Таван улсын дунд ээрэгдсэн Аднан Янузай

527-1382505577yanuka03Европын хөлбөмбөг даяар яригдаж буй нэгэн хөлбөмбөгч бол 18 настай Аднан Янузай юм. Албани улсын телевизээр “Баатар уу, эсвэл урвагч уу” гэсэн нэгэн ток-шоу саяхан гарсан юм билээ. Түүнийг Албани улсын шигшээд тоглох уу, эс тоглох уу гэсэн асуултад ингэж хандсан хэрэг.
Янузай өнөөдөр Бельги, Албани, Косово, Турк, Английн шигшээгийн аль нэгийнх нь төлөө тоглох боломжтой. Гэхдээ аль нэгээс нь илүү мөнгө амлахыг хүлээж, эсвэл ая тухаа харж шийдэх гээд байгаа хэрэг биш юм. Харин өөрийнхөө эх орон гэж бодож явдаг Косовог Олон улсын хөлбөмбөгийн холбоо хүлээн зөвшөрөөхийг дотроо гэр бүлийнхэнтэйгээ хамт хүлээж яваа ажээ. Тиймээс л өдий хүртэл Аднан энэ талаар ам нээхгүй байхыг хичээдэг.
Аднан Бельгийн Брюссель хотноо Косовогийн албаничуудын гэрт төрсөн юм. Балканы хямралын үеэр ядуурал, гуйланчлал, дайн самуунаас дүрвэн Бельгид дүрвэн ирсэн айлын хүүхэд болон хорвоод мэндэлжээ.
Аднаныг эцэг нь хэвлэлээр элдвээр дайрахад цээжээрээ хамгаалахыг ихэд хичээдэг. Аль улсын шигшээг сонгох нь эхлээд “Манчестер Юнайтед”-тай шинэ гэрээ хийсний дараагаар хийгдэх ажил байж. Харин хэдхэн хоногийн өмнө Аднан Янузай “Манчестер Юнайтед”-тай таван жилийн гэрээ байгуулсан. Тэгэхээр одоо дараагийн сонголтоо хийх цаг тулчихаад байна.
Сонголтоо Аднан гэр бүлийнхнийхээ хамт хийх учраас тэдний гэр бүлийн тухай цухас өгүүлэх болно.
Аднаныг өндөр үнэтэй өмгөөлөгч хөлсөлж, аль ахиу мөнгө амласан шигшээд нь очих гээд байгаа мэтээр сүүлийн үед бичих болсон. Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Марк Вильмотс хүртэл “Би үнэ хаялцах гээгүй. Тэр манай шигшээд тоглохыг хүсч байгаа бол өөрийгөө харуулах хэрэгтэй” гэж үг хаясан.
Гэтэл Аднан гэр бүлийн амьдралын түүх Вильмотсын уурлан, үг хаяж буйгаас тэс өөр учиртай ажээ.
Аднан Бельгийн “Андерлехт”-ээс 16 настайдаа “Манчестер Юнайтед”-д ирсэн юм. Бельгид 16 настай хөлбөмбөгч мэргэжлийн гэрээ хийх эрхгүй байдаг болохоор “Андерлехт”-ийнхэн амжилт хүсээд л гаргаж өгөхөөс өөр аргагүй болж.
“Түүнийг явуулчихаад бид дөнгөж 300 мянган евро авсандаа огт баярлаагүй. Гэтэл одоо түүний үнэ 20 саяд хүрчихээд байна шүү дээ. Тэр Брюссельд төрж, өссөн. Манай багт хөлбөмбөгийн эрдэмд суралцсан. Тэр манай багаас төрсөн хөлбөмбөгч. Болсон явдалд бид бухимдангуй ханддаг. Гэхдээ л Аднанд амжилт хүсдэг юм. Тэр сайн залуу шүү” гэж “Андерлехт”-ийн Дэвид Стеген өгүүлсэн байна.
Бельгид “Юнайтед”-ынхан Аднаныг авахын тулд гэр бүлд нь нэмж 200 мянган евро өгсөн гэдэг яриа газар авчихсан. Мөн Манчестерийн нэгэн биелэгжүү иргэдийн дүүрэгт Аднаны гэр бүлийнхэнд тохилог байр өгсөн юм билээ. Одоо тэр байшинд Аднан гэр бүлийхэнтэйгээ цуг амьдардаг.
Гэхдээ “Андерлехт” ч цагтаа “Брюссель” багаас Янузайг үнэгүй шахам авчээ. “Брюссель” бол Кукельбергийн комунны баг. Энэ баг Янузайн гэрийн хажууханд байж. Аднаны эцэг Абедин “Шевроле-Опель”-ийн компанийн нягтлан бодогчийн ажлаа тараад хүүгээ “Брюссель”-ийн бэлтгэлээс нь аваад харьдаг байсан гэнэ.
“Түүнийг гайхалтай хөлбөмбөгч болно гэдгийг бид их эрт анзаарсан. Тэр том биетэй байгаагүй ээ. Харин ур чадвар нь ердийн бус. Нэг удаа тэр 10 настнуудын тоглолт дээр 16 билүү 17 гоол оруулж, баг нь 22:0-ээр хожиж байж билээ” хэмээн “Брюссель”-ийн багийг удирдаж байсан Жань-Поль Пира ярьжээ.
“Аднаны эцэг уг нь их тайван хүн. Үргэлж хүүгээ дэмжинэ. Гэхдээ л хүүдээ сайн тоглож байна гэж огт хэлдэггүй. Аднаныг илүү сайн тоглох ёстой гэж үздэг байсан байх л даа” гэж Пира үргэлжүүлэн өгүүлжээ.
Аднаны дунд сургуулийн биеийн тамирын багш Абдел Яичи “Тэр их уян хатан, бас хөдөлмөрлөх гэж юу байдгийг харуулж чаддаг. Тэр манай сургуулийн хамгийн авьяаслаг хүү байсан нь маргаангүй. Гэхдээ хэзээ ч биеэ тоож байгаагүй. Тэр өрсөлдөгч багийнхаа хэд хэдэн тоглогчийг хөнгөхөн хуурчихаад зөвхөн өөрөө гоол хийх гэдэггүй. Харин ч багийнхандаа дамжуулахыг хичээдэг байлаа. Хэдийгээр хөлбөмбөг их тоглож, бэлтгэл их хийдэг ч гэсэн сурлага нь үргэлж л сайн байдаг байсан” хэмээн магтжээ.
Сэр Алекс Фергюсон “Аднан бол их тэгш тоглогч” гэж хэлсэн байдаг. “Андерлехт”-ийн залуучуудын багийн дасгалжуулагч Яник Феррейра Аднаныг Йохан Кройффтой төстэй тоглолттой гэж хэлсэн юм.
Аднан Янузай хоёрдугаар сарын 5-нд буюу Криштиано Роналдо, Неймар нартай нэг өдөр төрсөн нь ч олны анхаарлыг бас татдаг.
“Андерлехт”-д Янузайтай хамт тоглож байсан одоо “Кортрейк” багт зүтгэж буй Майкл Хейлен ярихдаа “ Хамт тоглож байсан хөвгүүдээс хамгийн авьяаслаг нь тэр байсан. Тэр бөмбөг аваад маш хурдтай довтолдог. Энэ нь олон хүнийг алмайруулж байхыг харсан.
Аднан жаахан тааруу тогловол эцэг нь тэр даруй сануулж хэлдэг байлаа. Заримдаа бүр хашгирч, уурлана. Аднан загнуулаад нүдэнд нь нулимс хурчихсан явч байхыг харж л байлаа. Гэхдээ эцэг нь хүүгээ хэрхэн ирлэх, яавал илүү сайжрахыг маш сайн мэддэг байсан биз. Хүүгээ хүнд цохилт дааж сургая гэж бодсон байх л даа” гэжээ.
Ер нь “Андерлехт”-ийнхэн Аднаныг одоо хүртэл биедээ ганц ч шивээс хийлгээгүй, хурдан машин унаж давхидаггүй, орчин үеийн залуу хөлбөмбөгчид шиг цээжээ дэлддэггүйг эцэгтэй нь шууд холбон ойлгодог байна. Аднан одоо хүртэл ивээн тэтгэгч ямар нэгэн компанитай гэрээ байгуулаагүй. Учир нь Абедин Янузай хүүгийнхээ нөөц бололцоог улам сайн нээхийг хүсдэг аж.
Абединыг Брюссель руу дүрвэн одоход гэр бүлийнх нь бусад гишүүд гартаа буун барин Косовогийн эрх чөлөөний тэмцэж үлджээ. Абедин Бельгид ирсэн ч гэсэн хамаатнуудтайгаа үргэлж холбоотой байж.
Абедин бол айлын том хүү. Эцэг нь хавдрын улмаас ажиллах боломжгүй болоход дүү нараа авч явах үүрэг түүд ногджээ. Гэвч Югославын задрал эхэлж, сербүүд голцуу цугладаг армид түүнийг дуудсан байна. Гэтэл тухайн үед Аднангийн хамаатны нэгэн ах нь Косовогийн албаничуудын эрх чөлөөний төлөө тэмцээд 15 жилийн ял сонсчээ. Косовогийн албаничууд Югославын армид багтан, серб, боснийн тулаанд орох нь ямар ч утгагүй байсан тул Абедин оргохоор шийджээ. Ингээд оргон дүрвэж, Бельгийг чиглэсэн байна.
Аднаны эх Ганимет Садикай ч Косовод төрж өссөн. Нутагтаа хамгийн баян айлуудын тоонд ордог тул Югославын задрал болох үед тэднийг илт ад үзэж, улмаар гэр бүлээрээ Туркийг зорьсон ажээ. Харин Туркт очсныхоо дараагаар Бельги рүү оджээ.
Хэдийгээр Садикайн гэр бүл Косовогоос одсон ч гэсэн хожмоо төрөлх нутгийнхаа дайны үеэр сүйдсэн сүмийг сэргээн босгосон байдаг. Мөн тэнд Янузайн гэр бүлийнхэн цайны дэлгүүр, цайны газар нээн ажиллуулж, одоо “Янузайнх” гэсэн газар бий болгожээ.
Аднан эцэг эх нь Бельгид танилцсан байна. Аднан болон түүний гэр бүлийнхэн Косовог Олон улсын хөлбөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрөхийг хүлээж байгаа. Гэхдээ Аднан хөлбөмбөгчийн хувьд жил ч алдахгүй байх нь чухал нь дамжиггүй.
“Бид түүнийг өөр шигшээд тоглохыг хориглох эрхгүй ээ. Гэхдээ биднийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо сүүлийн үед онцгой дэмжиж эхэлсэн. Тиймээс биднийг мөдхөн хүлээн зөвшөөрнө гэдэгт эргэлздэггүй. Тэр цагт Аднан шиг залуус Косовогийнхоо төлөө тоглохоор ирнэ гэж бид найддаг” хэмээн Косовогийн хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч ярьсан байна.
Косовогийн хөлбөмбөгийн холбоо ч, Аднан Янузай ч гэсэн найдлага тавин хүлээсээр байгаа ийм нэгэн учир бий ажээ. Тиймээс Албаний телевизээр “Баатар уу, урвагч уу” гээд элдвээр яриад байх шаардлага үнэндээ үгүй юм байна.
Р.Гэгээ  
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих