Л.Эрдэнэчимэг: Архины бүх төрлийн сурталчилгааг зогсооно
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Та Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилт болон аюултай хог хаягдлын байдлыг шалгах ажлын хэсгийг ахалж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Тиймээ. БОХХААБХ-оос гарсан Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилт болон аюултай хог хаягдлын байдлыг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахлан ажиллаж хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байна.
Энэ хүрээнд “Бороо Гоулд” алтны уурхай дээр цианит натрийн хэрэглээ, Эрдэнэтийн үйлдвэрийн хаягдал цагаан тоос болон үйлдвэрийн ашигласан бусад химийн бодисын хадгалалт болон устгал, Багахангай дүүрэгт хадгалагдаж буй аюултай хог хаягдлыг шалгах, Төв аймгийн Сэргэлэн сум, Налайх дүүрэгт ажиллана.
-Энэ хууль хэрэгжиж ирсэн үү. Хог хаягдлаа гол усанд асгадаг, мал амьтан үхэж, үрэгдэж байгаа талаар чамгүй удаан хугацаанд ярьлаа?
-2005 онд батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиар Монгол Улсын хилээр орж ирэх үеэс нь эхлэн хэрэглэж дуусаад устгах, хоргүйжүүлэх бүх үйл явцыг нэгдсэн системд оруулж төвлөрсөн нэг цэгт авч устгахаар хуульчилсан.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл төвлөрсөн цэг, аюултай хог хаягдлын үйлдвэр байхгүй тул бүх байгууллагууд эдгээр бодисоо хаашаа хийхээ мэдэхгүй өөрсөд дээрээ хадгалаад л байж байна. Жишээ нь, аль 20-30 жилийн өмнө дунд сургуулиудын химийн кабинетэд олгогдсон нөгөө хортой гээд байгаа цианит натри хүнцэл, мөнгөн ус одоо болтол цоожгүй шкафанд сургууль дээрээ хадгалагдсаар л байна.
Нэлээн олон сургуулиас энэ бодисуудаа аваач ээ гэсэн албан бичгүүд ирээд байгаа боловч хэн авах, хаана аваачих талаар ямар ч зохион байгуулалт, бүтэц байхгүй л байна. Энэ хугацаанд хүүхэд хордчихоогүй нь л яамай гэж бодогдож сууна даа.
Улаанбаатар хотын нэг дүүрэгт социализмын үед хаагдсан үйлдвэрийн туурин дээр л гэхэд маш их хэмжээний хүнцэл хаягдчихсан байна. Хоёр жилийн өмнө Онцгойгийнхон очиж савлаж, тэнд нь байгаа газар доорхи ногооны зооринд хураагаад лацадсан, мөн л хамгаалалтгүй байгаа. Хүнцэл нэг гр нь хүн алах хортой байтал тэнд 20 тонн буюу 110 сая хүн алах хэмжээний доз байна гээд л бод доо. Гэтэл одоо тэр их хэмжээний бодисыг аваачих газар байхгүй.
-Үүнээс гадна эмнэлгийн хог хаягдалд ямар ч хяналт байдаггүй. Эмнэлгүүд хэрэглэсэн, ариутгалд ашигласан материалаа ил задгай хаядаг. Энэ асуудлыг ямар байдлаар хянах вэ?
-Энэ асуудал маш их анхаарал татдаг. Эмнэлгийн хог хаягдал, анатомийн хог хаягдал буюу хорт хавдар авч хаяхад гарсан эд эрхтэн хаана аваачиж хаядгийг хэлэхэд ч хэцүү.
Бусад улс орны хувьд аюултай хог хаягдалд тооцогддог хуучин комьпютер, принтер, канон, эмнэлгийн тоног төхөөрөмж бүгд тодорхой хэмжээний радиоактив хор ялгаруулдаг. Манай улсад тусламж нэрээр орж ирсээр байгаа нь бусад орны хувьд хогоо явуулах арга зам юм.
Багахангай дүүргийн хуучин цэргийн ангарт хадгалж байгаа магнийн оксидын аяганууд маш сул харуул хамгаалалттай байна. Энэ мэтээр яриад байвал маш их зүйл байна. Олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлэхгүйн үүднээс дэлгэрэнгүй ярих боломжгүй боллоо.
-За тэгвэл ярилцлагын сэдвээ өөрчилье. Та саяхан Архины хяналтын бодлогын асуудлаар чуулганд оролцоод ирсэн гэсэн. Энэ чуулганаас илүү олон мэдээлэл авсан болов уу. Архины эсрэг тэмцэл өрнүүлдэг бусад улс орны жишгээс дурьдвал?
-Энэ сарын эхээр Сөүл хотноо Дэлхийн Архины хяналтын бодлогын чуулган болж 50 гаруй орны 600 гаруй бодлого боловсруулагчид оролцлоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж буй чуулганы гол зорилго нь дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй архины хэрэглээ, тэр дундаа өсвөр насныхан, залуучууд, охид бүсгүйчүүдийн архины хэрэглээ, архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зам тээврийн осол, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөлөөлөлтэй тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргах цаг нь болсныг анхааруулсан юм. Архины хяналтын хуульд оруулах гол заалтуудыг энэ хурлаар тодорхойлсон.
Тухайлбал, жижиглэн худалдааны сүлжээг хумих, архи зарах цэгийг бусад бараа бүтээгдэхүүнээс салгаж, төрийн өмчийн монополь, эсвэл хувийн хэвшлийн тусгай дэлгүүрүүдийг бий болгох, нэг архины дэлгүүрт ногдох хүн амын тоог нэмэгдүүлэх, архи худалдаж авах болон хэрэглэх доод насыг 21 болгох, бүх төрлийн зар сурталчилгааг зогсоох, архины доод үнийг тогтоох, согтуу жолоочид оноох хариуцлагыг нэмэх гэсэн заалтуудыг хэлэлцэн баталлаа.
-Архины хяналтын тухай хуулийг хэлэлцэж батлах талаар чамгүй удаан хугацаанд ярилаа. Энэ хууль хэзээ өргөн баригдах гэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бэлдсэн хуулийн төслийг Хууль зүйн яаман дээр ажлын хэсэг гараад хэлэлцэж эхэлсэн. “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн нэмэлт өөрчлөлт эсвэл бие даасан Архины хяналтын тухай хууль болгохоор ажиллаж байна.
-Хуулийн заалтууд нэлээд маргаан дагуулж байсан. Заалтууд нь хэр хатуу байх бол. Тусгай дэлгүүрээр зарах нь буруу гэх мэтээр иргэдийн шүүмжлэл байсан?
-Энэ заалт хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хуульд шинээр архины тусгай дэлгүүр бий болгох заалт орж байгаа. Өнөөдөр манайд 360 хүн тутам нэг архи борлуулах цэг ногдож байгааг 1000-3000 хүн тутам болгохоор хуульчилж байна.
Мөн одоогийн найман нэрийн барааны дэлгүүрээр архи зардаг асуудлыг зогсоож 25 градусаас дээш хатуулагтай архийг зөвхөн тусгай дэлгүүрээр зардаг болгоно. Тусгай дэлгүүрийн зөвшөөрлийг хэрхэн олгох вэ гэдэг асуудлаар хэлэлцүүлэг явуулна.
Мөн бүх төрлийн зар сурталчилгааг хориглоно. 2009 онд бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл 18 градусаас доош шар айраг дарс сурталчилж болно гэж өөрчилсөн.
Өнөөдөр үүний үр дүнд 15-25 насны залуучуудын хэрэглээ эрс нэмэгдсэн, шар айрагны үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн, бүтээгдэхүүний биет хэмжээ 30 хувь нэмэгдсэн гэсэн дүнтэй байна.
-Төсвийн тодотголын талаар таны байр суурийг сонирхмоор байна?
-2013 оны төсвийн орлого талыг 20-30 хувиар нэмэгдүүлж тавьсан гэж би үзэж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед аж ахуйн нэгжүүдээс авах татварын урд оноос нь 30 хувь нэмэгдүүлж төсөвлөсөн. Мэдээж аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнесийн таатай орчин байхгүй байхад ийм хэмжээний татвар төлж чадахгүй шүү дээ.
-“Авлигажсан төсөв” гэдэгт санал нэгдэх үү. Үүнийг ямар утгаар нь хэлсэн гэж бодож байна. Магадгүй удаан хугацаанд баригдахгүй атлаа жил бүр төсвөөс мөнгө зулгаадаг барилгын асуудлыг хөндсөн болов уу?
-Авилгажсан төсөв гэдэгтэй санал нэг байна. Барилга болгонд тендер болгонд л 10 хувь доод тал нь шингээстэй байдаг нь нууц биш. Би өөрөө бизнесийн салбарт ажиллаж байсны хувьд энэ асуудлыг дэндүү сайн мэднэ.
-Өнө удаан баригдаагүй гээд мөнгийг нь хасч бас болохгүй л дээ. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн төсвийг хасчихмааргүй санагдах юм?
-Цэцэрлэг, сургуулийн асуудал хүнд байна. Сургуулийнхаа төсвийг заавал тавих ёстой, харин цэцэрлэгийн төсвийг бол урсгал зардлаа төсөвлөөд Хүүхэд харах үйлчилгээний хуулиа баталчихвал төсөвт ачаалалгүй шийдчихнэ гэж бодож байна.
Б.Өнөртогтох
URL: