МАН-ын их хурлаас юу хүлээж, бас юуг шийдэж өгөх вэ

15f4e17e14074b69originalМонгол Ардын Намын XXVII Их хурлын өмнөх үйл явдлын өрнөл тайллын цаг хугацаандаа тулж, хурлаас хүлээсэн хүлээлт асар их байгаа нь нийгмийн өнгөнөөс ажиглагдаж байна. Хамгийн том ажил буюу ард түмний хүлээлт бол Монгол Улсын улстөрийн ууган хүчин Их хурлаараа улс орон, ард түмэнд хэрэгтэй ямар асуудал хэлэлцэх вэ хэмээх асуудал юм. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал тийм ч сайнгүй, иргэдийн амьдрал доройтсоор байгаа энэ нөхцөлд эрх баригчдыг цочроох, санаа авах, иргэддээ ээлээ өгөхүйц тийм шийдвэрийг Их хурал гаргаасай гэж олон нийт хүсэн хүлээж байна. МАН үе үеийн Их хурлаараа өөрийн дотоод асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ улс орны хөгжлийн асуудалд онцгой анхаарсаар ирсэн. Энэ удаагийн Их хурал хэдийгээр МАН-ыг сөрөг хүчин байгаа нөхцөлд болж байгаа ч магадгүй өмнөх Их хурлуудаас илүү ач холбогдолтой байж мэднэ. Энэ нь эргээд л нөгөө улстөрийн нөхцөл байдал, улс орны эдийн засаг, хүн ардын амьдрал ахуйтай учир холбогдоно. МАН Их хурлаараа мэдээж өөрөө өөртөө дүн тавина. Дээр нь улс орныхоо хөгжлийн асуудалд анхаарахаар ажиллаж байна. Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах гэж байгаа нь тун чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал тун эмзэг, инфляцын төвшин өсч, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт гарсан нь улс бодлогогүй хөгжиж байгаагийн илрэл юм.

Тэгвэл бодлоготой хөгжих том бодлогын үндсийг МАН Их хурлаараа тавих гэж байна. Ийм бодлогын баримт бичигтэй болсноор юуны өмнө өнөөгийн “төөрсөн” эрх баригчдад баримжаа, чиглэл өгнө. МАН уг баримт бичгээ УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа ба эрх баригчид эх орныхоо төлөө хүлээн авч хэлэлцвэл үнэхээр том дэвшил болно. Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа үнэхээр муу байгаа учир ард иргэд аргагүйн эрхэнд сөрөг хүчин рүүгээ л харж байна. МАН төрийн эрх бариагүй учраас хөтөлбөрөө шууд хэрэгжүүлэх мэдээж боломжгүй. Гэхдээ туйлбартай, бодлоготой намын хувьд чиг баримжааг хамгийн сайн өгч чадна. Хамтарч, хүлээн зөвшөөрч ажиллах эсэх нь харин эрх баригчдын ухааны царааг шалгах хэрэг юм. Тэгэхээр засгийн эрх барьж байгаа олонхид ч хөгжлийн хөтөлбөр ус, агаар мэт хэрэгтэй гэсэн үг. Энд бол МАН-ын баталсан хөтөлбөр гээд АН гэдийх нь утгагүй зүйл. АН хэдийгээр өөрсдийнхөөрөө дургиж, өнөөдрийн эмзэг байдлын үрийг тарьсан хэдий ч улстөрийн туршлагатай хүчний үгийг сонсч чадвал тэдэнд, бас улс оронд хэрэгтэй сэн. Эрх баригчид хөгжлийн хөтөлбөрт анхаарал хандуулж, тэдний үгийг сонсохоос өөр гарцгүй гэсэн хүлээлт ч нийгэмд үүсээд байна. Түүнээс биш өнөөдөр яриад буй намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх зэрэг бол болдгоороо болоод л өнгөрнө. Тэнд хэн дарга цэрэг байх нь бол үнэндээ ард түмэнд сонин биш. Гагцхүү ууган хүчнээс гаргасан цогц бодлого, түүнийг хамтын хүчээр хэрэгжүүлж, тэр үр шим нь ард түмэнд наалдаж байх л учиртай. Ууган хүчний хөгжлийн хөтөлбөр нь улсаа 2021 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр бөгөөд цаашид үргэлжлээд явах хөгжлийн цогц таван асуудлыг хөндсөнөөрөө нэн онцлог. МАН-ын хувьд өнөөдөр ард түмний хүсэн хүлээсэн 10 зорилтыг тодорхойлоод буй. Эндээс МАН-ын XXVII Их хурлаас чухам юу хүсч хүлээж байгаа болон МАН чухам ямар бодлого гаргах гэж байгааг тодорхой харж болно.

Нэгдүгээрт,
“Ашиг шимийг хүртдэг эдийн засгийн өсөлт”. Энэ бол эдийн засаг доройтсон өнөө үед хамгийн чухал асуудал. Дэлхийн эдийн засгийн хямралын шуурга дайраагүй байхад ганхаж байгаа эдийн засагт сүйрэл ойрхон гэсэн үг. Тус бүлэгт туршлагатай эдийн засагчид, улс орны ачааны хүндийг үүрч явсан олон мэргэдийн санаа бодол тусгагдсан төдийгүй ард түмний санаа бодол ч үүнд тодоос тод тусгагдсан нь дамжиггүй. Яагаад гэхээр өнгөрөгч сонгуулийн өмнө МАН Монгол орныхоо бүх аймаг, сумаар тойрон аялж энэхүү хөгжлийн хөтөлбөрөө босгож авсан. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ санаа бодолд тулгуурласан бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөр гэж ойлгож болно. Учир нь энэ хөтөлбөр нь тэр хөтөлбөрт суурилсан шүү дээ. Тиймээс эдийн засгийн хий хоосон өсөлт бус ард түмэн ашиг шимийг нь хүртдэг тийм эдийн засагтай болох нь юу юунаас чухал.

Хоёрдугаарт, “Алагчилалгүй, авлигагүй шударга төр”Энэ нь олон мянган хүний бий болоосой хэмээн хүсч явдаг гол зүйлийн нэг. Аливаа сонгуульд ялалт байгуулсан улстөрийн хүчин өөрсдийнхөө хүмүүсээр төрийн албыг дүүргэдэг энэ байдал өдгөө бүр гаарсан. Үүнээс болж олон мянган мэргэшсэн албан хаагчид гудамжинд гарч, чадах чадахгүй боловсон хүчин төрийн албанд очсоноор төрийн алба ч саарсан.

Гуравдугаарт, “Аюулгүй стрессгүй амьдрах орчин”. Сүүлийн үед ажлын байрны дарамт, намаар ялгаварлан гадуурхах үзэл газар авч, гэр бүлийн амьдралд ч өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт бухимдал болж, стрессгүй амьдрах нөхцөл улам бүр хумигдсаар байгаа.

Дөрөвүгээрт, “Тасардаггүй эрчим хүч, тав тухтай орон гэр”. Эрчим хүчний асуудал бол хот, хөдөөгүй байдаг асуудал. Тавдугаар цахилгаан станц, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг томоохон бүтээн байгуулалт яригдаж байгаа ч цаасан дээр ч хийгээгүй гэдгээ албаныхан улайсан. Ая тухтай орчны хувьд улам л доройтсон.

Тавдугаарт, “Танил талгүй эмнэлгийн үйлчилгээ”. Өдгөөгийн эрүүл мэндийн салбарт шинэчлэх олон зүйл байгааг эрх баригчид ч ярьдаг, иргэд ч ярьдаг. Захын нэг иргэн танилгүй бол эмнэлэгт үзүүлэх нь бүү хэл үхэхэд ч бэлэн болжээ гэх. Шавийг тавиад орхисон эмнэлгийн барилга байгууламж, барихаар төсөвлөсөн барилга гээд олон л асуудал ярьж байгаа болохоос биш хийгдсэн зүйл алга.

Зургадугаарт,
“Боловсролтой, урам зоригтой шинэ монголчууд”. Хүн төрөлхтний хөгжил сар жилээр бус, цаг минутаар хэмжигдэх болсон цагт энэ бол хамгийн чухал зүйл. Монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхана гэвэл дэлхийн хэмжээний боловсрол олж авах нь юу юунаас чухал. Түүнээс биш АНУ-д боловсорсон гэх эрх баригчид үүнд төдийлөн нөлөөлөөгүй. Харин өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан Кембрижийн боловсрол бол яалт ч үгүй дэлхийн хөгжилд хөл нийлүүлэхэд боловсролын томоохон суурь болж өгсөн гэдэгтэй эрдэмтэн мэргэд санал нийлдэг юм билээ.

Долдугаарт,
“Байгалиа сэргээж, баялгаа төрөлжүүлсэн уул уурхай”. Уул уурхайн асар их баялагтай, тус салбарын экспорттой оронд бол нэн тэргүүнд хөндөгдөх зүйл бол уул уурхай, түүнийг дагасан байгаль экологи юм. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байсан гаднын хөрөнгө оруулагч 40 гаруй хувиар буурч, үүнээс үүдсэн асар их алдагдал хүлээсэн энэ цагт яах аргагүй цогцоор нь авч үзэх зүйл бол мөн.

Наймдугаарт,
“Буянт сүрэг, газрын шим монгол брэнд”. Монгол Улс мал аж ахуйн бөгөөд нүүдэлчин малчдын уламжлал өнөөдөр мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлсээр байгаа билээ. Энэ зорилтот зүйл бол уул уурхай, байгаль экологитой гарцаагүй холбогдоно. Түүнчлэн түүхий эдийн үйлдвэрлэл бий болгоно хэмээсэн нь ч өнөөдөр алга, боловсруулаагүй түүхий эдээ гадагшаа гаргасаар байгаа юм.

Есдүгээрт,
“Нэр хүндээ унагадаггүй гадаад харилцаа” Гаднын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурч, үүнээс үүдсэн валютын урсгал татарч, улмаар ханш чангарсан гээд олон сөрөг зүйлийг дурдаж болох. Хамгийн гол нь манай эрх баригчид Засгийн газар байгуулаад нэг жил өнгөрөхөд гаднын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар бууруулсан нь манай улсын гадаад харилцаа ямархан байгааг төвөггүйхэн гэрчлэх буй заа.

Аравдугаарт,
“Нийгмийн тэгш боломж, эв нэгдэл” Нийгмийн тэгш боломж гэж зөвхөн өнөөдөр ч байхгүй болчихсон зүйл биш. Өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд тэгш байдлаасаа тэгш бус уруу улам бүр холдсоор өнөөдөртэй золгоход тэнгэр газар шиг ялгаатай болсон. Нийгмийн дундаж давхарга гэж манай улсад алга. Баян хоосны ялгаа газар тэнгэр шиг боллоо гэдгийг ярьсаар байдаг. Нийгэмд тэгш бус байдал үүсч, эв нэгдэл үгүй болохоор л Төрийн ордныхоо гадаа тэсрэх бөмбөг тавьж, буун дуу гаргаж байгаа хэрэг.

С.БАЯР

 


URL:

Сэтгэгдэл бичих