Хотын дарга Сэнгийн Эрдэнийн Бат-Үүл танаа
Амьдралын даваа өөд өгсөж яваа идэр залуу насандаа өөрөөсөө ахмад, хүндлэх учиртай улсын баатар хүнд хатуу хайрган үгтэй захидал бичиж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье. Би санал бодол, байр сууриа илэрхийлэх хэвлэлийн талбарыг хэдэн жилийн өмнөөс мэдэх болсон болохоор иймэрхүү захидал мэтийн зүйлд маруухан хүний нэг. Гэвч мэргэн ахад энэ хэдэн үгийг бичихээс өөр аргагүй болсон шалтгааныг ойлгоно биз ээ.
Та бид хоёрын дунд адилхан Монгол Улсын иргэн гэхээс өөр ямар нэгэн өр шир, хэлхээ холбоос байхгүй. Миний бие шүлэг зохиол оролддог залуу хүний хувьд өөрийг чинь Монголын нэртэй зохиолч аавын хүү гэдгээр нь талтай нүдээр харж явдаг байлаа. Бас жанжны талбайд жагсаал удирдаж сайн муугаараа баалуулж явсны хувьд Монголд ардчиллыг цогцлоох үйлсийг манлайлж, Сүхийн талбайд трактортай жагсаж явсан таны эр зоригийг жаахан ч болов биеэрээ мэдэрч, ойлгож хүндэлдэг юм. 1980-аад оны дундуур сургуулиа төгсөөд ажилгүй явахдаа “Үнэн” сонинд Батдэлгэр нэрээр бичлэг тавьдаг байсныг чинь Л.Түдэв гуайгаас сонсоод басхүү тэрүүхэндээ өөриймсөж, нийтлэлүүдийг чинь сонины архиваас шүүж уншдаг байлаа. Харин одоо бол би таныг явган зальтай, “ойрын бодолтой холын шуналтай хүн юм” гэж хэлэх байна. Таны аав дээхнэ цагт нэгэн хүнийг “холын бодолтой, холын шуналтай” хүн гэж байсныг санаж байгаа байх. Тэгвэл энэ үг өнөөдөр өөрт чинь дэндүү их тохирохоор болжээ. Хотын дарга болчихоод хийж буй үйлдлүүдийг чинь хараад энэ бодол маань улам бүр лавширч байна.
Хэдэн ном, хэдэн зохиолоо өөрөөсөө ч илүү хайрлаж явсан өвгөн буурал аав чинь амьд сэрүүн байсан бол нэг үг хэлэх л байсан байх. Та үнэхээр ардчилалд хайртай юм бол ардчиллын хамгийн том үнэт зүйл болсон оюуны өмч, урлагийн бүтээл, соёлын өв, сэтгэлгээний эрх чөлөө рүү ингэтлээ шүд зуун дайрахгүй байсан. Д.Нацагдорж гэж хэн байсан, бидэнд юу үлдээсэн гавьяаг ганц хөшөө, алга дарамхан газраар үнэлэх боломжгүйг оюун санааг эд мөнгө, эрх мэдлээс илүүд үздэг Монголын ард түмэн бүгдээрээ сайн мэднэ. Улаанбаатарт хөшөө дурсгал цөөдөөгүй ч гэсэн хэдхэн хүний халаас түнтийлгэсэн аар саархан конторын барилга бүр ч цөөдөөгүй ээ. Саяхан хүн амьтан амарч наадаж явах цагаар Сүх жанжны талбайг Чингисийн талбай болгох шийдвэр гаргаж, хөшөөг нь нүүлгэх тухай ярьж, “чоно борооноор” гэгч болсныг чинь Монголын ард түмэн түүх, урлаг хоёр уруугаа нулмилаа хэмээн үнэлж байна. Үнэндээ 1921 оны Ардын хувьсгалыг хийж эх орноо тусгаар тогтнуулж, сэргэн мандуулсан өвөг дээдэс байгаагүй бол та өнөөдөр ардчиллын тухай цэцэрхэж, хотын дарга, улсын баатар хэмээн цээжээ дэлдээ ч үү, үгүй ч үү. Ажил хийж болох ч аливаа юманд ёс суртахууны хэм хэмжээ гэж бас бий. Би танд үүнийг л шулуухан хэлье гэсэн юм. Тиймдээ ч аавын чинь хэн нэгэнд бичсэн захидлын адил өөрт чинь ил захидал бичлээ. Гэхдээ Монголын их утга зохиол, соёл урлаг, нийгмийн сэтгэлгээний эрх чөлөөний төлөө амьдралаа зориулсан эрхэм хүндэт тэр баавай энд ямар ч хамаагүй гэдгийг бас хэлье. Цаашдаа таны мэтийн ардчиллын баг зүүж, дүр эсгэгчдийг тэвчих ард түмний тэвчээрт хязгаар бий гэдгийг, тэдний нэгэн төлөөлөл болгож танд үзэглэлээ. Та нарын хэлдгээр шударга байцгаахын тулд шударга бус бүхний эсрэг бичсээр, тэмцсээр байх болно.
URL: