МАН-ын ялагдлын нулимсыг хэн их амсав?

МАН-ын байдал  шальдар бульдар, цаг улирал нь ороо бусгаа байна. Шат, шатны  сонгуульд дараалан  ялагдсаныхаа  дараа энд тэнд, бүлэг хэсгээрээ нийлж, хааяа нэг  дуугарч  байсан тэд намынх нь Их хурал ойртохтой  зэрэгцэн хэл, яриа  нь идэвхжлээ. Хотоос  зайдуу Туулын  эрэг дээр уулзацгааж, хэвлэлд яриа өгөх нь  олширч, зарим нь мэдэгдэл илгээж МАН доторх улс төр хэсэгтээ “халуурч” байгаа үзэгдэнэ. Ямар нэг зүйлд цаг хугацааны үл тасалдах урсгалд тогтож үлдсэн, өөрчилж болохгүй үнэн гэж бий. Гурван шатны  сонгуульд ялагдал  хүлээсэн ч МАН гэдэг  Монгол Улсын хэдэн  арван жилийн түүх, улс төрийн амьдралын  бодит архив учраас ирэх ням гаригт эхлэх XXVII Их хурал  нь  олны анхаарлыг татаж байна. Хэвлэл, мэдээллийнхний ойрын  өдрүүдийн халуун сэдэв энэ хурлын үйл явцын өрнөл болон үргэлжилж байгаа юм.

Түүхийнхээ ихэнх хугацаанд тугал  хариулаагүй, туг барьж явсан  МАН  2012 оны УИХ-ын сонгуулиас  хойш юм юм үзлээ.  Буйдантай  суулт хийж, гудамжны жагсаалд  гарч харагдсан намын лидерүүдээс эхлээд, жирийн  гишүүд нь, улстөрчдийн ярих  дуртай ард  түмэн ч МАН-ыг шинэчлэх цаг болсон  тухайд  санал нэг  байгаа.  Гэхдээ шинэчлэлийг хаанаас, юунаас эхэлж хийх  вэ гэдэгт хариулт нь  олон янз.  Хамгийн түрүүнд энэ намын дарга, генсекийг  өөрчлөх,  оронд нь хэн,хэн очихыг  чухалд  үзэх  болж.  Үүнээс өмнө анхаарах нэг зүйл тэдэнд бий. Өнгөрсөн хугацаанд  МАН-д  маш  том алдаа  байсан, одоо ч байгаа бололтой.  Энэ бол жирийн гишүүдийнхээ  үгийг сонсдоггүй, зөвхөн  дарга ангийнхаа  хүрээнд  асуудлыг шийдэх гэж  оролддог  явдал  юм. Маш олон  хүн  МАН-ын ялагдлыг “Нийгмийнхээ бодит байдалд  дүн шинжилгээ хийж, амьдралын хөрсөн дээр бууж  чадаагүй явдал” хэмээн дүгнэсэн нь бий. Яг  үүнийг илтгэх мэт хороо, баг бүрт  байх намын үүрийнхнийг  хайрцаглаж, “Манай  намд  эв  нэгдэл  хамгаас чухал” гэсэн малгайн дор Их хурлын гишүүдийг хонхот хүүхэлдэй  байлгах  кампанит  ажил  өрнөж буй дуулдана. Нийслэлийн МАН-ын  хорооны дэд  дарга Ш.Сайхансамбуу хэвлэлд  өгсөн  ярилцлагадаа “ Үүр  болгоноос  дэгдээхэй  шиг хайрцганд  хийгээд авчирч байгаа  юм  биш  үү”  хэмээсэн нь  тус намынханд  шинэчлэл  гэгч  ямар хэрэгтэй болохыг  илтгэж байна гэж ойлгож болох  ажээ.

Аливаа намын  туйлын  зорилго  бол сонгуульд  ялах. МАН-д  алдаагаа засахын тулд бодлогын шинэчлэл гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй болсон гэнэ.  Энэ бол гурван  жилийн дараа  болох  сонгуульд ялах гол  багана байх   мөрийн хөтөлбөр, дүрмийн  өөрчлөлт, бүтцийн  оновтой  шийдэл гэж  үзэж буй ажээ.  Сонгуульд үзэж тарах мөрийн хөтөлбөрийг энэ их хурлаар ярих нь цаг нь болоогүй зүйлийн  төлөө  цагаасаа  эрт  шаналсан хэрэг болох байх, харин дүрмийн өөрчлөлтийг зайлшгүй  хийх хэрэгтэй гэж  үзэж байна. Хамгийн гол  нь намынхаа  нэрээр дарга болж ирчихээд нэр нүүрээ  барсан, хариуцлага гэгчийг умартсан  нөхдүүдээс намаа  цэвэрлэж, эрх  үүргээ адилхан барих удирдлагын багтай болох хэрэгтэй  гэж нөгөө Тусгаар  тогтнолын  ордныхоо гадна гэр  бариад  байсан  шинэчлэгчид үздэг юм билээ.

Бодлогын шинэчлэл гэгчээс хамгийн сонирхолтой бас  олны  анхааралд  байгаа нь удирдлагын баг ямар  байх вэ гэдэг юм.  Бүтцийн хувьд  нам дүрмийн өөрчлөлтийнхөө  төсөлд Их хурал, бага хурал, Удирдах зөвлөл,  Хяналтын хорооны гишүүдийг цөөлж хариуцлага хүлээх  чадамжид  нийцүүлэн тогтоох”  хэмээн  оруулжээ. Гэвч тэд дэд даргатай болох гэж  байгаа нь  үнэн бол хариуцлагаа тодорхой  болгох гэж  байна  уу, бүтцээ данхайлгах уу гэдгийг  нь  ялгаж, салгахад бэрх.  Дээр  дурдсанчлан, олны анхаарлыг  тэгтлээ  их татаад  байгаа  удирдлагын  өөрчлөлтүүд уг нь нэг  их  сонин  биш. МАН хэдийгээр  том  нам  боловч тэд удирдлагынхаа  багийг өөрчиллөө гээд монголчуудын өнөөгийн амьдрал  өөрчлөгдөхгүй, талхны үнэ буурахгүй.  Гэхдээ 16  оны ялалтаа  энэ их  хурлаас  эхлүүлэх зайлшгүй шаардлагын  хувьд зөв удирдагчдаа  олох  нь  МАН-д бас л чухал.  Ө.Энхтүвшин дарга болж, Г.Занданшатар  генсек  болсноор тус намд  олигтой  өөрчөлт  гарсангүй, тэд  Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулж  чадаагүй тул  ажлаа  өгөх ёстой  гэдэг нь  нэгэнт тодорхой болчихсон гэнэ. Харин тэдний  оронд  хэн, хэн  өрсөлдөх  санаа байгааг хэвлэлүүд  тоймлон  бичсээр  байна.

Намын даргад хоёр Энхболд хүчтэй өрсөлдөж Нямаагийн хүү үлдэж М.Энхболд гарах  байх гэж эх  сурвалжууд  мэдээлсээр байгаа.  Түүний  хувьд нэр дэвших  тухайгаа гишүүддээ албан ёсоор мэдэгдэж, дэмжлэг  хүсчээ. Харин  М.Энхболдтой  хорших  генсек хэн  байх  нь  илүү  өрсөлдөөнтэй, хэл  амтай байгаа бололтой.  Одоогоор  генсект  нэрээ   дэвшүүлэхийг хүсч  буй  дөрвөн кандидат нэгэнт  ил  болсон.

Энэ бол Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх­ман­дах, Ж.Мөнхбат  нар. Тэдний хэнийх  нь  нэрийг  намын  дарга  болсон хүн  Бага  хуралд оруулж, гишүүд  хэнийг нь  дэмжих нь  тодорхойгүй.  Д.Цогтбаатар Сү.Батболд, С.Баяр  нарын  багт тоглодог гэдгээрээ  өнөөгийн нөхцөл  байдлын хувьд дэмжлэг авах  нь  жаахан  эргэлзээтэй. Ж.Мөнхбат МАН-д У.Хүрэлсүх найз  шигээ гал дундуур орж мэдэх  сэтгэлтэй  гишүүн нь мөн. Тиймээс ч  түүнийг генсекийн суудалд нэр дэвшигч байх  хувилбар гэж  үзэж байна.

Харин улстөрийн туршлагын хувьд  бусдаасаа дэмжлэг авах эсэхийг нь  таашгүй. Б.Энхмандах  бол МАН-ын  дараалсан уналтын үед  байгаагүй нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй гэдгээрээ чамлагдана.  Тэгэхээр хамгийн сүүлчийн  боломжит  хувилбараар Ж.Сүхбаатар  тодроод  байгаа  ажээ.  Хэрэв М.Энхболд  намын дарга болвол  түүнтэй  гар  нийлж ажиллах хүн нь түүнийг гэж  ярих хүмүүс  тус намд цөөнгүй байгаа юм.  Хэвлэлд  өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр “Үнэхээр ялагдлын гашуун нулимсыг амсч үзлээ.

Намд  тодорхой алба хашиж байгаад ялагдахад ялагдлын гашуун нулимс  аманд  орж амтагдаж  байсан. Тэр надад  маш хүнд туссан. Ялах хүсэл  дараа нь  бүр  ч  их төрдөг юм байна. МАН маш хурдан хурцлагдаж, эмзэг  байгаа  тэр сул талуудаа олж, мэдэж  авч байна. Энэ бол  боломж”  хэмээжээ.  Түүний  энэ үгээс харахад  МАН-ыг  шинэчилж, ирэх сонгуульд  ялалтанд хүрэхэд  ялагдлын нулимсыг  амссан хүмүүсийн туршлага, хашир зан, хор  шар  хэрэгтэй байж мэдэх л юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих