Х.Тэмүүжин Дотоодын цэргийнхнийг хийх ажилгүй хэмээн доромжлов

11789_360
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин саяхан сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн билээ. Уулзалтын үеэр яриандаа хэт халуурч бүлээрсэн Х.Тэмүүжин сайд Дотоодын цэргийнхнийг Монгол Улсад хийх ажилгүй хүмүүс хэмээн амны алдаа гаргаж, энэ салбарт ажилладаг болон ажиллаж ирсэн албан хаагчдыг ихэд гомдоолоо.
Х.Тэмүүжин ярихдаа “Ер нь цагдаагийн даргын дэргэд ажиллаж байгаа нэртэй цалин, цол авдаг бөхчүүд, дуучдыг болиулах цаг болсон. 30 жил ажилласан жирийн цагдаа гэр хороололд амьдарч байхад гуравхан жил цагдаагийн нэр дээр барилдсан бөх шууд орон сууцанд орж, хошууч, дэд хурандаа цолтой болдог нь шударга бус явдал.

Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүн, хүч хүрэлцэхгүй байгаа учраас Дотоодын цэргийг татан буулгаж, цагдаагийн харьяанд оруулна. Тэдэнд угаасаа хийгээд байдаг ажил байхгүй. Наад зах нь наадам болоход л хот, аймаг эзгүйрч бүгд баярлахаар явахад хулгайчид ар хударгаар нь найрладаг. Тиймээс цагдаагийн бие бүрэлдэхүүний хүчин чадлыг Дотоодын цэргийнхнээр нэмэгдүүлнэ” хэмээн ярив.
Хэдийгээр цагдаагийн нэр дээр барилддаг бөхчүүд болон урлагийнхныг цол, цалин, байраар шагнахаа болино хэмээж байгаа нь зөв ч гэлээ яриандаа хэт орсон сайд Дотоодын цэргийнхнийг хийх ажилгүй хүмүүс, тэдэнд хийгээд байх юм байдаггүй хэмээн хэлсэн нь Х.Тэмүүжинтэй, Х.Тэмүүжингүй оршин тогтносоор ирсэн энэ салбарынхныг ихэд гадуурхсан, доромжилсон хэрэг боллоо.
Уг нь Дотоодын цэргийн зорилт нь улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар тогтоосон бусад үүргийг хэрэгжүүлэхэд оршдог юм билээ.
Мөн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах ажилд болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох, шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд туслах зорилгоор баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журмыг сахиулахад туслах, гудамж, талбай зэрэг олон нийтийн газар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах, гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам  тогтооход оролцох, оргон нуугдсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох, их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгтийг зөөж тээвэрлэх үеийн хамгаалалтын ажилд туслах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцдог юм байна.
Бараг л цагдаагийн албан хаагч шахуу үйл ажиллагаанд нь оролцож ирсэн, ажиллах үүрэгтэй тэднийг хийгээд байх ажилгүй хэмээн салбарын сайд нь дүгнэсэн нь мэдээж тэдэнд таалагдаагүй л болов уу.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11789


URL:

Сэтгэгдэл бичих