“Жигүүр Гранд” компани Богдын музейг нурааж мэдэх нь

-Японы жуулчид ихэд айж таван баллын газар хөдлөлтөнд ийм чичиргээ мэдрэгддэг гээд яаран гадагш гарцгаасан” -
Орчин тойрныхоо газрыг хувийн компаниудад алдан, хэдэн талаасаа хавчигдаад буй Богд хааны ордон музейд дахин аюул нүүрлэлээ. Музейн зүүн талын замын эсрэг талд “Жигүүр гранд” ХХК орон сууцны барилга барихаар суурийн ажил хийж байгаа бөгөөд энд ажиллаж буй техникийн нөлөөллөөр орчин тойронд нь тархаж буй чичирхийлэл музейн барилга төдийгүй дотор нь буй үзмэрүүдэш хүчтэй доргилт өгч эхэлжээ.

2011оны тавдугаар сарын 7-ны өдрийн 11 цагийн үеэс тус музейн Өвлийн ордны 1, 2 дугаар давхарт газар хөдөлж буй мэт чичиргээ мэдрэгдсэн хэмээн мэдээлсний дагуу бид газар дээр нь очиж тодруулав. Музейн үзмэр хянагч С.Нарантуяа “Чичиргээ нь газар хөдөлж байгаа юм шиг байсан. Яг тэр үед музей үзэж явсан Японы жуулчид ихэд айж таван баллын газар хөдлөлтөнд ийм чичиргээ мэдрэгддэг гээд яаран гадагш гарцгаасан” гэж ярив.

Чичиргээ нь үүнээс хойш хэдэн өдөр үргэлжилж барилгад төдийгүй үзмэрүүдэд нөлөөлж байгаа нь тодорхой болсон тул музейн ажилтнууд нөлөөллийн байдлыг шалган баримтжуулахад, Өвлийн ордны хоёрдугаар давхарт Дондогдулам хатны амралтын өрөөний толины дээд чимэг урагшаа хазайсан, унтлагын өрөөний мөнгөн ваар, цар байрнаасаа хөдөлж хазайлт үүссэн зэрэг олон өөрчлөлт гарсан байжээ. Тус музейн захирал О.Мэндсайхан “Дэндүү харамсмаар явдал болж байна. Бид чичиргээний учрыг олох гэж ойр хавийн газрыг шинжихэд замын эсрэг талд “Жигүүр гранд” компани барилгын суурийн ажил хийж байсан.

Холбогдох хүмүүстэй нь уулзаж нөхцөл байдлаа танилцуулах гэсэн боловч, барилгын ажил хийж байна гээд хаалгаа түгжээд оруулаагүй. Бид чичиргээг энэ барилгын суурийн ажилтай холбоотой гэж үзээд яаманд танилцууллаа. Мөн НМХГ-т зохих журмын дагуу дүгнэлт гаргаж өгөхийг хүсээд байна” гэв. Музейнхны болгоомжилж буй бас нэг зуйл бол Богд хааны ундны усыг гар аргаар 100 орчим жилийн өмнө гаргасан таван метрийн гун худаг Өвлийн ордны хойд хэсэгт байдаг ажээ.

О.Мэндсайхан захирал хэлэхдээ “Хүмүүс энэ худгийн усыг рашаан хэмээн олон жилийн турш захиалан авч хэрэглэдэг байсан. Эртний уламжлалт нарийн арга технологийн дагуу гаргасан, байгаль дэлхийн жам ёсны олон хүчин зүйлтэй холбогдсон утга учиртай худаг байгаа юм. Богд хаан тусгайлан хэрэглэж байсны хувьд ундаргыг нь хэвээр байлгах ёстой гэж бид үзэж байгаа тул энэ талаар бүх шатны албаны хүмүүстэй уулзаж яаралтай арга хэмжээ авна” гэлээ.

Үзмэр болон барилгын хийцэд нэг биш өөрчлөлт гарсан. Тухайлбал, хашаан дотор Богдын үед хэрэглэж асан төөнүүр маягийн хоёр их буу бий. Чичиргээний үед нэг нь байрнаасаа 30 см орчим гулгаж хөдөлсөн. Мөн Найдан сүмийн доод хэсгийн эмжээр модон хийц 2-3 см сугарсан. Уг сүмийн вааран дээврийн чигжээс болон залгаа хэсэгт зай гарсан, зээгт наамал сүмийн дээврийн урд шанаа хэсэгт цууралт үүссэн, Равса буюу хонхтой сүүдрэвч бага зэрэг хазайж доош суусан гэх зэргээр учирсан гэмтлийг тоочиж болохоор байна.

Музейгээр явж үзэхэд шилэн хоргонууд доторх танилцуулга байрнаасаа хөдөлсөн, хананд олон газар цуурсан нь тодорхой харагдаж байв. Бид энэ талаар МХЕГ-ын соёлын өв хариуцсан ахлах байцаагч Н.Цэндсүрэн, НМХГ-ын ажилтан Даариймаа нараас тодруулахад, барилгын асуудал хариуцсан байцаагчид хандахыг зөвлөсөн юм. Гэвч бид энэ удаад Мэргэжлийн хяналтын албадын тухайн асуудлыг хариуцах ёстой байцаагчидтай холбоо барьж чадсангүй.

Харин БСШУЯ-ны Музей, соёлын өвийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн З.Оюунбилэгээс энэ талаар тодруулахад “Энэ асуудлыг хамгийн түрүүнд надад мэдэгдсэн юм. Музейн барилгын тухайд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргах ёстой, өнөөдөр очиж шинжилгээ хийсэн байх. Үзмэрийн хувьд хагарч гэмтсэн зүйл одоохондоо гараагүй байна. Дүгнэлтийн хариу гарахаар та бүхэнд мэдэгдэх болно” гэлээ.

Богд хааны ордон музейн зүүн талд орон сууц барихаар ажлаа эхлээд буй “Жигүүр гранд” компани тэндээ “Гэгээнтний хотхон” гэсэн сүрлэг том хаяг хаджээ. Ийм нэртэй хотхон босох бололтой. Гэгээнтний жинхэнэ хотхон болох Богд Жавзандамбын ордны цогцолбор, түүхийн үнэт дурсгалыг сүйтгэж мэдэхээр байхад элэг барьж буй аятай ингэж нэрлэсэн нь, дарлаад, дээрэлхээд, давраад ч байгаа юм шиг. Ямар ч байсан байдал өнөөдөр ийм байна. Жавзандамба хутагтын нэр сүрийг ялангуяа өнөө жил илүүтэйгээр оройн дээд болгон залж буй төр засаг та юу бодож байна?

Р.Саруултөгс


URL:

Сэтгэгдэл бичих