”Судрын чуулган” нэг хувь хэвлэгдлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хот дахь Топкапы ордон музейд зочлохдоо уг музейн номын санд эх хувиараа хадгалагдаж байгаа Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” номын цахим хувилбарыг хүлээн авсан аж. Уг цахим эхийг цаасан дээр буулгаж ном болгон хэвлүүлэхийг ерөнхийлөгч өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишигт үүрэг болгосны дагуу Анкара дахь манай улсын Элчин сайдын яамны ажилтнууд уг номыг хэвлүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Ордон музейгээс авсан цахим эхийг шууд хэвлэх боломжгүй тул уг судрын 2276 хуудас бүрийг компьютер дээр засч, бүтэн хуудасны хэлбэрт оруулсны дараа Анкара хотын нэгэн хэвлэлийн газраар дөрвөн дэвтэр болгон зөвхөн нэг хувь хэвлүүлсэн байна. Рашид Фазлуллах Хамадани хэмээх Персийн эмч, эрдэмтний перс хэлээр бичсэн уг судрын өмнөх үгийг Анкарад суралцаж буй түүхч, докторант Д.Анхбаяр бичжээ. Эзэн богд Чингис хааны тэмцэн байгуулсан Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” хэмээх гайхамшигт бүтээл ийнхүү жинхэнэ эхээрээ эх нутагтаа заларлаа.
URL: