Ялагдсан намын Их хурал улс оронд ямар хэрэгтэй гэж, зүгээр л ажлаа хий
Эрх ашгийн эрэмбэ дараалал гэж нэг зүйл байдаг. Харин өнөөгийн манай улсад тэр дундаа төрийн эрх барих, шийдвэр гаргах төвшинд энэ зүйл хамгийн ихээр үгүйлэгдэж, эрх ашгийн эрэмбэ дараалал хэрхэн алдаагдаад буйг тод томруунаар харж болмоор. Хэдийгээр манай улс дэлхийн бусад улс орнуудын жишгээр ардчиллын замаар замнаж байгаа хэдий ч тогтолцооны гэхээсээ илүүтэйгээр хувь хүн, нам эвслүүдийн эрх ашгийг дөвийлгөсөн үйл ажиллагааны улмаас төрийн ажил цалгардсаар байна.
Тухайлбал энэ долоо хоногийн ням гаригт энэ удаагийн парламентад сөрөг хүчин болсон МАН-ын Их хурал эхлэж гэж байгаатай холбоотойгоор төрийн ажил гацсан гэмээр. Мэдээж энэ удаагийн МАН-ын Их хурал цаг хугацааны болоод бусад хүчин зүйлийн нөлөөтэйгөөр олны анхаарлыг татаж буй хийгээд үүнээс ямар нэгэн томоохон өөрчлөлтийг хүлээгчид ч цөөнгүй байгаа. Нөгөөтэйгүүр улс оронд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээл, улс үндэстний эрх ашигтай холбоотойгоор төрийн эрх барих төвшинд цаг алдалгүй, хянуур няхуур шийдвэрлэгдэх учиртай асуудлууд цөөнгүй бий болсон.
Гэтэл тэд энэ бүхнийг хойш тавьж, намын сандал суудлын асуудлуудаа нэн тэргүүнд эрэмбэллээ. Тиймээс өнгөрөгч долоо хоногт хийгээд шинэ долоо хоног эхэлснээс хойш Ардын намын нөхөд байнгын хороодын хуралдаанд бараг оролцсонгүй. Ирц бүрдэхгүй шалтгаанаар олон ч хуралдаан хойшлов. Харин бүлгээрээ, Удирдах зөвлөлөөрөө хөдөө хотгүй сүжирч гүйлдээд өглөө үдэшгүй хуралдацгаах болов.
Парламентад төр түмний төлөөлөл болж сонгогдсон атал ийн үндсэн үүргээ умартан, албан тушаалын араас намчирхах болсон нь тэд өөрсдийгөө арай төр гэж сэтгэсэн хэвээр байгаа юм биш биз дээ хэмээн эрхгүй болгоомжлоход хүргэх аж. Хэдийгээр нам өөрийн мөрийн хөтөлбөр, бодлого үйл хэргээрээ дамжуулан засгийн эрхийн төлөө эрмэлзэж, сонгогчдын дэмжлэгтэйгээр засгийн эрхэнд гардагийн хувьд эрх баригч намын эрх ашиг улс орны эрх ашигтай нийцэх боломжтой.
Гэсэн ч энэ удаад тэд сонгуульд ялагдсан, сөрөг хүчин болсон гэдгээ нэг л сайн ойлгож өгөхгүй байх шиг. Өөрөөр хэлбэл ялагдсан намын Их хурал төрийн ажлын өмнө эрэмблэгдэх, төр, засгийн тасралтгүй үйл ажиллагаанд саад болох учиргүй. Уг нь намын даргыг нөгөө нэгээр солиод амжилт олохгүй гэдгийг өнгөрөгч улс төрийн үйл явцууд бэлхэнээ харуулсан баймаар. Тиймээс энэ бүгдээс илүүтэйгээр тэр төсөв мөнгөний асуудалд анхаарал хүчээ илүү хаяж, алдаа мадаг багатай төсөв мөнгийг нь батлалцаад ажиллавал амьдралд арай л ойр харагдмаар. Энэ нь ч ард түмэнд таалагдах нь лавтай.
Хуулийн дагуу мөн оны 12 сараас өмнө төсвөө батлах учиртай байдаг ч зарим нөхдийн ийн алгууралснаас төсөв хэлэлцэх цаг хугацаа багасч, яарч сандарсан, балаг ихтэй төсөв батлагдах байдлыг дахин давтах нь. Урд өмнөх бас нэг иймэрхүү нөхцөл байдлын улмаас энэ жилийн төсөв 1.5 их наядаар тасраад буй. Тиймээс ирэх жилийн төсөв ч үүнээс дээрдэх магадлал тун бага болох нь бололтой.
Ер нь ялагдсан намын Их хурал улс оронд ямар ашигтай гэж. Харин иргэд сонгогчдынхоо өгсөн үүрэг даалгаварыг гүйцэлдүүлж, сөрөг хүчнийхээ байр суурийг сайн гүйцэтгэснээр намын даргаа сольсноос илүү их сонгогчдын итгэл дэмжлэгийг хүлээх магадлал байгааг ойлгох ухаарах цаг нэгэнт болсон доо.
Б.Баттулга
Эх сурвалж: Үндэстэн.мн
URL: