54 метр өндөр майдар бурхныг ирэх онд барьж дуусгана

54 метр өндөр майдар бурхныг ирэх онд барьж дуусгана

Америкчууд Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөө, бразильчууд Рио Ди Жанейро хот дахь Есүс Христийн хөшөөнийхөө аварга томоор нь гайхуулдаг бол монголчууд тун удахгүй илүү том бүтээлийн эзэд болох нь.

Энэ бол 54 метрийн өндөртэй Майдар бурханы хөшөө бүхий цогцолбор юм. Үүний ачаар гадны жуулчдыг татахаас гадна монголчуудын өв соёлыг сэргээх том ажлын нэг хэсэг болж байгаагаараа их онцлог юм. “Монголчууд тийм ч онцгой хүмүүс биш. Гэвч бусдаас өөр, өөрийн гэсэн онцлог, өв соёлтой байдаг учраас гайхамшигтай байдаг юм” хэмээн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нэгэнтээ хэлж байв. Чухамдаа түүний энэ үг “Их Майдар” хэмээн нэрлэгдсэн энэхүү цогцолборын бүтээн байгуулалтыг тодорхойлж байлаа.

Улаанбаатараас 50 километрийн зайтай орших Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Их Майдар” цогцолборын ажил хэдийнэ эхэлжээ. Энэ хүрээнд хийх эхний зүйл нь Хөшөөт цогцолбор. 17 дугаар зууны эхэнд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын урласан 72 см-ийн өндөртэй Майдар бурхан одоогийн Чойжин ламын сүм музейд байдаг. Түүнийг нь ашиглан хөшөөт цогцолборын гол хэсэг болох Майдар бурханы дүрийг босгож байна. Хөшөөний дэргэд 108 метрийн өндөртэй суварга бүтээх аж.

Зарлиг увидсын суварга хэмээн нэрлэгдсэн энэхүү байгууламж дотор 500 ламын хурлын танхим, ёслол хүндэтгэлийн танхим, боловсрол, танин мэдэхүй болон музейн үзвэрийн танхим, мөн ногоон эко танхим гэж байрлах юм. Байгууламжийн суурь болох Майдар бурханы зураг төслийг Монголд хийсэн бөгөөд хэвийг нь Хятадад урлажээ. Ингээд одоо зөвхөн угсрах л дутуу байгаа юм. Угсралтын ажил одоогоор 30 хувьтай явж байна.

Суварган байгууламжийн наймдугаар давхарга дээрээс гадагш гарах боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл 35 метрийн өндрөөс орчин тойрныг харж болно. Эхний шатны бүтээн байгуулалтын ажилд зориулж 9.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Мөн Монгол, Англи, Хятад, Чех, Герман зэрэг орны инженер техникийн байгууллагууд хамтарч байна. Майдар бурханы угсралтын ажлыг энэ онд дуусгахаар төлөвлөж байсан ч ихэх он хүртэл хойшлогджээ. Ирэх онд бас суварган байгууламжийн угсралтыг хийх юм. Хажуугаар нь гаднах тохижилтийн ажлыг гүйцэтгэж 2015 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. Нийт 108 га талбайд бүтээн байгуулалтын ажил өрнөх ба түүнээс нь 53 метр.квадрат нь автозам, 75 метр.квадрат нь явган хүний зам, 459.5 метр.квадрат нь ногоон байгууламж байх юм. Цогцолборын суварган байгууламж нь нэг дор 1800 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.

“Их Майдар” цогцолборын хоёрдугаар хэсэг нь хот байгуулах. Майдарын хөшөөний эргэн тойронд 200 мянган хүн амтай багахан хот босгох төлөвлөгөө бий. Уул уурхайн баялгийг дагаж Эрдэнэт хотыг байгуулсантай адилаар одоо өмнийн говьд Оюутолгойд түшиглэн томоохон суурин газартай болох гэж манайхан хэрэндээ л зүтгэж байна. Гэхдээ байгаль орчинд халгүйгээр Улаанбаатар хотод хэт төвлөрсөн хүн амыг сийрэгжүүлэх, тараах нэг боломж нь Майдарын хот болох юм. Одоогоор төлөвлөж байгаагаар бол нэр нь Майдарын эко сити. Энэхүү суурьшлын бүсэд мод тарина. Зүлэгжүүлнэ. Монголын говийг ногооруулна. Үнэхээр ингээд хийчих юм бол байгаль экологид ээлтэй гэдэг утгаараа “Монгол мөрөөдөл” гэж нэрлэгдэж ч болох юм. Цогцолбор төслийн гурав дахь хэсэг нь говийн цөлжилттэй тэмцэх явдал.

Дээр дурьдсанчлан ногоон бүсийг хөгжүүлэх зорилгоор “Майдарын ногоон гурвалжин” гэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Зүүн гартаа бумбатай рашаан ус барьсан мэтээр дүрслэгдэх Майдар бурханыг зүүн урагш харуулан бүтээх аж. Тэрхүү хандсан зүгт нь цөлжилтийг зогсоох нэг ажил болгож ногоон бүс байгуулах юм. Гэхдээ энэ бол чамгүй удаан хугацааны дараа бодитойгоор үр дүн нь харагдах ажил. Хэрэв энэ нь амжилттай болбол 2040 он гэхэд сансраас харагдахуйц гурвалжин хэлбэр бүхий ногоон байгууламж болох гэнэ. Монголын говиос эхлээд Хятадын ихэнх нутгаар дайрч, Солонгосын хойг, Япон, цаашилбал, Канад, Хойд Америкт хүрдэг шар шороон шуурга нь мөнөөх цөлжилтөөс л үүдэлтэй. Тиймээс үүнийг зогсоох, хор хөнөөлийг нь багасгахад том түлхэц болно хэмээн Их Майдар төслийг санаачлагчид үзэж байгаа юм.

“Их Майдар” цогцолбор нь дархан цаазат Богд хан ууланд байрлаж байгаа гэдэг утгаараа түүх, соёл, шашин, аялал жуулчлалын сонгодог төв болно гэдэгтэй маргах юм алга.

Буддын шашин талаасаа бол 14 дүгээр Далай лам тэргүүтэй нэр хүндтэй хүмүүс дэмжиж байгаа аж. Далай лам хүртэл нэгэнтээ “… өргөн хүрээний ашиг тустай төсөл байх болно” гэж магтаж байв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ивээлдээ авч, үндэсний бүтээн байгуулалт хэмээн зарлигдсан байна. Харин нүүр царайгаар нь Ардын жүжигчин Н.Сувд ажиллаж байгаа гэнэ. Энэхүү төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга болон Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг юм. Д.Эрдэмбилэгийн хувьд дизайн талаас нь хариуцаж байгаа бол инженерийн зураг тооцооллыг Английн компани хийжээ.

“Их Майдар” цогцолборын талаар Д.Эрдэмбилэг “Энэ бол хүний оюун санаанд зориулсан төсөл. Байгаль дэлхийгээ хайрлах, энэрч нигүүлсэх сэтгэлтэй байх, атаа жөтөөгүй болох цаг ирлээ гэдгийг энэхүү хөшөө цогцолбороор илэрхийлж байгаа юм. Майдар бурханы билгэдэл нь ч ийм байдаг. Түүнээс биш уул уурхайгаас олдог шиг ашигтай ажиллаж, пиво зарж байгаа юм шигээр тэр дор нь мөнгө өгөхгүй. Харин урт хугацаанд хүмүүсийн бодол санааг төлөвшүүлэх зүйл. Тиймээс одоо үүний учир нь ойлгогдохгүй. Урлагийн хүмүүс нийгмээсээ 10-20 жилээр түрүүлдэг. Тэгж байгаагаа бүтээлээрээ илэрхийлдэг. Түүнтэй адил энэ цогцолбор бол нэг илрэл нь юм. Түүнээс гадна аялал жуучлалыг хөгжүүлэх талаасаа ч чухал. Уг нь аялал жуулчлал бол том салбар. Гэтэл бид уул уурхайгаа бодоод үүнийг мартчихаад байна шүү дээ” хэмээн ярьсан юм.

Ямартай ч Монголд урьд хожид сонсогдож байгаагүй асар том бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлжээ. Нэг талаасаа эх орноо сурталчлах том цогцолбор, нөгөө талаасаа хүмүүсийн санаа бодлыг эерэг зүйл рүү чиглүүлэхийг зорьсон өөдрөг эрмэлзэллээр босч буй энэхүү байгууламж нь Монголын нэрийг дэлхийд дуурсгаж ч мэдэх нь.

Т.Элиса

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg


URL:

Сэтгэгдэл бичих