Ц.Баясгалан: ”Хүмүүст нөхөргүй гэж хэлэхээсээ ичдэг байсан”
-Эдит Пиафтай дахин уулзах болсондоо баяртай байна. Таныг ажиглахад түүх болсон түүнтэй зарим зүйлээрээ адилхан юм шиг санагддаг?
-Адил төстэй зүйл байгаа. Жишээлбэл, бид хоёр өндрөөрөө бараг адилхан. Гэхдээ Пиаф надаас арай намхан. Дээрээс нь миний нүүрний хэлбэр, дух тун төстэй. Пиаф бас над шиг өргөн духтай. Миний үс шингэн. Пиафын үс минийхээс шингэн л дээ /инээв/. Ингээд яриад байвал дуусахгүй ээ. Энэ аугаа уран бүтээлчийн тухай мэдэхгүй хүн ховор. Эдит Пиаф их хүнд амьдрал туулсан учраас цөөхөн насалсан. 48 насандаа 70 гарсан эмгэн шиг болтлоо өнгө зүс алдаж сульдсан. Тэгж л амьдралын нугачаанд элэгдсэн хүн дээ. Гэхдээ тэр үхэн үхтлээ тайзан дээрээ байсан. Бас түүнд залуус үхэн үхтэл нь дурласаар байсан гэдэг. Тэгэхээр хүний авьяас ямар аугаа байдаг, хэчнээн царай муутай ч түүнийг үзэгчид яаж хүлээж авдаг байсныг мартаж боломгүй. Түүнийг эмгэн болсон хойно нь ч 27 настай залуу гэрлэе гэж гуйгаад хамтран амьдарч байсан юм билээ.
-Пиаф бол хэтэрхий эрх дураараа хүн. Харин танд түүний тэр зан баймгүй харагддаг шүү?
-Франц бол эрх чөлөө, энхрийллийн орон гэж миний жүжгийн хэсэгт гардаг. Гэтэл социалист нийгэмд амьдарч байсан Баясгалан юу гэж тийм дураараа байхав дээ. Ялангуяа хоёр сурган хүмүүжүүлэгчийн гэрт өссөн хүн чинь ямар хүмүүжилтэй байх нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл миний хүмүүжил тийм байхад Эдит Пиаф надаас тэс өөр хүн байсан. Тэр гудамжинд төрж өссөн. Тийм болоод ч тэр үү бүхий л зүйлд чөлөөтэй ханддаг. Хүссэнээрээ дурлаж, хэн нэгнийг хаяж, архи ууж, тамхи татаад ёстой л дураараа дургидаг эмэгтэй байж. Бас их хурц зан ааштай. Юу л бол юу хийдэг эрх чөлөөтэй нэгэн байсан. Пиаф өөрийгөө гамгүй эдэлсэн ч төдий чинээгээр ард түмэн түүнийг хайрлаж, хүндэлдэг байсан юм билээ. Тийм учраас надаас эхлээд олон уран бүтээлчид түүнийг дурсан санаж уран бүтээлээр нь хоолоо олж идэж байна. Энэ дүрийг бүтээхэд миний хүмүүжил намайг боймолсон. Тийм болохоор бид хоёр хувь хүний хувьд асар их ялгаатай. Би одоо хүртэл эрэгтэй хүнийг “эргүүлж” үзээгүй. Тэр бүү хэл “Чамд дурлалаа” гэж хэзээ ч хэлж үзээгүй хүн шүү дээ. Хэрвээ надад хэн нэгэн таалагдах юм бол эсрэгээрээ нуугдаад аль болох мэдэгдэхгүйг хичээдэг.
-Аугаа хүний амьдралыг өгүүлэх моно жүжгээ энэ удаад урлагийн их тайзнаа тоглохоор боллоо. Миний санаж байгаагаар өмнөх тоглолт цомхон болж өнгөрсөн шүү дээ?
-Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Шангриллагийн 17 давхрын франц ресторанд 120 хүнд зориулан Эдит Пиаф жүжгээ толилуулж байлаа. Тийм орчинд тоглох их гоё байдаг юм байна лээ. Эхний тоглолт надад урам зориг өгсөн. Тиймээс одоо урлагийн их тайзан дээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Хүмүүс ч тэр тоглолтоо дахин тоглооч гэсэн хүсэлт тавьсан учраас ирэх амралтын өдрүүдэд тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна даа.
-Та энэ бүтээлээр “Гэгээн муза” наадмын моно жүжгийн төрөлд нэр дэвшсэн. Энэ нь магадгүй танд ташуур өгсөн байх?
-Монголд ганц хүний жүжгийг хөгжүүлэхийн тулд Драмын мэргэжлийн жүжигчдийн төв маань гадаадын олон сайхан зохиолыг авчирч жүжигчдэдээ санал болгосон. Тэр дундаас би Эдит Пиафын зохиолыг сонгож авсан юм. Учир нь Драмын мэргэжлийн жүжигчдийн төв “Гэгээн муза”- гийн 10 жилийнхээ ойгоор академи болсон. Муза наадмыг олон улсын болгохын тулд нэг хүний жүжгийг оруулж ирсэн. Жүжиг бүтээхэд олон хүний хүч хөдөлмөр шингэдэг учраас гаднын оронд аялан тоглоход хүндрэлтэй байдаг. Тийм болохоор олон улсад хөгжиж байгаа мөн зардал багатай учраас нэг хүний жүжгийг онцгойлон сонгосон болов уу. Нэг хүний жүжгийн төрөлд гадаадаас уран бүтээлчид хүрэлцэн ирж өрсөлдсөн. Энэ нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Эдит Пиаф 1963 онд нас барсан. Гайхамшигтай амьдралтай эмэгтэй байсан учраас түүний дуулсан дуунууд одоо хүртэл бидэнд тэр үеийнхээрээ дуулагдаад явж байгаа нь тэр эмэгтэйг хэчнээн аугаа хүн байсныг илтгэх байх.
-Бүтэн жүжиг тоглох хугацаанд тайзан дээр ганцаараа үзэгчдийн анхаарлыг татах амаргүй. Жүжиглэхийн зэрэгцээ амьдаар дуулах нь хүн бүрийн хийж чадах зүйл биш?
-Жүжигчин хүний хувьд бүтэн цагийн турш үзэгчдийг уйдаахгүйгээр барина гэдэг нь уран чадвартай холбоотой . Найруулагч маань “Чи л тайзан дээр ганцаараа байна, гэхдээ чамд тайз, шуум гээд найз байна” гэж хэлдэг. Ер нь Эдит Пиаф бодит хүн. Жүжигчин хүний хувьд уран сайхны дүр бүтээх нь түүхэн дүр бүтээхээс амархан байдаг юм байна. Уран сайхны дүрийг бүтээхдээ юу ч гэж төсөөлж бүтээх боломжтой. Гэтэл түүхэн бодит дүр бүтээхэд зан ааш нь ямар байх уу, дэлхий даяар судлагдсан хүний дүрийг яаж бүтээх үү гээд судалгаа их шаарддаг. Тийм учраас би орой болгон интернэтээр Эдит Пиафын дуулсан дуу, бичлэгүүдийг үздэг байлаа. Ингэж нөр их хөдөлмөрийн ард энэ жүжиг маань боссон.
-Франц хэл сурахад амаргүй байв уу?
-Дуугаа францаар дуулж байгаа. Эхлээд дуугаа сонсоод сонсголоороо цээжлэх гэсэн ч чадахгүй байсан л даа. Тэгээд Франц Монголын төвд хандсан. Тэднийх надад Дөлгөөн гээд хөөрхөн охиноор хэл заалгахаар болсон. Багштайгаа хичээллэсний үндсэн дээр намайг сайн дуудлагатай болсон гэж үнэлсэн. Тийм болохоор хэлний дуудлагын тал дээр айлтгүй болсон. Эдит Пиафын дууг сурах гэж би их хугацаа зарцуулсан. Тоглолтын үеэр долоон дуу дуулдаг. Түүний дөрвийг нь хагас үлдсэнийг нь бүтэн дуулж байгаа.
-Та СУИС-ийн дуулаачийн ангид сурч байсан бил үү?
-Манай дуулаачийн багш Батбилэг намайг дуулаачийн ангид ор гэж хэлдэг байсан. Тэр үед хүүхэд байсан болохоор тэр зөвлөгөөг нь нэг их тоогоогүй өнгөрч дээ. Дуу бол миний хобби. Ер нь би драмын жүжгээсээ илүү мюзиклд дуртай. Тийм болохоор гоё мюзиклд тоглох юм сан гэж боддог байсан. Одоо нэг бүтээлтэй болчихлоо.
-Хүн л юм хойно энэ их ажлын дараа ядарна. Та юунаас эрч хүч авч, энергиэ нөхдөг вэ?
-Би хүмүүсээр нэг их магтуулдаггүй. Магтаал сонсоход ч сайхан л даа. Гэхдээ магтууллаа гээд сагсуурдаггүй. Харин хүмүүсийн голсон, үл ойшоосон байдал намайг хурцалдаг. Тэгэхээр би шартай хүн шиг байгаа юм. Гэхдээ тэр намайг тэгж хэллээ гээд өс санадаггүй шүү /инээв/. Тийм болохоор сүүлийн хэдэн жил амрах завгүй явна. Би дараа жилээс сайхан амрах бодолтой байгаа.
-Жүжиг гээд дэлгэцийн бүтээлээс холдоод байна уу даа?
-Үгүй шүү дээ. Ер нь би дэлгэцийн бүтээлд нэг их тоглоогүй. Анх “Ану хатан” кинонд тоглоно гэж байгаад цуцлагдсан. Харин энэ зун Сэлэнгэ аймгийн Бугантад “Анирлагч” киноны натурт гарлаа. Их сайхан байгальтай газар зурганд ороод ирсэн.
-Та сурган хүмүүжүүлэгчийн гэрт өссөн гэсэн. Гэрийнхнийхээ хэнийг нь илүү дууриасан бол?
-Манай аавыг хүмүүс буурал Цэнзээ гэж авгайлдаг байсан. Аав маань буурал толгойтой хүн байсан юм. Миний л мэдэхийн аавын үс нь буурал байсан . Залуудаа мэдээж хар байсан байлгүй дээ. Аав маань их сайн дуулдаг. Бас их үлгэр ярьдаг. Биднийг унтахад үлгэр их ярьж өгч унтуулдаг байсан. Тэгэхдээ үлгэрийнхээ бүх дүрд өөрөө хувирч ярьж өгдөг байсан. Магадгүй аав маань жүжиглэх их авьяастай хүн байсан байх. Амьдрал дээр жүжигчин болоогүй ч их авьяастай хүмүүс байдаг даа. Аав маань тэдний нэг. Тийм болохоор аавыгаа л дууриасан байх. Ер нь аав, ээж хоёр их өндөр. Манай гэрийнхнээс том эгч, бид хоёр л намхан. Эгч маань дүү нарыгаа үүрсээр байгаад намхан болсон гэж ярьдаг.
-Тэгвэл та яагаад намхан болчихсон юм бэ?
-Зургадугаар ангидаа дөрвөн төрөлтийн тэмцээнд орохоор болсон юм л даа. Тэгээд аймгийн төв рүү тэмцээнд явахаар бэлтгэж байгаад больчихсон. Тэр жил намар хичээлд ороход дээрээсээ хоёрт зогсдог байсан би дороосоо тавд жагсах болсон. Гайхаад харсан чинь ангийн хүүхдүүдээс миний гуя том харагдаж байсан. Тэгээд зургадугаар ангиасаа хойш булчиндаа баригдаад өсөөгүй юм билээ. Тэр үед их уйлсан. Гэхдээ жижигхэн биетэй байх ашигтай. Би одоо хүртэл 18 настай охины дүрийг бүтээж байна.
-Жүжигчин хүнд ганцаардал зарим үед нөхөр болдог юм болов уу. Ганцаараа байхдаа дүрээ давтаж, өөрөө өөртэйгөө ярилцах боломжтой биз?
-Зарим үед ганцаараа байх гээд хүнээс захлаад явна шүү дээ. Театрт байхаар хүнтэй ярихаас эхлээд цаг их зарцуулна. Тиймээс сургуулилтаа дуусгаад бушуухан л гэртээ харьдаг. Тэгээд замын түгжрэлд дүрээ давтаж өгнө дөө. Тийм болохоор ганцаардах дуртай. Ганцаардал ч хүнд зарим үед хэрэгтэй болдог.
-Стрессээ яаж гаргадаг вэ?
-Унтаж, амраад л ядаргаанаасаа салдаг. Сүүлийн 10-аад хоног би дутуу нойртой явж байна. Одоо “Дон Кихот”-ыг тайзан дээр тавьж байна. Хажуугаар нь жүжгийн сурталчилгаа хийнэ гээд ажил ихтэй. Дээрээс нь Эдит Пиафыг хавар Францад тоглоно. Тэгээд Франц Монголын төвд нэг жил франц хэл үнэгүй сурахаар болсон. Хүн уриад байхад францаар ядаж мэндэлж чадахгүй бол муухай биз дээ. Тийм болохоор одоо ажлынхаа зай завсраар франц хэл судалж байна.
-Нэгэн суутан өнгөрсөн үе сургамж, одоо цаг боломж, харин ирээдүй бол бэлэг юм аа гэж хэлсэн байдаг. Таны хувьд сургамж, боломж, бэлэг гэдгийг тодорхойлох юм бол?
-Би драмын театрт ажиллаад 20-иод жил болох гэж байна. Сайн жүжигчин болох гэж, хүмүүст танигдах гэж олон жилийг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд олон дүрд ажилласан. Энэ бол миний хувьд сургамж. Одоо тоглож байгаа моно жүжиг бол миний хувьд боломж. Хэрвээ би “Гэгээн муза”-гийн дараа энэ жүжгээ хаясан бол харамсалтай байх байлаа. Миний жүжгийг үзсэн хүн намайг Францад урьсан, энэ бол миний хувьд бэлэг. Энэ жүжгийн тусламжтай Монголынхоо драмын урлагийг гадаадад сурталчлах боломж надад нээгдэж байгаа юм. Франц Монголын төвийнхөн намайг цаашид өөр өөр улсад тоглуулах боломж байгаа гэсэн. Гэхдээ миний нас яваад л байна. Хүмүүс эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэж хэлдэг. Тэгээд бодохоор миний амьдрал урд минь байна. Ингээд бодохоор одоо л миний амьдрал эхлэх гэж байгаа юм болов уу.
-Таныг нөхрөөсөө салсан тухай сонссон. Дахиж амьдрал зохиох бодол бий юу?
-Надаас “Та яагаад нөхрөөсөө салсан юм бэ” гэж хүмүүс асуудаг. Би эхэн үедээ хүмүүсээс нөхрөөсөө салснаа их нуудаг байсан. Жүжигчин хүн тайзан дээр жүжиглэдгээс амьдрал дээр жүжиглэдэггүй юм. Үнэндээ хүмүүст нөхөргүй гэж хэлэхээсээ ичдэг байсан. Одоо бол “Би амьдралаа ганцаараа авч явж байгаа. Би нөхөргүй” гэж хэлж чаддаг болсон. Одоохондоо уран бүтээлдээ анхаарлаа хандуулаад эрэгтэй хүний талаар бодох завгүй л явна. Жилийн дараагаас аргагүй эрхэнд энэ талаар бодох хэрэгтэй болох байх.
-Арван жилд байхдаа хэр их захиа авдаг байв?
-Их авдаг байсан. Анхны захиагаа аваад сэтгэл догдолсон. Улаан цэцэг, энэ тэр гээд. Одоо мартчихжээ /инээв/.
URL: