Рауф Буняталиев: Монголын цаг агаар тамирчдад давхар сорилт болно

11757_188Манай оронд энэ сарын 25-27-нд бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээнд оролцох тамирчид болон албаны зарим хүн өчигдөр Монголд хөл тавилаа. Тус тэмцээний ахлах шүүгч Рауф Буняталиевтай ярилцлаа.

 

-Бодибилдинг фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ази тивд, тэр дундаа Монголд анх удаа болох гэж байна. ДАШТ-ийг яагаад Монголд зохион байгуулахаар шийдвэрлэсэн бэ?

-Монголд бодибилдингийн спорт үүсч хөгжөөд удаагүй боловч хамрах хүрээгээр нь дүгнэвэл хэдэн жилийн дараа Азид толгой цохих хэмжээний туршлага, сэтгэл, чадвар аль аль нь байна. Гагцхүү энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуусын идэвхийг улам нэмж, урам өгч чадвал танай улсаас дэлхийн аварга ойрын жилд гарна гэдэгт би итгэдэг. Монгол хүн хүчний спортод тохирсон бие организмтай. Энэ давуу байдлаа гадны туршлагатай багш дасгалжуулагчийн замаар чиглүүлбэл монголчуудад хүрэхгүй амжилт гэж алга.  Өнгөрсөн жил танай оронд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр би Дэлхийн бодибилдингийн холбоог төлөөлж ирсэн юм. Тухайн тэмцээнийг сонирхолтой, өндөр төвшинд зохион явуулахад Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн хоёр жилийн өмнө Бахрейнд болсонАзийн бодибилдинг фитнессийн их хуралд Монголын талаас тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очир оролцохдоо сонирхолтой хэд хэдэн санааг дэвшүүлж байсныг бас санаж байна. Тэр хурлын дараа түүнийг Азийн бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилсон нь нүдээ олсон сонголт байж гэдгийг энэ тэмцээний зохион байгуулалтын үр дүнгээс харж болохоор байна.

-70 жилийн арвин түүхтэй бодибилдинг фитнессийн спорт 2020 оны олимпод үзүүлэх тоглолтын үүрэгтэйгээр оролцоно гэдэг яриа гарч эхэлсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Үүнээс сайхан мэдээ гэж юу байхав. Тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдлийн дээд болсон олимпийн наадамд бодибилдингийн тамирчид зогсох нь юу юунаас илүү сайхан жаргал гэж боддог. 2015 онд миний төрөлх нутаг Азарбайжаны нийслэл Баку хотод Европын олимпийн анхдугаар наадам болох юм билээ. Энэ тэмцээнд бодибилдинг фитнессийн спорт багтсан нь ирэх олимпийн өмнөх шалгуур хэмээн би үзэж байна. 2020 оны олимпод бодибилдингийн спорт хүн төрөлхтний анхаарлыг татаж чадвал цаашлаад олимпийн хөтөлбөрт багтах бүрэн боломжтой. Энэ хэрээр бодибилдинг фитнесс олимпизмийн хүрээнд хүрч чадвал танай орны топ төрөл нэгээр нэмэгдэх боломжтой.

-Монголын цаг агаарын хүйтэн уур амьсгал тамирчдын бэлтгэл сургуулилтад хэрхэн нөлөөлөх вэ?

-Би танай оронд гурав дахь удаагаа ирж байна. Зун, намрын улиралд голдуу ирдэг болохоор өвлийн тэсгим хүйтэн жавар надад сонин мэдрэмж төрүүлсэн. Цаг агаарын хүйтэн уур амьсгал нь тамирчдын бэлтгэл сургуулилтад сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ амжилт гаргахад нөлөөлөхгүй болов уу. Тамирчид хамгийн гол нь хоол,хүнсээ сайн тохируулах хэрэгтэй. Туршлага тааруу тамирчдад цаг агаарын таагүй байдал давхар сорилт болно. Эцэст нь нэмээд хэлэхэд Ази тивд анх удаа зохиогдож байгаа бодибилдинг фитнессийн дэлхийн аваргын тэмцээнийг өргөнөөр үзэж сонирхохыг хүсье.

Д.ЖАВХЛАН


URL:

Сэтгэгдэл бичих