Мобиком корпорацид шалгалтыг бүрэн явуулж дууссаны дараа арга хэмжээг авна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөнийг зохицуулах газрын дарга Л.Ган-Өлзий ойрын үед хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгийн хэрэгжилтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулна
ШӨХТГ нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Тухайлбал, талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хамгаалахад чиглэсэн төрөөс баримтлах бодлогыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна бизнес дэх төрийн оролцоо, зохицуулалтуудыг багасгахад чиглэсэн бодитой алхамуудыг авч хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулах аж.
Мөн Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль тогтоомж, стандарт, журам, олгож буй зөвшөөрөл, лицензүүдийг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дахь зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд хянан тэдгээрт өөрчлөлт оруулах саналыг бизнес эрхлэгчдийн саналд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, худалдан авах үйл ажиллагаа шударга өрсөлдөөний зарчмаар явагдаж буй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчинг боловсронгуй болгох бодлого зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байгаа гэлээ. Ирэх долоо хоногоос бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтууд эхлэх аж.
Цаашид “The National University of Mongolia” гэсэн нэрийг зөвхөн Монгол Улсын их сургууль дангаараа хэрэглэнэ
Монгол Улсын Их сургууль нь 1942 онд байгуулагдсан бөгөөд олон улсын хэмжээнд “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрээр танигдсан байна. Гэтэл Монголын үндэсний их сургууль 2012 оны наймдугаар сард нэрээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Монгол Улсын Их сургууль”-ийн адилаар олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашигладаг аж.
Дээрх байдлаар “Монгол Улсын Их сургууль”-ийн нэртэй ижил төсөөтэй /“Монголын үндэсний их сургууль”/ нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байгаа, мөн “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашиглаж байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “… аж ахуй эрхлэгчийн нэр, …-ыг хуулбарлах;”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагыг Монголын үндэсний их сургууль, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж дуусжээ. Цаашид “The National University of Mongolia” гэсэн гадаад нэрийг зөвхөн Монгол Улсын их сургууль дангаараа хэрэглэнэ гэлээ.
Эрүүл мэндийн яам болон Стандартчлал хэмжил зүйн газарт эмийн сантай холбоотой стандартанд өөрчлөлт оруулах санал хүргүүлжээ
Энэ сарын хоёрны өдөр  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын эмийн сангуудийн нэгдсэн холбоотой хамтарч нийслэлийн иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тус хэлэлцүүлэгээр жороор олгодог эмүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Стандартчлал хэмжил зүйн батлагдсан эмийн санд тавигдах нийтлэг шаардлагуудыг /MNS 52602011/ гэдэг стандарт яригджээ. Энэхүү стандартын заалтад  5000 хүн тутамд нэг эмийн сан ажиллана. Эмийн сан хоорондын зай 500 метр байна гэж тусгагдсан байдаг аж.
Гэтэл энэ нь амьдрал дээр огт хэрэгждэггүй бөгөөд 500 метрт нэг бүү хэл нэг хэсэг эмийн сангууд бөөнөөрөө ажиллаж байгаа гэлээ. Тиймээс дээрх стандартын заалтыг өөрчлөх тухай саналыг Эрүүл мэндийн яам болон холбогдох газруудад хүргүүлээд байгаа юм байна.
Бараа кодлоход авдаг төлбөрийг хүчингүй болгожээ
Томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийх явцад бараа кодлоход нэг төрлийн бараа тутмаас 5000-10000 төгрөгийн төлбөр авдгийг хүчингүй болгох, бараа ханган нийлүүлэгч компаниудын бараа буцаалтанд хэт нэг талыг барьсан гэрээг өөрчлөх шаардлагыг хүргүүлсэн байна.
Тухайлбал, Замбала, Номин, Миний зах, Боса, Эвридей, Макс, Веллмарт зэрэг найман супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийхэд тэдгээр дэлгүүрүүд нь харилцагч компаниудаас хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шинээр бараа нийлүүлэхэд түүнийг нь кодлуулсан тохиолдолд 5000-10000 төгрөгийг төлбөр авч байжээ.
Тухайн төлбөрийг компани тус бүр өөр өөр зүйлд зарцуулдаг гэх боловч кодлох ажиллагаанд тухайн дэлгүүрээс ямар нэг илүү зардал гарахгүй байгаа нь дээрх дэлгүүрүүдийн тухайн төлбөрийг зарцуулдаг байдлаас харагдаж байжээ. Супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэлээ.
“Да хүрээ” захын удирдлагууд түрээслэгчдээсээ их хэмжээний хууль бус татвар авч байсныг тогтоожээ
Да хүрээ трейд” ХХК нь 1991 оны тавдугаар сарын 19-нд байгуулагдсан одоогийн байдлаар автомашины борлуулалтын зах зээлийн 65 хувь нь төвлөрөн явагдаж байгаагийн зэрэгцээ байнгын болон улирлын шинж чанартай 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгж автотехникийн худалдаа, үйлчилгээ явуулдаг байна.
Худалдаа үйлчилгээний “Да хүрээ трейд” ХХК-ийн захирлын 2012 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 21 тоот тушаалаар Ажил үйлчилгээний журам болон түрээс, хураамжийн тарифыг шинэчлэн баталжээ.
Зарим ахуй эрхлэгчидтэй ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулан ажилладаггүй мөртлөө 2013 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хуучин автомашины зогсоолд худалдаа эрхлэгч 106 аж ахуй эрхлэгчээс нэг зогсоолыг түрээслүүлдэг бөгөөд уг түрээсийн харилцаанаас үүсэх үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор барьцаа гэх 30.000 төгрөгийг нийт 200 зогсоолоос 12.000.000 сая төгрөгийг /арван хоёр сая төгрөг/ гаргуулан авсан болох нь тогтоогджээ.
 “Да хүрээ трейд” ХХК-ийн 2013 оны есдүгээр сарын 01-нээс 2013 оны есдүгээр сарын 30-ны өдрийн хооронд дахь кассын баримтыг авч үзэхэд 28 аж ахуй эрхлэгчид нийт 560.000 төгрөгийн /таван зуун жаран мянган төгрөг/ хариуцлагыг төлбөр ноогдуулжээ.
Мөн тус захын байцаагчид “Да хүрээ” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа үйлдэл нь Захиргааны хариуцлагын тухай долдугаар зүйлд хуульд “Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан дараах албан тушаалтан энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдэлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Иймд дээрх гурван зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгожээ.
“Мобиком” алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ
“Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа гарсан учир тус агентлагийн дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хийсэн хяналт шалгалтыг хийж эхлээд байгаа гэлээ.
Уг иргэдийн гомдлыг шалгаж үзэхэд тус зөрчил тогтоогдсон ба Мобиком компани ч алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрч иргэдийн гомдлыг барагдуулах болсноо уламжилсан байна.  Цаашид Мобиком корпорацид шалгалтыг бүрэн явуулж дууссаны дараа арга хэмжээг авна гэлээ. Хуулинд заасны дагуу “Мобиком”-ын өнгөрсөн жилийн борлуулалтын 4-6 хувийг улсын орлого болгоно гэлээ. Өөрөөр хэлбэл, энэ нь дор хаяж 20-30 тэрбум төгрөг болно гэсэн юм.
Р.Оргил
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих