Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Нямдорж нарыг үдэж мордуулахсан

Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Нямдорж гурав шиг Монголын төрд хэрэггүй хүн алга.

Гурвуулаа сэтгэхүйдээ “Би” гэсэн дардастай. Түүнийгээ духан дээрээ наагаад явах нь холгүй онгироо. Тэгээд бусдыг өмнөө бөхийлгөхийг ямагт хүснэ. Тэднийг одоо л Монголын улс төрөөс үдэж мордуулах цаг болсон байна. Тэгэхгүй бол өнгөрсөн цаг хугацааг өөрсдийнхөөрөө залуурдсан шигээ ирээдүй үеийг ч хорлох нь дамжиггүй. Одоо бүр хоорондоо хэвлэл мэдээллээр дамжуулан чөлөөтэй хэрэлдэж төр түшилцэж яваа дүү нартаа айдас дагуулах болсон байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь Ерөнхий сайд асан С.Баяр хийгээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт туйлын дургүй. Гэхдээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тэдэн шиг нэг, нэгэндээ “хоёргүй сэтгэлээр” зүтгэсэн “хайртай” эрхмүүд байгаагүй. Улс төрийн янаг үнсэлтийг өөр хоорондоо илгээж, “Н.Энхбаяргүйгээр Монгол Улс хөгжихгүй” гэдэг хэлцийг С.Баяр, Ц.Нямдорж нар сонгогч олны чихэнд уяж явлаа.

Харин энэ удаа тэд Н.Энхбаярынхаа өстөн дайсан нь болсоноо ил тод зарлаж байна. Бүр түүгээрээ бахархаж явна. Тэдний энэ өргөс мэт даажигнал ард иргэдийн бодол санааг өрөмдөж байгаа нь гарцаагүй. Гэтэл Н.Энхбаяр нь ч Н.Энхбаяр. Монголын 2.7 сая иргэнээс 900-хан төлөөлөгчийг нь Сүхбаатарын талбайд цуглуулчихаад “Би Монголын Мубаракийг зайлуулна” хэмээн бяд мэдэн хашгирлаа. Тэр өөрийгөө танихаа больчихож. Өглөө босоод толинд харахдаа өөрийнхөө царайг бус харин С.Баяр, Н.Нямдорж тэргүүтний царайг харж, “Мартаж үл болно” хэмээн шивнэдэг ч байж болох юм.

Ямартай ч Монголын төр Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Нямдорж гэсэн гурван өвгөний эрх ашгийн золиос болох ёсгүй. Болдогсон бол энэ гурвыг тэтгэвэрт суулгахсан. Үүний төлөө улсын төсвөөс хэдэн төгрөг гарах нь ч хамаа алга. Зүгээр л хол байг гэж хүсье. Учир нь, тэд өдгөө Монголын аврагч бус хорлогч болчихсон явна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрийн тэмцэл үе тэнгийнхээ С.Баяр, Ц.Нямдорж хоёрыгоо улс төрийн эрх мэдэлтэй, бусдыг атгах хүчтэй байгаад нь атаархаж суугаа. Нөгөө хоёр нь Н.Энхбаярын өмнө ялагдал хүлээхгүй гэсэндээ одоогийнхоо хүчээр аархаж байна. Гэвч энэ дунд нь залуу үе золиос болж, Монголын төр тоглоом болох нь. Энэ бол аймшигтай хэрэг. Алдаа, оноо бүхнээ Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн давуу тал мэт аяглах тэдний эрх мэдлийн төлөөх хязгааргүй дур хүсэл Монголын ирээдүй болсон залуу үеийг мохоох нь. Бусдад нь ямар байгааг мэдэхгүй ч надад бол муухай санагдаж байна.

Төрийн тэргүүн байсан хүн өнөөдөр “Үнэндээ бол одоогийн энэ том дарга нарыг чинь улс төрийн өнцгөөс нь харвал “өлгийтэй хүүхэд” байх үеэс нь мэднэ. Хэн яаж, хаана “бааж, шээж” байснаас нь эхлээд ярьж болно.

Би хувьдаа тэдний улстөрчийнх нь хувьд баасан “баас”-ыг нь цэвэрлэж, “шээс”-ийг нь арчиж байсан хүний хувьд бүгдийг сайн мэднэ дээ. Яах юм бэ гээд ярьдаггүй юм” хэмээн ярьсан. Энэ бол заналхийлэл. “Би Монголын төрийг тэргүүлж яваа хүмүүсийг яаж ч чадна” гэсэнтэй агаар нэг сонсогдож байна шүү дээ. Үүнээс болоод залуус “Төрийн өндөр албан тушаалтай болохын тулд намын даргаар “баас”-аа цэвэрлүүлэх хэрэгтэй юм байна. Үүний төлөө бяцхан заль, долгинуур зан, толгой өндийхгүй дорд сэтгэл байхад болох нь” гэж итгэвэл энэ нь Н.Энхбаяр хийгээд С.Баяр, Ц.Нямдорж гурвын дайсагналаас илүү аюултай юм.

Түүнчлэн Ц.Нямдорж сайд саяхан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарыг “УИХ хүн загнадаг албан тушаал биш, нэг л их бодлого ярьсан, том юм ярьсан улсууд. УИХ-ын гишүүн байж үзээгүй биш. Таван удаагийн УИХ-д суухдаа ийм хартай УИХ үзсэнгүй” гэж ирээд л баахан загнасан байсан. Өмнө нь тархи руу нь цохиж, заамдаж авч байсан болохоор загнасан тухай мэдээлэл хавьгүй хөнгөн тусч байж болох. Гол нь Ц,Нямдорж сайд аа, одоо болоо юм биш үү. Өөрөө бүхэл бүтэн таван УИХ-д сууж байгаагаа мэдэж байгаа юм бол одоо Монголын улс төрийг “Баяртай” гээд хэлчихэж яагаад чадахгүй гэж.

Дээр нь, Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг өөрийнхөө хувийн эзэмшлийнх гээд итгэчихсэн. Тэр хэрээрээ өөрөөсөө бусдыг өөрийнхөө хүссэнээр доромжилно. Монгол төрийн ганц шударга хүн гээд өөртөө итгэчихсэн. Аймшигтай халдвар. Аймшигтай фигүр. Энд бахархах зүйл нэг ч байхгүй. Зүгээр л дараагийн УИХ-д дахиж битгий суугаасай гэж ерөөмөөр. Тэрбээр нэгэн ярилцлагадаа Н.Энхбаярыгаа “Хаяа бидэн дээр ирж, амьдрал ахуйгаа ярьчихаад биллъярд цохиж, хэдэн аяга кофе уучихаад хүний ёсоор явдаг байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан гэдгийг баталгаатай хэлж чадна. Харамсалтай нь, өнөөдрийн энэ хэрүүлийг өөр хэн ч биш Н.Энхбаяр өөрөө эхлүүлсэн” гэж.

Энэ үгийг өөрт нь ч адилхан хэлмээр байна. Н.Энхбаяраасаа илүү хүчтэй болж харагдах гэж суухаар өөрөө нэг суудал дээр хэдэн аяга кофе уудаг юм түүнийгээ ууж, хааяа зуслангийн хөгшчүүлээ цуглуулж, хөзөр тоглосон шигээ суухгүй юу. Тэр нь Монголд, Монголын төрд хэрэгтэй байна.

С.Баярын хувьд бол бүр ч амар. Тэртээ тэргүй Монголд зочны ёсоор ирж, гийчний ёсоор мэнд мэдчихээд явж байгаа хүнд энэ төр ямар хамаа байна аа. Биеэ бод л доо. Түүнээс бус гэнэт ирээд л, ирсэн даруйдаа “Би хов ярихгүй ээ” гэсэн хирнээ “Хүмүүс хов гэж мэдэхгүй байгаа. Хов ярьчихмаар байна аа” гээд байж болохгүй шүү дээ. Тэгээд бас “Би хүн муулмааргүй байна” гэснээ тэр даруй эргээд “За, за муулчихъя” гээд л муулна. Саяхан л гэхэд “Тэрний хэлсэн нэг зүйл нь надад тун инээдтэй санагдсан. “Египетийн Мубаракийг хар. Ард түмэн дарангуйлагчаа жагсаад огцруулж болдог л юм байна. Бид нар ч гэсэн тэгж болно шүү дээ” гэж тэр ярьсан гэсэн.

Монголын Мубарак нь тэгээд хэн юм бэ гэмээр. Шинэ цагт Монголын төр засгийн өндөрлөгт хамгийн удаан сууснаараа, бас бусдыг атгах гэсэн арга барилаараа “Монголын Мубаракт” хамгийн ойртох фигүр бол Энхбаяр маань өөрөө юм даа гэж бодогдсон шүү” гэж ярьсан байсан. Яг үнэндээ өдий насны эрчүүдийн хувьд ичмээр үйлдэл.

Энэ үйлдлээрээ гурвуулаа манай үеийн залууст тэнэг харагдаж байгаа гэдгээ мэдэж байгаа болов уу. Иймд Монголоос, Монголын улс төрөөс энэ гурвыг үдэж мордуулах цаг болсон байна. Хөтлөлцөөд явна уу, хөөцөлдөөд гүйнэ үү өөрсдөө мэднэ биз. Гол нь Монголын улс төрөөс л холдуулмаар байна.

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих