«Ажнай»-н Д.Бат-Эрдэнэ тэргүүтнүүд биржээс гадуур хувьцаа наймаалцаж, хууль зөрчсөөр байна
“Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ хүмүүсийн нэрлэж заншсанаар жижиг «Таван Толгой» ХК-ийн 24%-ийг дангаараа эзэмшдэг. Энэ их хувьцааг Д.Бат-Эрдэнэ нь хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж аваагүй бөгөөд ихэвчлэн далд аргаар иргэдийн гар дээрээс цуглуулсан гэх яриа олон жилийн турш яригдсаар ирсэн. Гэвч «Ажнай» корпорацитай холбоотой энэхүү хууль бус үйлдэл үнэн байсан нь баримтаар нотлогдож байна. Тэрээр биржийн бус замаар хувьцаа худалдаж авах, бусдын хувьцааг хууль бусаар эзэмших ажлаа одоо ч үргэлжлүүлсээр байгаа ажээ.
2010 оны 2-р сарын 6-нд Романовский гэгч Орос хүний эзэмшлийн 10231 ширхэг багц хувьцааг Д.Бат-Эрдэнийн «Таван толгой транс» ХХК мөн л хууль бусаар авах гээд бүтэлгүйтсэн баримтыг дэлгэж байна. Тэрээр “Хувьцаа худалдах-Худалдан авах” гэрээ гэгчийг хөрөнгийн биржээр огт дамжигдахгүй далд хэлбэртэйгээр байгуулжээ. Ингэснээр «Таван Толгой Транс» ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Талуудыг гэрээ байгуулж байх үед энэхүү багц хувьцаа нь банкинд зээлийн барьцаанд тавигдаж, хуулийн дагуу тусгаарлагдсан бөгөөд зарж борлуулах ямар ч боломжгүй байсан байна.
Энэ багц хувьцааг авахын тулд Д.Бат-Эрдэнэ 2008 онд анх хөдөлж эхэлсэн байна. Д.Бат-Эрдэнийн шуналыг хөдөлгөсөн Оросын иргэн Романовскийн «Говь Урал» ХХК-д хөрөнгө оруулна гэж цаасан малгай өмсгөөд өөрийн гар хөл болсон Д.Дагвадоржоор гэрээ хийлгүүлж «Говь урал»-ын 50%-ийг «Таван толгой транс» ХХК-даа эхлээд авчээ. Дараа нь Романовскийн 10231 ширхэг хувьцааг барьцаанд тавьж, «Говь Урал» ХХК нь банкнаас 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Жилдээ хэдэн арван тэрбумын ашигтай ажилладаг, Солонгост 100 сая доллараар усан онгоц худалдаж авдаг, Амралтын газарт 7 тэрбумыг бэлнээр нь шидчихдэг Д.Бат-Эрдэнийн компани энэ мөнгийг зээлэх өчүүхэн ч хэрэгцээ байгаагүй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Д.Дагвадорж гэгч нь их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, «Ганц худаг»-т хоригдож байв. Гэвч Д.Бат-Эрдэнэ нарын лоббигоор «Татварын өршөөлийн хууль» батлагдсанаар ялгүй салсныг хүмүүс мэднэ. Өөрөөр хэлбэл Д.Бат-Эрдэнийн хамаг муу муухай үйлдлийг гардан гүйцэтгэгч нь бололтой.
«Говь урал» ХХК зээл авснаас хойш ердөө хоёрхон сарын дараа Д.Бат-Эрдэнийн «Таван толгой транс» ХХК нь өөрийн эзэмшлийн 50%-иас татгалзаж, компаниас гарч явсан байна. Д.Бат-Эрдэнэ тус компанид хөрөнгө оруулах нь битгий хэл нэмж өрөнд оруулчихаад гараад явчих нь тэр. Үүний дараа Д.Бат-Эрдэнэд итгэж баахан тоног төхөөрөмж худалдаж авч, буруу тооцоо гаргаж ажилласан «Говь урал»-ын үйл ажиллагаа нь доголдож, дааж давшгүй өрөнд унажээ.
Удалгүй өрөнд оруулж сөхрүүлсэн «Говь урал» компанийн эздэд шахалт үзүүлж зах зээлийн үнээс 10 дахин хямдаар буюу 800 мянган ам.доллараар 10231 ширхэг багц хувьцааг нь худалдан авах гэрээ байгуулж чаджээ. Түүгээр ч зогссонгүй Монгол хэл мэдэхгүйг Романовскийг шахаж хувьцааг захиран зарцуулах, ноогдол ашиг авах эрхийг шилжүүлэх итгэмжлэлийг Д.Дагвадорж нь өөрийн нэр дээр гаргуулж амжсан байна. Ингэхдээ мөнгийг банкных нь өрөнд өгөхөөр тохирч, «Говь урал»-ын дансанд 800.000 ам.доллар шилжүүлсэн байна. Энэ үед 2.5 тэрбумын зээлэнд барьцаа хангуулсан багц хувьцааг 800 мянган доллар өгч суллуулж өөрсдөдөө аваад банкийг 1.7 тэрбумын барьцаагүй зээлтэй үлдээж давхар унагаах бодлого хэрэгжиж байжээ. Харин тухайн үед банкныхан энэхүү луйврыг цаг алдалгүй мэдэж, таслан зогсоож чадсан байна. Түүгээр ч зогсохгүй банкныхан «Таван толгой транс» ХХК-иас хувьцааны үнэ хэмээн шилжүүлсэн 800 мянган ам.долларыг нь ч буцаагаад шилжүүлчихэж.
Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу банк барьцаанд тавигдсан хувьцааг өөртөө шилжүүлж авах гэтэл Д.Бат-Эрдэнийн компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, хувьцааг битүүмжлүүлэх шийдвэрийг хууль бусаар гаргуулжээ. Зээлээ нэгэнт төлж чадахгүй болсон Романовский ч Д.Бат-Эрдэнэд 800 мянган доллараар зарж байснаас банкны өрөндөө өгөөд өөрөө ялгүй салъя гэж шийдэн хүсэлтээ гаргасан байна. Гэтэл Д.Бат-Эрдэнийн талынхны нэхэмжлэлийг хангаж, хүслийг нь гүйцэлдүүлсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Дагвадорж, Романовский нарын хооронд байгуулсан гэрээг Банк, Романовский нарын хооронд байгуулсан гэрээ болгон сольж бичин шийдвэрээ гаргажээ. Үүнийгээ техникийн алдаа гэж тайлбарсан байх юм.
Хамгийн гайхалтай нь анхнаасаа хууль зөрчиж байгуулагдсан «Хувьцаа худалдах-худалдан авах» гэрээг шүүгч хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ бол Монголын хөрөнгийн зах зээл хэзээ мөдгүй сууриараа нурж унах аюулын харанга дэлдсэн хэрэг явдал болж байгааг эрхэм уншигч та анзаарч буй байх.
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг Шүүх чөдөрлөж байна
Хөрөнгийн биржид албан ёсны бүртгэлтэй хувьцааг арилжина гэдэг бол зүгээр нэг морь мал наймаалахтай адил зүйл биш. Хувьцааг арилжих, бусдад шилжүүлэх нь тогтсон хууль, хатуу дүрэмтэй. 2002 онд батлагдсан “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-д “… Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг арилжааны хэлцэл, өв залгамжлах эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, ТӨХ болон СЗХ-ны шийдвэр, шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн гүйцэтгэнэ …“ гэж заасан. Энэ хуулийг л хэрэгжүүлэхийн тулд Хөрөнгийн бирж гэдэг тусдаа байгууллага ажиллаж байна.
зураг нь дээр дарж томруулж үзнэ үү
Хуулинд зааснаар бол хувьцааг бусдад шилжүүлэх дөрвөн төрөл зүйлийг зөвшөөрсөн байна. Нэгд, “Арилжааны хэлцэл” гэдэг бол хөрөнгийн бирж дээрх үндсэн арилжааны төрлийг хэлж байна. Хоёрдугаарт, «Өв залгамжлах эрхийн гэрчилгээ» гэж өмчлөгч нас барсан нөхцөлд шилжүүлэх харилцааг зохицуулах хэлбэрийг хуульчилсан байна. Гуравт, “Бэлэглэлийн гэрээ“ гэж заасан байна. Гэхдээ бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжүүлсэн нөхцөлд худалдагч, худалдан авагч талууд адилхан 10, 10%-ийн татвар төлөхөөр хуулинд заасан нь бэлэглэл нэрийн доор татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоожээ. Тэгэхээр хэн нэгнээс хувьцааг бэлэглэлээр авах нь худалдан авагч талд ашиггүй. Хамгийн сүүлд “Шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлэх” гэдэг заалт орсон байна. Энэ заалтанд хамаг учир оршиж байжээ.
Шүүхийн шийдвэр гарсан л бол хувьцааг дээрх гурван ангиллын алинд ч хамааруулалгүйгээр шилжүүлэх боломж бүрдэх нь. Энэ хуулийн цоорхойг ашиглан иргэдийн хувьцааг хямд үнээр худалдаж авах үйл ажиллагаа олон жилийн турш явагдаж, шүүхийн практикт түүнийг нь хүлээн зөвшөөрсөн байх нь. Энд татвар төлөх асуудал ор тас хаягдаж байгаа нь тодорхой байна. Татварын асуудла сөхөгдлөө ч худалдан авагч талд биш хувьцаагаа зарсан иргэн өөрөө ялд унаад үлдэх нь. Хэрвээ хөрөнгийн биржээр дамжуулан зарсан бол татварын харилцаагаа иргэн өөрөө бүрэн гүйцэд ойлгоод татварын зардлаа тооцож, хувьцаагаа үнэлэх байв.
Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн энэ луйвар яаж явагдсан байна вэ. Эхлээд иргэдийн хувьцааг “Итгэмжлэл”-ийн үндсэн дээр эзэмшинэ. Монголын хуулиар итгэмжлэл гурван жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хооронд ноогдол ашгийг нь авч, саналын эрхийг нь төлөөлөхийн зэрэгцээ шүүхийн шийдвэр гаргуулаад хувьцааг өөртөө шилжүүлээд авчих боломжтой гэсэн үг. Харин хувьцаагаа ийм замаар луйвардуулсан иргэд шүүхэд хандаад юу ч горьдолтгүй болжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө шүүхийн шинэтгэлийн талаар ярьж, хэлэлцүүлэг хийлээ. Шүүхийн тогтолцоо чинь дээр үеэс бугшсан энэ мэт асуудлуудаа шийдвэрлэж чадаагүй нөхцөлд, томоохон улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд хуулийг зориудаар зөрчсөөр байхад, үүнийг нь дэмждэг бүхэл бүтэн баг шүүхийн системд оршсоор буй цагт шинэчлэл ярих хэрэг байна уу.
Хэрвээ улс төр, бизнесийн бүлэглэлүүд хууль зөрчиж, биржийн бус замаар хувьцаа наймаалцаж, татвараас зайлсхийж, далд эдийн засгийг хөгжүүлсээр байх юм бол Монголын хөрөнгийн биржийг ажиллуулах хэрэг байна уу.
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг чөдөрлөх хамгийн том луйврын гэрээг шүүх нь хүлээн хүлээн зөвшөөрдөг юм байна. Гэтэл Засгийн газар Лондонгийн хөрөнгийн биржид 14.2 тэрбум төгрөг тушааж, Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн түвшинд гаргана хэмээн ярьж байдаг. Д.Бат-Эрдэнэ нарын хийсэн энэхүү хууль бус гэрээ анхных биш, бас сүүлчийнх нь ч биш гэдэг нь ойлгогдож байна. Олон хавар нэгэндээ гэдэг шиг илэрсэн энэ баримтын цаана жинхэнэ том луйвар нь бидэнд харагдахгүй өнгөрч байгаа байх. Ямар ч байсан сэтгүүлчид Монголын хөрөнгийн зах зээлийн төлөө энэхүү баримтыг нийтэд дэлгэж, Улсын ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Цагдаагийн удирдлагууд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн өндөр албан тушаалтнуудын сонорт хүргэлээ.
Монгол улс дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож, стратегийн орд газруудаа ашиглах, эдийн засгаа өөд нь татах тухай ярьж байгаа цаг үед Д.Бат-Эрдэнийн компанийн байгуулсан энэхүү гэрээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдвал юу болох вэ. Лондонгийн хөрөнгийн биржид хүргэгдвэл тэд Монголд дахиж ирэх үү.
Яг ийм нөхцөлд Монголын компаниудын хувьцааг дэлхийд хэн ч худалдаж авахгүй. Америкийн Жонн 10 доллараар худалдаж авч байгаа хувьцааг Монголын Бат-Эрдэнэ нэг доллараар авдаг ийм хөрөнгийн зах зээлд хэн итгэх юм бэ. Тэгээд үүнийг нь шүүхийн тогтолцоо нь дэмждэг оронд шүү.
Хөрөнгийн зах зээл бол хамгийн нээлттэй, хамгийн шударга нөхцлийг шаарддаг. Ийм нөхцөлд л хөрөнгө оруулагчид хувьцаагаар тоглож, арилжаанд оролцоно. Тиймээс хувьцааны далд наймааг цэгцлэхгүйгээр Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тухай, дэлхийгээс том мөнгө босгох тухай мөрөөдөх ч эрхгүй болжээ.
Д.Дэндэвсүрэн
URL: