Банкууд хэрэглэгчдээсээ хууль бус шимтгэл авч байна
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн Н. Ганбямба мөн “Зууны мэдээ” сонинд “Банкууд хэрэглэгчдээсээ хууль бус шимтгэл авч байна” гэдэг ярилцлага өгчээ.
Тэрбээр “Банкнаас Дорж 10 сая төгрөгийн зээл авлаа гэхэд шимтгэл өгч 9.9 сая төгрөг гар дээрээ авдаг. Банк нь хүүгээ 10 сая төгрөгөөс нь тооцдог. Ингэхээр Дорж алдагдал хүлээдэг. Хуульд зааснаар зээлийн үндсэн төлбөр нь хүү байна гэсэн учир шимтгэл авч болохгүй гэсэн үг. Тиймээс банкуудын энэ үйлдэл хууль бус, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байна. Банкны салбарынхан Монголд баялаг бүтээхгүй, мөнгө хүүлэх хандлага бий болчихоод байна. Мөнгөний бодлого гажаад байгаа нь хадгаламжид байгаа энэ их мөнгөний ихэнх нь цөөн хэсгийнх. Хэт их мөнгөтэй хүмүүс төрийн бодлогод нөлөөлж байна. Тиймээс мөнгөний бодлого эдийн засаг, үйлдвэрлэлээ дэмжихгүй байна. Өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл явуулаад ашиг гарахгүй. Хөдөө орон нутгаас хот руу мах нийлүүлдэг байснаа Улаанбаатараас хөдөө рүү нийлүүлдэг болж. Хэнтий аймгийн махны зах зээлийг Ерөнхий сайд Н. Алтанхуягийн багийн хүмүүсийн “Мах экспо ” компани хамаад авчихсан. Тэгэхээр Хэнтийд махны үнэ Улаанбаатараас хямдарч чадахгүй байна. Эрх мэдэлтэн, сайд дарга нарын компаниудад хязгаарлалт тавихгүй бол Монголын зах зээл дээр өрсөлдөөн бий болохгүй. Өрсөлдөөнийг хаахаар чанартай, хямд бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг хэрэглэгчид хүртэж чадахгүй байгаа юм” гэж ярьсан байна.
Түүний хэлсэнээр банкууд хэрэглэгчдээсээ хууль бус шимтгэл авч, мөнгө хүүлэх бодлого руу шилжээд байгаа нь үнэн төдийгүй арилжааны банкууд яг л банк бус санхүүгийн байгууллага шиг мөнгөний төлөө улайрч, ард иргэдийг хохироохын зэрэгцээ өөрсдөө ч гэнэтийн байдлаар дампуурдаг болсон нь иргэд эдэнд итгэх аргагүй болгож байна.
Түүнээс гадна нэгэн цагт УИХ-д сууж байсан Н.Ганбямба нийгэм дэх сөрөг үзэгдлийг сайн олж хардаг төдийгүй олигархиудтай ил цагаан тэмцсээр ирсэн нэгэн. Энэ ч утгаараа өөрийнхөө хэдэнтээ УИХ-д сонгогдож байсан Хэнтий аймгийн махны бизнесийг Н.Алтанхуяг сайд атгасныг далимд нь илтгээд амжжээ.
URL: