Мишель Пфайффер: Намайг аль эрт гэрлэсэн гэдгийг сонсоод хүүхдүүд маань маш их гайхсан
90-ээд оны үед Сент Эндрюсийн их сургуулийн хэсэг эрдэмтэд “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй”-г зурагласныг санаж байна. Үзэгчдийн дунд “Хэний нүд хамгийн хөөрхөн бэ”, “Хэний уруул хамгийн тачаангуй вэ” гэх мэтээр тусгайлан санал асуулга явуулсны үндсэн дээр Одри Хэпберн, Шэрон Стоун, Синди Кроуфорд, Брижит Бардо зэрэг үе, үеийн цуутай сайхан хүүхнүүдийн шинжийг багтаасан зураг тухайн үедээ л “сюрприз” болж, одоогийн хэллэгээр бол сенсааци тарьж байлаа.
Зурагт дүрслэгдсэн бүсгүй Шэрон Стоуны шанаа, Мег Райаны эрүү, Одри Хэпберний нүд, Брижит Бардогийн уруул, Синди Кроуфордын мэнгийг “шингээсэн” байж билээ. Одоо та бүхэнд ярилцлагыг нь хүргэх гэж байгаа Мишель Пфайфферын хөмсөг ч мөн тэнд зохих байраа эзэлсэн байсан юм.
Дээр дурьдсан “Төгс гоо” бүсгүй бол хийсвэр дүр зураг учир шууд “ертөнцийн хамгийн сайхан бүсгүй ийм байх ёстой” гэж хэлж болохгүй нь мэдээж. Эрдэмтэд ч үнэндээ “бүтээлээ” хараад санаагаар унасан байх, эрхтнээ зээлдүүлсэн нэг ч бүсгүйг гүйцэхээргүй “царай муутай” хөрөг болсон юмдаг.
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн давтагдашгүй байдаг аж. Тиймээс “Дээр нэр дурьдагдсан бүсгүйчүүд бүгд л хамгийн сайхан эмэгтэйчүүд байжээ” гээд төгс эмэгтэйн тухай яриагаа дуусгаж, Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог байсан жүжигчин Мишель Пфайфферын ярилцлагад анхаарлаа хандуулья.
-Та зохиолч, телевизийн продюссер Дэвид Келлитэй гэрлээд 20 жил болж байна. Холливудад ховорхон тохиох урт удаан амьдрал шүү…?
-Би Дэвидээс илүү үнэнч, шударга, бас үнэ цэнэтэй хүнтэй учирч байсангүй. Энэ чанарууд нь бидний холбоо бат бөх байхад нөлөөлдөг байх. Мэдээж тэр бас сайхан залуу. Хуурмаг дүр эсгэдэггүй. Би худалч эрчүүдийг тэвчиж чаддаггүй юм. Түүнд бас сорви бий, бурхны аврал гэж… /инээмсэглэв/. Гэхдээ хамгийн гол нь намайг хүндэтгэдэг. Хэчнээн сайхан чанар байлаа гээд бие, биенээ хайрлаж хүндлэхгүй бол удаан хамт байж чадахгүй шүү дээ.
-Таныг нөхрийнхөө ая тухтай байдлыг хангахын тулд Холливудаас хол эдлэн газар худалдаж авсан, тэндээ амьдардаг гэх юм?
-Тийм ээ. Холливудад байхад түүнд зохиол бичихэд түвэгтэй байдаг юм. Анхаарал нь төвлөрч өгдөггүй. Тийм болохоор бид аль эрт Лос Анжелесаас явж, Сан Францискогийн ойролцоо эдлэн газар худалдаж авсан. Одоо тэндээ морь малласан шиг амьдарч байна даа. Нэг хэсэг илжиг ч тэжээж үзсэн. Том нүд, дэлбэгэр чихтэй маш сайн амьтан байж билээ. Даанч хаздаг байсан болохоор фермд өгчихсөн. Эдлэн газарт амьдрах нь стрессийг арилгадаг юм. Би бүр автомашины дуу чимээнээс ч төсөөрчихсөн байна. Хааяа хот орохоороо галзуурах шахдаг юм. Эдлэндээ би бас хэдэн төрлийн ногоо тарьдаг. Саяхнаас цагаан хоолтон болсон, үнэнийг хэлэхэд эрүүл мэндээ бодож байна. Урт наслахыг хүсч байна. Залуу насандаа тамхи, кофе, кока кола их уудаг байсан мөртлөө спортоор хичээллэж байсангүй. Өөртөө ер анхаарал тавьдаггүй байжээ. Эмэгтэй жүжигчдийн хувьд гадаад төрх чухал байдгийг үгүйсгэхгүй. Эрэгтэй жүжигчин бол 60 насандаа секс бэлгэ тэмдэг болж чадна, эмэгтэйчүүдийн хувьд бол мөрөөдөл.
-Та их хаалттай хүн шиг санагддаг. Залуудаа ч ийм байсан уу?
-Үгүй дээ. Харин ч нийтэч, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаг байсан. Гэвч амьдрал сургаад өгөх юм байна шүү дээ, жүжигчин хүн тийм байж болохгүй гэж.
-Дэвидтэй учрахаасаа өмнө та олон эртэй дотно харилцаатай болж байсан. Гэрлэж ч байсан байх аа?
-Тэднийг бүгдийг нь дотно харилцаатай байсан гэж нэрлэхгүй ээ. Ихэнх нь шохоорхол өнгөц хайр байсан гэнэ. Питер Хортонтой юу ч мэдэхгүй залуу байхдаа гэрлэсэн болохоор тооцохгүй /инээв/. Яг үнэнээ хэлэхэд энэ тухай бараг мартчихаж. Өмнө нь гэрлэж байсан гэдгээ хүүхдүүддээ хэлэхэд тэд маш их гайхаж хүлээж авсан шүү. Урьд өмнө нь хэн нэгнээс сонсож дуулаагүй байсан болохоор тэр байх л даа. Ээжид ааваас нь өөр нөхөр байсан гэж бодохоор хэцүү байсан байх даа. Би ч гэсэн үүнийг ойлгож байсан, тиймээс хэн нэгнээс олж мэдэхээс нь өмнө өөрөө хэлсэн дээр гэж үзсэн юм. Тийм ээ би буруу эр хүнийг сонгож, алдаа гаргасан. Гэхдээ алдаагаа эрт ухаарсан бол сайн. Дэвидийг бол би зөв сонгосон, тиймээс бүх зүйл сайн байна.
-Та 33 настайдаа хүүхэд үрчилж авахаар шийдсэнээс үзвэл, эрчүүдэд үнэхээр л итгэл алдарч дээ. Ганц бие ээж болоход бэлэн байсан гэж үү?
-Итгэл алдарсан, гуниж гутарсанд гол учир нь байгаа юм биш. Би их хатуу хүн. Эрэгтэй хүнээс хамааралгүй амьдарна гэж гэнэт бодогдсон юм. Тэгээд л тэр. Би бас хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан. Клаудиа Роуз минь тэгж л ирсэн юм. Харин дараа нь хоёр дахь нөхөртэйгөө учир ч хүүгээ төрүүлснийг та мэдэж байгаа шүү дээ. Тэр сайн эцэг, төрсний дараа намайг охин шигээ л халамжилдаг байсан. Одоо бид хоёр бүх юмаа хамтдаа хийж, харцаараа л ойлголцдог. Дэвид бид хоёрт хоёуланд нь ажил амьдралаа зөв тэнцүүлэх авьяас байдаг гэж боддог.
-Хэдийгээр нас ахисан ч гэсэн та сүүлийн үед Эштон Катчер, Руперт Френд, Зак Эфрон нартай хамт кинонд тогложээ?
-Тийм шүү. Бараг л хүүхдүүд… Ялангуяа Зак. Гэхдээ намайг 32-той байхад “Оросын салбар” кинонд дурлалт хархүү минь болж тоглосон Шон Коннери 60 гаруй настай байсан байх шүү.
Х.Сайхан
URL: