Хүүхдүүд цахилгаан, дулаан, хэрэглээний усаа хэмнэж сурна
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг 10-р сарын 25-ны өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулахаар боллоо.
Аяллын нь оюутан сурагчдад тэдний өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар үйлдвэрлэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаар ойлголт, мэдлэгийг олгох зорилготой юм. Мөн Улаанбаатар хотын түүхтэй холбогдох соёлын дурсгал, хотын соёлын талаар мэргэжлийн хөтөч нар тайлбар мэдээлэл өгнө.
Ерөнхий боловсролын сургуулийн 160 сурагчаас бүрдсэн 4 баг өөр өөр чиглэлд аялах бөгөөд баг тус бүрийг манай улсын алдартай түүхч, судлаач, аялагч нар удирдан явах юм. Аяллын хөтчөөр нийслэлийн түүхийн талаар олон арван зохиол бүтээл туурвисан түүхч доктор, профессор О.Сүхбаатар, “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, Гараг студийн захирал Г.Бадамсамбуу, Монгол улсын 1-р зэрэглэлийн хөтөч-тайлбарлагч А.Цэрэнчулуун, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар ажиллана. Мөн аялалд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, нийслэлийн Төр, захиргааны байгууллагын ажилтнууд оролцох юм
URL: