МӨНХ ХААНЫ МӨНХТЭНГЭРИЗМ

wallpaper_60_9c88f097Нэг. Мөнх хаанаас Францын хаанд илгээсэн бичиг

Их Монгол улсын дөрөв дэх их эзэн хаан Мөнх ( 1208 -1259 ) 1254 оны 7 сард Гильом де Рубрукээр Францын хаан Людовик ( IX louis IX ) -д төрийн албан бичиг явуулжээ. Энэ бичгийн агуулга нь Гильом де Рубрукын “Жуулчлалын тэмдэглэл” -д бичигдэн орсон байдаг.

Энд Мөнх тэнгэртэй холбоотой агуулгыг нь сийрүүлье:
“Энэ бол Мөнх тэнгэрийн зарлиг. Тэнгэр дээр цорын ганц Мөнх тэнгэр, газар дээр цорын ганц эзэн дээд тэнгэрээс заяаж төрсөн Тэмүжин Чингис хаан буй. …. хүний чихэнд сонсогдох хүлгийн туурай хүрэх аливаа газрын иргэд энэ үгийг биширтүгэй. Миний зарлигийг сонсож бас ойлгосон атлаа үл бишрэн бидний өөдөөс цэрэг хөдөлгөх аваас Мөнх тэнгэрт үл таалагдан нүд байвч харж чадахгүй, гар байвч барьж чадахгүй, хөл байвч алхаж чадахгүй. Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдсэн Их Монгол улсын нэрийн өмнөөс Францын эзэн хаан Людовик болон бусад эзэд санваартан, Их Францын ард түмэнд хүргэх Мөнх хааны үг энэ болохыг мэдтүгэй. Мөнх тэнгэрээс Чингис хаанд буулгасан эдгээр үг сургаалыг Чингис хаан ч түүний дараах хаад ч та нарын сонорт хүргэж амжаагүй билээ. …эдүгээ Мөнх тэнгэрийн зарлигийг бичиж таны санваартнаар илгээв. Бидний мэдтүгэй гэсэн энэ үг бол Мөнх тэнгэрийн зарлиг. Хэрвээ та нар сонсон итгэж биднийг дагах болбоос бидэнд элчин ирүүл. Та нар найрамдах, эсвэл дайтахыг зорьж буй гээ илтгэн харуул. Мөнх тэнгэрийн хүчинд наран мандахаас наран шингэх хүртэл бүх ертөнц эв баясалд нэгдэх цагт бидний зорилгыг та нар ойлгох болно. Та нар Мөнх тэнгэрийн зарлигийг сонсон ойлговч итгэн үнэмшихгүй ‘Манай газар хол, манай уулс бат, манай далай гүн’ хэмээн үүндээ эрэмшин бидний эсрэг хөдөлбөөс бэрхийг хялбар, холыг ойр болгогч Мөнх тэнгэр бидний юу чадахыг удирдан заах болно” хэмээсэн байдаг.

Энэхүү бичиг нь Гүюг хааны Ромын Папд илгээсэн албан бичиг (1246 он) -д дурдсан Мөнх тэнгэрийн тухай үзэл баримтлалыг дахин баталж бидэнд бүр илүү тодорхой ойлгомжтой хэлбэрээр тооцон өгүүлжээ. Тухайлбал :

Нэгд. “Тэнгэр дээр цорын ганц Мөнх тэнгэр, газар дээр цорын ганц эзэн дээд тэнгэрээс заяаж төрсөн Тэмүжин Чингис хаан буй” гэдэг бол :

1.Эзэн тэнгэр бол цорын ганц байдаг. Тэр нь Мөнх тэнгэр хэмээн Монголчууд үзэж байжээ. Энэ нь Еврей, Христос, Исламд эзэн тэнгэр бол цорын ганц байдаг гэдэг үзэл, ойлголттой төсөөтэй. Энэ утгаараа Мөнх тэнгэрийн шүтлэг нь шашин болох бөгөөд монотеист шинжтэй гэж үзэж болно.

2.Энд бас Мөнх тэнгэрийн шүтлэг нь бөө мөргөлийн бүрэлдэхүүн биш, зарчим ийн ялгаатай гэдгийг мэдэж болно. Бөө мөргөлд олон онгод тэнгэртэй байдаг. Нас барсан хүний сүнс нь онгод болох ба хүч чадалтайг нь тэнгэр хэмээн шүтнэ. Тэнгэрээ ч сайн муу, зөв буруугаар нь зүүн баруун хувааж, бөө мөргөлийн сэтгэлгээний түүхэнд 99 тэнгэр буй болжээ. Түүнээс гадна байгалийн юмс үзэгдлийг ч онгод тэнгэр болгон дахин шүтэж иржээ. Тэгэхлээр цорын ганц Мөнх тэнгэрийг шүтэж буй сэтгэлгээний хэлбэр, ухамсрын төвшинг бөө мөргөлөөс ялган салгаж бие даасан шашин гэж үзвэл зохино.

3.Тэнгэр ба Мөнх тэнгэр хоёр нь ялгаатай гэдгийг бас энэ бичгийн “тэнгэр дээр цорын ганц Мөнх тэнгэр” ( In Heaven there is only one eternal God ) гэдгээс ойлгож болно. “Тэнгэр” (Heaven) нь сансрын орон зай буюу тэнгэрийн орон, бас бидний нүдэнд үзэгдэж буй байгалийн тэнгэр. Зарим хүмүүс “Хөх тэнгэр” (Blue sky) гэдэг. Харин Мөнх тэнгэр ( Eternal God ) нь түүнд оршиж буй эзэн тэнгэрийн тухай ойлголт болно. Тийм учраас Мөнх тэнгэрийг шүтэх нь эртний аливаа улс үндэстэнд байж өнгөрсөн байгаль шүтлэг биш, боловсрогдож оюун ухаажсан шашин хэмээн үзэж болох юм.

Хоёрт. Тэнгэр дээр Мөнх тэнгэр хэмээх цорын ганц эзэн байдаг бол газар дээр түүний заяагаар төрсөн Тэмүжин Чингис хэмээх цорын ганц хүчирхэг хаан байдаг ажээ. Их Монгол улсын Мөнх зэрэг хаад нь Мөнх тэнгэрээс Чингис хаанд , Чингис хаанаас дараачийн хаандаа уламжлагдсан зарлиг, үйл хэргийг өвлүүлэн үргэлжлүүлэгч болно гэсэн санааг тус бичигт гаргасан байна.
Гурав. Мөнх тэнгэрийн зарлиг зааврыг уламжлан дэлгэрүүлэх, хэрэгжүүлж мөрдүүлэх нь Монголын үе үеийн хаадын нэр төртэй үүрэг хариуцлага болох ажээ. Энэхүү зоригийн үүднээс Францын хаан болон тэдний язгууртан санваартан нарт хандан тус бичгийг илгээж байгаа бөгөөд Монголчуудын байлдан дагуулал нь бүх ертөнцийг эв нэгдэл, баяр жаргалтай болгохын төлөө байна. Ийм учраас энэхүү сайн үйлийг дэмжин Монголчуудад даган орвоос өршөөгдөх ба үл тоомсорловол гэсгээл цээрлэлийг нь амсана гэжээ.

Хоёр. Шашны хэлэлцүүлэг ба Мөнх хааны байр суурь

Их Монгол улс нь олон үндэстний нэгдсэн том гүрэн байсны хувьд янз бүрийн шүтлэг бишрэлтэй олон үндэстэн ястнаас бүрэлдэж байсан ба төрөөс эдгээр үндэстэн ястнуудыг хүндэтгэн үзэж ялгаварлан гадуурхахгүй, адил тэгш хандах зарчмыг барьж байжээ. Энэ мэт төрөөс уужуу зөөлөн бодлого барьж байсан боловч тэдгээр шашинтнууд нь харин бие биеэ дарж өөрийн шашнаа дэлгэрүүлэх гэж хоорондоо зөрчилдөн тэмцэлдэх, төрөөс дэмжлэг олох, эрх барьж буй Монголчуудыг өөртөө татахаар улайран оролдож байсан юм.

Яг энэ байдалд чиглүүлэн төрийн зүгээс олон шашны нээлттэй хэлэлцүүлгийг Хархорин хотод зохион байгуулсан байна. Гильом де Рубрукын “ Жуулчлалын тэмдэглэл” -д бичсэнийг үндэслэвэл 1254 оны 5 сарын 30 -ны өдөр Мөнх хааны зарлигаар олон улсын симпозиумыг зохион байгуулсан түүхэн үйл явдал болж өнгөрчээ. Хуралд Христос, Лал, Будда, Нестори, Мани, Саррацин зэрэг шашны төлөөлөгч оролцсон ба бас хөндлөнгийн шүүгч, сонирхогч нар олноор байлцжээ. Хурлын гол Баатарын нэг бол Францын хааны зарлигаар Монголд Христосын шашныг дэлгэрүүлж болох эсэх асуудлыг судлахаар Их Монгол улсад алс холоос морилж ирсэн Католик шашны санваартан Гильом де Рубрук байв. Сөргөлдөгч эсрэг тал нь Буддын лам нар голлож байлаа. Мэтгэлцээн дээр бурхан ба түүний мөн чанар, тоо хэмжээ, сайн муугийн тухай нэлээд өргөн агуулгатай сэдвээр хэлэлцэж мэдээж ямар нэгэн шийдвэр, нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй хурал өндөрлөсөн байдаг.

Хурлын дараа өдөр Мөнх хаан Францын хааны элч болох Гильом де Рубрук болон Буддын шашны нэг ламыг хамт дуудан ирүүлж, юуны өмнө өөрийгөө Буддист биш гэдгийг тодорхойлон хэлж түүний дараа шашны талаарх Монголчуудын үзэл бодол ба байр сууриа илэрхийлнэ.

Мөнх хаан өгүүлсэн нь:
“Бидний Монголчууд цорын ганц нэгэн бурхан (Мөнх тэнгэр) -ыг шүтдэг (Believe that there is only one God). Тэрээр төрж үхэхийн заяаг захирдаг болохоор бид түүнд шударга байдаг” гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:
“Тэнгэр бидэнд адил бус арван хуруу заяасан шигээ адил бус амьдрах арга замыг соёрхов. Ертөнцийн эзэн та нарт Ариун номыг хайрласан. Ариун номын хаа нь ч бусдын дутагдлыг буруушааж болно гэж бичсэн зүйл алга шүү дээ. Энэ мэт Ариун номд бас хүн алт мөнгөний хойноос хөөцөлдөж зөв замаасаа хагацаж болно гэж бичсэн баймааргүй санагдана. Ертөнцийн эзэн та нарт Ариун номыг хайрласан, гэтэл та нар түүнийг дагахгүй байна. Мөн түүнчлэн (Мөнх тэнгэр) бидэнд бөө удган нарыг заяажээ. Бид бөө удган нарын зааж захисан ёсоор явж байгаа болохоор сая амар жаргалтай амьдарч байна ” гэжээ.

Одоо Мөнх хаан өөрийн шашны тухай тодорхойлж Христосын шашныг шүүмжилж хэлсэн үгийг задалж үзье:

1.Монголчууд нь Мөнх тэнгэр гэдэг цорын ганц бурахыг шүтдэг. Мөнх тэнгэр нь төрж үхэхийн заяаг захирдаг. Тийм учраас Монголчууд нь Мөнх тэнгэрт шударга байдаг.

2.Монголчууд эзэн тэнгэр бол цорын ганц байдаг гэдэг байр суурийг баримталж байжээ. Христосын Год ч, Исламын Аллах ч, Монголын Мөнх тэнгэр ч мөн чанартаа нэг л эзэн тэнгэрийг зааж байна. Эзэн тэнгэр нэг байсан ч улс үндэстэн болгон янз бүрээр нэрлэж өөр өөрийн арга барилаар харилцаж иржээ. Мөнх хааны үгээр бол “тэнгэр бидэнд адил бус арван хуруу заяасан шигээ адил бус амьдрах арга замыг олгов” болох юм. Түүний энэхүү санаа дараагийн хэсэгт нь бүр илүү тодорно. Мөнх хааны үзэж байснаар бол эзэн тэнгэр бол төв голч, шударга сайн. Харамсалтай нь түүний санааг гажуудуулж буруу замаар орох, зарлигийг нь дагахгүй гэм нүгэл хийж буй сахилтан санваартан, улс үндэстэн буй. Жишээ нь: эзэн тэнгэр Христосын шашин шүтэгч нарт Ариун номыг хайрласан боловч тэд мөрдлөгөө болгохгүй харин бусдыг гутаан доромжлох, мөнгө зоосонд шунах зэрэг буруу үйлээр явж байгаа ажээ. Үүнтэй адил Мөнх тэнгэр Монголчуудад бөө удган нарыг заяасан ба Мөнх тэнгэрийн санааг бөө удганаар дамжуулан мэдэж хэрэгжүүлдэг хэмээн Мөнх хаан тайлбарлажээ. Тийм учраас Монголчуудын шүтэж буй шашин , явж буй зам бол зөв, та нар даган орох ёстой гэсэн санааг гаргасан байна.
Монголын түүхэнд өөрийн уламжлалт шашны тухай албан ёсоор эмх цэгцтэй тодорхой тайлбарласан хүн бол Мөнх хаан юм.

Гурав . Гильом де Рубрукын нүдээр харсан Мөнх тэнгэртнүүд

Гильом де Рубрук бол Монголд шашин дэлгэрүүлэх бололцоо байх эсэх ба чадвал энэ талаар нөлөөлөх үүрэг даалгавар, хүсэл сонирхолтой ирсэн тул бусад жуулчдыг бодвол Монголчуудын шүтлэг бишрэлийг гярхай ажиглан шинжилж илүү тодорхой тэмдэглэл үлдээжээ.

1.Мөнх тэнгэрийн шашин нь тусгай зан үйлтэй байжээ. Үүний дотор Мөнх тэнгэрт гүүн сүүний цацал өргөх ёслол бол тус шашны хамгийн том баяр болох бөгөөд нийт Монгол үндэстний баяр наадам болж байсан юм. “Shi ji” -д “Цагаан сар ноёд язгууртан нар Шан юйн ордонд бага чуулган болж ихсийн тайлга хийнэ. Таван сард Longchen-д их чуулган болж тэнгэр газар, онгодоо тахина. Намар адуу таргалах үед Dailin-д их чуулган болж хүн малын тооллого явуулна ” гэсэн бол “Хойд Хан улсын бичиг” -д : “Хүннү нар жилд гурав удаа Луут тайлга хийх заншилтай. Үргэлж цагаан сар, таван сар, есөн сарын уруу өдөр тэнгэр тахина” гэжээ. Тэгвэл Гильом де Рубрук өөрийн жуулчлалын тэмдэглэлдээ: “Таван сарын есөнд адуун дотроосоо цагаан зүсмийн гүүгээ бүгдийг нь барьж ирээд сэтэрлэнэ. Христосын шашинтныг ч гэсэн арц хүж уугиулан заавал оролцохыг шаарддаг. Тэгээд шинэ саамаар цацал өргөн далай их наадам болдог” гэжээ. Гэхдээ энэ нь “таван сарын есөн” биш, тав ба есөн сарын ташаарал ч байж болох юм. Хубилай хааны тогтоосон “Дөрвөн цагийн хурим”-д “Хаврын эцэс өгөлжин луу сарын хорин нэгэнд Чингис хаан ерэн есөн гүүгээ уяж цагаан цацлаа цацсанаар хаврын цагаан сүргийн хуримыг тэр өдөр үйлдэх. Зуны дунд сарын арван зургаанд ертөнцийн шүтээн дэлгэр их тоногийг тавьж ерэн есөн цагаачдын уураг үрсийг гаргаснаар зуны нуурын хуримыг тэр өдөр үйлдэх. Намрын эцэс нохой сарын арван хоёрт унааны ногт шилбийг эвхсэнээр ногт шилбийн хуримыг тэр өдөр үйлдэх. Өвлийн дунд хулгана сарын шинийн гурванд Чингис хаан мялаалгуудыг хийснээр өвлийн тасам тавих хуримыг тэр өдөр үйлдэх ( “Арван буянт номын цагаан түүх” )” хэмээжээ. Энэ “Дөрвөн цагийн хурим” нь хожмын Ерөнхийн шүтээн найман цагаан гэрийн тахилга ёслол болж хэвшин эдүгээ хүртэл уламжлагдсан юм. Монгол улсад Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой буюу 2002 онд Хэрлэнгийн Хөдөө аралд Чингис хааны Онгон шүтээний төвийг байгуулан төрийн тахилгыг дахин сэргээх үйл явдал болж өнгөрлөө. Эдээс дүгнэж үзвэл:

i.Мөнх тэнгэрийн тахилга нь 2200 гаруй жилийн түүхтэй болжээ.

ii.Хүннүгээс Хубилай хааны үеийг хүртэл цагаан сар, тав, ес гэсэн гурван сард Мөнх тэнгэрийн тахилгыг хийдэг байсан бол Хубилай хаанаас хойш хаврын өгөлжин уруу сар, зуны дунд сар, намрын эцэс нохой сар, өвлийн дунд хулгана сар хэмээн улирал болгонд тусбүр нэг удаа хийдэг болжээ.

iii.“Longchen” буюу “Луут хот”, “Гурван луутын тайлга”, “Хаврын эцэс өгөлжин луу сар” гэх зэргээр гарч буй нь Монголчууд “луу”-г эрхэмлэж байсны баримт юм. Мөн үүний дээр эртний Монголчууд эрхлэн хийж байсан ба хожим нь Ерөнхийн шүтээн найман цагаан гэрийн зан үйлийн нэг болсон Сүлд тогшуулах зан үйл гэж байдаг. Энэхүү өгүүлж буй сүлдийг уруу жил тогшуулдаг. Тэгэхлээр энэ нь Хятадын “луу” мөн үү гэвэл биш. Монголын луу. Энэ луу нь Хүннү буюу эртний Монгол хэл бололтой. Яагаад гэвэл Монголын говь бол луу буюу үлэг гүрвэлийн өлгий нутаг. Үлэг гүрвэлийн араг яс, өндөгний чулуужмалыг Монголчууд луу гэдэг амьтных хэмээн үзэж байсан ба хожим нь Хятадад уламжлагдан Лүнг болсон байж болох юм. Үүнийг генетик судлалаар үзвэл шинжлэх ухааны үндэс гарч ирнэ. Эхээс уламжлагдах Митохондриал ДНК ба эцгээс уламжлагдах Y хромосомын судалгаагаар авч үзвэл Монголын дээдэс Африкаас үүсэж Бага Азаар дамжин Сибирь зүг нүдлэн Байгаль нуурын орчим ирж нутагшсан байдаг. Тэндээс зүүн Азийн бусад нутагт тархан суурьшжээ. ( зургийг үзнэ үү) Мөн сүүлийн жилүүдэд Монгол нутгаас олдсон эртний хүний ДНК-д хийсэн судалгаа нь Хүннү, Сяньби нар нь Монголын дээдэс болох бөгөөд Сибирь, төв Азийн угаал иргэн болох нь батлагддаг( Keyser-Tracqui C, Crubézy E, Pamzsav H, Varga T, Ludes B (October 2006). “Population origins in Mongolia: genetic structure analysis of ancient and modern DNA”. American Journal of Physical Anthropology 131 (2): 272–81). Гэхдээ энэ нь өнөөдөр бид “луу”-ыг тахин шүтэх үндэслэл биш, “монгол луу” нь нэгэнт “хятад луу” болж эргэлт буцалтгүй уусан алга болжээ.

iv.Эндээс харвал цагаан сарыг тэмдэглэх нь бас Хятад биш, Монголын уламжлал ажээ. Хүннүгийн үед Цагаан сарын шинийн нэгэнд ахмад настан, ноёд язгууртанд золголт, өвөг дээдсийн сүнс онгодод тайлга, дээд тэнгэрт тахилга хийдэг байсныг дээрх сурвалж харуулна. Одоо ч гэсэн цагаан сарын шинийн нэгэнд дээр гарч тэнгэрт мөргөх ёс Монголын олон угсаатны дунд уламжлагдсан хэвээр байгаа нь түүхэн уламжлалын залгамж халааны амьд жишээ мөн. “Цагаан” гэдэг нь цагаан гүүний цагаан сүүгээр тэнгэр тахидгаас үүсэлтэй. Чингис хаан Усун бэхийг Мөнх тэнгэрийн шашны тэргүүн болгохдоо цагаан дээл өмсгөж цагаан морь унуулсан байдаг. Цагаан бол Монголчуудын эрхэмлэн хүндэтгэдэг өнгө. Мөнх тэнгэрт сүүн цацал өргөх хамгийн том ёслол, зан үйлийг “Цагаан сүргийн тайлга” гэдэг байсан. Энэ зан үйл одоо болтол Ордост хийгдэж байгаа билээ.

v.Одоо дэлхий дээр мөрдөгдөж байгаа олон зан үйл, ёс заншлын олонх нь шашны ёслолоос гаралтай байдаг. Мөнх тэнгэрийн тахилгууд нь ч гэсэн шашны утга агуулгатай байсан учир төр гүрэн солигдож улс үндэстэн мандаж буурч байсан ч мартагдаж орхигдолгүй эдүгээ хүртэл уламжлагджээ. Шашны сонгодог утгар уламжлагдаж ирсэн нь Ерөнхийн шүтээн найман цагаан гэр. Ардын дунд уламжлагдаж ирсэн нь цагаан сар, уулын тэнгэр тайх, гүүний үрс гаргах…гэх мэт. Мөн сүү цай, архи сархдын дээжийг өдөр болгон дээд Мөнх тэнгэртээ өргөх дадал зуршил зэргийг нэрлэж болно.

2. Мөнх тэнгэрийн шашин нь сүм хийдийн зохион байгуулалтад орсон байв. Гильом де Рубрукийн тэмдэглэлийг үндэслэвэл “бөө удган нар олон байдаг бөгөөд нэгдсэн удирдлагатай тэр нь Христосын Пап (pontiff) -тай төстэй. Энэхүү удирдагчийн өрөө нь Мөнх хааны ордны урд талд маш ойрхон байрлаж байдаг. Миний өмнө нь хэлж байсан мэт онгон шүтээн (idol) байрлуулсан тэрэг унааг тэрээр хамаарна. Бусад бөө удган нар нь ордны хойд талд тогтсон газар байрлана. Тэд нарын итгэн биширдэг бөө удган нар нь даяан дэлхийн газар болгоноос хуран цугласан хүмүүс байдаг ” гэжээ. Энд гарч буй Пап мэт шашны тэргүүнийг Монгол хэлээр “Бэх” гэдэг. 1206 онд Тэмүжин хаан болоод: “Монголын төр ёсонд бэх ноёныг өргөмжлөх заншил буй. Ахмад үеийн хүнээ бэх болгодог заншилтай тул Барин ахын ураг, Усан өвгөнийг Бэх болгоё. Бэх өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай” /МНТ зүйл-216/ хэмээн зарлиг буулгаж Их Монгол улсын төрийн шашны тэргүүн болгож, Мөнх тэнгэрийн шашны зохион байгуулалтыг улам нэг шат боловсронгуй болгожээ. Энд гарч буй “цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд суух” гэдэг нь Гильом де Рубрукийн “Паптай (pontiff) төстэй” гэдэгтэй тохирч байна. Бас “он сарыг олж сонгох” гэдэг нь Гильом де Рубрукийн “шашны тэргүүн нь одон зурхай сайн мэддэг” гэдэгтэй таарч байгаа юм. Түүнээс хойш Хубилай хаан “Дөрвөн цагийн хурим”/“Арван буянт номын цагаан түүх”-ээс лавлана уу/ -ыг хуульчлан тогтоож яам томилон ажиллуулж, Мөнх тэнгэр, Чингис хааны тахилга ёслолыг эрхлүүлсэн нь улам нэг алхам шашны зохион байгуулалтад оруулсан явдал байв. Өнөөдөр хүртэл найман цагаан гэрийг сахин үлдсэн Шар дархад бол эдгээр хүмүүсийн хойч юм.

Энд латин хэлний “Divinare” гэсэн үгийг “бөө удган” гэж орчуулав. “Divinare” нь мэрэгч, зурхайч, зөнч нарыг заадаг боловч Гильом де Рубрукийн хэлж байгаа эдгээр хүмүүсийн эрхэлж буй ажил, гүйцэтгэж буй үүрэг нь яах аргагүй Монголын төрөөс томилсон төрийн шашны тэргүүн ба шашны зан үйлийг гүйцэтгэгч, жич бөө удган болох нь тодорхой байна. Гильом де Рубрукийн “даян дэлхийн газар болгоноос хуран цугласан” гэдгийг харвал бөө удганаас гадна бусад улс үндэстэн, шашин суртахууны мэрэгч, зурхайч, зөнч нар ч байсан бололтой.

3. Мөнх хаан бөө удган нарт итгэдэггүй байжээ. Гильом де Рубрукийн тэмдэглэснийг үндэслэвэл: Мөнх хааны хатнаас нэг хүү төрсөн ба бөө ирж үзээд “агуу удирдагч болно” гэж хэлээд явжээ. Гэтэл хэд хоногийн дараа нөгөө хүү нь өөд болчихжээ. Тэгэхлээр нь хатан нөгөө бөөг дуудан ирүүлж, “худал хэллээ” гэж шүүвэл “урьд нь цаазаар шийтгүүлж байсан эмэгтэй сүнс хорлосон ” гэдэг онош тавьжээ. Хатан хилэгнэн нөгөө цаазаар алуулсан эмэгтэйн ордонд байсан хүү охин хоёрыг авчраад өшөө авчээ. Үүнийг Мөнх хаан мэдээд хатнаа буруушаан барьж хорих ба нөгөө хүү охиныг хөнөөсөн яргачны толгойг цавчина. Эндээс гарах дүгнэлт:

i.Энэ үйл явдал нь Мөнх хааны бөө удганы хэлсэн ярьсныг үнэмшдэггүй байсныг харуулдаг. Хэрвээ их хаан бөө удганы үгийг сохроор дагадаг байсан бол хүүг нь “хорлосон” эмэгтэйн үр үндсийг тасалсан хатны үйл ажиллагааг дэмжих байжээ.

ii.“Мэргэжил” -ийн “онош” тавьсан бөөг Мөнх хаан шийтгээгүй боловч бөөгийн үгийг дагаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллан шийтгэж олонд цээрлэл үзүүлсэн нь төрийн хүчирхдэгийг илэрхийлэн эрх мэдлээ чангатгасан явдал байв.

iii.Чингис хааны үеэс эхлэн Мөнх тэнгэрийг шүтэх төрийн шашин буй болсон нь хуучны бөө мөргөлтөн нартай зөрчилдөх болжээ. Чингис хааны үед төрд тэрсэлсэн Тэв тэнгэрийг шууд цаазлан дарж байсан бол Мөнх хааны үед хүрч ирэхэд бөөгийн тоо олшрон эрх мэдэл нь ихэссэн тул шууд дарахад бэрхшээлтэй болсон нь ажиглагдана.

Номзүй:
1. The Iournal of Frier William de Rubruquis ed. Richard Hakluyt University of Adelaide library. From the 1598 Hakluyt translation. Includes original Latin.
2.The iournal of frier William de Rubruquis a French man of the order of the minorite friers, vnto the East parts of the worlde. An. Dom. 1253., by William de Rubruquis. University of Washington. From the 1900 Rockhill translation.
3.Keyser-Tracqui C, Crubézy E, Pamzsav H, Varga T, Ludes B (October 2006). “Population origins in Mongolia: genetic structure analysis of ancient and modern DNA”. American Journal of Physical Anthropology 131 (2): 272–81
4.“Монголын нууц товчоо” УБ 2006 он
5.“Арван буянт номын цагаан түүх” УБ 2006 он
6.Si Ma Qian “Түүхэн тэмдэглэл” бодь 110 “ Хүннүгийн намтар” Бээжин 1982 он
7.Fan Ye “Хойд Хан улсын бичиг” бодь 89 “Өмнөд Хүннүгийн намтар” Бээжин 1965 он

Зохиогч: Доктор, профессор Г.ГЭРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих