлгодог. Эхлээд хүн хариуцлагаа ухамсарлаж, ачаагаа үүрсэн шиг үүрэх ёстой. Ухамсарлаж чадахгүй, үүрч чадахгүй байгаа хүмүүст харин хариуцлага тооцох ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа залуучууд шинэчлэлийн асуудлаар өргөх бичиг барьж Удирдах зөвлөлийн хуралд орж ирсэн. Хоёр сонгуульд дараалан ялагдсан болохоор хариуцлагаа үүрчихье гээд намын Удирдах зөвлөлийг би огцрохыг уриалсан. Намын шинэчлэлийг нөхөдтэйгөө эхнээс нь санаачилж хамт явсан. Авч чадсан бол өгч чаддаг зарчим байх ёстой.
-Намын ахмадууд залуусын гаргаж буй санал зөв. Гэхдээ намыг цаашид аваад явчих хэмжээний хүмүүс бий бил үү гэдэг дээр эргэлзээд байх шиг. Сандал суудлын төлөө намын хурлыг зохион байгуулж мэт өрөөсгөл ойлгож болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан даа?
-Энэ хоёр талтай юм аа. Манай нам 90 гаруй жилийн түүхтэй. Ах захтай, эрэмбэ дараатай нам. Үүнийгээ алдаад байгаа ч юм алга. Хэдэн залуучууд гарч ирчихээд ахмадуудаа түлхэж унагачихаад сандал ширээ бүх зүйлийг нь булааж авах гээд байгаа юм биш. Удирдлагын асуудал яригдаж байгаа юу гэвэл яригдаж байгаа. Цаг хугацаа өөрөө лидерийг төрүүлдэг. Цаг хугацаа лидерийнхээ бодлого, зарчим, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дагаж хөтлөгддөг, хөгждөг. Хүн төрөлхтний түүхийн хөгжлийн бүхий л үед ийм л байсан. Ардын нам бусадтай харьцуулахад арай илүү ухаарсан гэж бодож байна. Энэхүү ухаарлаа одоо бодит ажил болгох, хэрэгжүүлэх шаардлага байгаа юм. Бид илүү холыг харж дотооддоо ойлголцох ёстой. Мөн ямар хүмүүс ямар баг үүнийг хийх вэ гэдэг дээр гурван үеийн алтан зарчим яригдана. Бидэнд дадлага туршлага, мэдлэг боловсрол, эрч хүч, зориг зүрх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бүгдийг зөв хослуулах нь чухал. Намын шинэчлэл гэдэг дарга цэргийн төлөөх тулаан биш. Үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Ажил хийе, асуудал шийдэлцэе гэж зориглож байгаа залуусыг боль гэж болохгүй биз дээ.
-Ардын намд одоо ямар хүмүүс хэрэгтэй вэ?
-Бидэнд сэтгэлтэй хүн хэрэгтэй. Түүнээс биш нам ялахаар албан тушаал, хэдэн төгрөг горилж ирдэг, сонгуульд нам нь ялагдаад ядрахын цагт хаяад явчихдаг тийм амьтад хэрэггүй. Тэдэнтэй, тэдэнгүй Ардын нам сэргэхээ л сэргэнэ. Хаа байна, тэр олон гялгар сайд дарга нар. Хаа байна тэр олон бялдуучид. Зовох цагт нөхрийн чанар танигдаж байгаад харин олзуурхаж байгаа шүү. Өнөөдөр намынхаа төлөө, хамт олныхоо шийдвэр, үнэт зүйлийн төлөө тэмцэж чаддаг тэмцэгч хэрэгтэй. Шаардлагатай бол өөрийгөө золиосолж ч чадах эр зоригтой хүн л ачаа үүрнэ. Бас намын удирдлагад шударга өрсөлдөөн хэрэгтэй. Бид намын дотоод ардчилал, шударга өрсөлдөөнийг хамгийн нэгдүгээрт тавих ёстой. Тэгэхгүй юм бол энэ нам шинэчлэгдэхгүй. Намын шинэчлэлийг, энэ олон хүний ирээдүйг наймаалцах юм бол жинхэнэээсээ гал гарах байх даа.Хэдхэн хүнийг баастай бурхан шиг тахьдаг явдал үеээ өнгөрөөсөн. Бүх хүнд тэгш боломж олгох хэрэгтэй.
-Таныг УИХ-ын гишүүн М.Энхболдтой дөрөө харшуулан намаа авч явна хэмээн нийтлэлүүд гарч байна. Танай намын дараагийн лидер хэн юм бэ?
-Тийм нийтлэл гарсан л байна лээ. Намын даргад нэр нь явж байгаа хүмүүсийг улстөрд чанагдсан цаг хугацаа, хувь хүний араншин, мэдлэг боловсролоор нь үнэлэх хэрэгтэй. М.Энхболд дарга намын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн байна лээ. Гол нь хүнд цаг үед ачаа үүръе гэж байгаа сэтгэлтэйд нь тэр хүнд талархах хэрэгтэй. Ер нь намд сэтгэлтэй хүмүүс л хэрэг болдог юм шүү дээ. Өөр хүмүүс болно гэвэл шударгаар өрсөлдөнө л биз. Их хурлын л шийдэх асуудал. Өнгөрсөн замынхаа өргөс бүхнийг түүж чаддагүй юм аа гэхэд нэмж өргөс тариад байдаггүй, хамтдаа халтайж явсан хэдэн бор нөхдөө хаядаггүй, ачаа даах чадвартай, зарчимтай тийм л хүн намын удирдлагад гарах нь зүйтэй. Намын эв нэгдлийг зангидаж чадах хүн л хэрэгтэй.
-Тэгвэл Ерөнхий нарийн бичгийн даргад ямар хүн байх ёстой юм бэ?
-Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр айл гэрээр яривал аав, ээж хоёр нь юм. Энэ хоёр хүн нэг зүг рүү харж, нэг зүг рүү алхаж чаддаг, хамгийн гол нь гар сэтгэл нийлдэг байх нь чухал. Аав, ээж хоёр нь хэрэлдээд хоёр тийшээ хараад суучихдаг. Хэдэн муу хүүхэд нь хэнийх нь талд орохоо мэддэггүй, яваад орохоор цай ч үгүй, царай ч үгүй яндан нь холхиж зэвхий даасан айл шиг байж болохгүй. Бие биеэ нөхөж чаддаг, нэг нэгнийхээ төлөө явж чаддаг тийм л байх ёстой. Шаардлагатай гэвэл гал үүрч чаддаг байх хэрэгтэй. Манай намд дутагдаж буй нэг том зүйл нь тэмцэх чадвар гэж боддог. Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Нямдорж гишүүн олон удаа хэлж байсан. Манай нам тэмцэх чадвараа алдлаа гэж. Бид эрх барьж байсан бол өөр хэрэг. Сөрөг хүчин болсон үед хүссэн хүсээгүй тэмцэж л таарна. Гал үүрэх, гадаа гандаж, хөдөө хөхрөх, хатуу ширүүнтэй тулах шаардлага тулгарна. Таван үг эвлүүлээд хүнд хүргэчихдэг байхаас авахуулаад хатуу зөөлөн аргыг хамсан хэрэглэх гээд олон юм бий. Ерөнхий нарийн бичгийн даргын баримтлах зарчмууд гэж байна л даа.
-Тэр нь таныхаар юу вэ?
-Генсекийн мөрийн хөтөлбөр гэж юу байхав дээ. Намын дарга нь нэг мөрийн хөтөлбөтрэй, генсек нь нэг мөрийн хөтөлбөртэй бол өөр өөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд жинхэнэ жонхуу болно биз дээ. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга хүний баримтлах зарчим гэж байнаа. Ерөнхий дарга хүн гэдэг намын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх ёстой. Тэнд генсек гэдэг хувь хүний ямар ч эрх ашиг, амбиц байж болохгүй. Эрх ашиг, үнэт зүйлийн төлөө хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж чаддаг уян хатан чанартай байх хэрэгтэй. Ардын намд хэрэгтэй хүний нөөцийн хэдэн зарчим байх ёстой. Олон жил энэ намын төлөө тавхайгаа эргэтэл, таван төгрөгөө дуустал халтайтлаа зүтгэсэн нөхдөө ямагт дээгүүр хүндлэх учиртай. Намын төлөө явж байгаад хэлмэгдсэн, хилс хэрэгт гүтгэгдэж, дээрэлхүүлж, доромжлуулж буй хүмүүсээ хамгаалж, өмгөөлж чаддаг байх хэрэгтэй. Харин амин хувийнхаа эрх ашгийн төлөө явж байгаад асуудалд орвол уучлаарай гэж хэлж чаддаг байх ёстой. Мөн намын генсек гэдэг ямар нэгэн барьцаагүй хүн байх ёстой. Даргын цүнхийг барьж, архи хундагалж явсаар албан тушаал ахиж дарга, сайд болдог асуудал дахин битгий давтагдаасай гэж бодож байна.
-Барьцаагүй хүн гэдгээ тодруулахгүй юу?
-Хүний өмнөөс үг хэлж чадахгүй, хөдөлж чадахгүй цаанаа мөнгөний ч юм уу, хэсэг бүлэг хүний ч юмуу, хууль бус ямар нэгэн юмны нөлөөнд орсон барьцаатай байж болохгүй. Ерөнхий дарга нь барьцаалагдаад эхэлбэл энэ нам хаашаа явах юм бэ. Хууль бус ямар нэгэн зүйлд орооцолдоогүй байх ёстой.
-Та яриандаа манай намд тэмцэгч дутагдаж байна гэсэн. Хүмүүс таныг тэмцэгч гэж ярих юм билээ. Та өөрийгөө тэмцэгч гэж боддог уу?
-Тэмцэгч хүн гэдэг үнэт зүйлийнхээ төлөө, үнэний төлөө бат зогсож чаддаг, шаардлагатай тохиолдолд намын хамт олноо өмгөөлж, хамгаалж чаддаг тийм л хүн байдаг. Хамт олны үнэт зүйл гэдэг хувийн эрх ашгаас ямагт дээгүүр байх ёстой. Түүний араас нийгмийн үнэт зүйл байдаг. Би 1999 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа МАН-д гишүүнээр элссэн. Түүнээс хойш намын төлөө хөдөө гадаагүй яв, хий гэсэнд нь явж зүтгэж ирсэн. Хариуд нь намаас нэг удаа яам, агентлаг, газрын дарга гээд албан тушаал гуйж байгаагүй. Ямар ч даргын үед шүү. Яахав өөрийнхөө толгойгоор кино, концерт, жүжиг тавьж, найз нөхөдтэйгээ зах зээлийн жамаар тав гурван төгрөгийн бизнес хийж хүнээс илүү гараад байхгүй ч бусдаас дутахгүй өөрийнхөөрөө л амьдарч явна. 2005 оноос эхлэн Сүхбаатарын талбай, хөдөө орон нутгийн жагсаал цуглаанд бүгдэд нь оролцож, жагсаалыг нь удирдаж ирсэн. Хамт олны үнэт зүйл, итгэл үнэмшлийнхээ төлөө, энэ намын төлөө хэзээ ч, хаана ч жагсаж, үгээ хэлэхэд би бэлэн. Надад айгаад, хэн нэгэн болон хэсэг бүлэгт барьцаалагдах барьцаа, өгөө аваа байхгүй. Өөрийгөө мундаг тэмцэгч энэ тэр гэж хэлж мэдэхгүй юм даа. Намын нөхөд, олон түмэн өөсдийнхөөрөө дүгнэж байгаа байлгүй.
-Өөрийг чинь Хадгаламж банкны асуудал, казино гээд л хааяаа холбож бичих юм…?
-2006 онд намайг Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байгаад намын залуучуудын холбооны генсек болсноос найман сарын дараа энэ хэрэг босч ирсэн. Тэгээд л хууль журмынхаа дагуу шийдэгдэж холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээсэн. Хэрэг нь 2000 оноос эхтэй гэдэг нь тогтоогдсон. Ажлын шугамаар танилцаад найман сар болсон хүнд, тэр тусмаа хорин тавхан настай хүүд тийм их хэмжээний мөнгө хүн өгөх үү. Залуучуудын холбоог дарж авахын тулд захиалгаар холбож бичүүлж байсан нь тодорхой болсон шүү дээ. Би нэг л зүйлийг ам бардам хэлъе. Надад хууль бусаар идэж уусан нэг ч юм байхгүй. Өнөөгийн соёлт нийгэмд казино гэдэг чинь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг л орчин. АНУ-д ч тэр, баруунд ч тэр амралтын өдөр казинод гэр бүлээрээ очиж л байна. Миний хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа казиногоор орж гарч л явсан. Улсын мөнгө идэж, авилга авч тоглохоор албан тушаал би хашиж байгаагүй. Угаасаа надад тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа ерөнхийлөгчтэй хүртэл тэр газар таарч л байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш шүү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг юм уу. Зориудаар мушгиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа.
-Таныг намын нарийн бичгийн дарга, “Монголын үнэн” сонины эрхлэгч, “Болор цом”-ын эзэн гэдгээр чинь хүмүүс сайн мэддэг. Ер нь ямар мэргэжилтэй, хаана юу хийж явсан хүн бэ?
-МУИС-ийн улстөр судлалын ангийг улстөр судлаач мэргэжилээр төгсөөд 2007 онд АНУ-д очиж суралцсан. 2002 оноос УИХ-ын тамгын газарт зохион байгуулагч, УИХ-ын даргын шадар туслах, Ерөнхийлөгийн тамгын газарт референт, намын дэргэдэх залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, намын улстөрийн бодлогын байнгын хорооны дэд даргаар ажиллаж байгаад л сониндоо ирсэн дээ. Яруу найраг бол надад бурхнаас заяасан бэлэг.
-Та намынхаа их хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх үү. Зарим хүмүүс өөрсдийн пиараа хийгээд эхэлчихсэн байна?
-Олон л хүн өрсөлдөх байх. Гэхдээ бие биеэ муулж, нэгэн рүүгээ хөө цацаж, өөрийгөө товойлгох гэсэн гэнэн үйлдлүүдийг битгий хийгээсэй гэж хэлмээр байна. Би 1999 оноос хойш энэ намын тогоонд буцалж яваа залуу хүний хувьд өмнөх үе үеийн их хурлууд дээр ийм зүйл болж байсныг мэднэ. Их хурлын маргааш нар манддагаараа л мандана. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг намтраа чимэх сэтэр биш, намбайж суудаг сэнтий биш гэдгийг би ойлгож байгаа. Бүхнийг 2016 оны ялалтанд зориулж ажил хийж, асуудал шийдэж, ачаа үүрч чадна гэвэл өрсөлдөх ёстой. Ардчилсан Үндсэн хууль болон намын дүрмэнд заасан сонгох сонгогдох эрхээ эдлэх нь миний эрхийн асуудал. Би итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай зогсоно.
URL: