Монгол хэл минь цахим сүлжээ мэт нянтаж, улмаар мөхөх аюул нүүрлээд байна
“Хөдөөнөөс ирсэн хамаатан маань хотод орж ирээд соёл гэдгийг ёстой нэг үзлээ” гэж ирээд л элдэв гадаад нэртэй газруудыг ямар байгууллага гэдгийг нь мэдэхгүй, мэдэхгүй ч гэж дээ ойлгохгүй явж байгаад үсчний газрыг цайны газартай андуурлаа гэж хөглөснөө ярьсан юм.
Нээрээ заримдаа Азийн жижиг хотод очсон мэт сэтгэгдэл төрдгөө нуух юун. Гудамжаар угсрах солонгос, хятад хоолны газрууд бүгд гадаад эзэдтэй. Хаяг реклам нь бас л тэр хэлээрээ. Хамаатныхаа ярьсныг сонсоод би их харууссан билээ. Өөрийн эх орондоо амьдарч байж гадаад хэлээр бичсэн хаягийг тааж ядан явах нь ямар өрөвдмөөр юм бэ.
Өвөг дээдсээс үлдээсэн агуу их бичиг соёл байхад түүнийгээ ашиглаж чадахгүй, харь хэлийг хазгай муруй сурчихаад түүнийгээ шүтэх нь хэр зөв бэ. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” хэмээх Төрийн соёрхолт яруу найрагч З.Доржийн мөрт товч бөгөөд тодорхой голыг нь олоод хэлчихсэн байх юм.
Хэлээ мартсан монгол хэр удаан оршин тогтнох вэ. Нэг талаас шинжлэх ухаан, техникийн мэдээллийн эрин үед гадаад хэл сурах нь нийгмийн хэрэгцээ болж, ялангуяа залуучуудын дунд гадаад хэл сурч эзэмших хөдөлгөөн өрнөж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ сүүлийн үед эх хэлний маань бичгийн, ярианы хэлэнд элдэв гажуудал гарч байгааг олон баримт харуулж байна.
Өнөөдөр нийслэл хотын гудамж талбай янз бүрийн гадаад хэлээр бичсэн нүд эрээлжилмээр хаяг, сурталчилгааны мэдээллээр дүүрч гаднын хүмүүст энэ улс өөрийн үндэсний хэл, бичиг, соёлгүй юмуу гэж бодогдохоор дүр төрхтэй болжээ.
Гадаад хэлээр бичих гэсэн хэнээрхэл, чамирхалдаа хөтлөгдөөд бичиж байгаа гадаад үгийнхээ утга учрыг анхаардаггүйгээс алдаатай бичсэн, гаж буруу утгатай үг хэрэглэсэн хаягтай байгууллага, үйлчилгээний газар цөөнгүй байна. Монголчууд бид монгол хэлээрээ цэгцтэй, ойлгомжтой ярьж, бичиж чадахаа больжээ.
Гадаад үгийг олноор хэрэглэж, нэр томьёогоор цэцэрхэх, чамирхах явдал элбэгшсэн. Энэ үзэгдэл монгол хэлэнд утгын ноцтой алдаануудыг гаргаж, буруу зөрүү ойлголт төрүүлэн, хэлний найруулгыг бүдүүлгээр гажуудуулах зэрэг олон сөрөг үзэгдлийг байнга гаргаж байна.
Эх хэлээ гажуудуулах, харь үгийг хавтгайруулах явдал хэтэрвээс өнөөдрийн мэт байдалд хүрч болно гэдгийг номч мэргэд маань эртнээс хэлж ярьж, анхааруулж байсан байх юм. Өнөө цагт бол монгол, англи үгийг хольж бичдэг чамирхал дэлгэрээд байгаа.
Хоёрхон үгнээс бүтсэн оноосон нэрийн нэг нь монгол, нөгөө нь англи үг байх болж. “Улаанбаатар Palace” гэх мэт, Телевизийн хөтөлбөрийг “City news”,” Business news”, “Exit зар сурталчилгаа”, “En face”, “UBS music”, “Chart-10″, “Cоок Time”, “Talk show”, “Home shopping”, “Intertainment news” гэх зэргээр англи, монголоор хольж бичдэг болжээ.
Монгол Улсын төрийн хэлний зөвлөлөөс энэ онд телевизийн хөтөлбөр болон гудамж талбайд байршуулсан зар сурталчилгааны самбаруудад судалгаа хийсэн аж. Ингэхэд МҮОНТ гадаад хэлээр нэрлэсэн 4-5, ТВ-9 20 орчим, 25 дугаар суваг тв 9-10, UBS- 19, Шинэ дэлхий 10, ТВ-5 17, Боловсрол суваг 27, ТВ-8 17, ТМ-13, SBN 14, NTV 15, C1 18 гэх мэтчилэн гадаад нэрээр нэрлэсэн нэвтрүүлгийн тоогоороо толгой цохигсод цуварна.
Энэ бол зөвхөн ганц долоо хоногийн хөтөлбөрт багтсан нэвтрүүлгийн тоо. Ороогүйг нь нэмбэл замбараагүй тоо гарна. Телевизийн хөтөлбөрийг нийт үзэгчдэд зориулж байгаа нь мэдээж. Гэтэл хөдөөгийн иргэд, хотын өвгөд хөгшид үүнийг ойлгохгүй, орчуулагч хайх болно биз.
Харин гудамж талбайн самбаруудын тоог хүснэгтээр үзүүллээ. Зөвхөн нийслэлд 10 гаруй хэлээр 18 янзаар бичсэн хаягуудын судалгааг Хэлний зөвлөлөөс гаргасан байна. НЗДТГ-аас харь хэлээр бичсэн байгууллагын хаяг, сурталчилгааны самбаруудыг буулгах талаар тогтоол гаргасан ч өнөөдөр биелүүлсэн газар алга. Харин “Даяар Монгол” иргэний хөдөлгөөнөөс хоолны газрын хаягаа монгол болго гэж хятадуудыг баахан бужигнуулсан тал бий.
Өнгөц харахад тэдний үйлдэл гэмт хэрэг мэт боловч цаад утгаараа зөв гэж дэмжигсэд олон байсан юм шүү. Монгол хэлний дүйц үг байсаар байхад гадаад үг хэллэгийг хэрэглэх нь монгол хэлний үгийн сан хомсдсондоо биш харин гадаад хэл мэддэг дүр үзүүлж чамирхаж байгаагийн тод жишээ юм.
Монгол хэлийг мохоож, улмаар мөхөөж болох энэ мэт бодитой аюулыг зогсоох арга хэмжээ авах цаг болжээ. Энэ асуудлын талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэн мэргэдийг оролцуулсан өргөн хэлэлцүүлэг явуулж тодорхой чиглэл боловсруулах шаардлагатай.
Мөн үндэсний хэл, соёлыг хамгаалах хуультай болох саналыг хуулийн төсөл санаачлах эрх бүхий субьектүүдэд тавих хэрэгтэй байна. Нөгөө талаар англи хэлийг улсын хоёр дахь албан ёсны хэл болгох асуудал яригддаг.
Энэ тохиолдолд ямар нөхцөл байдал үүсч болох, энэ нь үндэсний хэлний үнэ цэнэ, дархлаанд эерэг, сөрөг ямар нөлөө үзүүлж болох, сөрөг нөлөөллөөс хэл соёлоо хэрхэн хамгаалах зэрэг асуудлыг тооцож үзэх шаардлагатай.
Үүнээс гадна гадаад орнууд дахь монгол судлалыг дэмжин хөгжүүлэх, Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдэд монгол хэлийг сурах нөхцөлийг бүрдүүлэх замаар монгол хэлнийхээ дархлааг бэхжүүлэх нь чухал байна.
Ийнхүү цахим сүлжээ мэт вирустэн мохож, улмаар мөхөх аюулд ойртож байгаа монгол хэлээ гартаа буу, нүдэндээ дуран барьсан цэрэг хүн дархан хилээ манаж байгаа шиг соргогоор хамгаалахад бүх нийтээр анхаарцгаая. Нэг дэлхий, нэг ертөнц гэх маягийн уриа лоозон даярчлалын үрээр дэлхий дахинаа газар авсаар.
Дэлхийн хаана ч очсон нэг их будилж төөрөөд, үг хэлийг нь ойлгохгүй гэх бэрхшээлгүй, харийн хүн ч элгэн садан шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ бүхэнд хариуцлагатай хандах хэрэгтэйг сануулах гэсэн юм.
Тусгаар тогтносон ард түмний хувьд уламжлалт өв соёл, бичиг үсэг, ёс заншлаараа бусад үндэстнээс онцгойрч, ялгарч байх зайлшгүй шаардлагтай. Дэлхийн даяарчлалаас үүх түүхээ, ёс заншлаа авч үлдсэн улс л эцсийн дүндээ улс шиг улс байж, үнэ цэнээ илүү хадгалах учиртай.
С.Ичинхорлоо
Эх сурвалж:
URL: