Амарлингуйн баячууд
Попын хаан Майкл Жексон амарлингуйн орны хамгийн их орлоготой оддын жагсаалтыг дахин тэргүүллээ. Тэрээр өнгөрсөн онд энэ байр сууриа Элизабет Тейлорт алдаад байсан юм. “Forbes” сэтгүүл бурхны оронд одсон хойноо ч мөнгө “үйлдвэрлэсээр” байгаа оддын жагсаалтыг шинэчлэн гаргажээ.
2009 онд зуурдаар хорвоог орхисон дуучин Майкл Жексон 2012 оны зургадугаар сараас энэ оны зургаан сар хүртэлх хугацаанд 160 сая долларын орлого олжээ. Энэ хугацаанд 125 сая долларын орлоготой ажилласан поп од Мадоннаг ч хол хаяжээ. М.Жексон сүүлийн таван жилд хамгийн их орлоготой оддын жагсаалтыг гурав дахь удаагаа тэргүүлж байна. “Нарны цирк” алдарт дуучны амьдралаас сэдэвлэсэн хоёр ч жүжиг найруулан тавьсан нь попын хааны орлогыг эрс нэмэгдүүлжээ. Мэдээж энэ мөнгийг Майкл Жексоны гурван хүүхдийн асран хамгааллыг өөртөө авсан ээж Кэтрин нь захиран зарцуулж байгаа.
Хоёрдугаар байрт, рок хөгжмийн загалмайлсан эцэг гэгддэг Элвис Пресли 55 сая долларын орлоготойгоор бичигджээ. Snoopy-г зохион бүтээсэн шог зураач Чарльз Шульцийн уран бүтээл сүүлийн нэг жилд 37 сая долларын орлого авчирч гуравт орлоо. Диваажингийн орноос мөнгө олсоор байгаа оддыг цааш нь жагсаавал жүжигчин Элизабет Тейлор 25 сая, дуучин Боб Марли 18 сая, жүжигчин Мэрилин Монро 15 сая, дуучин, хөгжмийн зохиолч Жон Леннон 12 сая долларын орлого цуглуулсан байна.
Суут эрдэмтэн Альберт Эйнштейний өв залгамжлагчид сүүлийн нэг жилд 10 сая доллар олж долдугаарт бичигджээ. Жүжигчин Бетти Пейж, Теодор Гейзел, Стив Маккин нар есөн сая долларын орлого олжээ. Зодооны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Ли энэ хугацаанд долоон сая долларын орлого оруулжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нас барсан Мексикийн дуучин Женни Ривера мөн ийм хэмжээний орлого олж “Forbes”-ийн жагсаалтад орж ирлээ. “Дээрэмчдийн хатан хаан” хэмээн өргөмжлөгдсөн Женни Ривера 10 сарын өмнө Мексикт онгоцны ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн билээ. Түүнээс хойш түүний 880 мянган цомог зарагджээ. Тэрээр амьд ахуйдаа 850 мянган цомгоо борлуулаад байсан юм.
Н.МӨНХЖИН /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: