Нарантуулыг шатаасан хүн олджээ
Ийм гарчиг өгчихвөл, эсвэл “ Мөнхийн залуу Одгэрэлийн цоо шинэ нөхөр “ гэсэн нэртэй нийтлэл таарвал би ч хүртэл унших гэх байх. Яг үнэндээ “Нарантуул”-ыг хэн яагаад шатаасныг мэдлээ гээд миний юу ч өөрчлөгдөхгүй л дээ. Бас хүний шинэ нөхөр ч надад падгүй хэрэг. Дэмий л хэрэгт дурлаж байгаа минь тэр…
Нүцгэн голдуу зурагтай, хов голдуу гарчигтай нийтлэл цахим хэвлэлийн хуудсаар нэг. Мэдээллийн технологийн дэвшил гэх үү, сүүдэр гэх үү.
“Шалдан шар мэдээ”-гээ өөр хоорондоо “share”-лана гэж жигтэйхэн. Асуудал хөндсөн, амь амьдрал, хувь заяатай нь шууд холбоотой мэдээллээс зайлсхийж суудаг нийгмийн олонхийн сэтгэлгээ. Тун цөөнх гадаад мэдээ үзэж, хаашаа ч эргэж мэдэх дэлхийн хувь заяаг тандаж суух. Олонх нь харин ач холбогдол тун багатай хов живхэнээр мэдээллийн хэрэгцээгээ хангадаг нь нууц биш. Уучлаарай уншигч авхай минь. Хэн захыг шатаасныг хэлж мэдэхгүй ээ үнэндээ. Бас сайхан бүсгүйн нэр зээлж жишээ татсандаа ч хүлцэл өчье. “Ургац” гээд нэрлэчихвэл тоохоо больчиж мэдэх ядмаг нийтлэлдээ л уншигч таныг хандуулах гэлээ. Бүх юм элбэг байхын хэрээр гуниг дагуулдаг уйтай, ургацтай намраас үүдсэн бодлоо л харин харамгүй хуваалцая.
ГАЗАР ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ…
…“Багш намайг хэдэн цагт ир гэлээ байз. 30:50 гэлүү, юу гэлээ?” Ийм л өхөөрдөм багачуулаараа нийгэм маань гоёж Монголын минь намар ирэх нь ч ирлээ. Улаан шар навчсаа газраар зулж хорвоогийн намар эхлэх нь эхэллээ.
Яаж ч цовоо болгох гээд хэл ивэлж өгөхгүй намрыг яалтай. Үртэй бүхэн боловсорч гүйцээд дэндүү баян намар байтал яагаад ч юм сэтгэл эзгүйрдэг намрын тухай гуниг шингээгүй найргийг огтхон ч олсонгүй. “Галуун цуваа хөвөрсөн Голын ус нь мэлтэгнэсэн Ганган байгаль хосолсон Гоёхон намрын өнгө юмаа…”гээд арай гэж нэг баяр шингэсэн мөрүүд олтол аялгуу нь бас л уйтай. Үгүй ер нь ингэж байхаар зүгээр л гунигаа хуваалцвал яасийм бэ…
Алим тариад чацаргана хураадгүй. Буудай тариалаад хогийн ургамал хаддаггүй. Хураас хурмастаас, хөрснөөс, гэрлээс сүүдрээс хамаардаг ургац хэдий ч, суулгаагүй үрээ хэзээ ч хурааж авдаггүй. Усалгаа, үрсэлгээ, арчилгаа гээд тариачны л зүтгэлээр үр тариа халиурдаг. Хэний ч мэдэх намрын тухай үнэнг ухаарахын хэрээр хөндүүр төрөхийн учир бичихгүй байж дийлэхгүй нь. Гэхдээ тэдэн шиг шүлэг биш…
…“Найранд уригдаж ирчихээд уйлж байгаа зочин шиг намар аа гэж” / Б. Эрдэнэсолонго/, “Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчихэж Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм /Г.Аюурзана/, Ургаж өөдлөөд, унаж газарладаг Учир тавилантай шаргал навчис аа! Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа! /Д. Урианхай/, “Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй… /Б. Ичинхорлоо /, ”Навч минь би чиний Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү? Намрын бороонд хамтдаа даарч хонох Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье. Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, зөвшөөрөөч. /Б. Лхагвасүрэн/…
Хар л даа би ганцаараа гунигласан гэж үү? Юу тарина түүнийг нь л ургуулдаг газрын намар ийм уйтай байхад тэнгэрийн намар яадаг юм бол. Нүдэнд харагдах ургац хүмүүнээс шалтгаалдаг байхад, нүдэнд харагдахгүй ургац юунаас шалтгаалах юм бол. Өөртөө тавьсан энэ асуултын хариуг өөрөө хариулах тутам дахин гуниг төрнө…
ТЭНГЭР ХУДЛАА ШҮҮХГҮЙ…
Мөнгөтэй л бол сайн явна гэж эндүүрдэг миний мэдэх хүний нийгэм. Хүчтэй л бол цатгалан явдаг миний мэдэхгүй адгуусын нийгэм. Ав адилхан эхлэлгүй ч ив ижилхэн төгсгөлтэй манай гаригийн амьтад…
Өглөөхөн ханийхаа тэвэрт багтаж ядсан цээж байтал үдэш нь амрагийн цэнгэлд агшиж ядна. За энэ ч яахав, цалингаа бүтэн авчирдгийм, уучилчихаж болно. Миний Монголын шорооноос Бурхан гуйсан ч бүү өг хэмээн цээж огшоом үгнийхээ ард Бурханаас бусдад нь мөнгөөр арилжчихна. За тэр ч яахав. Эх оронд минь хөрөнгө ордгийм, ойлгочихож болно.
Нүцгэн бие алдаршиж, үрийн бүүвэй ховордсон даяаршил. Үнэн хөдөлмөр хол явахаа байж, сүйхээтэй үйлс дэлхийг тойрдог болсон омогшил.
Муу усны хоолойд төрсөн үрээ цацсан хацар гоо охид минь шөнийн цэнгээний газарт тарьсан ургацаараа амьдарна гэнэ. Дэл ихтэй хүлгээ уургалж, хоолой зангирам аархдаг байсан эрчүүл минь хэтэвч зузаантай эгчмэдийн хөлд дэгээ шидсэн ургацаараа баяжина гэнэ.
Хутгаа билүүдэж анд олзтой түмэн минь хэлээ билүүдэж олзонд антай болж. Энгэр чангатай хатад мөнгөний төлөө тэлээгээ сулалж, бодол чангатай ханхүү нар өнгөний төлөө бодлоо сулалж… Юм бүхэн байраа сэлгэвч мөч бүхэн өнгөрдгөөрөө өнгөрнө. Газраас харьяат тавилангаар махан бие хооллоно. Тэнгэрээс хараат тавилан сүнсэн бие хооллоно.
Нүдэнд харагддаггүй бүхнийг мэдэрдэг Оршихуйн шүүлт тэнгэрийн ургац хураах цагаар эхэлнэ.
Юу тарьснаа хураадаг газрын хууль тэнгэрт бас үйлчилнэ гээд бодохоор хэрхэн би ганцаараа гуниж суух юм бэ?
Халгай таривал халгай хадаж, жимс тарьвал жимс хураадаг бидний хууль сүнсний ертөнцөд бас байгаа гээд бодохоор тэгтлээ байраа сэлгэж нүгэл тарих хэрэг байна уу, та минь. Түг таг хийсэн тэмдэглэлийг минь час хийтэл ухаарах мэдрэхүй миний Монголын түмэнд лавтай бий.
НИЙТЛЭЛЧ Ч.ӨЛЗИЙНЯМ
URL: