Засгийн газар хүүхдийн нэр барьж бонд босгохоор шийджээ

527-1377573207zasagzagvar_14Цагаахан үрсийнхээ нэрийг барьж бонд босгох “бохир” гэж хэлж болох санаа зарим улстөрчдийн толгойд зурсхийн оржээ.Учир юу гэвээс Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг санхүүжүүлэхийн тулд 55.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргахаар тогтоолын төсөл боловсруулжээ.

Монголын ирээдүй болсон үрсдээ амласан мөнгөө өгөхийн тулд Засгийн газар өр тавихаар сэтгэл шулуудсан бололтой. Бонд босгохоос өөр сонголт байхгүй гэх богинохон тайлбарыг өгч байна. Учир нь 2013 онд нүүрс зэсийн зах зээлийн үнэ буурч, нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнээс буурсан. Хүний хөгжил санд төвлөрүүлэхээр тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 67.2 тэрбум төгрөгөөр багассан нь асуудал үүсгэжээ. Хамгийн гол нь “Оюутолгой” компаниас авахаар төлөвлөсөн 154.9 тэрбум төгрөг нь гэрээнд өөрчлөлт орсноос болж салхинд хийсчээ.

Ингээд Хүний хөгжил сангийн мөнгөө Засгийн газрын бондоор бүрдүүлэх мэргэн санаа улстөрчдөд төрсөн бололтой. Жилд дунджаар 240 гаруй тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулдаг байна. Энэ онд 379.6 тэрбум төгрөгийг төсвөөс санхүүжүүлж үлдсэн 55.7 тэрбумыг бондоос гаргахаар төлөвлөжээ. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газар хариуцлагагүй ажилласны уршиг хэмээн шүүмжилж байна.

Хүүхдүүддээ өр тавьж мөнгө өгөх нь монгол ухаанд зохицохгүйгээс гадна сэтгэлд сэвтэй байгааг хэлэх гишүүн цөөнгүй байлаа. Тиймээс Хүний хөгжил сангийн мөнгийг бондоос биш төсвөөс гаргах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм. Үнэндээ 55.7 тэрбум төгрөг төсөвт суусан хоёр обьектын мөнгө. Тиймээс сэтгэл байвал шийдчихэж болох асуудал. Сав л хийвэл бонд гэдэг саваагүй зангаасаа салмаарсан Ерөнхий сайд. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Хүүхдийн мөнгө өгөхдөө өр тавина гэдэг зохисгүй. Засгийн газраас тайлбарлахдаа төсвийн алдагдал гарсан тохиолдолд бонд, өрийн бичиг, үнэт цаас гарган санхүүжүүлдэг хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж байна гэсэн. Засгийн газар ажлаа зөв зохицуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Экспортын бүтээгдэхүүний үнийн бууралт, “Оюутолгой” компанитай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсан зэрэг шалтгаанаас болж, Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлж чадсангүй гэх тайлбар хэлж байна. Хүүхдийн мөнгө олгох нь зүйтэй. Гэхдээ төсвөөс олгох ёстой. Заавал бонд гаргана гэхгүйгээр 2014 оны төсөвт суулгаж асуудлаа шийдэх аргуудыг санал болгож байна. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс бондод тодорхой хувийг төвлөрүүлдэг. Зарчмын хувьд хүүхдийн мөнгийг Хүний хөгжил сангаас өгөх нь буруу. Уг нь энэ сангийн мөнгө хүнээ хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой. Харин хүүхдийн мөнгийг төсвөөс олгодог болбол зөв гольдрол орж байгаагийн илрэл.
Гадаадын олон оронд манайхтай адил хүүхдийн тэтгэмж, мөнгө өгдөг. Зохицуулалт нь өөр байх шиг байна. Төрөөс уг мөнгийг хүүхэд бүрт олгох биш зорилтот бүлэгт өгмөөр байна. Чинээлэг айлын хүүхдэд хүүхдийн мөнгө үнэхээр хэрэгтэй юу. Үүний оронд амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдэд мөнгийг нэмээд олгоход буруудах юм байхгүй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би хүүхдийн мөнгө олгохыг буруутгадаггүй. Иргэдийг орлоготой байхыг дэмждэг. Энэ бол хэрэглээ. Хэрэглээний зээл авна гэдэг тэр айл дампуурна гэсэн үг. Бондоор хүүхдийн мөнгө олгоно гэдгийг би дэмжихгүй байгаа.

Бүр яагаад ийм асуудал яриад байгааг ч ойлгохгүй байна. Өнөөдөр мөнгө авч байгаа хүүхдүүдийн хүүхдүүд ирээдүйд бонд авсан улсын хүүхдүүдэд өрөө төлнө гэсэн үг. Зээл авч болно. Үүнийгээ бодит эдийн салбарт оруулмаар байна. Би их олон ярьсан даа. Монгол Улс хадаас, төмрийн баяжмал, арматураа хийдэг болье гэж. Ийм зүйл хийхгүй байж бонд авна гэдэг ичгэвтэр дүр төрхөөсөө салах хэрэгтэй. Хэрэв бонд босгоод үүнийгээ бид хэрэглээндээ зарцуулах юм бол үр хүүхдийнхээ хармаанаас хулгай хийж байгаагаас ялгаагүй. Улстөрчид ийм энгийн асуудлыг ойлгоод өгөөч. Бонд гэдэг гялгар ууттай гоё эд биш. Энэ бол өр, зээл. Би бонд авахыг буруутгаагүйг ойлгоорой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, баялаг бүтээх салбартаа хөрөнгө оруулахыг санал болгож байгаа юм.

Сангийн дэд сайд С.Пүрэв: Хүүхдийн мөнгийг бид Хүний хөгжил сангаас олгодог. Энэ жилийн төсвийн нөхцөл байдлаас болоод их мөнгө тасалдаад байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас бонд гаргах хүсэлтээ УИХ-д мэдүүлсэн. Одоо хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Хүүхдийн мөнгөнд жилд 240 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Улсын төсвийн өөр эх үүсвэрээс авдаггүй зөвхөн Хүний хөгжил сангаас авдаг. Уг сангийн эх үүсвэр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрддэг. Орлого бүрдэхгүй байгаа учраас аргагүйн эрхэнд бондын хөрөнгөөр санхүүжүүлэх гэж байна. Өөр арга замаар шийдэх нь хууль эрхзүйн хувьд боломжгүй юм.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

URL:

Сэтгэгдэл бичих